Алтан шаргал навчис, навчсаасаа салж буй нүцгэн модод, халуун орныг зорин нисэж буй жигүүртнүүд, өглөөний жиндүүхэн агаар, оройн сэрүүхэн салхи, сүүлчийн бороо бас анхны цастай намрын улирал. Хэрсүүхэн уншигчид маань намрын налгар өдрүүдээ хэрхэн өнгөрүүлж байна даа?
Yolo.mn сайтын зүгээс к-драма сонирхогч залуустаа зориулан энэ сард нээлтээ хийх шинэхэн к-драмуудыг танилцуулъя. Амралтын өдрүүддээ ая тухтай тухалж байгаад, шинэхэн цувралуудаа эхлүүлээрэй. Энэ сард ихэвчлэн хайр дурлал, романс төрлийн кинонууд нээлтээ хийж байгаа юм байна.
“GENIE, MAKE A WISH”
Цацагдах өдөр: Аравдугаар сарын 3
Гол дүрд: Kim Woo Bin, Bae Suzy
Нийт анги: 12
Аладдин ба шидэт дэнлүүний түүхийг мэдэхгүй хүн цөөн биз ээ. Тэгвэл орчин үеийн шидэт дэнлүүний үлгэр ч адилхан байх бололтой. Ки Ка Ён гэх сэтгэл хөдлөл багатай эмэгтэй санамсаргүй байдлаар дэнлүү олж, Genie буюу бирдийг суллана. Зохиолын дагуу бирд өнөөх асуултаа асууж, гурван хүслийг нь биелүүлэх даалгавартай. Гэхдээ Ки Ка Ён хүсэл юу байх бол?
“WOULD YOU MARRY ME”
Цацагдах өдөр: Аравдугаар сарын 10
Гол дүрд: Choi Woo Shik, Jung So Min
Нийт анги: 12
Ким Ү Жү бол Мёнсудаан гэх 80 жилийн түүхтэй нарийн боовны газрын өв залгамжлагч бөгөөд одоогоор тэндхийн маркетингийн ахлагчаар ажилладаг өөртөө итгэлтэй, ухаалаг залуу. Тэрээр ажлын хүрээнд дизайнер Ю Мэ Ри бүсгүйтэй танилцана. Гэтэл нэгэн өдөр Ю Мэ Ри түүнд гэрлэх санал тавьдаг. Ю Мэ Ри хачирхалтай шалтгаанаас үүдэн энэ шийдвэрийг гаргажээ. Гэхдээ тэд гэрлэх болов уу?
“TYPHOON FAMILY”
Цацагдах өдөр: Аравдугаар сарын 11
Гол дүрд: Lee Junho, Kim Minha
Нийт анги: 16
Кан Тэ Пүний аав “Typhoon Trading” гэх компанийн захирал. Аав нь баян, чинээлэг байсан учир Кан Тэ Пүн ямар ч зүйлд санаа зовохгүй, амар тайван, өөрийнхөөрөө амьдарч ирсэн. Гэвч Өмнөд Солонгост эдийн засгийн хямрал хүчтэй нүүрлэснээр бүх зүйл өөрчлөгдөнө. Энэ хямралын үеэр тэдний компани хэцүүхэн байдалтай тулгарч, аав нь таалал төгсдөг. Кан Тэ Пүн компаниа зүгээр харж суугаад дампууруулахыг нь хүлээлгүй, аавынхаа ажлыг үргэлжлүүлж, буцаж амжилттай компани болгохоор шаргуу ажиллана.
“THE DREAM LIFE OF MR. KIM"
Цацагдах өдөр: Аравдугаар сарын 25
Гол дүрд: Ryu Seung Ryong, Myung Sebin, Cha Kang Yoon
Нийт анги: 12
Том компанид ажилд орсноосоо хойш Ким Нам Сү компани болон гэр бүлийнхээ төлөө уйгагүй ажиллаж иржээ. Үүний үр дүнд тэрээр одоо хэлтсийн менежерийн албыг хашдаг өндөр албан тушаалтай, өөрийн гэсэн гэр оронтой шаргуу залуу. Гэсэн ч тэрээр өөрийн хамгийн үнэ цэнэтэй гэж бодож байсан бүхнээ нэг мөчид бүгдийг нь алдана. Чухам юу хийсэн болоод ийм зүйл болсон юм бол?
“SPIRIT FINGERS”
Цацагдах өдөр: Аравдугаар сарын 29
Гол дүрд: Park Jihoo, Nam Ki Jung
Нийт анги: 12
Сон Ү Ён бол жирийн нэгэн ахлах сургуулийн сурагч охин. Ээж нь Сон Ү Ёнг үргэлж үл тоодог ба ах, дүү хоёрыг нь үргэлж дээгүүр тавьж, халамжилна. Үүний улмаас Сон Ү Ён санаа бодлоо илэрхийлдэггүй, өөртөө итгэлгүй нэгэн болжээ. Нэгэн өдөр “Spirit Fingers” хэмээх дүрслэх урлагийн клубын гишүүд түүнийг зургийн модель болохыг хүсдэг. Сон Ү Ён саналыг зөвшөөрч, гудамжинд тэдний модель болон зогсоно. Клубын гишүүдийн хоорондоо харилцаа, нөхөрлөл гээд бүхий л зүйл нь охинд таалагдаж, уг клубт нэгдэхэд хүргэдэг. Клубын гишүүд түүнийг үргэлж л магтаж, урамшуулдгаас болж охины өөртөө итгэх итгэл бага багаар нэмэгдсээр эцэст нь гэрэлтсэн нэгэн болж буй тухай өгүүлэх гэгээлэг кино юм.
“MOON RIVER”
Цацагдах өдөр: Аравдугаар сарын 31
Гол дүрд: Kang Tae Oh, Kim Sejeong
Нийт анги: 14
И Кан бол хаан ширээ залгамжлагч хунтайж. Тэр гаднаа дураараа, дүрсгүй мэт харагддаг ч, дотроо хайртай хүнээ алдсан сэтгэлийн шархтай ба зөв цаг үеийг нь таарахаар өшөөгөө авна гэсэн алсын бодолтой нэгэн юм. Харин Пак Дал И бол сэргэлэн үг яриатай, овжин зантай, хэнд ч юуг ч зарж чаддаг төрөлхийн наймаачин. Гэтэл нэгэн өдөр тэдний сүнс хоорондоо солигдчихдог.
Эх сурвалж: WordExpress, AsianWiki
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!