Рианна гурав дахь хүүхдээ төрүүлж охинтой болжээ


Б.Нямдарь | YOLO.MN
2025-09-25

Алдарт дуучин Рианна гурав дахь хүүхдээ, охиноо мэндэлснийг өчигдөр /09.24/ зарлалаа.

Тэрбээр нярай охиноо тэвэрсэн зургаа нийтэлсэн бөгөөд тэвэрт нь унтаж буй охин нь ягаан хувцастай нь харагдана. Дуучин бүсгүй охиныхоо нэр болон төрсөн өдрийг тайлбар хэсэгт бичжээ.

Инстаграмд оруулсан зурагтаа тэрбээр “Роки Айриш Майерс,” хэмээн бичиж, “2025 оны есдүгээр сарын 13” гэж нэмжээ. Энэ нь охин тухайн өдөр төрснийг илэрхийлж буй. Харин удаах зурагт жижигхэн ягаан баллетийн шаахай байжээ.

Рианна охинтой болохыг хүсдэгээ өмнө нь ярьж байсан юм. Тодруулбал 2024 онд "Interview Magazine"-д өгсөн ярилцлагадаа Рианна, A$AP Роккиг “Хамгийн сайн аав” гэж тодорхойлсон бөгөөд улам өнөр өтгөн болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “Бурхан юу хүсэж байгааг би мэдэхгүй, гэхдээ хоёр хүүхдээс ч илүү олон хүүхэдтэй болохыг хүсэж байна. Охинтой болох гэж хичээнэ. Гэхдээ дахиад хүү байсан ч болно л доо” гэж ярьж байжээ.

Рианна гурав дахь жирэмслэлтээ 2025 оны Met Gala дээр зарласан. Тухайн үдэш тэр хар бүрх малгай, саарал корсеттэй цамц, урт банзал, хүзүүндээ зангиатай, жирэмсэн гэдсийг нь харуулсан богино хүрмээр гоёсон байв. Тухайн үед сэтгүүлч улаан хивсэн дээр ярилцлага авахдаа “Та ямар аксессуараар гоёсон бэ?” гэхэд “Би хүүхдээрээ гоёлоо!” хэмээн хариулжээ.

37 настай дуучин Рианна A$AP Рокки нар мөн хоёр хүүтэй билээ. 
Эх сурвалж: Today

#Рианна