BTS хамтлаг 2026 оны хавар бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирж, дэлхийн аялан тоглолт хийнэ гэдгээ баталлаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

BTS ирэх онд фэнүүддээ зориулсан томоохон төлөвлөгөөгөө зарлалаа.

Өчигдөр BTS-ийн бүх долоон гишүүн Weverse Live шууд дамжуулалтаар хамтдаа оролцож, цэргийн албаа дуусгасны дараах ирээдүйн төлөвлөгөөгөө хуваалцлаа. 

Шууд дамжуулалтын үеэр тэд 2026 оны хавар шинэ цомог гаргана гэж биечлэн баталсан бөгөөд энэ нь 4 жилийн дараах анхны бүрэн бүрэлдэхүүнтэй цомог болох юм. Мөн дэлхийн шинэ аялан тоглолт хийхээр бэлтгэж буйгаа дуулгасан.

RM:

“7-р сараас эхлэн бид бүгдээрээ дахин нэгдэж, хөгжим дээрээ бүрэн төвлөрнө. Цомог маань үнэхээр ирэх хавар гарна. Та нар 7, 8 сар хүртэл хүлээх шаардлагагүй. Бид дэлхий даяар аялан тоглолт хийнэ. Та бүхэнтэйгээ олон оронд уулзах болно, тиймээс хүлээж байгаарай. Бид Weverse live болон сошиал платформуудаар дамжуулан та бүхэнтэй аль болох олон харилцах болно. Бид цомгоо АНУ-д бичиж эхэлнэ.”

Жонгүг: “Энэ удаад бид анхны зорилго, сэтгэлээрээ эргэн нэгдэж байна.”

Жимин: “Бид хурдан, их чармайлт гаргаж ажиллах болно. Хэт удаан хүлээлгэхийг хүсэхгүй байна. Би зүгээр л бид бүгдээрээ хамт байгаа гэдэгт баяртай байна.”

Өнгөрсөн сард The Korea Herald BTS-ийг 2026 оны 3-р сард эргэн ирэлт хийх гэж байна гэж мэдээлсэн ч BIGHIT MUSIC тухайн үед “Эргэн ирэх албан ёсны тов хараахан тогтоогдоогүй байна” хэмээн хариулж байсан.

Одоо харин BTS өөрсдөө 2026 оны хаврын эргэн ирэлт ба дэлхийн аялан тоглолтоо хийхийг баталлаа. Фэнүүдийн хувьд энэ бол удаан хүлээсэн, баяртай мэдээ юм.

#BTS