HYBE-ийн дарга Bang Si Hyuk уучлал хүслээ


Т.Онон | YOLO.MN
2025-08-06

HYBE-ийн IPO буюу хувьцааны арилжааны үйл явцад луйврын шинжтэй үйлдэл гаргасан гэх асуудалтай холбоотойгоор HYBE-ийн дарга Bang Si Hyuk олон нийтэд анх удаа мэдэгдэл хийж, ажилчдаасаа уучлал хүсэв.

Өнөөдөр өглөө Bang Si Hyuk HYBE-ийн бүх ажилтнуудад имэйл илгээж, "Өнгөрсөн жилийн дараалсан үйл явдлууд болон одоо миний хувийн асуудлууд нэмэгдсэнээр компанийн нэр, миний нэр олон сөрөг мэдээлэлд байнга дурдагдаж байна. HYBE-ийн нэг хэсэг гэдгээрээ бахархдаг та бүхний хувьд энэ нь санааг тань их зовоосон байх. Үүссэн нөхцөл байдлаас болж төвөг удаж, санаа зовоосондоо дарга, үүсгэн байгуулагчийн хувьд чин сэтгэлээсээ уучлал хүсч байна.” гэжээ.

Мөн “Өнгөрсөн хугацаанд хариу өгөх боломжгүй байсан нь надад хүнд байсан. Албан ёсны мөрдөн шалгалт явагдаж байгаа учраас үг хэлэндээ анхаарах шаардлагатай болсон юм.

Миний хувийн асуудал компани болон салбарт дарамт учруулахыг би яасан ч зөвшөөрч болохгүй гэдгийг хэнээс ч илүү сайн мэдэж байна. Урлагийн төсөл болон манай уран бүтээлчдийн буцаж ирэлт, компанийн ирээдүйн төлөвлөлттэй холбоотой ажлуудын улмаас би гадаадад урт хугацаанд байх шаардлагатай болсон ч, одоо энэ бүх уулзалт, хөтөлбөрүүдийг түр азнаж, Солонгост буцаж очин, мөрдөн байцаалтад бүрэн хамтран ажиллах болно.

Санхүүгийн байгууллагуудын шалгалтын үед би аль хэдийнэ дэлгэрэнгүй тайлбар өгсөн, цаашид ч үнэн зөвөөр оролцож, хуулийн байгууллагын шийдвэрийг хүлээн авах болно" гэжээ.

Bang Si Hyuk нь HYBE-ийг үүсгэн байгуулагч бөгөөд 2019 онд хөрөнгө оруулагчдад IPO хийх төлөвлөгөө байхгүй гэж худал мэдэгдсэн атлаа удалгүй өөрийн холбоотой байсан хувийн хөрөнгө оруулалтын компанийн тусгай зорилготой компанид хувьцаа зарах замаар луйвар хийсэн байж болзошгүй гэж үзэж байгаа. Үүнийг хөрөнгийн зах зээлийн тухай хуулийн зөрчил, шударга бус арилжааны шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа юм.

Энэ тухай өмнөх мэдээг унших бол ЭНД дарна уу.

#HYBE #Bang Si Hyuk