Б.Буян-Арвижих: Туркт сурч байхдаа Европын 11 орноор үүргэвчтэй аялал хийсэн


Ч.Болортуяа | YOLO.MN
2017-02-15

БНТУ-ын Анкара хотын Гази их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй III курсийн оюутан Б.Буян-Арвижихтай ярилцлаа. Истанбулын Мармара их сургуульд оюутан солилцоогоор очоод байх үед нь түүнтэй таарсан юм.

YOLO: Туркийн Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа гэл үү. Тэтгэлэгт хэрхэн хамрагдсан бэ?
-Би 2013 онд Монгол, Туркийн хамтарсан сургууль төгссөн. Төгссөн жилдээ Туркийн боловсролын яамны сайт (www.turkiyeburslari.gov.tr)- д хандан, Засгийн газраас нь зарласан тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан. Уг нь Монголдоо сурахаар төлөвлөөд  МУИС-ийн хуулийн ангийн хуваарь авчихсан байлаа. Гэхдээ Туркийн тэтгэлэгт тэнцсэн учраас сонголтоо эргэж харсан. Арванхоёрдугаар ангиа төгстөлөө гадаад улсад сурна гэж төлөвлөж, мөрөөдөж байсан учраас түүнийгээ дагахаар шийдсэн.

YOLO: Тэтгэлэг авахын тулд ямар болзол хангах ёстой вэ?
-Туркийн Засгийн газар жил болгон тэтгэлэг зарладаг. Интернэттэй орчинд байгаа хэн ч тухайн сайтад нэвтэрч, өөрийгөө сорих боломжтой. Би гурван төрлийн эссе бичсэн. Мөн гаргасан амжилтыг нь чухалчилж хардаг юм билээ. Туркийн 12 их сургуулиас хүссэнээ сонгох боломжтой. Ер нь жижиг хот сонгочихвол сурах боломж тааруу, хүлээж байсан сэтгэл ханамжаа авч чадахгүй. Тиймээс сурах сургуулийнхаа танилцуулгыг вэб сайт руу нь орж судлах хэрэгтэй. 12 сургуульд 12 өөр мэргэжил сонгочихвол тэтгэлэгт тэнцэх магадлал бага. Яагаад гэвэл зорилгогүй гэж үздэг. Би 12 сургуульд бүгдэд нь олон улсын харилцаа гэсэн мэргэжил сонгосон. Эхний шалгаруулалтдаа тэнцэж, Монголд суугаа Туркийн Элчин сайдын яаманд очиж ярилцлагад ороод Анкарагийн Газийн их сургуулийн хуваарь авсан.

YOLO: Олон улсын харилцаа хөрвөх боломжтой мэргэжил учраас сонгосон уу?
-Миний өвөө Гэлэг гээд багш-орчуулагч хүн байсан. Тухайн үеийн сэхээтнүүд орос хэлний Гэлэг гэдгээр нь андахгүй. Оросын Элчин сайдын зөвлөх, агаарын цэргийн атташе нарын итгэмжлэгдсэн орчуулагч байлаа. Өвөө минь байнга л гадаад улс руу явдаг байсан. Ирэхдээ чемоданаасаа гоё гоё амттан гаргаж өгнө. Ээж минь бас гадаад руу долоо хоног бүр л явна.  Тэгээд би гурван настайдаа  “Юу хийдэг хүн гадаад явдаг юм бэ” гэж ээжээсээ асуутал “Дипломатч хүн гадагшаа их явдаг” гэж хэлсэн. Тэр үед ээж минь “Олон улсын харилцаагаар сурвал Элчин сайд болж, олон улсаар явах боломжтой” гэж билээ. Ингээд л би гурван настайдаа мэргэжлээ сонгочихсон. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөхдөө л хуульч болъё гэж бодсоныг эс тооцвол. cheeky

YOLO: Анх Анкарад хөл тавихад ямар санагдсан бэ. Сурах явцад шантрах үе гарч байв уу?
-Анх ирээд орчиндоо дасахаас эхлээд хэцүү байсан. Монгол, Туркийн хамтарсан сургуульд сурахдаа дотуур байранд амьдардаг байсан учраас 14 настайгаасаа л бие дааж сурсан гэж бодож байв. Гэтэл Туркт ирээд тэр бүхэн эндүүрэл байсныг ойлгосон. Эх орондоо хүн хаан шиг л амьдардаг юм билээ. Гэрийнхэнтэйгээ хамт жаахан удаан байсан бол гэж заримдаа боддог шүү. Гази их сургуулийнхаа дотуур байранд  Баясаа гээд монгол ахтай хамт нэг өрөөнд орсон нь надад их завшаан болсон. Баясаа ах сургуульдаа яаж бүртгүүлэх, сурагчийн үнэмлэхээ хэрхэн захиалахаас эхлээд надад олон зүйл хэлж, зааж өгсөн.

Мөн намайг бага байхаас л аав ээж минь гадаадад сургана гэдэг байсан болохоор гэр бүлийнхэнтэйгээ хэд хэдэн улсаар яваад үзчихсэн, төөрвөл яахаа мэддэг байсан нь давуу тал болсон. Монголд бол 16 нас хүрээд иргэний болон жолооны үнэмлэх, банкны карт авч болдог. Гэтэл энд 18 нас хүрээгүй гээд оюутны үнэмлэх олгоогүйгээс сургуулийн тэтгэлгээ авч чадахгүй хэдэн сар болсон. Харин Засгийн газрын тэтгэлэг олгодог төвийнхөнтэй уулзаж, учир байдлаа хэлснээр тэд бичиг хийж өгч, иргэний үнэмлэхээрээ тэтгэлгээ авдаг болсон. Тэтгэлэг гээд анх сая орчим төгрөг авахдаа их баярлаж билээ.

Ер нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдчихвал сургалтын төлбөр, дотуур байр, хоол, даатгал гээд бүгд үнэ төлбөргүй. Мөн Турк дотроо өөр хотуудаар аялахаар бол оюутны үнэмлэхээрээ сургуулийнх нь дотуур байранд хонох боломжтой. Оюутны үнэмлэх гэдэг шидэт дохиур шиг л санагддаг. Энэ үнэмлэхээрээ дэлгүүрээс бараа, бүтээгдэхүүн, эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр эм авч болдог. Туркт нэг удаа автобусанд суухад 1500 төгрөг. Оюутны үнэмлэхтэй болсноор автобусаар хөнгөлттэй үнээр явж байна.

YOLO: Монгол, Туркийн сургуулийн боловсрол олгож буй арга барил нь хэр ялгаатай санагдсан бэ?   
-Монгол, Туркийн хамтарсан сургуульд сурч байхад хоёр долоо хоногт нэг удаа түвшин тогтоох шалгалт авч, дүнг нь жагсаадаг байсан нь илүү хичээж, амжилтад хүрэхэд нөлөөлсөн гэж боддог. Турк хүүхдүүд улсын их, дээд сургуульдаа үнэ төлбөргүй сурдаг. Боловсрол олгож буй түвшнээрээ Турк дэлхийд үнэлэгддэг. Хэлний бэлтгэлтэйгээ нийлээд бакалаврын түвшинд таван жил сурахдаа гадаадын өөр өөр улсад солилцоогоор сурах боломжтой. Гурван төрлийн солилцооны хөтөлбөр байдаг.  Erasmus, Mundus гээд тэтгэлгийн хоёр хөтөлбөр нь дэлхийн аль ч орны хүүхдэд нээлттэй. Би гурван хөтөлбөрт нь тэнцээд оюутан солилцоогоор Герман, Польшид очиж сурахаар болсон. Монгол хүүхдүүд дүнгийн биш, мэдлэгийн төлөө хөөцөлддөг болох хэрэгтэй. Багшдаа хэдэн төгрөг өгөөд юм уу, ном аваад хичээлийнхээ дүнг гаргачихдаг. Энд бол хахууль өгнө гэсэн ойлголт байхгүй.

Заавал хичээл хийгээд суух биш, өөрийнхөө чаддаг зүйлийг олж, түүнийгээ хөгжүүлээрэй.  Тиймээс боломжийг ашиглаж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.

Б.Буян-Арвижих

YOLO: Туркт цаг үеийн байдал тогтвортой биш.  Айж эмээх явдал гарч байв уу?
-Туркт сурч байгаа гэхээр хүмүүс дайн дажинтай оронд байгаа юм шиг санадаг. Сургууль болон дотуур байрныхаа хооронд л явдаг учраас айж, эмээх зүйл гарч байгаагүй. Сургуульд номын сан, усан сан, спорт төв, янз бүрийн клуб хичээллэдэг болохоор гадуур дэмий сэлгүүцэх цаг гардаггүй. 

YOLO: Сургуулиа төгсөөд  Монголдоо очиж ажиллах уу?
-Өөр орнуудад магистр, докторын зэрэг хамгаална. Европын улсууд яаж хөгжиж, хэрхэн хөгжилд хүрснийг дотор нь орж, илүү сайн судлахыг хүсдэг. 

YOLO: Чиний бодлоор Монгол улс яавал хөгжих бол?
-Боловсрол, боловсон хүчиндээ сайн анхаарах хэрэгтэй. Монголын ирээдүй болсон залуусынхаа оюунд маш сайн хөрөнгө оруулалт хийж, тэдгээр боловсон хүчнээ гадаад оронд алдахгүй, явсныг нь эргүүлж авчраасай гэж боддог. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, 5-6 орны хэлээр ярьдаг мундаг залуус Монголдоо очоод ажлын байргүй, өдөрт 8-10 цаг ажиллаад тэтгэлгээсээ бага цалин авч байна. Тиймээс эргээд гадаад улсыг зорьж байна шүү дээ. Ер нь Монголд залуу хүнийг тэр тусмаа оюутнуудыг хэн ч биш гэж боддог. Энэ нь залуусын хийж бүтээх урам зоригийг мохоодог юм болов уу. 

YOLO: Ядуу байх нь тухайн хүний арчаагүйнх гэж ярих болсон. Гэхдээ нийгмийн хөгжил хувь хүний амьдралд нөлөөлдөг.  Залуу хүний хувьд үүнийг юу гэж харж байна вэ?
-Аль алинаас нь шалтгаална. Би байхгүй зүйлийнхээ төлөө бухимдалгүй, зүгээр л бодохоо больчихдог. Монголд сайхан амьдрах боломж их. Гэхдээ тэр боломжийг мэддэг нэг нь нөгөөдөө хэлдэггүй. Тухайлбал, турк оюутнууд янз бүрийн тэтгэлгийн талаар нэгэндээ хэлж, хамтдаа бэлтгэдэг. Харин Монголд чимээгүй байж байгаад л гадаадын улс руу явчихдаг. Мэдээллээ сайн хуваалцдаг байх нь чухал.

YOLO: Үеийнхэндээ хандаж юу хэлмээр байна?
-Хүн бүр интернэтэд холбогдох боломжтой учраас гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр сурах боломжуудыг судалж үзээрэй. Харин янз бүрийн зуучлалын компанид итгэж болохгүй. Албан ёсны вэб сайтаас нь мэдээлэл авах хэрэгтэй. Би Туркт сурах хугацаандаа Европын 11 орноор үүргэвчтэй аялал хийсэн. Үүргэвчээ үүрээд 26 хоног аялахдаа галт тэрэгний буудлууд дээр 10 хонож үзлээ. Энэ нь эрсдэлтэй ч гэсэн залуу хүний хувьд юм үзэж, нүд тайлах сайхан боломж. Тиймээс боломжийг ашиглаж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй гэж залуустаа хэлье. Заавал хичээл хийгээд суух биш, өөрийнхөө чаддаг зүйлийг олж, түүнийгээ хөгжүүлээрэй.

YOLO: Ярилцсанд баярлалаа.






#Turkey #Teenagers #Scholarship