Баг зүүсэн хэдэн хулгайч Лос-Анжелес орчмын нэгэн дэлгүүрээс ойролцоогоор 7,000 ам.долларын үнэ бүхий Лабубу хүүхэлдэйнүүдийг олноор нь хулгайлжээ.
Лос-Анжелес хотын төвөөс зүүн тийш 29 км зайд орших Ла Пуентэ хотод орших дэлгүүрт уг хэрэг 8-р сарын 6-ны лхагва гарагийн шөнө дунд болжээ. Албаныхны мэдээлснээр сэжигтнүүд уг гэмт хэргийг үйлдэхдээ хулгайн "Toyota Tacoma" автомашин ашигласан байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нэмэлт мэдээлэл байхгүй байна.
Лабубу хүүхэлдэйг Хонконгт төрсөн уран бүтээлч Касинг Лунг бүтээсэн бөгөөд шүдээ ярзайлган инээсэн, том нүдтэй эдгээр чихмэл тоглоом анх гарснаас хойш 10 жилийн дараа цуглуулгын үнэт зүйл болон алдаршжээ.
Анх 2015 онд бүтээсэн Лабубу нь 2019 оноос Хятадын "Pop Mart" тоглоомын компанийн шугамаар өргөнөөр худалдаалагдаж эхэлсэн. Эдгээр цуглуулгад багтдаг жижиг хүүхэлдэйг ихэвчлэн “blind box” буюу битүү хайрцагт, ямар өнгөтэй гэдэг нь нууц хэлбэрээр зарагддаг гэдгээрээ онцлогтой.
"One Stop Sales" тоглоомын дэлгүүр өөрийн сошиал хуудаст, хулгайчид бүх барааг цөлмөж, дэлгүүрийг сүйтгэсэн гэж мэдээлжээ. Мөн тэд хяналтын камерын бичлэг нийтэлсэн бөгөөд дүрс бичлэгт малгай, нүүрний хаалттай хулгайчид дэлгүүрт нэвтэрч, бараа ухаж, хайрцаг зөөж буй нь харагдана.
“Бид өдий зэрэгт хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөсөн, гэтэл тэд орж ирээд л юу ч болоогүй юм шиг бүгдийг нь аваад явчихлаа. Бид одоо ч шокноосоо гараагүй байна” гэж дэлгүүрийн хамтран эзэмшигч Жоанна Авенданьо ярьжээ.
Цагдаагийн газраас ABC News-д өгсөн мэдээллээр, сэжигтнүүд одоогоор баригдаагүй ч гэмт хэрэгт ашигласан хулгайн автомашиныг нь олсон байна.
Эх сурвалж: ABC News
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!