Өөртөө хатуурхахаа хэрхэн зогсоох вэ?


YOLO.mn | YOLO.MN
2024-01-12

Цаг хугацааны шуурга шиг эргэлт, дэлхий ертөнцийн хувьсангуй өөрчлөлт дунд дасан зохицож, өөрийгөө чадавхжуулж, байр сууриа олохын тулд хүн бүр хувь хувьдаа хичээнгүйлэн зүтгэж буй. Тэр хэрээр олон хүмүүс сэтгэл зүйн уналтад орж, өөртөө хэт хатуурхах хандлагатай болсон. Тиймийн учир энэ нийтлэлээрээ хэрхэн хүлээн зөвшөөрөхүйд суралцаж, хатуурхах хандлагаа зөөлрүүлэх талаар бяцхан зөвлөмж хүргэе.  

Өөртөө уурсах нь гацалтад хүргэдэг, Яагаад?  

Би чадахгүй байна, би сурахгүй байна гэж өөрийгөө доош татаж хэт шүүмжлэлтэй хандах нь нөхцөл байдлыг хөөсрүүлж, үр дагаврыг дордуулдаг төдийгүй амьдралын хэмнэлд асар хортой үр цацдаг. "Өөрийгөө буруутгах нь урагшлах замд хаалт тавьж, өсөх процесст гацалт үүсгэдэг” гэж мэргэжлийн судлаачид үздэг аж. Бид яагаад өөрсдөдөө хатуурхдаг вэ? Хариулт нь: өмнөө хэт өндөр стандарт тавьж, түүндээ хүрэх гэж туйлдах нь өөрийгөө болон хүрээлэлдээ шүүмжлэлтэй хандахад хүргэдэг байна.  

Тэгвэл хатуурхлаа хэрхэн хага дарах вэ? 

Гаргаж буй сөрөг мэдрэмжийнхээ учир шалтгааныг ухаж бодох хэрэгтэй.  

Та давчидсан үедээ хэрхдэг вэ? Бие тань чангарч, өөрийгөө хянах чадвараа алддаг уу? Гэдэс тань мушгирч, алга тань хөлөрдөг үү? Тэгвэл энэ мэдрэмжид юу таныг хүргэж байна вэ? 

Ажил гүйцэтгэж, илтгэх тавих үед, аль эсвэл амьдралд тохиох сонголтод багахан алдаа гаргамагц гэр бүлийнхэн, багш, удирдлагууд тань үргэлж зэмлэнгүй ханддаг уу? Өнгөрсөнд авсан траума одоо ч таныг дагаад байна уу? Ямар чадвар танд хамгийн их дутагдаж байна? Яавал та үр дүнтэй алхам хийж чадах вэ? гэх зэргээр олон өнцгөөс өөртөө асуулт тавьж хариултаа олохыг чухалчлаарай.  

Нөхцөл байдал сайжрахгүй бол түр завсарлага авахад гэмгүй шүү дээ 

Мэдрэмжээ үл хайхрах нь урт хугацаандаа өөрийгөө барахад хүргэдэг.  Хэт хүчилж бүхнийг болгох гэж мацсаар эцэст нь туйлдаж, амьдралын үнэ цэнэ, утга учраа гээхэд хүрч мэдэх. Тиймээс хэчнээн хичээвч нэг л эвлэж өгөхгүй бол анхаарлаа хэсэг өөр зүйлд чиглүүлж, амралт авахад гэмгүй. Хэтэрсэн их эргэцүүл заримдаа ашиггүй сонголтыг хийхэд хүргэдэг юм шүү. Харин хэсэг завсарлага нь тайвшрал басхүү оновчтой шийдвэрийн гогцоо болдог аж.  

“Хамгийн шилдэг” нь байх гэж улайрахаа зогсоох 

Өнгөрсөндөө хүлэгдэх, ирээдүйтэй хэт барьцаж зууралдах нь хоёул ямар ч үр ашиггүй аж. Тиймээс аль ч цаг үед “ хамгийн шилдэг, лаг” нь байх гэж улайрахаас илүүтэй хүлээн зөвшөөрч, хүлцэн тэвчих нь гэмгүй. Амьдралын өчүүхэн жижиг зүйлээс сайныг нь харж чадах зөөлөн байдалд суралцаарай.  

Өөрийн болоод бусдын алдааг хүлээн зөвшөөрч сурах 

Та алдаа гаргасан уу? Мэдээж хүн бүр том, жижиг алдаа гаргасаар л байдаг шүү дээ. Харин тухайн алдаа нь залруулах боломжтой эсэхэд л анхаарах хэрэгтэй. Хэрэв хариулт нь тийм бол нөхцөл байдлыг сайжруулахын тулд зоригтой үйлдэл хийх хэрэгтэй. Мөн хэн нэгэн танд буруу зүйл хийсэн бол уучилж сурах ч хэрэгтэй.  

Өөрийн болоод бусдын хийсэн буруутай үйлдлийг ойлгож уучлах нь сэтгэлийн дарамтыг буруулж, тайван мэдрэмжийг төрүүлдэг гэв.  

Эдгэрлийг олохын тулд өөртөө анхаарч, шаардлагатай дэмжлэгийг хүсэх 

Өөртөө токсик хандаж байгаа бол сэтгэл санаа тавгүй үедээ дасгал хийж, тэмдэглэл хөтлөн, хийхийг хүсдэг зүйлээ хийж, амттай хоолоор өөрийгөө дайлж, дуртай зүйлээ худалдаж авч болох юм. Өөрийгөө хайрлаж чадсан хүн бусдыг ч мөн ойлгож, хайрладаг юм шүү.  

Эх сурвалж: Self

#нийтлэл