Г.Маргад: Би ялагдаж сурсан болохоор ялахад бэлэн байна


Voice of Mongolia шоугаараа бидний эчнээ танил болсон Г.Маргадтай түүний урлагтай холбогдсон түүх, сонирхол, үерхэл нөхөрлөл, зорилго мөрөөдлийн талаар ярилцлаа.

Тэрээр МонГени цогцолбор сургуулийг төгссөн бөгөөд одоо Сити дээд сургуульд жүжигчний мэргэжлээр 2-р курсэд суралцаж байгаа аж. Урлагийн хүн болоод ч тэр үү ярилцахад их нээлттэй, сэтгэл хөдлөл өндөртэй хүн болох нь илт анзаарагдаж байсан юм.

Энэ ярилцлагаар түүний дотоод ертөнц, амьдралын түүхийг мэдэж болохоос гадна олны дунд асуултын тэмдэг хэвээр буй Б.Батбаяр болон Г.Маргадын үерхдэг үү эсвэл зүгээр найзууд уу гэдэг талаар мэдэх боломжтой юм. 

 


Г.Маргадын сошиал хуудсууд:

facebook - Г.Магнет

 instagram – g.magnet 

 

YOLOХэдэн наснаасаа эхэлж дуулсан бэ?
Бага байхаасаа л юм бүхэн рүү хөрвөж, хүн хүнийг дууриаж, юм юм хийж үздэг хүүхэд байлаа. Цэцэрлэгт орохоосоо өмнө л дуулдаг байсан. Урлагийн замыг минь гэрэлтүүлж өгсөн хүн бол миний эмээ. Эмээ маань Дэлхийн бүжгийн спортын алтан медальтай хүн юм.

YOLOБагын хүсэл мөрөөдлөө дагаж жүжигчин болохоор шийдсэн гэсэн байсан. Уг нь тэр хүсэл мөрөөдөл чинь дуучин болох байгаагүй гэж үү?
Жаахан байхдаа дөнгөж дуулж сурчихаад дэлхийн алдартай дуучин болох юмсан гэж боддог байсан. Өөрийгөө таниад, нууц авьяасаа нээж эхлэсний дараагаар жүжигчний мэргэжлийг илүү чадах юм байна, амьдрал маань илүү сонирхолтой, адал явдалтай байх юм байна гэж бодоод энэ мэргэжлийг сонгосон. Дуулдаг байх нь жүжигчин хүний хувьд маш том давуу тал. Цаашдаа мэргэжлийнхээ түвшинд их зүйл сурч мэдээд хоёуланг нь хосолсон мэргэжил болгоно.

YOLOVoice-д орох шийдвэрийг яаж гаргасан бэ?
Би их сонин анхнаасаа л орохгүй гэж бодож байсан. Хүмүүс “Voice болох гэж байгаа гэж байна. Ороод үзээч ээ. Чадаж магадгүй шүү дээ. Яагаад өөрийгөө голдог юм, юу ч гэсэн үзээд алдах хэрэгтэй” гэж их хэлдэг байсан. Орохгүй гэсэн бодол маш их байсан. Орохгүй гэсээр байгаад яг есөн цагт Монгол HD-ийн гадаа оччихсон, орохгүй гэсээр байгаад зургаа авахуулчихсан, орохгүй гэсээр байгаад дуулаад дуусчихсан байсан. Гэхдээ орохгүй гэсэн бодол толгой дотор хэвээрээ байсаар л байсан. Сүүлдээ итгэж өгөхгүй “за за би орж байгаа юм байна аа” гэдгээ хүлээн зөвшөөрсөн дөө. Одоо бодоод байхад яагаад орохгүй гээд байснаа ойлгодоггүй.

YOLOVoice-ийн тайзан дээр дөрвөн удаа гарсан. Чиний хувьд хамгийн их таалагдсан үзүүлбэр чинь аль нь  байсан бэ?
Blind audition дээр өөрийнхөө дотор байсан зүйлээ дуу хоолойгоороо гаргаж чадсан. Яг хүслээрээ... Дараа дараагийн шатууд  намайг сорьсон, юу гарч болохоор байна гэдгийг шалгасан өөр өөр өнцгийн дуунууд байсан. Би дөрвөн үзүүлбэртээ бүгдэнд нь дуртай. Миний хувьд хамгийн их таалагдсан нь яалт ч үгүй би өөрөөрөө байсан, өөрийнхөө сэтгэл зүйн мэдрэмжээрээ дуулж байсан болохоор blind audition гэж хэлнэ. 

 

YOLOДараа дараагийн шатны дууны сонголтоо хэрхэн хийж байсан бэ? Мэдээж шүүгчид, шоуны хамт олны зөвлөгөө байсан байх.
Шүүгч, Mongol HD, би өөрөө санал гаргаад дууны сонголтоо хийсэн. Ихэвчлэн шүүгч болон Монгол HD саналаар дуугаа сонгож байсан ч би ямар ч дууг дуулахад бэлэн байсан. Учир нь Voice учраас дуу хоолойгоороо ямар ч дууг амилуулах ёстой гэж бодсон болохоор юу ч дуулахад бэлэн байсан. Чадах хэмжээгээрээ бүхнээ гаргахыг эрмэлзсэн.

YOLOBattle шатан дээр чамайг сонгоход яг юу мэдрэгдэж байсан бэ?
Хоёр мэдрэмж хоорондоо давхцаад тэр үед их хэцүү байсан. Баярлаж ч болохгүй, уйлж ч болохгүй. Надад гоё юм тохиолдчихоод байсан ч гэсэн Эркежаныг харахаар уйлчих гээд байсан. Анх удаа тийм хэцүү мэдрэмж авч байгаа болохоор юу хийхээ мэддэггүй юм билээ. Одоо бол тийм зүйлийг яаж даван туулахаа ойлгосон.

 

 

YOLO Тэр үед хасагдчих вий гэсэн айдас байсан уу?
Яг үнэнийг хэлэхэд би ямарваа нэгэн юманд орохдоо муу талыг нь бодохыг хүсдэггүй. Хасагдана гэж аль ч шатан дээр бодож байгаагүй. Гаргах ёстой юмаа гаргая, хийх ёстой юмаа тултал хийе гэсэн зорилго байсан. Хасагдчих вий дээ гэж бодвол өөртөө таалагдах гээд эсвэл өөр хүний өмнөөс хийж байгаа мэт сэтгэгдэл үлдэх учраас муу талыг нь бодохыг хүсээгүй.

YOLO Voice-д л ороогүй бол тэр зүйлийг ойлгохгүй байх байсандаа гэж ухаарсан зүйл байв уу?
Би өөрийгөө шартай, ялагдаж сураагүй талтай гэж боддог байсан юм. Гэтэл хамгийн сонин нь би ерөөсөө тийм зан гаргаагүй. Харин ч аз жаргалтайгаар ялагдлыг ялалт болгож гарч ирсэн. Өөрийгөө их гайхсан. Надаас бас ийм зүйл гардаг юм байна, би одоо ялагдаж сурсан болохоор ялахад бэлэн юм байна. Хэрвээ би энэ тэмцээнд ороод хасагдаагүй байсан бол энийг ойлгохгүй байж дээ гэж бодсон.

YOLO Ука шүүгчтэйгээ хамтарч ажиллах явцдаа хамгийн ихээр юуг сурав?
Сурсан зүйл хэлээд барахгүй их. Маш их зүйл байгаа болохоор энэ өдөр дуусах байх. Дууг хэрхэн хүнд хүргэх, биеэ хэрхэн зөв авч явах, бусдыг хэрхэн ойлгох, зөв хүн байх талаар. Манай шүүгч хувь хүн нь үнэхээр гоё хүн байдаг. Юутай ч зүйрлэшгүй гэрэл цацарсан, инээмсэглэсэн, цоглог, эрч хүчтэй, гайхалтай харагдаж байгаа Ука зан чанарын хувьд яг л тийм байдаг.

 

YOLOVoice-д орохоос өмнөх чи орсны дараах чи хэр ялгаатай вэ?
Би Voice-д орохын өмнө өөртөө итгэлтэй үгүйгээ мэддэггүй байсан. Нэг юмандаа итгэлтэй байгаад ч байгаа юм шиг, итгэлгүй байгаа ч юм шиг. Тэрийгээ ялгаж салгаж чаддаггүй байсан. Voice-д орсны дараагаар хаана би итгэлтэй, хаана итгэлгүй байгаагаа мэддэг, итгэлгүй байдлаа яаж засахаа мэддэг болсон. Яривал олон зүйл бий. Хамгийн тод санагдаж байгаа нь энэ байна.

YOLOТэмцээний үеэр, амьдрал дээр ч гэсэн  хувь хүнд шантрах үеүд тохиолддог шүү дээ. Тэр үеийг яаж даван туулдаг вэ?
Миний сэтгэл зүй их тогтворгүй. Ямар нэгэн нөхцөл байдалд амархан уусаж ордог. Энэ нь нэг талаараа мэргэжлийн хувьд давуу талтай боловч амьдрал дээр хувь хүнийг их стресстэй байлгадаг. Жижигхэн асуудлыг хүндээр хүлээж аваад, өөрийгөө стресстүүлээд байдаг төрлийн хүн. Нөгөө талаараа баяртай үйл явдлын энерги, эрчээ алдахгүй хэдэн долоо хоног, сараар ч явж чаддаг. Сэтгэл зүйн хувьд ийм нөхцөл байдлыг хатуу, би чадна гэсэн эрмэлзэлтэйгээр эхлүүлдэг. Ямар нэгэн хэцүү зүйлийг эцсийг нь үзэхийн төлөө, үүнийг даван туулж чадна гэсэн зорилготойгоор эхлүүлдэг.

YOLOЭнэ бүх цаг хугацаанд чамайг урагшлахад чинь дэм болж, хүч болж байсан зүйл юу байв?
Гэр бүлийнхэн үнэхээр их дэмжиж байсан. Өвлийн улирал байсан учраас хоолой өвдөхөөс эхлээд жаахан хэцүү зүйл тохиолдохоор бодолд ороод “Чадах бил үү, юу билээ” гэхээр гэр бүлийнхэн маань “Юу ярьж байгаа юм чадна, болно, бүтнэ. Юуны төлөө энэ олон жил хөдөлмөрлөсөн билээ” гээд эмээ маань жинхэнэ дээшээ гаргачихаж байгаа юм. Найзууд маань ч гэсэн “Давна шүү, болно шүү, бүтнэ шүү” л гэдэг байсан. Гэр бүлийнхэн, найзууд маань асар их нөлөөлсөн.  

YOLOДуулах, жүжиглэхээс өөр хобби, сонирхол бий юу?
Зураг зурах сонирхолтой болж эхэлж байна. Би сайн зурж чадахгүй л дээ. Яагаад ч юм зураг зурах мэдрэмж таалагддаг. Бас хөл бөмбөг тоглодог

 

Жаахан байхад “Дамбо”, “Чебурашка”, “Чихээрээ нисээч” гэх мэтээр хүүхдүүд шоглодог болохоор чихэндээ их дургүй байсан.  Том болоод чих маань миний нэг онцлог, давуу тал юм байна гэдгийг ойлгосон. Одоо чихэндээ их хайртай. 

                                                                                                                   Г.Маргад

YOLOИрээдүйн зорилго, мөрөөдөл чинь юу вэ?
Мөрөөдлөө хүмүүст хэлэхээр намайг шоолоод байдаг юм. Хэзээ ч бүтэхгүй юм шиг хүлээж аваад байдаг. Сүүлдээ хүмүүст хэлэх сонирхол байхгүй болчихсон. Жүжигчин хүний хамгийн том зорилго бол Монголын нэрийг гаргаж дэлхийд танигдаад Оскарын шагналыг нэр төртэйгээр авах байдаг. Хүмүүст хэлэхээр “бүтнэ гэж үү” гэдэг болохоор өөрөө өөртөө мөрөөдлөө хадгалах дуртай. Үүнийг одоо мөрөөдөл гэхээсээ илүү зорилго гэж харж байгаа. Би “Болохгүй зүйл гэж байхгүй шүү, авна шүү, чадна шүү, хийнэ шүү, бүтээнэ шүү” гэсэн төрлийн хүн.

YOLOБ.Батбаяр та хоёрыг үерхэж байгаа гэсэн мэдээлэл их гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?
Одоо хэлэхээр хүмүүс итгэхгүй ээ. (инээв) Заяа эгч, Батбаяр бид гурав санал нийлдэг болохоор баг дотроо их дотно байсан. Сэтгэл хөдлөөд хацар дээр нь үнсэх гэж байгаад санамсаргүйгээр уруул дээр нь үнсчихсэн. Бид хоёр үерхдэггүй ээ.  Зүгээр л найзууд.  Камер бичээгүй байгаа гэж бодсон чинь шууд нэвтрүүлэг явж байсан юм билээ. “За баяр хүргэе” гээд найзыгаа хацар дээр нь үнсчихье дээ гээд үнссэн чинь зүг нь тэгж таараад тийм зүйл болчихсон. Хэн ч хараагүй байлгүй дээ гэж бодсон чинь зурагтаар мэлийгээд л гараад ирсэн. Их ичсэн.

YOLOНайз хөвгүүнтэй юу?
Байхгүй ээ. (инээв)

YOLOТэмцээний үеэр хүмүүс чихийг чинь өхөөрдөж байгаа нь илт анзаарагдаж байсан. Тиймээ?
Жаахан байхад “дамбо”, “чебурашка”, “чихээрээ нисээч” гэж хүүхдүүд шоглодог болохоор чихэндээ их дургүй байсан.  Том болоод чих маань миний нэг онцлог, давуу тал юм байна гэдгийг ойлгосон. Одоо чихэндээ их хайртай. Буянтай хүний чих том гэдэг шүү дээ.

YOLOЧиний амьдралын нэг өдөр яаж өнгөрдөг вэ?
Эмээ, өвөөтэйгээ байсаар байгаад өглөө эрт босоод сурчихсан. Эрт босоод хичээлтэй бол хичээлдээ явна. Чөлөөт цагаараа аль болох ном уншаад, төвлөрөх эсвэл дууны үг бичих дуртай. Заримдаа гоё, гоё хөг аялгуунууд толгойд орж ирдэг. Ноот сайн мэдэхгүй болохоор гаргаж чаддаггүй. Сэтгэл хөдлөөд өндөр түвшинд хүрэхээр дууны үг бичдэг. Одоо миний бичсэн гурван дууны үг бий. Хоёр нь англи хэл дээр, нэг нь монгол хэл дээр.

 

Би “Болохгүй зүйл гэж байхгүй шүү, авна шүү, чадна шүү, хийнэ шүү, бүтээнэ шүү” гэсэн төрлийн хүн.

                                                                                                                      

                                                                                              Г.Маргад

 

YOLOЧамайг зурагтаар л харж байснаас бусдаар уулзаж байсангүй. Гэхдээ уулзаад ярилцаж байхад их эелдэг, нээлттэй, гэрэл цацарсан охин байна. Чам шиг ийм төрлийн хүмүүс найзын хүрээлэл ихтэй байдаг шүү дээ. Хэр олон найзтай вэ?
Өмнө нь зөндөө найзтай байсан. Олон найзтай байснаас тоотой хэдэн сайн найзтай байхыг эрмэлздэг. Тийм ч олон найзтай байхыг хүсдэггүй. Миний сайн найзаа гэж хүндэлж явдаг хүмүүс маань байнга хамт байдаггүй юмаа гэхэд ядаж хэрэгтэй цаг үедээ, хэрэгтэй үгсийг хэлдэг байх хэрэгтэй гэж боддог. 

YOLOЧиний талаар үзэгчдэд ил болоогүй сонирхолтой баримт байвал хуваалцаач?
Би анх дуулж эхлэхдээ уртын дуу дуулдаг байж байгаад сонирхлоороо рок поп, RMB-поп болж эхэлсэн. Бритни Спирс, Леона Левис дуучдын хоолойгоор дууриаж дуулж чадна. Хүмүүсийг дууриаж дуулах, дууриаж үйлдэл хийх дуртай. Миний хамгийн дуртай хамтлаг бол 2NE1. Намайг дуулах, өөртөө итгэлтэй болоход нөлөөлсөн нэг хүчин зүйл бол 2NE1 хамтлаг. Хэдийй одоо тэд тарчихсан ч гэсэн амьдралыг нь харуулсан кинонуудыг үзээд, тэндээс тайзан дээр биеэ хэрхэн авч явах, хүмүүстэй ямар харилцаатай байх, хүн хэрхэн ажилтад хүрдгийн жишээ гэх мэт маш их зүйл суралцсан. 

YOLOҮе тэнгийнхэндээ хэлмээр, зөвлөмөөр байгаа зүйл байна уу?
Маш их байна. Ямарваа нэгэн зүйлийг харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Би өөрөө өмнө нь аливаа зүйлийг нэг л өнцгөөр хараад сайхан мэдрэмжийг авч чаддаггүй байсан. Нэг л зүйлийг өөрчилчихсөн чинь бүх зүйл их гоё болчихсон. 
Ямар нэгэн хүнийг харахдаа тэр хүний хамгийн гоё зан чанар, гоё бүхнийг нь олоод харчих. Хоол идэж байгаад давс нь ихэдсэн байсан ч гэсэн тэр махных нь гоё амтыг мэдэр. Тэрийг л олоод харчихсан байхад тэр цаг, тэр хором аз жаргалтай байна. Бүх зүйлийн эерэг талыг хараад хэзээ ч битгий бууж өгөөрэй. Хэзээ ч битгий зогсоорой гэж хэлмээр санагддаг.

YOLOЯрилцсанд баярлалаа. Дараа дараагийн уран бүтээлд чинь өндрөөс өндөр амжилт хүсье.
Баярлалаа. Хичээнэ ээ

 

#VOICE #Teenager #Celebrity