“Миний хөрш Тоторо” киноны талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2020-08-07

Бид өмнөх дугаарт “Weightlifting Fairy Kim Bok-Joo” цувралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн. Харин энэ удаа Япон улсын "Ghibli" студийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох "Миний хөрш Тоторо" киноны талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 8.2/10
Киноны үнэлгээ /RottenTomatoes/: 94%
Үйл явдал: Ээж нь хүнд өвдсөний улмаас Сацуки, Мэй нар аавынхаа хамтаар хөдөөгийн бяцхан сууринд нүүн ирнэ. Нэгэн өдөр дүү Мэй нь хачирхалтай байдлаар гэрийнхээ ойролцоох ойд аварга биетэй ч хайр хүргэм амьтантай учирсан нь нутгийн сахиус Тоторо байлаа. 

ТОТОРО ҮНЭХЭЭР "ҮХЛИЙН БУРХАН" ГЭЖ ҮҮ? 

Маш олон хүмүүс өхөөрдөм хөөрхөн эгч дүүс болон ойн сахиус Тоторогийн тухай өгүүлэх энэхүү уран бүтээлийн ард аймшигт түүх нуугдаж байгаа хэмээн бат итгэсэн байдаг. Тэдний үзэж буйгаар, "Тоторо нь "Үхлийн Бурхан" учраас зөвхөн нас барсан эсвэл тун удахгүй амьсгал хураах гэж буй хүмүүст л харагддаг. Үүнийг нь мэдээгүй эгч дүүс түүнтэй нөхөрлөдөг. Улмаар Мэй алга болж, эгч Сацуки нь түүнийг маш удаан хайсан ч шаахайнаас нь өөр зүйлийг олдоггүй. Хүмүүс уг шаахайг дүүгийнх нь шаахай гэж хэчнээн тайлбарласан ч Сацуки үүнд итгэхийг хүсээгүй учир Тоторотой уулздаг. Ингээд Тоторо Сацукиг мууран автобусаар үхэгсдийн ертөнц рүү хүргэж, дүүтэй нь уулзуулсан. Киноны төгсгөлд ээж нь Тоторо, Мэй, Сацуки нарыг хэвтэж буй эмнэлгийнхээ дэргэдэх модон дээр сууж байгааг олж хардаг ч аав нь хардаггүй. Сацуки, Мэй хоёрын ээж тун удахгүй нас барах гэж байсан учраас л тэднийг харж чадсан. Мөн уг үзэгдэлд охидыг огт сүүдэргүйгээр дүрсэлсэн нь тэднийг аль хэдийнэ нас барсныг харуулж байна"

Гэвч "Ghibli" студийн зүгээс энэ цуурхалтай холбоотойгоор дараах мэдэгдлийг хийсэн байдаг. Үүнд: 

- "Хүмүүс ээ, санаа зовох хэрэггүй ээ. "Тоторо бол "Үхлийн Бурхан", "Мэй яг үнэндээ нас барсан" зэрэг таамаглалууд бүгд худал. Аниматорууд маань киноны уг хэсэгт охидыг дүрслэхдээ сүүдэр оруулах шаардлагагүй гэж үзсэн учраас л сүүдэргүйгээр зурсан юм. Тиймээс та бүхнийг эдгээр цуурхалд итгэхгүй байхыг хүсэж байна"

“АЛИСА ҮЛГЭРИЙН ОРОНД”-ООС САНАА АВСАН УУ?

Бүтээл ихэд алдарт хүрсэн тул хүмүүс янз бүрийн түүх зохиох болов. Дээрх аймшигт түүхэд итгэдэг хүмүүс байхад мууран автобусыг "Алиса үлгэрийн оронд" хүүхэлдэйн кинон дээр гардаг Чешайр муурнаас санаа аван бүтээсэн гэж үздэг хүмүүс ч бий. Зохиолч маань үүнд тайлбар өгөхдөө, "Би Чешайр муурын дүрд дуртай хэдий ч мууран автобусыг үүнээс санаа авч бүтээгээгүй ээ. Япон улсын ардын аман зохиолд гардаг мангас муурын дүрийг төсөөлөөд түүнийгээ зохиолтойгоо уялдуулан автобусны хэлбэрт оруулан зурсан. Ердөө ингэж л бүтсэн" гэсэн байдаг. 

БОДИТ ТҮҮХ

Дээр дурдсанчлан кинонд охидын ээж хүнд өвчин туссаны улмаас эмнэлэгт хэвтэж байгаагаар дүрслэгддэг. Тэгвэл энэхүү уран бүтээлийн зохиолч, найруулагчаар нь ажилласан Хаяао Мияазаки гуайн ээж ч мөн олон жилийн турш сүрьеэ өвчинтэй тэмцэж байжээ. Хэдийгээр кинонд охидын ээж чухам ямар өвчин туссан нь тодорхой дүрслэгддэггүй ч өвчний шинж тэмдэг нь сүрьеэ өвчний шинж тэмдэгтэй төстэй байдаг. Үүгээр ч зогсохгүй ээжийнх нь хэвтсэн "Шичикокуяама" эмнэлэг нь сүрьеэ өвчинг эмчилдгээрээ алдартай байсан аж.

АЛДАРТ ХҮРЭХИЙН ӨМНӨ

Зохиолч Мияазакиг "Японы Уолт Дисней" гэж хочилдог. Амжилтад хүрэх зам дардан байдаггүйн адилаар "Миний хөрш Тоторо" киноны зохиолыг хэд хэдэн хэвлэлийн газрууд "хэтэрхий энгийн" гэсэн шалтгааны улмаас хүлээн авахаас татгалзаж байсан гэдэг. Тухайн үед адал явдалт, тулаант, супер хүчит баатрын тухай зохиол бүтээлүүд эд мандан бадарч байсан учир үзэгчид хоёр бяцхан охин болон үслэг мангасын тухай түүхийг сонирхохгүй гэж үзсэн хэрэг. 

Гэсэн ч зохиолч маань уйгагүй хичээсний эцэст буюу 1988 онд уг бүтээл дэлгэцнээ гарч, томоохон амжилтыг авч ирсэн билээ. Хаяао Мияазаки гуай "Миний хөрш Тоторо" киноныхоо 30 жилийн ойн ярилцлагадаа, "Би аз жаргалтай, гэгээлэг анимэ хийхийг хүссэн. Мөн энэ төрлийн бүтээлүүд ч бас амжилтад хүрч болдог гэдгийг хэзээ нэгэн цагт батлан харуулна гэж боддог байлаа" гэж хэлсэн байдаг. 

ЭХ НУТАГ

Киноны гол үйл явдал өрнөх энэхүү сайхан байгальтай газар бол нэгэн цагт зохиолч Хаяао Мияазакигийн амьдарч байсан Токорозава хэмээх газар юм. Энэ нь Япон улсын нийслэл Токио хотоос нэг цаг гаруйн хугацаанд явж хүрдэг Саяама уулын дэргэдэх орших бөгөөд гэгээлэг, үзэсгэлэнтэй дүр зургаар баян. Мөн зохиолч маань Токорозавад амьдарч байгаагүй бол Тоторогийн дүрийг хэзээ ч бүтээж чадахгүй байсан талаараа нэгэн ярилцлагад дурдаж байсан билээ. 

ТОТОРО ӨӨР "ЕРТӨНЦӨД"

Тоторо хэд хэдэн алдартай бүтээлүүд дээр дүрслэгддэг. Бидний хүүхэд насны дурсамжтай салшгүй холбоотой "Toy Story" киноны гуравдугаар ангид, ёс бус хэллэгээрээ алдартай "South Park" цуврал, биедээ баймгүй хүчтэй "The Powerpuff Girls", "Bob’s Burgers" зэрэг цувралуудаас Тоторог олж харах боломжтой. 

ҮРГЭЛЖЛЭЛ АНГИ

Киноны богино хэмжээний үргэлжлэл анги болох "Мэй ба муужгайн автобус" хийгдсэн ч кино театр, телевиз зэрэг олон нийтэд нээлттэй байдлаар цацагдаж байгаагүй юм. 13 минутын турш үргэлжлэх энэхүү уран бүтээлийг "Ghibli" музейд хэдхэн өдрийн турш толилуулж байсан гэдэг.

Үйл явдлын тухайд бяцхан Мэй маань өөртөө таарсан жижигхэн муужгайн автобусаар аялж, Тоторо шиг ер бусын амьтадтай танилцаж буйгаар дүрслэгддэг байна. 

БОДИТ АМЬДРАЛ ДЭЭРХ ЭГЧ ДҮҮС

"Disney" кино компани "Ghibli" студийн хэд хэдэн бүтээлийг англи дуу оруулгатайгаар гаргасны нэг нь "Миний хөрш Тоторо" бөгөөд үүнд маш олон чадварлаг жүжигчид дуу оруулсан юм. Тухайлбал залуус бидний сайн мэдэх жүжигчин Дакота Фаннин дүү Эллетэйгээ хамтран Сацуки, Мэй нарын дүрд дуу оруулсан байна. Тухайн үед Дакота 11 настай байсан бол дүү Элле нь 7 настай байжээ. 

Ингээд нийтлэлийнхээ төгсгөлд "Ghibli" студийн маш олон уран бүтээлүүд дээр ажилласан чадварлаг хөгжмийн зохиолч Жо Хисайшигийн тус студийн 25 жилийн ойд зориулан найруулсан тоглолтын хэсгээс хүргэж байна. 

Эх сурвалж: Mental Floss

#Бидний мэдэхгүй баримтууд #Миний хөрш Тоторо