5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Улирлын АМРАЛТААРАА юу хийж болох вэ?


Үжин | YOLO.MN
2017-11-03

Улирлын амралт хэдий долоо хоног ч гэлээ эдгээр өдрүүдийг үр бүтээлтэй, өөрт хэрэгтэйгээр өнгөрүүлж чадвал чамд үнэхээр хэрэг болно.

1. ШҮҮГЭЭГЭЭ ЦЭГЦЭЛЖ, ӨВЛИЙН ХУВЦАСНУУДАА ДАЛД ХИЙ


Урин дулаан хавар ирж, зуны налгар өдрүүд айсуй. Тиймээс шүүгээнд ихээхэн зай эзлээд байгаа өвлийн хувцсаа одоо далд хийхэд эртдэхгүй байх. Түүнээс гадна таардаг болоод өмсөх дуртай хувцасаа ялгахаас гадна ямар цамцыг, ямар өмдтэйгээ хослуулж өмсвөл тохиромжтойг хүртэл энэ үеэр мэдэж авч болно шүү дээ. Өмсөхгүй олон хувцастай байснаас таалагддаг хэдхэн хувцастай байхад цаг хэмнэхээс, тохиромжтой хувцаслахад үлэмж хэмжээний үр нөлөөтэй.

2. ЗОРИЛГОО ШИНЭЧЛЭХ
Маргаашаас шинэ сар эхэлж байна, зуны урин дулаан цаг ч ойртож байна. Энэ жилдээ багтаад хийх зүйлсээс эхлээд сонгосон мэргэжил, өгөх гэж буй шалгалтын оноо, суралцах гэж буй сургууль, улсын шалгалтын оноо, хувийн хэргийн дүн, төгсөлтөн дээр хэлэх үг гэх мэтчилэн бидний зорилго илүү нарийн тодорхой байх нь өндөр ач холбогдолтой юм. Зорилго, төлөвлөгөөгөө хэрхэн гаргах талаарх энгийн зөвлөмжийг ЭНД дарж сонирхоорой.

3. ҮЗМЭЭР БАЙГАА KИНОГОО ЭНЭ АМРАЛТААРАА ТУХТАЙ ҮЗ
Улирлын амралтаар хийж болох зүйлсийн нэг бол яалт ч үгүй кино үзэх билээ. Тэр дундаа нийлдэг найзуудаараа сүүлийн үед хит болж байгаа киног үзэх ч гоё шүү. Сонирхуулахад “ГЭГЭЭНТЭН” кинотеатр сурагчдын амралтад зориулж кино тасалбар, амтат попкорн, ундаа, автомат тоглоомын эрхийг нэг дор багтаасан “Цонхтай цаг” багцыг сурагчдад санал болгож байна лээ.

4. КОМПЬЮТЕР БОЛОН УТСАН ДЭЭРХ ЗҮЙЛСЭЭ ЦЭВЭРЛЭХ
Хэрэгцээгүй файлууд бидний утас, компьютерийн багтаамжийг дүүргэхээс эхлээд вирусын шалтгаан нөхцөл ч болж байдаг. Амралтаараа хийж болох бас нэгэн зүйл бол өөрийн гэрээ цэвэрлэхээс гадна компьютер болон утасныхаа гэрийг цэвэрлэж тэдгээр хог, новшийг утаснаасаа гаргаж хаях явдал юм. Энэ чамайг цэвэрхэн гэрт цай уух шиг л тийм тухтай байдлыг мэдрүүлэх болно. Мөн утас болон компьютероосоо ямар нэгэн зүйл олохдоо эрж хайж цаг авахгүй, фолдер үүсгэж эмх цэгцэнд оруулсан учир шууд л олчихно гэсэн үг.

5. ЗУРГИЙН ЦОМОГТОЙ БОЛОХ
Утсанд маань хамгийн их зай эзэлдэг зүйл бол бидний зургууд байдаг шүү дээ. Утсаа алга болгох санамсаргүй тохиолдлоор форматлахад тэнд байсан бүхий л зураг минь хамт алдагддаг нь харамсалтай. Гэхдээ энэ бүгдээс сэргийлэх хамгийн гайхалтай бөгөөд бүтээлч санаа бол хувийн зургийн цомогтой болж дурсамжтай, гайхалтай зургаараа өөрийн түүхийг бүтээх явдал юм. Энэ санааг заавал хэрэгжүүлээрэй.

6. АЯЛАЛД ЯВЖ ЦЭВЭР АГААР АМЬСГАЛАХ
Үр бүтээлтэй амралтын гайхалтай хэсэг бол аялал шүү дээ. Аялалд явж, ууланд гарах нь амралтаа найзуудтайгаа эсвэл гэр бүлээрээ мартагдахааргүй өнгөрөөж зургийн цомогтоо бас нэгэн зураг нэмэх боломж юм. Утааны улирал дуусч байгаа учир энэ далимд цэвэр агаар амьсгалж, дасгал хийж, ярилцмаар байгаа зүйлээ алхангаа ярьж, хээр хооллох нь гайхалтай аялал биш гэж үү?

7. ИРЭЭДҮЙ РҮҮ ЗАХИДАЛ БИЧИХ
Нэг, хоёр, арван жилийн дараа яг ямар хүн болмоор байгаагаа өнөөдрөөс харж өөртөө захидал бичээрэй. Хамгийн чухал нь бүх зүйлийг өнгөрсөн цаг дээр бичиж, өөртөө баяр хүргэсэн, их хичээж мөрөөдөл, зорилгодоо хүрч чадсан гэдгийг чинь харуулж чадах утга санаатай байх нь ач холбогдолтой юм. Хэдэн он, хэдэн сарын хэдэнд уншихыгаа сануулж дугтуйныхаа гадна бичээд тэр бүр хүн хүрэхээргүй газар орхиорой. Нэг л өдөр олоод унших тэр үед бүх зүйл захидал дээр бичэсний дагуу болсныг хараад гайхах нь дамжиггүй юм.

8. ААВ, ЭЭЖИЙГЭЭ “ГЭНЭТИЙН ЦОЧРОЛД” ОРУУЛАХ
“Миний хүү, охинд гэнэт юу тохиолдоо вэ” гэмээр ажилсаг, авхаалжтай байгаарай. Гэртээ нэг "сайхан" их цэвэрлэгээ хийж, хоолоо хийгээд, дүүтэйгээ "хөөрхөн" тоглоод тэднийгээ баярлууж болно шүү дээ. Онлайн сайтуудын хоол хийх жороос суралцан гэр бүлийхнийгээ амттай сайхан хоолоор дайлж болно. Гэхдээ амралтаараа ч бус цаашид тэднийхээ сайн охин, хүү байхыг эрмэлзэж байгаарай.

9. ЭМЭЭ ӨВӨӨ ДЭЭРЭЭ ЗОЧЛОХ, ТЭДЭНДЭЭ ТУСЛАХ
Хичээл, сургууль, найз нөхөд гэсээр эмээ өвөөгөө бараг мартах нь холгүй байх үе бий. Тиймээс амралтын боломжийг ашиглаад өвөө, эмээ дээрээ зочлоод шаардлагатай бол тэдэндээ туслаад “нарыг нь гаргаж” ходоод дүүрэн хоолтой, халаас дүүрэн чихэртэй гараарай. “Хүүгийн/охины минь амралт эхэлчихсэн гэсэн. Ирж үнсүүлнэ байгаа даа” хэмээн харуулдаад суугааг чи мэдэхгүй ч байж болно шүү дээ.

10. ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДЛОО АРИЛГАХ
Аль нэг хичээл дээр бага зэрэг хоцрогдолтой байсан бол амралтын боломжийг ашиглаад давтлагад хамрагдаж болно. Хичээлийн дараагийн улирал эхлэхэд чи аль хэдийнэ ангийнхныгаа гүйцчихсэн ч байж болно шүү дээ. Тэгэхээр энэ олон хоног хичээлээ хоолтойгоо хольж идэхгүйн тулд байнга давтаж байх хэрэгтэй. Мөн улсын шалгалт, ЭЕШ ойртож байгаа учир амралтын энэ долоо хоногийг чи давтлага хийхэд 100 хувь зарцуулж чадвал  өндөр оноо авах, дээгүүр жагсах боломж гэж хараарай.

11. НОМ УНШИХ
Үүнийг хэлүүлэлтгүй хийж байгаа хүүхдүүдийг магтан сайшаая. Гэхдээ хаа хамаагүй ном бус, өөрт хэрэгтэй буюу насандаа тохирсон ном уншихыг санал болгож байна. Ер нь амралтаар ч гэлтгүй бусад үед ч өдөрт 40 хуудас юм уншвал сайн. Тиймээс амралтаар юу хийхээ мэдэхгүй, завтай байгаа хүүхдүүдэд сануулахад утастай бус номтой л нөхөрлөөрэй гэж зөвлөе.

#Freetime #Lesson #School #Vacation