Хичээл сургууль эхэлж, их сургуулийн гудамд хөл хөдөлгөөн нэмэгджээ. Ганган хээнцэр хувцастай охид залуус энд тэндгүй алхална. Найзуудтайгаа инээлдэн зогсох хэсэг оюутан, хичээл рүүгээ яаравчлан алхах хэн нэгэн, эргэн тойронтойгоо танилцаж буй нэгдүгээр курсынхан гээд хаашаа л харна оюутны дүр зураг харагдана. Тэр дундаа дөнгөж их дээд сургуульд элсэн орж буй нэгдүгээр курсын оюутнуудын хувьд үзэж буй хичээл, нэг ангийн найзууд, цоо шинэ сургууль, орчин гээд бүхий л зүйл шинэ мэдрэмж өгч байгаа байх.
Yolo.mn энэ удаа Монгол Улсын Их Сургуульд нэгдүгээр курсын шинэ оюутан болон орж буй Б.Мөнхсарантай анхны хичээлийн сэтгэгдэл, мэргэжил сонголт, цагийн менежмент, ЭЕШ зэрэг чухал сэдвүүдийн талаар ярилцлаа.
-YOLO: Сайн байна уу? Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу? Намайг Баянмөнхийн Мөнхсаран гэдэг. 18 настай. Энэ оны хавар Өсвөрийн Зохион Бүтээгчдийн ахлах сургуулийг амжилттай сурч төгссөн.
-YOLO: Юуны түрүүнд Монгол Улсын Их Сургуульд тэнцэж орсонд нь баяр хүргэе. Ямар мэргэжлээр элссэн бэ?
-Баярлалаа. Аялал жуулчлалын мэргэжлээр элссэн. Энэ мэргэжил МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн, Байгалийн ухааны салбарт харьяалагддаг юм байна лээ.
-YOLO: Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?
-Мэргэжлээ нэлээн их юм болж байж сонгосон. Би багаасаа нээлттэй, бусадтай харилцах чадвартай, амбицтай хүүхэд байсан юм л даа. Тийм ч учраас олон зүйлийг туршиж, өөрийгөө сорих дуртай. Гуравдугаар ангидаа бүр Харвардад сурна гэсэн том мөрөөдөлтэй охин байлаа.
Хажууд байгаа хүн л миний юу чаддаг, чаддаггүйг нь мэддэг шүү дээ. Мэргэжил сонгох үед аав надад сэтгүүлч мэргэжлийг санал болгож байсан юм. Элбэгдорж ерөнхийлөгч сэтгүүл мэргэжилтэй байсан. Янз бүрийн улс төрийн маргаан, буруу зүйлтэй орооцолдохгүй бол сэтгүүлч гэдэг чинь өөрөө их гоё мэргэжил гэж хэлдэг. Тэгээд л “Миний охин улсынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгч болох нь дээ” гэж намайг цаашлуулна.
Харин би тухайн үедээ олон улсын харилцаагаар сурах сонирхолтой. Олон улсын харилцаа хөрвөх чадвар өндөр мэргэжил шиг санагддаг. Ингээд 11-р ангийнхаа өвөл аавтайгаа маш сайн ярилцсаны эцэст аялал жуулчлал гэдэг мэргэжлээ сонгож байсан. Аялал жуулчлал нь Монголд хараахан өргөжиж хөгжсөн салбар биш. Гэхдээ жил ирэх тусам жуулчид манай орныг ихээр зорьж байгаа нь цаашдаа энэ салбар илүү хөгжих боломжтой санагдсан.
“ИХ СУРГУУЛИЙН АНХНЫ ХИЧЭЭЛДЭЭ ОЧИХОД ТАЙЛБАРЛАЖ БОЛОХООРГҮЙ СОНИН МЭДРЭМЖ ТӨРСӨН”
-YOLO: Гоё мэргэжил сонгожээ. Хичээл эхлээд хэдхэн хоног болж байна. Эхний өдөр хичээлдээ очсон сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Эхний хичээл маань есөн сарын 1-ны өглөө 07:40-өөс байж таарсан. Би яг 07:39 гэхэд хичээл орох ангийнхаа үүдэнд ирчихсэн. Яг хаалгаар ангидаа орж ирэх мэдрэмж нь нэг тийм сонин. Ичих эсвэл санаа зовоод байгаа ч юм шиг. Нэг тийм тайлбарлаж чадахааргүй сонин мэдрэмж байсан. Надад ичсэн зүйл байхгүй, бусдын нүднээс айх айдас байгаагүй хэр нь хүмүүсийн над руу харж байгаа нүд нь тайлбарлаж болохооргүй сэтгэгдэл төрүүлсэн. Тэгээд л шуудхан урд талаасаа хоёр дох эгнээнд очоод суучихсан. /инээв/
-YOLO: Их сургуулийн хичээлд суух ямар санагдаж байна. Арван жилийн хичээлээс хэр ялгаатай байна вэ?
-Арван жилд бол мэдээж дассан орчинд ижилхэн формтой үе тэнгийнхэнтэйгээ хичээлээ үздэг. Харин их сургуульд миний үеийн болон надаас ах, эгч хүмүүстэй хамтдаа нэг хичээл судалдаг. Энүүгээрээ л ялгаатай санагдсан. Одоогоор хичээлүүд эхний лекц дээрээ удиртгал, хичээлийн явц, үнэлгээ зэргийг тайлбарласан. Яг хичээл нь орж эхлээгүй болохоор ялгааг нь сайн хэлж мэдэхгүй юм.
“ОРЧИН СОЛИГДОХОД ХҮН ХЭСЭГТЭЭ ГАНЦААРДЛЫН ҮЕ ШАТЫГ ТУУЛДАГ. ҮҮНД БИ СЭТГЭЛЗҮЙН БЭЛТГЭЛТЭЙ ОРЖ ИРСЭН”
-YOLO: Хичээл дээрээсээ найзтай болж амжсан уу? Нэгдүгээр курсынхан маань их ганцаардаж байна гээд байсан?
-Хамгийн эхний хичээл дээр хоёр охинтой хальт танилцсан. Орчин солигдоход хүн угаасаа хэсэгхэн хугацаанд ганцаардлын үе шатыг туулдаг шүү дээ. Үүнд бол би сэтгэлзүйн бэлтгэлтэй орж ирсэн. Би өөрөө их нээлттэй хүн учраас хүмүүстэй амархан танилцаад, эв дүйгээ олчихдог төрлийн хүн. Зарим хүүхдийн хувьд хүнтэй шууд ярилцаад, танилцах нь тийм ч амархан зүйл биш. Үүнийг нь хүндлээд би одоохондоо нэрээ хэлээд л энгийнээр танилцаж байгаа. Нээрээ нэг охинтой инстаграмаар дагалцсан юм байна. /инээв/
-YOLO: Энэ семестр хэдэн кредитийн хичээл сонгосон байгаа вэ? Хичээл сонголт хийхэд хүндрэлтэй зүйл байсан уу? Хичээлийн байруудаа олохгүй төөрсөн тохиолдол байгаа юу?
-Энэ семестр би 16 кредитийн хичээл сонгосон. Манай үеэл эгч МУИС-ийн гуравдугаар түвшний оюутан. Хувийн төлөвлөгөө, хичээл сонголт, ямар багш сонгох гээд бүхий л зүйл дээр үеэл эгч маань тусалсан. Бас хоёр ах маань МУИС-ийн төгсөгчид. Тиймээс ангиа олохгүй төөрөх гэсэн асуудал надад ерөөсөө гараагүй.
-YOLO: Их сургуульд сурч байх хугацаандаа юу туршиж үзмээр байна? Ямар зорилго тавьсан байгаа вэ?
-Би багаасаа нээлттэй хүүхэд байсан гэсэн дээ. Тэгсэн коронавирусын үеэр бүрэг, дотогшоо болох хандлага ажиглагдсан. Карантин дуусаад хичээл ороход би маш хаалттай хүүхэд болчихсон. Бусадтай чөлөөтэй, өөрийнхөөрөө байж чадахгүй нэг тийм биеэ барьсан, баригдмал хэв маягтай. Өмнөх шигээ нийгмийн идэвхтэй, олон зүйл туршиж үздэг, хичээнгүй, хөдөлмөрч зан чанар маань алдагдсан юм шиг мэдрэгдсэн.
Хоёр төрлийн хүн байдаг даа. Нэг нь үнэхээр идэвхтэй, бүх зүйлийг уриалдаг, өөрөө санаачилдаг харин нөгөөх нь зүгээр л урдах зүйлээ л хийдэг. Яг тэр хоёр хүн нь байгаад үзчихсэн болохоор одоо яг хуучны өөрийгөө эргүүлж олж авна гэсэн зорилготой байна.
-YOLO: Оюутнууд ихэвчлэн багшийн өгсөн бие даалт, даалгавар зэргээ тулгаж хийгээд байгаа харагддаг. Чи хэр цагийн менежменттэй вэ?
-Би цагийн менежмент талдаа тийм ч сайн биш. Гэхдээ тэрийгээ нэлээн засах гэж оролдож байгаа. Цагийн менежмент чинь цаг барих гэдэг жижигхэн зүйлээс л эхэлнэ шүү дээ. Тиймээс аливаа зүйлд цаг товлосон бол цагаа сайн барих хэрэгтэй гэж манай аав байнга хэлдэг. Ер нь цаашдаа даалгавруудаа цагийг нь тулгаж хийхгүй л гэж бодож байна.
-YOLO: ЭЕШ гэдэг том давааг даваад их сургуульд орчихсон байгаа шүү дээ. Хэдэн хичээлээр ЭЕШ өгөв? Хэрхэн бэлдвэл үр дүнтэй санагдсан бэ?
-Би математик, газарзүй, англи хэл, монгол хэл, нийгмийн ухаан гэсэн таван хичээлээр ЭЕШ өгсөн. Өмнө нь аялал жуулчлал мэргэжлийн суурь хичээл нь математик, монгол хэл байсан юм. Тэгсэн 12-р ангийн өвлийн амралтын дараахан боловсролын яамны шинэчилсэн хөтөлбөрөөр суурь хичээлийг нь математик, газарзүй болгоод өөрчилсөн. Монгол хэлдээ дуртай, маш сайн бэлдчихсэн, бараг л 800 авчихлаа ухааны юм бодоод байж байтал тэр хичээл нь ямар ч хэрэггүй болоод огтхон ч бэлдээгүй газарзүй нэмэгдчихсэн. Хоёр хоног шокийн байдалтай явсан даа. Ямартай ч газарзүйн хичээлээ тултал нь хийгээд үзье гэж шийдээд гуравдугаар сараас эхлэн найзтайгаа бэлдэж эхэлсэн. Шалгалтад бэлдэхэд Yesh гэдэг аппликейшн их хэрэг болсон. Найз бид хоёр наймаас арванхоёрдугаар ангийн бүх газарзүйн номнуудыг цуглуулаад, солилцож уншина. Тестэн дээр ажиллахад давтагдаж байгаа тодорхойлолт, орж ирж магадгүй гэсэн хэсгүүдээ тэмдэглэж аваад бие биедээ ярьж өгнө. Энэ л миний хувьд хамгийн үр дүнтэй арга байсан санагдаж байна.
“ЭЕШ-Д БЭЛДЭЖ БАЙХДАА СЭТГЭЛ ЗҮЙН АСУУДЛААСАА БОЛЖ СУРГУУЛИЙНХАА СЭТГЭЛ ЗҮЙЧИД ХАНДАЖ БАЙСАН”
-YOLO: ЭЕШ дөхөөд ирэхээр хүүхдүүд сэтгэл гутралд орох, санаа зовнил гэдэг зүйл маш их болчихдог. Чиний хувьд сэтгэл зүй нь хэр байв?
-11-р ангиа төгсөөд зунаас нь эхлээд би нээрээ төгсөх ангид орж байгаа шүү дээ гэж бодоод хямраад эхэлсэн. ЭЕШ өгнө гэж мэдэж байгаа хэр нь огтхон ч бэлдэхгүй зүгээр л маш их санаа зовдог. Энгийн өдөр тутмын үйлдлээ хийж байхдаа, цайгаа уух, хоолоо идэж байхдаа хүртэл одоо яах билээ, хаанаас эхэлж яаж бэлдэх билээ гээд байнгын санаа зовнилтой. Ингээд ЭЕШ дөхөж, зургаадугаар сарын 10-наас эхлээд л бүр сэтгэл санаа тогтворгүй болчихсон. Шөнө ч тайван унтаж чадахгүй, олон зүйл бодогдоод, бодлоо цэгцэлж чадахгүй стресттэнэ. Хэрвээ энэ чигээрээ шөнө унтахгүй яваад байвал бүр хэцүүднэ, шалгалтаа ч олигтой өгсөн юмгүй болох учраас нойрны эм ууж унтдаг болсон доо. ЭЕШ-д бэлдэж байхдаа сургуулийнхаа сэтгэл зүйч рүү хүртэл орж байсан удаатай. Сэтгэл зүйч тухайн үед чадахаараа хийгээд үз гэж зөвлөсөн.
Миний сэтгэл зүй тогтворгүй байх үед надад хамгийн их зөвлөгөө өгч, сэтгэлзүйн дэмжлэг өгч байсан хүн бол миний ах. Зүгээр л чадахаараа сайн бэлд, зав чөлөөтэй үедээ ч бэлдэх хэрэгтэй. Ядаж л чи дараа нь бэлддэг байж дээ гэж харамсахгүй. Дараа нь харамсахааргүй хэмжээнд бэлдсэн байхад л хангалттай гэж хэлдэг байсан. Үүнээс л их урам зориг авсан даа.
“ТЭР ҮЕД НАЙЗУУД НУРУУГ МИНЬ ИЛЖ ӨГСӨН, ТЭГЭХЭД НУЛИМС ШУУД Л УРСЧИХСАН”
-YOLO: Тэгвэл ах нь сэтгэл зүйн хувьд их дэмжлэг өгчээ. Гурван сарын хугацаанд ЭЕШ-даа бэлдсэн гэсэн. Бэлдэхэд хүндрэлтэй зүйл байв уу? Хүссэн оноогоо авч чадсан уу?
-ЭЕШ зургаадугаар сарын 18-нд англи хэлний хичээлээр эхэлсэн. Цаанаас нь өгсөн харандаа, баллуур бол үнэхээр муу байсан. Будах гэхээр харандаа нь хугарна, тод гарахгүй эсвэл баллуур нь харандаагаа бүрэн арилгаж болохгүй байгаа нь жаахан төвөгтэй санагдсан. Шалгалтаа өгч гарч ирээд анхны оноогоо харах мэдрэмж үнэхээр аймар байсан. Төсөөлснөөс бага байсанд сэтгэлээр унасан. Уг нь тийм ч муу оноо биш, гэхдээ миний төсөөлснөөс муу байсан болохоор жаахан хямарсан.
Маргааш нь газарзүй, нийгмийн ухааны шалгалт өгөх байсан юм. Тэгсэн өглөө нь шууд л салганасан, сандарчихсан сэрсэн. Бага ахтайгаа хэсэг ярилцаж суугаад тайвширч аваад шалгалтаа өгсөн. Шалгалтаас гараад ирэхэд анхны оноо маань бодсоноос илүү өндөр гарчихсан. Газарзүйн хичээлээр бусад хичээлийг бодвол цөөхөн хүүхэд шалгалт өгдөг шүү дээ. Ер нь л сайн оноо авчихлаа даа гэж баярласан. Гэтэл маргааш нь хэмжээст оноо нь миний хүссэн шиг гараагүй. 800 оноо арай хүрэхгүй, гэхдээ ер нь л өндөр оноо авсан байх бодчихсон байсныг хэлэх үү, тэр оноогоо хараад сэтгэл санаа навс уначихсан. Өдөр нь математикийн ЭЕШ-даа орох гээд хүлээгээд зогсож байхад найзууд ирсэн. Миний оноог мэдчихсэн, намайг сэтгэлээр уначихсан байгааг анзаараад нуруун дээр гараа тавиад, илж өгсөн. Тэгэхэд нь шууд л нулимс урсчихсан. Яг тэр үед өөртөө урам хугарсан. Өөртөө урам хугарна гэдэг чинь их сонин зүйл байна лээ.
-YOLO: Арван жилээ төгсөөд үргэлжлүүлээд Монголдоо сурахаар шийдсэн үү? Гадаадад очиж сурах бодол байсан уу?
-Яг элсэлтийн бүртгэлээ хийж байхад Хятад руу хүнсний инженер мэргэжлээр тэтгэлгээр явах боломж надад олдсон. Жил гаруй хүсэж байсан зүйл маань биелчхээд байхад надад тэгж их баярласан мэдрэмж төрөөгүй. Учир нь яг Хятад руу явах гэж байгаа мэргэжил нь миний сонирхол биш. Өөрийгөө ер нь хуурахыг хүсээгүй. Тэр мэргэжлээр явчихвал дараа нь харамсах юм шиг санагдсан. Тэгээд л Монголдоо өөрийнхөө хүссэн мэргэжлээр суръя гэж шийдээд эндээ үлдсэн дээ. Монголд сурвал угаасаа МУИС-д сурна гэж боддог байсан. Ганцхан МУИС-д бүртгүүлээд тэнцээд орсон.
-YOLO: Өөр сургуулиуд руу бүртгүүлээгүй, ганцхан МУИС-т бүртгүүлээд тэнцээд орсон юм байна шүү дээ. Хүсэж орсон сургууль нь хэр байна? Зарим оюутнууд монголын хамгийн том сургууль гээд нэлээн хүлээлттэй орж ирээд, хүлээлтэд нь хүрэхгүй болохоор сэтгэлээр унаад байдаг талтай. Чиний хувьд?
-Манай хоёр ах, үеэл эгч гээд миний таньдаг хэд хэдэн хүн энэ сургуульд сурсан болохоор ерөнхий мэддэг байсан. Угаасаа ямар ч зүйлд сайн, муу аль аль нь байдаг. Зүгээр л би ямар ч хүлээлт тавилгүй орж ирсэн. Аливаа зүйлд 100 хувьтай хүлээлт тавьчихсан байлаа гэж бодоход 70 хувьд нь хүрэхэд л тэр хүн сэтгэлээр уначихдаг. Хүлээлтэд хүрэхгүй байхаар мэдээжийн хэнд ч таагүй санагдана. Хүн зүгээр л 0 хувьтай, ямар ч хүлээлтгүй орчихвол 30 хувьтай байсан ч тэр хүнд таалагдана.
-YOLO: Тийм шүү. Ярилцлагынхаа төгсгөлд дараа жил ЭЕШ өгөх дүү нартаа зөвлөгөө өгөөч?
-ЭЕШ нэлээн дөхчихсөн, газарзүйн хичээлээр шалгалт өгнө гэхэд багш маань жаахан эргэлзээд, өөр хичээлээр бэлдэхийг надад санал болгосон. Би ч гэсэн хэдхэн сарын өмнө чадах болов уу гэж айж сандарсан охин байсан. Гэтэл одоо хүссэн сургуульдаа, хүссэн мэргэжлээрээ орж чадлаа шүү дээ. Тэгэхээр өөртөө эргэлзэх, өөрийгөө чадахгүй гэж мэдрэх үе гарвал битгий эргэлзээрэй. Зүгээр чадахаараа л хийгээд үз. Хичээвэл болохгүй зүйл гэж байдаггүй юм байна.
Харин ЭЕШ өгөхөд хоёр жил дутуу байгаа дүү нартаа хандаж хэлэхэд Англи хэл, математикийн ЭЕШ-с өмнө олон улсын SAT, IELTS, TOEFL зэрэг шалгалт өгөөд, оноогоо дүйцүүлчихвэл зүгээр байх гэж бодож байна. Яг ЭЕШ тулаад ирэхэд санаа зовох, сандрах гэдэг зүйл нь арай бага болчихно. Мөн над шиг битгий өөрийгөө хүчилж зовоогоорой, санаа зовнил багатайгаар өдөр өдөрт төлөвлөгөө гаргаад, бага багаар бэлдээрэй. Бас нэг л мэдэхэд төгсөх болчихдог. Төгсөхөөсөө өмнө тухайн цаг үеэ хайрлаад илүү их дурсамж бүтээгээрэй гэж хэлмээр байна.
-YOLO: Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Хичээлд нь амжилт хүсье.
-Урьсанд баярлалаа. Мөн энэ дашрамд ЭЕШ-д бэлдэхээс эхлээд МУИС-д орох хүртэл минь сэтгэл зүйн дэмжлэг өгч, бүх зүйл дээр минь тусалж байсан багш, найзууд, гэр бүлийнхэндээ маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!