Зарим муурт альцгеймерийн өвчтэй хүмүүстэй төстэй шинж тэмдэг илэрдгийг нэгэн шинэ судалгаа харуулжээ.
Эдинбургийн их сургуулийн мэргэжилтнүүд оюуны доройтлын шинж тэмдэг илэрч байсан 25 муурын тархины задлан шинжилгээ хийжээ.Үүний үр дүнд Альцгеймерийн өвчний гол шинж тэмдгийн нэг болох амилоид-бета нэртэй хорт уураг тархинд хуримтлагдсаныг тогтоосон байна.
Энэхүү нээлтийг эрдэмтэд “Альцгеймерийн төгс байгалийн загвар” гэж үнэлсэн бөгөөд энэ нь хүнд зориулсан шинэ эмчилгээний аргуудыг судлахад тусална гэж үзэж байна.
Эдинбургийн Их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн доктор Роберт МакГечан “Деменци /оюуны доройтол/ бол хүн, муур, эсвэл нохойг оношлогдсон ч адилхан хүнд өвчин юм. Бидний судалгаа муурны деменци ба хүний Альцгеймерийн өвчний хоорондын гайхалтай төстэй байдлыг онцолж байна. Энэ нь хүний Альцгеймерийн өвчний шинэ эмчилгээг хөгширч буй тэжээвэр амьтдад хэрэглэж болох эсэхийг судлах боломжийг нээж өгнө” хэмээжээ.
Деменцийн шинж тэмдэг илэрч байсан хөгшин муурны тархийг бичил дурангаар харуулахад мэдрэлийн эсүүдийн уулзвар болох синапсд амилоид-бета хуримтлагдсан нь тогтоогджээ.
Синапс нь тархины эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулах үүрэгтэй бөгөөд энэ нь алдагдахад хүний ой санамж, сэтгэн бодох чадвар буурахад хүргэдэг. Судалгааны багийнхан энэ нээлт нь өвчний явцыг илүү тодорхой ойлгоход тусалж, хүний өвчлөлийг судлахад дөхөм болгох боломжтой гэж үзэж байна.
Өмнө нь эрдэмтэд генийн өөрчлөлттэй мэрэгч амьтдад судалгаа хийж байсан ч тэдгээр нь тус өвчинд өртдөггүй ажээ.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!