СУДАЛГАА: Эмэгчин гориллуудын нөхөрлөл хүнийх шиг онцгой байдгийг тогтоожээ


Сондор | YOLO.MN
УРЖИГДАР

СУДАЛГАА: Эмэгчин гориллуудын нөхөрлөл тэдний амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг

Руандад хийсэн шинэ судалгаагаар эмэгчин гориллуудын хоорондын харилцаа урьд өмнө таамаглаж байснаас ч илүү чухал болохыг харуулжээ.

Судалгаанд дурдсанаар нэгэн эмэгчин горилл шинэ сүрэгт орсон тохиолдолд өмнө нь танил байсан өөр нэг эмэгчин гориллыг зорьж очдог байна. Эрдэмтэд Руандагийн "Галт уулын үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д амьдардаг хэд хэдэн гориллын сүрэгт 20 жилийн турш ажиглалт хийсний үндсэн дээр энэхүү дүгнэлтийг гаргажээ.

Тэдний олж тогтоосноор, хоёр эмэгчин олон жилийн турш хол байсны дараа ч дахин нэгдэх үедээ өмнө нь харилцаатай байсан гориллыг зорин очдог байна.

Энэхүү судалгаа нь Британийн Хатан Хааны Нийгэмлэгийн "Proceedings B" сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд эмэгчин гориллуудын хоорондын харилцаа нь нийгмийн бүтцэд нь хэр чухал үүрэгтэй болохыг харуулж байна.

"Шинжлэх ухааны үүднээс 'найрамдал' гэж нэрлэх нь тохирох эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ ижилхэн хүйстэй эмэгчин гориллуудын харилцаа үнэхээр чухал болохыг уг судалгаа бидэнд харуулж байна" хэмээн  судлаач Виктуар Мартигнак тайлбарлав. 

Сүрэг солих нь уулын гориллуудын нийгмийн бүтэц, удам угсааны олон янз байдал, цус ойртохоос сэргийлэхэд нэн чухал үүрэгтэй. Эмэгчин гориллууд насан туршдаа хэд хэдэн удаа сүргээ солих нь элбэг байдаг. "Зэрлэг байгальд энэ нь маш чухал. Гэхдээ судлахад маш хэцүү. Учир нь нэгэнт нэг горилл өөр сүрэг рүү явчихвал түүнийг дагаж ажиглах боломж тун хомс болдог" хэмээн судлаач  Мартигнак хэлэв.

1967 оноос хойш байнгын хяналттай байгаа "Диан Фосси Гориллын Сан"-гийн талбайд Мартигнак болон түүний баг хамт олон дээрх хөдөлгөөнүүдийг хянаж чаджээ.

Тэд 56  уулын эмэгчин гориллын сүрэг солих хөдөлгөөнийг хянан судалж, ямар шалтгаанаар аль шинэ сүрэгт элссэнийг судалсан байна.


Гориллууд хамаатан байж болзошгүй эрэгчинтэй сүргүүдээс зайлсхийж байсан бол танил эмэгчин гориллуудын оршин байгаа нь шинэ сүрэг сонгох шийдвэрт маш их нөлөөтэй байжээ.

Эмэгчин гориллууд хуучин найзууд руугаа, бүр олон жилийн өмнө салсан байсан ч татагдах хандлагатай байсан аж. Тэд бага насандаа хамт өссөн эмэгчинтэйгээ дахин нэгдэхийг эрмэлздэг бөгөөд түүнчлэн саяхан тоглож, харьцаж байсан гориллуудыг ч зорьдог байна.

Мартигнакын тайлбарласнаар, шинээр ирэгсэд эхэндээ нийгмийн шатлалын доод түвшинд байршдаг тул ийм харилцаа нь маш чухал ач холбогдолтой. Сүргийн уугуул эмэгчин гориллууд шинэ гишүүдийг өрсөлдөгч гэж үзэн түрэмгий ханддаг учир, найзтай байх нь шинэ ирсэн гориллыг хамгаалдаг байна.

Сүрэг солих явдал нь хүний нийгэмд ч мөн адил чухал үүрэгтэй байдаг. Судлаачид энэ үйл явцыг хүнтэй хамгийн ойр төрөл болох гориллуудад судалснаар түүний хувьслын шалтгаануудыг илүү гүнзгий ойлгож болохыг онцолжээ.

Энэ судалгаа нь эмэгчин гориллуудын харилцааг дахин шинээр судлахад хүргэж байна. Эдгээр харилцаа нь урьд нь бид бодож байснаас хавьгүй чухал болохыг тэд харуулжээ.

Эх сурвалж: BBC

#Gorilla #Friends #BFs