Жүжигчин Эмма Стоун: Хүмүүст өөрийнхөө жинхэнэ нэрээр дуудуулахыг хүсдэг


А.Номин | YOLO.MN
2024-04-27

Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчин Эмма Стоун саяхан өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр “Хүмүүс намайг миний жинхэнэ нэрээр дууддаг байгаасай гэж хүсдэг” хэмээн ярьжээ.

Тэрбээр олон нийтэд Эмма нэрээрээ илүү танигдаж, хүмүүс ч түүнийг үүгээр нь дууддаг ч жинхэнэ нэр нь Эмили Жийн Стоун юм.

Эмма Стоун жүжигчний карьераа эхлэх үед түүний элссэн жүжигчдийн холбооны өөр нэгэн жүжигчин Эмили нэрийг аль хэдийнэ авсан байсан тул өөрийгөө Эмма гэхээр шийдсэн аж.

Гэсэн ч одоо уг шийдвэртээ харамсаж байгаа талаараа ярьсан байна. Хамт ажиллаж буй хүмүүстэйгээ дотносоод ирвэл өөрийг нь Эмили гэж дуудаж байхыг тэдэнд зөвлөдөг гэв. 

Жүжигчин бүсгүйн хувьд энэ жил болсон Оскарын наадмаас “Poor things” киноны дүрээрээ шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчнээр шалгарсан. Тэрбээр энэ шагналыг хоёр дахь удаагаа хүртэж байгаа юм.

Өмнө нь 2017 онд "La La Land" мюзиклээрээ гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорч, анхны Оскарын шагналаа хүртэж байв.

Эх сурвалж: ВВС

#мэдээ