Д.Дунгаржид: "Аз жаргалын эрэлчин" хүүхдийн дуулалт жүжгийг Францад тоглоно


Т.Онон | YOLO.MN
2025-06-06

"Аз жаргалын эрэлчин" хүүхдийн дуулалт жүжгийг 60 жилийн дараа дахин сэргээж Франц-Монголын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан Францад тоглох болжээ. Энэ талаар “Дэлхийн Мөрөөдлийн Сургууль” НҮТББ-ийн менежер Д.Дунгаржидтай ярилцлаа.

YOLOЮун түрүүнд хүүхдийн дуулалт жүжгийг эргэн толилуулах болсон танай хамт олонд баяр хүргэе. Энэ төслийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Соёлын яамнаас "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд уралдаан зарласнаас 100 гаруй төслөөс манай “Дэлхийн мөрөөдлийн сургууль” НҮТББ “Аз жаргалын эрэлчин” төслөөрөө шалгарсан.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Аз жаргалын эрэлчин” улсын уралдаан үе шаттайгаар зохион байгуулагдсан. 

Шалгарсан сурагчдаас бүрдсэн баг Монгол улс, Бүгд Найрамдах Франц улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Франц улсын нийслэл Парис, Бельги улсын нийслэл Брюселль хотод франц сурагчидтай хамтран тоглож, монгол өв, соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор бэлтгэл ханган ажиллаж байна. 

YOLOФранцад хэзээ тоглох вэ? Ямар дүрүүдэд франц сурагчид тоглож байгаа вэ?

-Франц улсын Виллежу тосгоны Maison pour tous (MPT)  Gerard Philipe театрт 2025 оны 7 сарын 2-ны өдөр тоглоно. Францад Мартин Инак захиралтай "Novis Education Co" нийгэмлэг хамтран ажиллаж буй. Жүжгээ Ил до Франц Вилл Жувив хотын Консерваторын сурагчидтай хамтарч тоглоно. Франц сурагчид олны хэсэгт хамтран тоглоно.

Мөн 6 сарын 28-нд Бельгийн хаант улсын нийслэл Брюссель хотод болох Ерөнхийлөгчийн ивээл дор болох “Дэлхийн Монголчууд” наадмын нээлтийн урлагийн үзүүлбэрт толилуулна. Зургаадугаар сарын 29-нд Бельгийн эзэн хааны цэцэрлэгт хүрээлэнд тоглоно.

YOLO"Аз жаргалын эрэлчин" жүжиг хэний зохиол вэ, жүжгийн гол утга санааг ярьж өгөөч?

-Энэ жүжгийг хүүхдийн алдарт зохиолч Д.Содномдорж 1962 онд Соёл гэгээрлийн яамны захиалгаар бичиж байсан бөгөөд тухайн үедээ "Мөнхийн ус" нэртэй гарч байсан. Гол санаа нь хүү, охин хоёр ээждээ мөнхийн ус олж өгч урт удаан амьдруулах эрэлд гарч буйгаар эхэлдэг. 

YOLOЖүжгийн зохиолын онцлог юу вэ, яагаад энэ зохиолыг сонгож авсан бэ?

-Энэ жүжгийн гол онцлог нь Монголчуудын хэдэн мянган жил хэрхэн байгальдаа ээлтэй, зохилдолгоотой амьдарч ирсэн бэ, эх дэлхийгээ гэсэн нүүдэлчдийн соёл иргэншлийн онцлогийг хамгийн энгийнээр харуулдаг.

Нэг талаас хүүхдийн жүжиг боловч том зургаараа бол нүүдэлчин ахуйн хэвшил, амар амгалан байдал, хүсэл зорилгодоо хүрч байгаа байдал зэргээрээ дэлхийн амар амгалан тогтвортой сайхан байдлыг уриалах зорилготой.

YOLOЖүжгийн дүрүүдээ хэрхэн сонгон шалгаруулсан бэ?

- Жүжгийн дүрүүдийн сонгон шалгаруулалтын уралдааныг 2024 оны 11 сараас эхлээд орон даяар зарласан. Багууд жүжгээ хэсэгчлэн тоглож бичлэгээ явуулаад тэр бичлэгийг 4-5 хүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүн хянаж мөн тухайн газруудаар очиж тоглолтыг нь үзээд гурван байгууллагыг сонгон авсан. Үүнд: Баянхонгор аймгийн Тэмүүжин театр, Завхан аймгийн соёлын төв, Дархан хотын соёлын төв. 

YOLOЖүжигт ямар дүрүүд байгаа вэ, тоглохоор шалгарсан хүүхдүүдийг танилцуулбал?

-Гол дүрийн хүү Боролдой, гол дүрийн охин Хумбага, таван хошуу малын төл хурга ишиг тугал ботго унага мөн янзагатай. Эсрэг дүрүүд нь гурван толгойт мангас, аз жаргалын түлхүүрийг нуусан агуйг манадаг хэд хэдэн шулмас бий.

Боролдойн дүрд Баянхонгор аймгийн Соого Сейкео ЕБС-ийн 8в ангийн сурагч Б.Билгүүнтөгөлдөр, Хумбагын дүрд Баянхонгор аймгийн Номундалай ЕБС-ийн 5в ангийн сурагч Ё.Ану-Үжин нар тоглох юм.

Мөн уралдаанд шалгарсан Дархан-Уул аймгийн Дархан сумын ЕБ-ын XVIII, XIX, “Оюуны ирээдүй”, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ЕБ-ын “Номундалай”, “Соого Сейко”, “Номгон”, “Эрдэм”, Завхан аймаг Тосонцэнгэл сумын ЕБ-ын I, НЕБ-ын I, II, МУБИС-ийн харьяа ЕБ-ын сургууль, ШУТИС-ийн харьяа ЕБ-ын ахлах сургуулийн сурагчид хамтран тоглоно.

YOLOЭнэ жүжгээ Монголд тоглох уу? 

-Бид дөрөвдүгээр  сарын 26-нд Сүхбаатарын талбайд Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойгоор энэ жүжгээ толилуулсан. Тэр үеэр Францын элчин сайд Коринн Перейра Да Силва өөрийн биеэр ирж 45 минутын турш зогсож байгаад үзэж дуусгасан. Улмаар дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. 

Монголд дахин зургаадугаар сарын 23, 24-нд Монголын хүүхдийн ордонд тоглоно.

YOLOЯрилцсанд баярлалаа.

  • Жүжгийн хөгжмийн найруулагч: Европ дахь Монгол соёлын төвийн тэргүүн, доктор (Ph.D) Б.Базаррагчаа
  • Бүжиг дэглээч багш: СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш, бүжиг судлаач, доктор (Ph.D) М.Мөнгөнцэцэг
  • Зөвлөх: Жүжгийн зохиолчийн охин Хүүхдийн ордны Монгол хэл бичгийн багш, дэд профессор С.Цэцэгмаа
  • Продюсер: Төслийн санаачилагч “Дэлхийн Мөрөөдлийн Сургууль” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Б.Мөнхдэлгэр

#Аз жаргалын эрэлчин