Селин Дессберг: Миний мэдэрсэн бүх хайр өнөөдрийн намайг бүтээсэн


YOLO.mn | YOLO.MN
2025-08-14

Хөгжмийн ертөнцөд монгол нутгийн эрх чөлөөт, сэвшээ салхийг урих мэт аялгуу, урсгал намуун хоолойгоороо сонсогчдыг уярааж буй залуу уран бүтээлч бол Селин Дессберг /Céline Dessberg/.  

2024 онд Mxrningstar хамтлагтай хамтарсан “Хүн” дуугаараа Монголын сонсогчдод илүүтэй танил болсон тэрээр ятга, төгөлдөр хуур, гитараар хөгжим зохиож, инди-поп, софт рок урсгалаар уран бүтээлээ туурвиж буй.  Түүнийг үзэсгэлэнт Франц орны зүүн өмнөд хэсэгт амарч байхад нь бид цахимаар холбогдон түүний намтар, уран бүтээлийнх талаар ярилцлаа. Эх байгаль, элгэмсүү Монгол орон, уран бүтээлийнхээ талаар чин сэтгэлээсээ хөөрөлдсөн түүний ярилцлагыг хүргэж байна. 

"МОРИН ХУУРЫН АЯЛГУУ СОНСОХООР СЭТГЭЛ ТАЙВШИРЧ, ЭЭЖДЭЭ ТЭВРҮҮЛСЭН МЭТ

МЭДРЭМЖ ТӨРДӨГ" 

-Та бага насныхаа талаар манай уншигчдад хуваалцаач. Багадаа хөгжимтэй ойр өссөн үү? 
-Миний хүүхэд нас Францын баруун нутаг Бретани мужид, ой дунд орших нэгэн эртний адууны жүчээг засаж тохижуулсан том байшинд өнгөрсөн. Тиймээс багаасаа л моринд дуртай, ойн амьтадтай ойр өссөн маань их хөгжилтэй. Ойд өдөржингөө модонд авирч, гүйж, янз бүрийн адал явдал сэдэж тоглодог байлаа. Заримдаа санаа нь зовсон ээж маань “Селин!” гээд л сандарч дуудахад нь би хариу өгөхгүй айлгадаг байсан сан.  

Би анх 15 настай коллежийн төгсөлтөд зохиосон дуугаа дуулахад англи хэлний багш маань нулимс унагаж байсан. Ер нь бол би Ренн хотод бүрэн дунд сургуулиа төгсөж дараа нь Парисаас Сорбоны Их сургуулийн урлагийн түүхийн бакалаврын дипломоо бараг ээж аавынхаа гар дээр шидчихээд, гитараа үүрээд л хөгжим хөөсөн. Оюутан байхдаа Парист олон жижиг тоглолт хийж олсон мөнгөөрөө найзуудтайгаа кебаб авч идээд явах мартагдашгүй гоё байсан.  



Зуны амралтаар боломж л гарвал гэр бүлээрээ Монгол явна. Улаанбаатарт хэд хоноод Өвөрхангайгаар дайраад тал нутгаар аялж, голдуу хээр түг түмээрээ анивчих оддын дор хононо. Арвайхээрийн наадмын талбай дээр хуушуур зарж үзсэн.  

Эмээгийн маань төрөл садан, танилууд Өвөрхангайд байдаг, зарим нь эгэл жирийн малчин хүмүүс. Үеэлүүдтэйгээ хамт, хонь ямаатай тоглож энгийн л нэг монгол хүүхэд шиг зуны амралтаа хөдөө өнгөрүүлдэг байсан.  

Манай аав, ээж хоёр хоёулаа хөгжимд дуртай. Ээж маань Францад Монголын урлагийг сурталчилдаг нэгэн холбооны хүрээнд зураач, барималч, хөгжимчид гээд монгол найзуудаа урьдаг байсан. Тиймээс би багаасаа монгол уран бүтээлчид, хөгжимчдийн дунд өссөн. Хүүхэд байхдаа үргэлж л дуулж, бүжиглэж, “дуучин болно" гэсэн л сонголттой байв. 

Ээжийн найз, нэг хөгжимчин намайг “хөгжмийн нарийн мэдрэмжтэй” гэж хэлж байсан гэсэн. Ялангуяа уламжлалт хөгжмийн зэмсэг тоглодог хөгжимчдийн дунд өссөн нь миний сонсголыг их хөгжүүлж, нөлөөлсөн гэж боддог. Энэ хүрээнд Францын Лион Д Анжэр морин тойруулгын том арга хэмжээнд эгч маань ардын дуу дуулахаар хоёр монгол морин хуурчтай тайз руу явахад би тас зөрж, гараас нь зүүгдэж гараад үзэгчдийн өмнө амаа хөдөлгөж, дуучин болж жүжиглэж байсан удаа бий. Энэ хөгжилтэй хэсэг нэгэн баримтат кинонд орсон байдаг, ингэтлээ би дуучин болохыг хүсдэг байсан. Морин хуурын аялгууг сонсох бүрт л сэтгэл тайвширч, ээжийнхээ энгэрт тэврүүлэх мэт мэдрэмж төрдөг. 

Миний аав рок хөгжмийн хорхойтон болохоор унтахад минь Давид Бирны “Feelings” цомгийг бүтнээр нь дуулж, бүүвэйлдэг байсан. Энэ бүгд миний хөгжимд гоц нөлөөлсөн болов уу. 

-Таны дуунууд байгальтай ойрхон, дотно дулаан санагддаг нь ийм учиртай байх нь ээ. Өвөг дээдэстэйгээ холбогдох тухай, өөрийн ондоошлыг илэрхийлэх тухай мэдрэмж төрүүлдэг юм.
-Би ая бичиж эхлэхдээ яг ямархуу дуу зохиох вэ гэдгээ урьдчилан бэлтгэдэггүй. “Тийм дууг дуурайж хийе, ийм зүйлийг мэдрүүлье” гэж боддоггүй, зүгээр л өөрийнхөө тухайн үеийн сэтгэлийг илэрхийлдэг юм. Харин дараа нь л яг юу надад нөлөөлж, урам зориг төрүүлснийг ойлгодог. 

-Тэдгээр урам зориг өгдөг, нөлөөлдөг зүйлс нь юу байв? 
-Хувийн туршлага, амьдралд минь тохиолдсон эсвэл ажигласан түүхүүд нөлөөлдөг. Жишээ нь би багадаа заримдаа их ганцаарддаг байсан. Манай гэрт хамгийн бага нь би, бусад нь бүгд томчууд байлаа л даа. Иймээс би өөрийнхөө ертөнцөд ганцаараа л тоглодог хүүхэд байсан. 

Бас Францад ахмад настнууд ихэвчлэн үр хүүхдээсээ тусдаа, асрамжийн газарт амьдардгийг анзаарсан. Тэдний ганцаардлыг ч мэдэрдэг байсан. Европт залуус,  өндөр настан хоёр үеийнхэн хамгийн их ганцаарддаг гэж боддог. Гэтэл энэ хоёр үе хамт байх ёстой. Ингэж байж л өв соёл уламжилдаг шүү дээ. 

Харин монгол хүмүүс бүлээрээ, эмээ өвөөтэйгөө нэг гэрт амьдарч соёл заншлаа уламжилдгийг би анзаарсан. Эмээ бид хоёр нэг өрөөнд унтаж, дандаа ярилцдаг байв. Эмээ миний хажууд байсан учраас би өвөг дээдэстэйгээ яс үндсээрээ нягт холбогдсон, тэднийхээ үргэлжлэл гэдгээ мэдэрч өссөн. 

Ээж, эмээ маань өөр нийгмийн үед, өөр цаг хугацаанд Монголд амьдарч байсан болохоор тэдний ярианаас Монголын зан заншил, уламжлалын тухай төсөөлөл авсан. Дараа нь өөрөө Монголд очоод залуучуудтай уулзаж танилцан, орчин үеийн Монголын тухай мэдэж, арай өөрөөр төсөөлдөг болсон.  


-Хамгийн анх Монголд ирэхэд ямар мэдрэмж төрж байсан бол? Ер нь Монголд ирэхэд ямар байдаг вэ? 
-Тэгэхэд би дөрвөн настай байсан учраас нарийн санадаггүй.  “Амьдардаг байсан газраасаа арай хол ирчихсэн байна” л гэж бодсон. Францаас ахыгаа утсаар залгахад нь “Би Монголд байна аа, намайг скүүтерээрээ ирээд аваач” гэж гуйж байсан юмдаг. Монголоо бодохоор манай хамаатнуудын хоёргүй сэтгэлээр намайг хайрлаж явдаг, хариу нэхдэггүй тэр их хайрыг боддог. Миний монгол хэлийг чамлалгүй "Чамдаа маш их хайртай" гэж хэлдэг. Тэднийгээ санахаар нулимс бүрхэх гээд байна... (инээв)  Бас Монголын тухай бодохоор цэнгэг агаараа, цэлмэг хөх тэнгэрээ шууд үгүйлдэг.  



-Монголд байгаа гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоотой дурсамжаа хуваалцаач? 
-Хөгжилтэй дурсамж гэвэл би 7-8 настайдаа, чихмэл хүүхэлдэйгээ Дундговийн хийдэд авч очсон юм. Нэг том лам надад улаан утас зүүж өгөхөд нь хайртай хүүхэлдэйгээ ч бас өөдөөс нь сунгахад, өхөөрдөөд зүүж өгснийг нь мартдаггүй. 

Мөн хөдөө мал хариулах их дуртай. Тэгээд хөдөө хамаатнууд дээрээ очиход намайг “Морь унаад хонь эргүүлээд ир” гэдэг. Би заримыг нь харалгүй үлдээчих вий гэж их сандардаг. Монгол хэл маань төгс биш болохоор хэлсэн зүйлийг нь буруу ойлгох вий гэж ч айдаг. Би Европ, Монголын амьдралын хэв маягийг харьцуулж ажигласаар ирсэн. Хоёр соёлын дунд өссөн болохоор сэтгэлгээний ялгааг нь анзаардаг.Хамгийн том ялгаа бол цаг хугацааны талаарх мэдрэмж нь байх.   

Монголд хүмүүс яаж жинхэнээсээ амьдарч, цагийг хэрхэн дүүрэн өнгөрүүлэхээ мэддэг шиг санагддаг. Европт хүмүүс үргэлж л ямар нэг тодорхой зорилгод яаран адгаж явдаг ба саад тулгарвал маш их сандардаг. Монголд саад гарахад зүгээр л хийх ёстой зүйлээ хийгээд, өдөр өдөртөө тайван амьдардаг. Сэтгэлгээний хувьд асар ялгаатай болохоор тийм байх л даа. 



-Францад монгол-франц гаралтай уран бүтээлч байх ямар вэ? 
-Юуны өмнө, надад монгол-франц гаралтай уран бүтээлчтэй ойр дотно харилцах боломж бараг байхгүй. Би франц-монгол гаралтай цөөн хэдэн л хүн таних ч тэд Парист амьдардаггүй. Тиймээс энд /Францад/ надад шууд холбоотой тийм хамт олон байхгүй. Би ихэвчлэн франц-вьетнам, франц-солонгос, эсвэл франц-япон хүмүүстэй илүү ойр харилцдаг ч тэдэнтэй монголчуудтайгаа харилцахтай адил биш. 

Өөр нэг зүйл нь, энд Монголын тухай, түүхийнх нь тухай мэддэг залуучууд их ховор. Зарим хүн Монголын талаар огт мэдлэггүй нь надад гайхмаар санагддаг. Монголын талаар, байгальтай гүн холбоотой монгол соёл, мэдрэмжийн талаар хүмүүс мэдэх нь маш чухал гэж боддог юм. Байгальтайгаа холбогдсон тэр нарийн холбоог ойлгосноор хүмүүс байгаль эхээ хамгаалах нь ямар чухал болохыг ухаарна. 

Тийм болохоор би эргэлзэлгүйгээр уран бүтээлээ туурвидаг юм. Хүмүүс Монголын тухай дуу хөгжим, кино урлаг, соёл урлагаар дамжуулан мэдэх ёстой гэж итгэдэг.  



Хэрвээ би франц-монгол хүн байгаагүй сэн бол, магадгүй хөгжим хийхгүй ч байсан байх. Учир нь илэрхийлэх ёстой, тэмцэх ёстой тийм үнэт зүйл надад үгүй байх байсан. 

Эрлийз хүүхэд байх хэцүү шүү дээ. Францад “франц хүн шиг” байх ёстой, тэднээс ялгарахааргүй байх ёстой гэсэн хандлага хаа сайгүй. Өөр орноос ирсэн ч бай энд ярьдаг хэлээр л ярьж, бусадтай ижилхэн байх ёстой, өөр хэлээр яривал гажиг юм шиг харагдана гэхчлэн сөрөг хандлагууд намайг хүүхэд байхад ажиглагддаг байсан. Гэхдээ одоо юмс өөрчлөгдөж, бас би илүү нээлттэй сэтгэлгээтэй болсон. 

Хүүхэд байхдаа монгол талаа ил гаргах хэцүү байсан. Гэхдээ том болоод, өөрийгөө олж, хаанаас ирснээ мэдэх тусам улам сэтгэлийн хаттай болдог юм байна гэдгийг ойлгосон. 



-Монголын талаар дэлхийд ямар мессеж хүргэхийг хүсдэг вэ? 
-Монголчуудын харилцааны хэв маяг. Ингэж төсөөлье. Хэрвээ дэлхийн бүх хүн монголчууд шиг зочломтгой байсан бол хэн ч өлсөхгүй. Хөдөө хэн нэгнийг холоос харвал гэртээ урьж, хоол цайгаар дайлж, гэртээ хонуулах болно. Дэлхий даяар ингэвэл өлсгөлөн байхгүй. Монголчуудын сэтгэлгээ, өгөөмөр уриалгахан чанар үнэхээр гоё! Мөн монголчууд маш хөгжилтэй, наргианч хүмүүс шүү дээ. (инээв) 

-Ятга тоглож сурсан түүхээ хуваалцаач? Ятгаар анх зохиосон дуугаа санаж байна уу? 
-Сонирхолтой түүхтэй. Би гитар, төгөлдөр хуур тоглодог байсан болохоор манайхан намайг “гэр бүлийн хөгжимчин” гэдэг байв. Нэг удаа Улаанбаатарын “Модерн Номадс” ресторанд ах дүүсээрээ цуглараад сууж байтал тэд маань гэнэтхэн маш том ятга бэлэглэх нь тэр.. Францад авч очоод багшлах хүн хайгаад олоогүй учир өөрөө сурахаар шийдсэн.

Төгөлдөр хуур, гитар хоёрыг нийлүүлчихсэн юм шиг санагдсан тул ятга тоглож сурахад мөн хөгжим зохиоход хялбар байлаа. Ятга тоглох чухал дэг жаяг байдаг шүү дээ. Тиймээс дараа нь Улаанбаатарын Соёл урлагийн их сургуульд очиж ятгын уламжлалт арга барил заалгаж, хэд гурван ардын дуу тоглож сурсан. Анх Монголын “Хатад”хамтлагтай хоршиж тоглоход гайхалтай санагдсан шүү. Харин ятгаар зохиосон анхны дуу маань “Ятга” гэдэг нэртэй.  

Анхны “Ятга” дуундаа би барууны болон монгол соёлуудыг хослуулахыг үнэхээр их хүсэж байсан. Аяыг нь зохиож байхад Монгол ардын уртын дуу санаанд орж байлаа. Дууны үгээ бичихдээ надад маш их нөлөөлсөн барууны уран бүтээлчдийн үгээс иш татсан. 

-Дуу зохиохдоо юу илэрхийлэхийг хүсдэг вэ? 
-Монголын тухай ярихад уйлчих шахсаныг минь харсан байх. Би маш мэдрэмтгий хүн л дээ. Өөрөө ч удирдаж чадахгүйгээр олон зүйлийг мэдэрнэ.  

Заримдаа бүр ямар нэгэн зурвас дохио, зөн мэдрэмж, миний туулж ч үзээгүй түүхүүд надаар дамжин урсаад гарчих шиг санагддаг юм.  

“Энэ тухай бичнэ, үүнийг л хэлмээр байна” гэж огт төлөвлөхгүйгээр хөгжмөө тоглож, ая бичнэ. Тэгмэгц сэдэв нь өөрөө ургаад ирдэг. Гэгээлэг дуу юу, зүүд мэт дуу юу, ямар сэдэвтэй дуу бичих вэ, юуг илэрхийлэх вэ гэдгийг зохиосон аяа эргэн сонсож байхдаа л ойлгодог гэх үү дээ. Бодол сэтгэлд минь тухайн үед юу эргэлдэж байна түүнийг тэр чигээр нь илэрхийлж буй нь л тэр. Тийм мэдрэмжийг ухамсартайгаар удирдах бараг боломжгүй. 

Жишээ нь хүн сэтгэл засалчтай уулзах үедээ юу ярихаа яг таг хянаж мэддэггүй шүү дээ. Түүнтэй адил би зохиох гэж байгаа дуугаа ямар сэдэвтэй байхыг мэддэггүй. Гэхдээ дуугаа зохиож дуусаад дууныхаа утга учрын тухай болон өөрийгөө, тухайн сэтгэл зүйгээ улам илүү ойлгодог. 

-“Чинтамани” дууныхаа тухай ярьж өгөөч?
-Энэ дуу маань маш гэнэтийн байдлаар, их амархан бүтсэн. Студид хөгжимчидтэйгээ нэг зэрэг тоглож, хальсанд хурааж бичсэн болохоор жаахан хуучны /vintage/ өнгө аястай болсон. Хөгжим маань бэлэн болсны дараа сонсож үзэхэд ус санаанд бууж, “Чинтамани” гэдэг үг орж ирээд байсан юм. Тэгээд би Чандмань эрдэнэ болсон усанд зориулж ямар нэг бүтээл хийе гэж бодсон хэрэг. Монголчууд усанд хүндэтгэлтэй ханддаг нь их онцгой. “Чинтамани”-г гаргасны дараа зарим хүслүүд минь биелсэн мэт санагдсан. Энэ дуунд ид шид байдаг байх аа.  

-Mxrninstar хамтлагтай хамтарсан бүтээл тань гайхалтай байсан. Энэ талаараа бидэнд сонирхуулаач.  
-Хамтлагийн дуучин Азаа бид хоёр дундын олон танилтай болохоор хэд хэдэн удаа таарч байсан юм. Анх Playtime Festival дээр танилцсан. Mxrningstar хамтлагийг өмнө нь мэддэг байсан ч гэсэн түүнийг дуучин нь гэж таниагүй. Тэр надад “Таны хөгжимд их дуртай шүү” гэж хэлж байсан юм, би ч “Баярлалаа”  хэмээн талархаж байв.  

Дараа нь тоглолтын үеэр  уулзаад, маргаашаас нь л студийн бичлэг дээр хамтран ажиллахаар болсон. Хамтлагийн бусад гишүүдтэй танилцаж, би ятга тоглоод, дуугаа хамт зохиосон. Сайхан байсан шүү.  

Надад “Хүн” дууны сэдэв их таалагдаж, тэднээс хүчтэй урам зориг мэдэрч байлаа. Мөн хөгжмийн жанраа өөрчилж үзэх сонирхолтой санагдсан. Учир нь би ихэнхдээ тайван хөгжим хийдэг байсан бол энэ удаад огт өөр төрлийн дуу бүтээх завшаан гарсан юм. Тэдний ажиллах арга барилаас суралцахад таатай санагдсан.  Өөр өөр уран бүтээлчидтэй хамтрах бүрд тэдний арга барилаас суралцах нь миний хувьд үнэ цэнтэй туршлага болдог юм. 

-Цаашид монгол уран бүтээлчидтэй хамтарч ажиллах уу? Өөр хэнтэй хамтарч байсан бэ? 
-Тийм ээ, заавал хамтарна. Ойрын хугацаанд биш ч, амьдралынхаа туршид монгол уран бүтээлчидтэй хамтарсаар байх болно.  Одоогоор албан ёсоор цацсан дуу байхгүй ч поп төрлөөр дуулдаг уран бүтээлч Amra, Saffron Bane, морин хуурч хөөмийч Очирбаяр, “Хатад” хамтлаг мөн Fatcat-ийн Төгөлдөр, Uuye нартай хамтарч ажилласан. Гэхдээ дуунуудыг албан ёсоор гаргаагүй, цаг нь болохоор гаргана аа. 

-Та өнгөрсөн дэх өөртөө захиа бичих боломж олдвол юу гэж хэлэх вэ? 
-Зоригтой урагшил, үргэлжлүүлээд байгаарай. Хайртай хүмүүстэйгээ хамт байхыг хичээгээрэй, тэдний хайрыг хүндэтгэн хүртэж аваарай. Өөрийгөө хүндэтгээрэй. Чи өөрөө хэн болохыг хүсэж байна, тийм л хүн болоорой гэж хэлнэ ээ. 

-Танд өөртөө байнга хэлдэг үг бий юу? 
-Яг тийм үг байхгүй. Гэхдээ сандарсан үедээ тухалж суугаад, эрих эргүүлж гэр бүлийнхээ тарнийг уншдаг. 

-Ярилцлагын төгсгөлд танд нэмж хэлэх зүйл байна уу? 
-Хүмүүс чамайг хайрлаж байна гэдэг чамд асар их хүч өгч байна гэсэн үг. Харин чи бусдад хайраа зориулахад мөн л урам зориг, хүч тэнхээ олно. Миний мэдэрч байсан бүх хайр намайг өнөөдрийн “би” болгон бүтээсэн байх.  

Монголын цэлмэг хөх тэнгэр, цэнгэг агаар хүнийг эрхэм дээд рүү тэмүүлж амьдрахад ивээн дэмждэг гэж боддог. Хурдан Монгол явах сан.  

-Монголд бүр мөсөн нүүж ирэх талаар бодож байсан уу? 
-Тийм ээ. Нэг удаа Монголд зургаан сар амьдрахдаа энэ талаар бодож үзсэн ч Францад хийх зүйл их байсан тул тохиромжтой цаг нь биш байсан. 

Би бүтэн жил нэг газраа байж чаддаггүй, хөгжим хийхийн тулд их аялдаг. Англи, АНУ-д их ажилладаг, Бразилд ч очихыг хүсдэг. Тиймээс магадгүй хагас жил Монголд, хагас жил өөр газар амьдрах байх. 

-Нандин мэдрэмжүүдээ хуваалцсан танд маш их баярлалаа. 
-Мэдрэмж, бодол сэтгэлийн минь талаар асууж, дуу хоолойгоо хуваалцах боломж олгосонд талархаж байна. Надад нэр төрийн хэрэг байлаа. 

Ярилцсан: Э.Болор-Од

#Céline Dessberg #Mxrningstar