CORTIS хамтлагийн машинд байршил тогтоогч суулгасан хэргийг шүүхэд өгөхөө мэдэгдэв


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

BigHit Music агентлаг CORTIS хамтлаг руу чиглэсэн хувийн нууцад халдсан, тэр дундаа шүтэн бишрэгчдийн хууль бус үйлдлүүдийн эсрэг хуулийн дагуу хатуу арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Тус агентлаг Даваа гарагт Weverse шүтэн бишрэгчдийн платформ дээр гаргасан мэдэгдэлдээ 24 цагийн тасралтгүй хяналт болон шүтэн бишрэгчдээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэх гомдлыг тогтмол гаргаж байгаагаа дурджээ.

"BigHit Music"-ийн мэдээлснээр, тэд уран бүтээлчдийн эрх ашигт халдсан цахим орчин дахь гүтгэлгийн шинжтэй нийтлэлүүд, нислэгийн мэдээллийг хууль бусаар тараасан явдал болон хувийн нууцад халдсан, шүтэн бишрэгчдийн ёс зүйг зөрчсөн бусад үйлдлүүдийн эсрэг тууштай тэмцэж байгаа юм.

"Бид цахим платформуудаас уран бүтээлчдийн эрхийг зөрчсөн хэд хэдэн нийтлэл, сэтгэгдлийг илрүүлсэн. Сүүлийн гомдлуудад уран бүтээлчдийг доромжилсон, гутаасан, тэдний цомог болон дууны амжилтын талаар илт худал мэдээлэл тараасан, мөн тэдний нэр хүндэд халдаж, бэлгийн шинжтэй доромжлол учруулсан зураг хөргийг санаатайгаар өөрчилсөн зэрэг контентууд багтсан" гэж агентлаг мэдээлэв.

Түүнчлэн, тус агентлаг сошиал медиа болон бусад онлайн платформоор дамжуулан уран бүтээлчдийн олон улсын нислэгийн захиалгын мэдээллийг хууль бусаар худалдсан хэд хэдэн томоохон хаягуудын эсрэг нотлох баримт цуглуулснаа мэдэгдлээ.

"Бид тавдугаар сард гомдол гаргасан бөгөөд одоогоор мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна. Уран бүтээлчдийн нислэгийн мэдээллийг худалдах, худалдан авах нь 'Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль' болон 'Мэдээлэл, холбооны сүлжээний ашиглалтыг дэмжих, мэдээллийг хамгаалах тухай хууль'-ийг зөрчсөн хууль бус үйлдэл юм" хэмээн онцолжээ.

Парист гарсан ноцтой халдлага

CORTIS хамтлагийн гишүүдийн оршин суудаг зогсоол зэрэг хувийн орон зайд зөвшөөрөлгүй нэвтрэх зөрчлүүд цөөнгүй гарчээ. Мөн арга хэмжээний ажилтан эсвэл албаны хүний дүрээр гишүүдэд ойртохыг оролдох, албан ёсоор зарлаагүй хуваарьт газрууд руу дагах, нисэх онгоцны буудлын амралтын өрөө болон онгоцон дотор тэднийг амрах үед нь ойртох зэрэг үйлдлүүд гарсан байна.

Ялангуяа саяхан хамтлагийн Францын Парис хот дахь хуваарийн үеэр онцгой ноцтой, хууль бус үйлдэл илэрсэнийг нэмж дурдлаа. Тэд уран бүтээлчдийн зорчиж байсан тээврийн

хэрэгсэлд жижиг хэмжээний GPS байршил тогтоогч төхөөрөмж суурилуулсан байжээ. Үүнээс гадна орон нутгийн жолооч нарыг хөлслөх, машин түрээслэх зэргээр гишүүдийн хувийн болон нууцлагдмал хуваарьт шилжилт хөдөлгөөнийг тасралтгүй мөрдөж байсан гэнэ.

"BigHit Music" эдгээр хэрэг явдалд хатуу анхааруулга өгч, хэрэв шүтэн бишрэгчдийн ёс зүйг зөрчсөн хэн нэгэн хамгаалалтын болон үйл ажиллагааны ажилчдыг хэл амаар доромжилж, бие махбодид нь халдвал, эсвэл уран бүтээлчдийг хамгаалах хууль ёсны алхмуудыг гуйвуулсан худал мэдээлэл тараавал хуулийн бүх арга хэмжээг авах болно гэв.

Эх сурвалж: Korea Times

#Kpop