Түүхийн чиглэлээр сурдаг оюутны санал болгох гурван ном


YOLO.mn | YOLO.MN
2024-03-25

Yolo.mn сайт хэрсүү уншигчдадаа зориулж “Миний санал болгох 3 ном” булангаа эхлүүлсэн билээ. Бид нийтлэлийнхээ энэ хэсэгт МУИС-ын Түүхийн тэнхимийн магистрант Б.Пүрэвдоржийг урилаа. Түүхийн ангийн оюутан ямар гурван номыг санал болгох бол? 

Монголын эзэнт гүрний түүх 5 боть 

Монголын түүх сонирхон судалдаг болон цаашдаа түүхээр мэргэшин суралцах сонирхолтой өсвөр үеийн дүү нартаа хамгийн түрүүнд энэ номыг санал болгож байна. Уг бүтээлд Монголын түүх тэр дундаа Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний үеийн түүхэнд холбогдох олон төрлийн хэлний сурвалжууд дээр үндэслэсэн сүүлийн үеийн шинэлэг судалгаанууд болон олон сонирхолтой шинэ баримтуудыг оруулсан тул та бүхний мэдлэгт маш том хөрөнгө оруулалтыг өгөх нь мэдээж. 

 Б.Чинзориг. Өрнөдийн иргэншлийн түүх I, II. 

Дэлхийн түүх тэр дундаа эртний Грек Ромоос улбаатай өнөөгийн бидний мэдэх барууны иргэншлийн үүсэл хөгжил түүхэн замналыг сонирходоггүй хүн ховор биз. Мэдээж энэ бүх сонирхолтой түүхийг маш ойлгомжтой бөгөөд тодорхой сүүлийн үеийн шинэлэг арга зүйгээр бичсэн “Өрнөдийн иргэншлийн түүх” хэмээх хоёр боть бүтээлийг уншигч дүү нартаа санал болгож байна.  

Л.Мөнх-Эрдэнэ. The Nomadic Leviathan: A Critique of the Sinocentric Paradigm.  

Эцэст нь та бүхэнд санал болгож буй ном нь дан ганц түүх гэлтгүй антропологи улс төр зэрэг маш олон шинжлэх ухааны салбарыг хамарсан бөгөөд төр улсын үүсэл, мөн чанарыг цоо шинэ өнцгөөс судалсан онолын бүтээл юм. Тухайлбал төр улс хэмээх ойлголт нь хүн төрөлхтний соёл иргэншил ба төр улсын өлгий гэгддэг Хоёр мөрний хөндий, Эртний Египетээс өмнө оршин тогтнож байсан байвал яах вэ? Төр улс гэдэг нь суурин иргэншлийн бус нүүдэлчдийн анх бүтээсэн зүйл байх боломжтой юу?

Гадаадын олон судлаачид Монголчуудын эсвэл Манж нарын Хятадыг байлдан дагуулсан үеийн түүхийг Хятадын түүх, Монгол болон Манж нарын байгуулсан төр улсыг Хятадын төр улс гэж үздэг. Тэгвэл үүн шиг яагаад Англичууд Энэтхэгийг байлдан дагуулсан үеийн түүхийг Энэтхэгийн түүх, Англичуудын төр улсыг Энэтхэгийн төр улс гэж үздэггүй вэ? Чухам ямар учир шалтгааны улмаас ийнхүү үзэх болсон бэ? Мөн үүнд онолын ямар алдаа оршиж байгаа вэ? Гэх мэтчлэн өнөөгийн нийгэмд хэвшмэл болсон маш олон учир дутагдалтай ойлголтуудыг онолын хувьд шүүмжлэн няцааж өнгөрсөн түүхийг танин мэдэх цоо шинэ өнцгийг дээрх бүтээлд бүрдүүлж өгсөн билээ. 

#нийтлэл