Ихэнх к-драма цувралд хайрын гурвалжин гардаг шүү дээ. Нэг эмэгтэйн төлөө хоёр залуу өрсөлдөөд л, эсвэл нэг залууд хоёр бүсгүй сэтгэл алдрах ч юм уу. Гол дүрийн хосыг салгах атаа хорсолтой туслах дүр, хайртай эмэгтэйгээ хайртай хүн рүү нь явуулж чадах өрөвдөлтэй туслах дүр, чимээгүй дэргэдээс нь дэмжиж хайрлах найз шиг туслах дүр гээд л олон янзын дүрүүд бий.
Тэгвэл өнөөдрийн нийтлэлээр гол дүрийн жүжигчнээсээ илүү алдаршиж, үзэгчдийн хайрыг булаасан туслах дүрийн буюу “хоёрдогч” дүрүүдтэй танилцацгаая.
KIM SEON HO (Han Ji Pyeong – Start Up, 2020)
Хан Жи Пён бол ухаалаг, ажил хэрэгч, хөрөнгө оруулагч залуу. Өсвөр насандаа өнчирч, олон бэрхшээл туулсан ч өөрийнхөө хүчээр амжилтад хүрдэг. Тэрээр Со Даль Миг багаас нь дэмжиж, алсаас хайрласаар ирсэн ч хэзээ ч сэтгэлээ нээж байгаагүй юм. Энэ нь түүнийг анхны хайраасаа холдох маш том шалтгаан болдог бөгөөд эцэст нь тэр хайртай бүсгүйнхээ сайн найз, хамтрагч болоод төгсдөг. Үзэгчид түүний дулаахан инээмсэглэл, чимээгүй тусч занд нь татагдсан ба Хан Жи Пёныг гол дүрийн бүсгүйтэй нийлэх ёстой байсан хэмээн дүгнэжээ.
HWANG IN YOUP (Han Seo Jun – True Beauty, 2020)
Хүн болгонтой муухай харьцдаг, муу залуу шиг харагдах ч үнэн хэрэгтээ хэнээс ч илүү тусч, халамжтай, сайхан сэтгэлтэй энэ залуу бол Хан Со Жүн. Им Жү Гёнд сайн хэдий ч түүнийг хайртай залуу руу нь явуулаад, шатан дээр уйлаад суух хэсэг дээр олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн шүү. Та Suho-ийн тал уу? Seo Jun-ы тал уу?
SONG KANG (Hwang Sun Oh – Love Alarm, 2019)
Олон хүн түүнийг гол дүр гэж бодсон байх. Гэтэл цувралын хоёрдугаар бүлэгт төсөөлөмгүй эргэлт болж гол дүрийн эмэгтэй Жо Жо найз Хэ Ёныг сонгосноор Хван Сун О хаягдаж үлддэг. Гэсэн хэдий ч Хван Сун О өөрт нь сайн охин болох И Юк Жотой үерхэж буйгаар кино төгсдөг билээ. Царайлаг төрх, дэгжин хувцаслалт, сэтгэлээ нуулгүй илэрхийлж байгаа нь үзэгчдэд таалагдсан аж.
KANG SO RA (Oh Soo Hyun – Doctor Stranger, 2014)
Хайрын гурвалжинд сэтгэл нь шархалсан эмэгтэй туслах дүр ч гэсэн бий шүү. О Су Хён бол чадварлаг зүрхний мэс заслын эмч. Тэрээр эхэндээ гол дүрийн залуу Пак Хүн эмчийг өрсөлдөгч мэтээр хардаг байсан ч сүүлдээ түүнд сайн болж орхидог. Гэвч Пак Хүн мэдээ алдуулалтын эмч Сон Жэ Хид сэтгэлтэй. Ингээд л О Су Хёны өнчин хайр бүтэлгүйтэж, “second lead sydrome”-ын бас нэгэн жишээ болдог билээ.
LEE JAE WOOK (Baek Kyung – Extraordinary You, 2019)
Гэр бүлийн дарамт, эцгийн хүйтэн хандлагаар дотогшоо, ууртай нэгэн болж өссөн энэ залууг Бэк Хён гэдэг. Түүнд сургуулийнх нь Дан О гэх охин сайн. Гэсэн ч Бэк Хён муухай ааш гаргаж, уцаарласаар түүнийг өөр залууд алддаг. Тэрээр энэ бүхний дараа л Дан О-д сайн болсон гэдгээ ухаарсан ч бүх зүйл хэтэрхий оройтсон байдаг. Эл дүрээр гадаад төрх бус дотоод зан чанар илүү чухал гэдгийг, мөн алдаж оройтсон боломжийг хэзээ ч буцаах боломжгүй гэдгийг маш сайн харуулжээ.
KIM HYUN JIN (Jin Sun Ho – Cheer Up, 2022)
Жин Сон Ху бол тус цувралын хамгийн халамжтай, сайхан сэтгэлтэй нэгэн. Тэрээр гол дүрийн эмэгтэй болох Ду Хэид сайн. Үргэлж түүнд санаа тавьж, хамгаалж, хэцүү үед нь хажууд нь байж тусалдаг. Мөн түүнийг дагаад клубт элсэж, дургүй зүйлээ ч хийдэг. Олон хүмүүст түүний эдгээр зан чанарт татагдсан юм. Гэсэн ч эцэстээ Сон Ху маань шархлаад ганцаараа үлддэг дээ.
JUNG HAE IN (Han Woo Tak – While You Were Sleeping, 2017)
Хан У Так бол эелдэг инээмсэглэлтэй, найрсаг залуу цагдаа. Тэр гол дүрийн эмэгтэй Нам Хун Жуг нууцхан хайрладаг бөгөөд түүний аюулгүй байдлыг хамгаалахад үргэлж бэлэн байдаг. Мөн бусдын ирээдүйг зүүдээрээ харж чаддаг өвөрмөц чадвартай. Энэхүү дүр нь романтик тал дээр төдийгүй үнэнч зан чанар, бусдын төлөө өөрийгөө зориулдаг байдлаараа үзэгчдийн хайрыг илүү татжээ. Хүмүүс бүр түүнийг “perfect second lead” буюу “төгс хоёрдогч дүр” хэмээн нэрлэжээ.
RYU JUN YEOL (Kim Jeong Hwan – Reply 1988)
Чимээгүйхэн алсаас хайрлаад, санаа тавиад, халамжлаад, харамлаад л байна. Гэсэн ч бусад туслах дүрүүдийн адил сүүлд нь ганцаараа үлдэж байгаа энэ залуу бол Ким Жон Ван. Найзыгаа Док Сунд сайн гэдгийг мэдээд зайгаа тавьж өгөх сайхан сэтгэлтэй залуу. Гэсэн хэдий ч бодит амьдрал дээрээ Жон Ван, Док Сун хоёр жинхэнээсээ хосууд болж фенүүдээ баярлуулж байсан билээ. Хосууд найман жилийн турш үерхсэн хэдий ч өнгөрсөн онд салсан юм.
PARK YOO NA (Kang Soo Jin – True Beauty, 2020)
Кан Сү Жин бол сурлагаараа ангидаа хоёрт ордог, дайчин охин. Эхэндээ гол дүрийн жүжигчин Жү Гёнтай сайн найзууд байх бөгөөд багасаа хамт өссөн ангийн найз Су Худ сэтгэлтэй нэгэн. Гэсэн ч түүний хайртай залуу нь сайн найзтай нь болзож эхэлснээр Сү Жиний бухимдал дээд цэгтээ хүрч хорон санаат үйлдлүүдийг гаргаж эхэлдэг. Ингээд муу хүн болж, эцэс сүүлд нь найзуудаасаа уучлалт гуйж эвлэрдэг билээ. Дүрийн хувьд өрөвдөлтэй хэдий ч гадаад төрх, ухаалаг байдал, дайчин төрхөөрөө үзэгчдийн харааг булаасан юм.
KIM HYUN JOONG (Yoon Ji Hoo – Boys Over Flowers, 2009)
Юн Жи Ху бол тус цувралын хамгийн дур булаам туслах дүр. Тэрээр F4 бүлгийн гишүүн бөгөөд найрсаг, дулаахан зан чанар, үнэнч сэтгэлээрээ үзэгчдийн хайрыг татсан. Гол дүрийн эмэгтэй Жан Ди-д сэтгэлтэй боловч хэзээ ч түүний өмнө өөрийнхөө хайр сэтгэлийг тулгадаггүй, ямагт анхаарал тавьж халамжилна. Зарим үзэгчид түүнийг гол дүрийн залуу болох ёстой байсан юм хэмээжээ.
Та аль туслах дүрд нь илүү дуртай вэ?
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!