У.Баяржаргал: Хэзээ нэгэн цагт хүүхдүүдэд монгол бичгээ заагаад зогсож байна гэхээр гоё санагддаг


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-09-11

Yolo.mn энэ удаагийн ярилцлагадаа Монгол Улсын Их сургуульд элсэн орж ирсэн нэгдүгээр курсийн шинэхэн оюутан, мөн залуу ээж У.Баяржаргалтай ярилцлаа. Шинэ сургууль, шинэ орчин, хичээлийн бие даалт, даалгавар, лекц, семинар гээд дуусашгүй их хичээл дунд бяцхан үрээ өсгөнө гэдэг амаргүй л даваа байдаг биз ээ.

Ингээд гэр бүл, сургууль, ээж болсон сэтгэгдэл, мөрөөдөл, зорилго гээд олон сэдвүүдийн талаар ярилцсан түүний ярилцлагыг хүлээн авч уншина уу.

-YOLO: Сайн байна уу, юуны түрүүнд уншигчид маань өөрийгөө танилцуулаач?
-
Сайн байна уу? Намайг Уламбаярын Баяржаргал гэдэг.  Дунд ангиа Ирээдүй Цогцолбор сургуульд сурч төгссөн. Дараа нь Мэргэжил Сургалтын үндэсний төв (МСҮТ)-д Барилгын Инженер мэргэжлээр элсэж амжилттай дүүргэсэн. Одоо 19 настай.

-YOLO: Монгол Улсын Их Сургуульд орсонд нь баяр хүргэе. Ямар мэргэжлээр элссэн бэ?
-
Баярлалаа. Би Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр элссэн.

-YOLO: Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?
-
Би багаасаа л монгол бичиг, уран зохиолын хичээлдээ дуртай байсан. Монгол бичгийн хичээл орохоор л хамгийн түрүүнд үзүүлдэг, нэлээн идэвхтэй, хичээлдээ дуртай хүүхэд байлаа. Тийм ч учраас багш болох мөрөөдөлтэй болчихсон. Хэзээ нэгэн цагт хүүхдүүдэд монгол бичгээ заагаад зогсож байна гэхээр гоё санагддаг.

-YOLO: Ер нь л багш болно гэж боддог байсан юм байна. Гэр бүлийнхэн дунд нь багшийн мэргэжилтэй хүн байдаг уу?
-
Багшийн мэргэжил цаанаасаа л гоё санагдаад байдаг юм аа. Манай гэр бүлийнхэн дунд багшийн мэргэжилтэй ямар ч хүн байхгүй. Багаасаа багш болно гэж хүсэж мөрөөдөж байсан болохоор багш болно гэж зүтгэсээр байгаад л энэ мэргэжлийг сонгосон.

-YOLO: Багш гэхээр хүүхдүүд ихэвчлэн МУБИС-ийг сонгодог шүү дээ. Яагаад МУИС-ийг сонгосон бэ?
-
Аль сургуульд орох вэ гэдэг дээр гэр бүлийнхэнтэйгээ нэлээдгүй зөрчилдсөн. Манай гэрийнхэн “МУИС-д багшийн мэргэжлээр сурч төгсвөл дараа нь сургуулиуд ажилд авдаггүй, багшийн мэргэжил нь сайн биш” гэж өөрсдийнхөө бодлыг тулгадаг, их эсэргүүцдэг байсан юм л даа. Харин миний хувьд МУИС-д орох хүсэлтэй. Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгсөн чинь МУИС-д тэнцчихсэн. Ингээд л мөрөөдлийнхөө сургуульд мөрөөдлийнхөө мэргэжлээр сурахаар сэтгэл шулуудаж, энэ сургуульд орж ирсэн түүхтэй.

“ХИЧЭЭВЭЛ САЙН БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ ЧАДНА, ХИЧЭЭХГҮЙ БОЛ ТЭГЭЭД Л ХИЙ ДЭМИЙ МӨНГӨӨ ҮРЭЭД ДУУСГАХ БАЙХ ДАА”

-YOLO: Оюутан болсон чинь ямар санагдаж байна? Чиний хувьд арван жил болон МСҮТ-д сураад үзчихсэн байгаа шүү дээ. Их сургууль юугаараа өөр байна вэ?
-
Их сургуульд илүү биеэ дааж сурдаг юм шиг санагддаг. Арван жил болон МСҮТ-д байхад багш нарын чиглэл заавраар сурдаг байсан. Харин их сургуульд зөвхөн өөрийн хичээл зүтгэл, идэвх санаачилгаар л сурна. Хичээвэл сайн боловсрол эзэмшиж чадна, хичээхгүй бол тэгээд л хий дэмий мөнгөө үрээд л дуусах байх даа.

-YOLO: Хичээл ороод хэдхэн хоног болж байна. Анхны хичээлдээ суух ямар санагдав? Ямар хичээл үзсэн бэ?
-
Анхны хичээл маань есдүгээр сарын 2-нд монгол бичиг байж таарсан. Өөрөө дуртай, сонирхолтой болохоор тийм ч хэцүү санагдаагүй.

-YOLO: Нэгдүгээр курсийн оюутнууд маань хичээлийн байруудаа олохгүй жаахан төрөөд байдаг шүү дээ. Чиний хувьд хэр их төөрч байна?
-
Хичээл эхлэхээс өмнө сургууль дээрээ ирээд хаана юу байдаг гэдгийг судалчихсан байсан болохоор төөрөх гэсэн асуудал гараагүй. Номын сан, хичээлийн нэг болон хоёрдугаар байр гээд ойрхон газруудад хичээлээ үзэж байгаа болохоор одоохондоо төөрнө гэсэн асуудал гараагүй л байна.

-YOLO: Энэ семестр хэдэн хичээл үзэж байгаа вэ? Хичээлийн хуваарь нь ямархуу байна даа?
-
Энэ семестр 12 кредитийн хичээл сонгосон. Би саяхан төрсөн, нялх хүүхэдтэй юм л даа. Тэгэхээр аль болох цөөхөн кредитийн хичээл сонгох гэж хичээсэн. Хоёрдох, гуравдах, дөрөвдөх өдрүүдэд хичээлдээ яваад үлдсэн өдрүүдэд нь хүүдээ цаг зарцуулдаг. Хичээлээ тарж ирээд л хүүтэйгээ зууралдана, даалгавар, бие даалтаа хажуугаар нь амжуулна гээд энэ семестр жаахан завгүй л байх бололтой. /инээв/

“АМЬДРАЛДАА ХИЙЖ БАЙСАН ХАМГИЙН ЗӨВ СОНГОЛТ МИНИЙ ХҮҮ ЮМ ШИГ САНАГДДАГ”

-YOLO: Хүү нь хэдэн сартай вэ? Хүүгийнхээ тухай яриач?
-
Хүү маань одоо дөрвөн сартай. Би анх 18 настайдаа жирэмсэн болоод 19 настайдаа төрсөн. Намайг төрөхөд эргэн тойрны хүмүүс нэлээн дургүй байсан. “Жаахан юм байж”, “Их сургуулиа хаяад хүүхэд гаргачихлаа” зэрэг тиймэрхүү хандлага ажиглагдана. Харин зарим нэг нь “Хүүхэдтэйгээ цуг өсөөд явчихна” гэсэн эерэг бодолтой байдаг байв.

Нөхөр бид хоёр ярилцаад нэгэнт ирчихсэн хүүхдийг гаргана гэж шийдсэн. Тухайн үедээ би хэсэгтээ зөв шийдвэр гаргасан болов уу гэдэгтээ их л эргэлзэнэ. Төрөөд хүүхдээ анх харахад мөчид тэр бүх бодлууд огт байхгүй болчихсон. Одоо ерөөсөө тийм зүйл боддоггүй, хүүдээ огтхон ч харамсдаггүй. Амьдралдаа хийж байсан хамгийн зөв сонголт нь миний хүү юм шиг санагддаг.

“ЭЭЖ НЬ ГЭДЭГ ҮГ АМНААС ГАРАХГҮЙ, ЭГЧ НЬ Л ГЭЧИХ ГЭЭД БАЙДАГ ЮМ БИЛЭЭ”

-YOLO: Ээж болсон мэдрэмжээсээ хуваалцаач?
-
Эхэндээ үнэхээр эвгүй байсан. Ээж нь гэж ерөөсөө хэлж чадахгүй, амнаас үг гарч өгдөггүй. Аниа нь, эгч нь л гэчих гээд байдаг юм билээ. Манай ээж ирээд яасан дүү нь уйлж байна уу гээд л намайг шоглоно. Би өөрөө дороо зургаан дүүтэй, айлын том охин. Тэгээд хүүхэд гайгүй байх гэж бодсон бас тийм ч санаснаар байдаггүй, бага зэрэг хэцүү байсан.

-YOLO: Нөхөр нь аав болсон гэдгээ хэрхэн хүлээж авч байсан бэ? Нөхрийнхөө тухай яривал?
-
Нөхөр бид хоёр танилцаад гурван жил, ээж аав болоод таван сар болж байна. Одоо нөхөр маань АШУҮИС-д Шүдний эмч мэргэжлээр суралцдаг. Намайг яг төрж байхад гадаа уйлсан гэсэн. Үнэхээр гоё байсан гээд л яриад байдаг. Төрснийхөө дараа утсаар ярьсан чинь хүүгээ харъя, хүүгээ харъя л гээд байсан. Манай нөхөр айлын бага болохоор доороо дүүтэй байж, хүүхэд асарч үзээгүй. Тийм болохоор эхэндээ хүүгээ авч чаддаггүй байсан. Бүр тэвэрч ч чадахгүй. Тэгээд л “Аймар эвгүй байна аа, ямар жаахан юм бэ” гэнэ. Хүүгээ усанд оруулбал заавал хоёулаа байх хэрэгтэй. Яг усанд оруулаад эхлэхээр л “Ямар эвгүй юм бэ, яг унах гээд байна аа” гээд л сандарчихна. Одоо бол дасчихсан. Байнга хүүгээ авдаг, мундаг аав бий.

-YOLO: Тэгэхээр жирэмсэн байхдаа ЭЕШ өгсөн юм байна. Жирэмсэн хүмүүс чинь биеэ сайн бодож, амарч байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Энэ үедээ шалгалтдаа хэрхэн бэлдэж байв? Өдөрт олон цаг сууж хичээлээ бэлдэж чаддаггүй байсан байх?
-
Өөрөө жаахан хүүхэд, тэгснээ жирэмсний тонустай байсан болохоор удаан сууж болохгүй, утас удаан барьж болохгүй, хэвтрийн дэглэм сахь гэж эмч зөвлөнө. Тийм учраас өдөрт олон цагаар сууж шалгалтдаа бэлдэнэ гэдэг боломжгүй байсан л даа. Өдрийн цагаар ганц, хоёр цаг л сууж бэлдэнэ. Нийт таван хичээлээр ЭЕШ өгсөн. Монгол хэлний хичээлээ бие даан бэлдээд бусдыг нь сургалтад суух, оюутнуудаас тусламж зөвлөгөө авах чиглэлээр бэлдэж байсан. Ингээд монгол хэлний хичээлээрээ 700 гаруй оноо аваад сургуульдаа тэнцсэн.

-YOLO: Оюутан болж буй энэ дөрвөн жилийн хугацаанд өөрийгөө хэрхэн хөгжүүлмээр байна, ямар зорилготой байгаа вэ?
-
Би ичимхий, дуугүй талдаа хүн. Хүүхэдтэй болчихсон гээд өөрийгөө орхилгүй, илүү хөгжүүлэхийг зорьж байгаа. Мөн клубүүдэд элсэх бодолтой байна. Хүнтэй нүүр тулаад харьчихдаг, биеэ даасан, сайн ээж л болохыг хүсэж байна даа.

-YOLO: Тэгвэл 5 жилийн дараах ч юм уу, арван жилийн дараах ч юм уу ирээдүйн өөрийгөө ямар хүн байгаасай гэж хүсдэг вэ?
-
10 жилийн дараа гэвэл мэргэжлээрээ сайн сурч төгсөөд, ажлын байран дээр гарчихсан, сурагч нартаа хүндлүүлсэн мундаг багш л болчихсон байх байх.

-YOLO: Өөрийгөө гурван үгээр тодорхойлбол?
-
Хичээнгүй, дайчин, шударга гэх юм уу. Өөрийгөө магтах гэхээр жаахан эвгүй юм байна аа. /инээв/

-YOLO: Өнгөрсөндөө очоод ямар нэгэн зүйлээ өөрчил гэвэл юуг өөрчлөх байсан бэ?
-
Магадгүй 12 дугаар ангиа төгсөх байсан байх. Гэр бүлийнхээ шахалтаар есдүгээр ангиа төгсөөд МСҮТ-д орчихсон болохоор. Гэхдээ МСҮТ-д ороод буруудсан зүйл байгаагүй л дээ. Ер нь арван жилээ төгсөх байсан.  

-YOLO: МСҮТ-ийг Барилгын инженер мэргэжлээр төгссөн гэсэн дээ. Төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байсан уу?
-
Мэргэжлээрээ ажиллаж байгаагүй ээ. Одоо зүгээр л мэргэжлийн үнэмлэх, дипломтой. Анхнаасаа өөрөө хүсэж сураагүй гэр бүлийн шахалтаас болж сурсан болохоор ажиллах сонирхол төрдөггүй юм. Арван жилдээ ангийнхантайгаа ч сүрхий нийлдэггүй, жаахан таарамж муутай, даруухан, дотогшоо хүүхэд байсан. Тийм учраас гэрийнхэн маань ийм таарамж муутай байгаа бол ангийнхантайгаа хамт ЭЕШ өгвөл тийм ч сайн байж чадахгүй байх, өөрийгөө бодоод МСҮТ орчихвол бусад хүүхдүүдээс түрүүлээд мэргэжилтэй, дипломтой болчихно гэж зөвлөсөн. Тэгээд л МСҮТ-д орохоор шийдсэн.

-YOLO: Ер нь багадаа ямархуу хүүхэд байсан юм бэ?
-
Би багадаа өвөө, эмээ дээрээ өссөн. Доороо зургаан дүүтэй, айлын том эгч. Анхнаасаа л “Эгч нь ямар байна дүү нар нь тийм байдаг” гэсэн сэтгэхүй суучихсан болохоор аль болох зөв, хариуцлагатай хүн байх гэж хичээдэг байсан. Дүү нараа ч харна, хичээлээ ч хийнэ, заримдаа цагийн ажил хийнэ, ээж ааваасаа юм гуйлгүй өөрийгөө болгочихдог шартай төрлийн охин байсан даа.

-YOLO: Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Цаашдын хичээл, сурлагад нь амжилт хүсье.
-
Урьсанд баярлалаа.

#У.Баяржаргал