Ийм мэргэжил байдаг гэж үү?


С.Оюундарь | YOLO.MN
УРЖИГДАР

Хүний амьдралын хамгийн чухал сонголтуудын нэг бол яах аргагүй мэргэжил сонголт байдаг. Учир нь сонгосон мэргэжлээрээ хүн насан туршдаа ажиллаж, амьдралаа залгуулах тул энэ шийдвэрийн ач холбогдол асар их. Гэхдээ ийм чухал шийдвэрийг гаргахад эцэг эх, гэр бүлийн бодол, тухайн хүний хүсэл сонирхол, цалингийн хэмжээ, ажлын байрны олдоц гээд олон хүчин зүйл нөлөөлдөг нь өсвөр насныханд асар том сэтгэлийн дарамт болдог.

Тэгвэл өнөөдөр би яг л тийм зовлонг туулж буй дүү нарынхаа сэтгэлийг бага ч гэсэн хөнгөлөхөөр, хүний төсөөллөөс хэтэрсэн хачирхалтай мэргэжлүүдийн жагсаалтыг хүргэж байна. Зарим нь чиний нүүрэнд инээмсэглэл тодруулах бол, зарим нь чамайг бүр гайхширахад хүргэх нь дамжиггүй.

1. МЭРГЭЖЛИЙН ТЭВРЭГЧ

Тийм ээ тийм. Чи зөв уншсан. Хүн тэврээд л цалин авна гэхээр итгэмээргүй байгаа биз? Мэргэжлийн тэврэгчийг хөлсөлж буй хүмүүс ихэнхдээ ганцаардсан, сэтгэл гутралд орсон, хэцүү асуудалтай нүүр тулгарсан байдаг тул эерэг талаас нь бодоод үзэхээр тэдгээр хүмүүст чи маш том сэтгэлийн дэм болж өгч байна гэсэн үг.

2. ЦАХИМ БОЛЗООНЫ МЭРГЭЖИЛТЭН

Орчин үеийн дурлалын бурхны ажлыг хиймээр байна уу? Чиний хийх ёстой зүйл бол болзооны аппликэйшн дээр өөрийгөө хэрхэн танилцуулахаа мэдэхгүй байгаа хүмүүсийн оронд тэдний танилцуулгыг бичиж өгөх юм. Ажлаа ч хийгээд хэн нэгний амьдралын ханийг нь ч олж өгөөд зугаатай биш гэж үү?

3. МОРИОР СЭТГЭЛ ЗАСАГЧ

Энэ удаа чи ганцаараа ажиллахгүй. Чиний үнэнч хамтрагч болсон морьтой хамт, сэтгэл санааны хямралтай, бие махбодын болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст асуудлыг нь даван туулахад тусламж дэмжлэг үзүүлнэ.

Яагаад заавал морь юм бэ гэвэл морь унах нь хүнийг аз жаргалтай болгож, биеийг зөв галбирт нь оруулахаас гадна амьсгалаа зөв авч сурахад ч нэмэр болдог болохоор тэр гэнэ шүү. Гэхдээ мориор сэтгэл засагч болох нь тийм ч амар зүйл биш бөгөөд чамд бие махбод, хэл яриа болон мэргэжлийн сэтгэл зүйчийн мэдлэг шаардлагатай.

4. ХУРИМЫН ГЭРЧ

Хурим бол ерөөл магтаал, аз жаргал, баяр цэнгэлээр дүүрэн ёслол. Энэхүү баярт хуримын гэрчээр оролцоно гэдэг нь та сүйт бүсгүйн “түрээсийн найз” болж байна аа гэсэн үг.

Хуримын зурагт орж, өнгөлөг даашинз өмсөн зохион байгуулах үйл ажиллагаанд тусалснаар чи цалин авахаас гадна сүйт залуу болон сүйт бүсгүй хоёрын нэгэн гэр бүл болж буй тэр л нандин мөчийг хамтдаа хуваалцана гэхээр сайхан байгаа биз.

5. УСАН ГУЛГУУРЧИН

Дуртай зүйлээ хийж мөнгө олно гэдгийн сонгодог жишээ бол усан гулгуурчин юм. Энэ мэргэжлийн үүрэг бол гулсах буюу гулгуураар ус урсаж байна уу үгүй юу гэдгийг шалгах.

Усан гулсуураар гулгах өртөг нь хэмжээ болон зориулалтаасаа хамаараад 35$-800$ буюу монгол мөнгөөр 126’000₮-2’880’000₮ төгрөгийн хооронд хэлбэлздэг юм байна. Хэрвээ чи усан гулгуурчин болчихвол энэ их мөнгийг төлөхгүй харин ч эсрэгээрээ цалин авна гэж бодохоор итгэхэд бэрх байгаа биз?

6. ҮНЭР ШАЛГАГЧ

Үнэр шалгагчдад ажлын байр олгогч нь үнэртэй ус, цэвэрлэгээний бодис, нүүр будаг, хүүхдийн тоглоом гээд бараг бүхий л барааг үйлдвэрлэгч үйлдвэрүүд байдаг.

Хэрвээ чи ямар нэгэн харшилгүй, үнэрээс хэт мэдрэг биш бол барааны үнэр шалгагчаар ажиллахад асуудал байхгүй л юм байна.

7. НҮҮР МЭДРЭГЧ

Нүүр мэдрэгч бас заримдаа “мэдрэхүйн шинжлэх ухаанчид” гэж нэрлэгддэг энэ мэргэжил илүү мэргэжлийн сонсогдож байгаа биз? Нүүр мэдрэгчдийн хийдэг зүйл гэвэл тэд гоо сайхны бүтээгдэхүүн шалгагчдын нүүрэнд бүтээгдэхүүнийг түрхэхээс өмнө болон дараа хүрч ямар өөрчлөлт гарсан байгааг хэлж өгдөг.

8. ДАРААЛАЛД ЗОГСОГЧ

Ажил гэрийн хооронд явсаар байгаад өдөр хоног нь өнгөрдөг хүмүүсийн хувьд дараалалд зогсогч шиг хэрэгтэй хүн хаана байна? Ерөнхийдөө бол дараалалд зогсогч яг л сонсогдож байгаа шигээ буюу хэн нэг хүний оронд ямар нэгэн оочир дараалалд зогсож өгөөд цалинжина.

Энэхүү дараалал нь ямар нэг алдартны тоглолтын тасалбар, киноны нээлт, дэлгүүрийн хямдрал гээд юу ч байж болно. Чамд хэрэгтэй зүйл нь маш их тэвчээр болон эртэч хариуцлагатай байдал юм.

9. ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ХООЛ АМТЛАГЧ

\

Америк болон барууны орнуудад тэжээвэр амьтад гэдэг гэр бүлийн гишүүнээс нь ялгаагүй эрхэм байдаг тул тэдгээр амьтдын ходоодонд орж буй зүйл ч чухал асуудал болох нь тодорхой.

Тэжээвэр амьтдын хоол амтлагчид хоолны сав баглаа боодлоос эхлээд үнэр, амт зэрэгт нь үнэлгээ өгдөг. 

Эх сурвалж: studyworkgrow

#сонирхолтой мэргэжлүүд