С. Хүслэн: Би 10 сургуульд өргөдлөө илгээгээд, 7-д нь тэнцсэн


YOLO.mn | YOLO.MN
2023-04-14

Энэ удаагийн дугаартаа бид АНУ-ын 10 их сургууль руу өргөдлөө илгээгээд, 7-д нь тэнцэж, нийт $1,202,000 ам.долларын буюу ₮4.2 тэрбумын тэтгэлэг авсан онцгой зочинтой ярилцлаа. Энэ зочин бол Томүжин Алтернатив сургуулийн төгсөгч С.Хүслэн юм. Тэрээр энэ жил “завсар жил” авч бизнесийн чиглэлээр сонирхлоо хөгжүүлэнгээ их сургуулийнхаа өргөдлүүдийг илгээжээ. Түүний тэнцсэн сургуулиудын нэг Hult International Business School бүр баклавр, магистер-ийн зэрэгт суралцах тэтгэлэг хамтад нь олгосон гэнэ шүү.

Та бүхэн хүссэн сургуулиуддаа тэнцэж, тэтгэлэг авсан Хүслэнгийн нууцыг доорх ярилцлагаас олж мэдээрэй.

Сайн байна  уу? Юун түрүүнд та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

- Сайн байцгаана уу? Намайг Санчирын Хүслэн гэдэг. Би Томүжин Алтернатив сургуулийн 2022 оны төгсөгч, Franklin & Marshall коллежийн 2027 оны төгсөгч. Одоогоор өнжих жил авч байгаа.

Хүссэн сургуульдаа тэнцэн суралцах гэж байгаад нь халуун баяр хүргэе. Нийт ер нь хэдэн сургууль руу өргөдлөө илгээж байсан бэ?

- Энэ жил би нийт АНУ-ын 10 сургууль руу өргөдлөө илгээгээд, 7-д нь тэнцсэн байгаа. Ихэнхээс нь сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг, Hult Business School-ээс баклавар, магистр гээд  хоёуланд нь тэтгэлэгтэй суралцах урилга авсан. Харин хамгийн их суралцахыг хүсч байсан Franklin & Marshall коллежоосоо Full-Ride буюу хоол, амьдрах газраа хүртэл даалгадаг бүтэн тэтгэлэг авсан.


“Franklin & Marshall коллежоосоо Full-Ride буюу хоол, амьдрах газраа хүртэл даалгадаг бүтэн тэтгэлэг авсан”

Өнжих жил авч байгаа гэсэн шүү дээ. Өмнө нь өргөдлөө илгээж үзэж байсан уу?:

Өнгөрсөн жил хэдийгээр өргөдлөө илгээж байсан ч хүссэн сургуульдаа тэнцэж чадаагүй. Одоо эргээд өнгөрсөн жил тэнцэж чадаагүй шалтгаанаа бодохоор өөрийгөө байгаагаар нь илэрхийлсэн биш өргөдлийг маань унших хүмүүс ямар хүүхдэд дуртай байх бол гэж бодож бичсэн өргөдөл илгээсэн юм байна даа гэж харсан. Дээрээс нь өөрийнхөө ирээдүйд яг юу хүсч байгаагаа мэдэхгүй болохоор зүгээр л аав ээжийнхээ зөвлөсөн биологийн чиглэлээр явнаа гээд мэргэжил дээрээ биччихсэн. Ер нь л их замбараагүй, авцалдаагүй байсан л даа.

Тиймээс өөрийгөө таньж мэдье, их сургуулийн өргөдлөө ч дахиад оролдоод үзье гэж шийдээд өнжих жил авсан байгаа. Завсар жил авах хугацаандаа сургуулийнхаа их сургуульд бэлдэх хөтөлбөрт бас хамрагдсан. Манай сургууль Томүжин Академийн их сургуульд бэлдэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болохоор завсар жил авах хугацаандаа яаж өргөдлөө бэлдэх чиглүүлэгтэй их амар байсан шүү.

Үр дүнд нь та хүссэн сургуулиуддаа тэнцэж чадсан байна шүү дээ. Өөрийн тань хувьд өнжих жилээ хэрхэн үр дүнтэй өнгөрөөсөн бэ?:

Төгсөх дөхөөд, цаашдаа яг юу хийхээ бодож байхдаа би инстаграм дээр сонирхолтой сторинууд хийх дуртай болохоор тэр хоббигоо ажил болгоод, сошиал медиа чиглэлээр ажиллаж үзье гэж шийдсэн. Азаар яг намайг өнжих жилээ эхлэх үед манай сургуулийн маркетингийн хэлтэс сурагчдаасаа дадлага ажил хийх хүүхэд шалгаруулж авч таараад, зориглож өргөдлөө илгээгээд, тэнцсэн хариугаа ч авчихсан. Манай Томүжин сурагчдадаа яг ажлын бодит туршлага олгож, амьдралд бэлдэнэ гэж зоридог болохоор бүх сурагчдадаа дадлага ажил хийх боломж олгодог. Олон ч хүүхэд тэр боломжоо ашиглаад, дадлага ажил хийгээд, ирээдүйд юу хиймээр байгаагаа олж авч чаддаг. Би тэгж дадлагаа эхэлж, сүүлдээ бүр албан ёсоор ажиллах санал авч чадсан. Энэ хугацаанд Томүжингийнхаа маш олон өөр өөр төслүүдийн маркетинг дээр ажиллаад, маш олон зүйл сурсан даа. Товчхондоо бол ингэж л өнжих жилээрээ өөрийгөө үнэн хэрэгтээ биологийн биш бизнес, маркетингд, тэр дундаа боловсролтой холбоотой маркетингд илүү сонирхолтой юм байна гэдгээ олж мэдэж байсан.


Хоёр дах жилдээ өргөдлөө илгээхдээ ер нь юун дээрээ чухалчилж анхаарсан бэ?:

Нэгдүгээрт, сургууль сонголтоо зөв хийсэн гэж бодож байна. Хаа хамаагүй энэ топ, тэр мундаг гэж үсчээд байлгүй илүү надад тохирсон арга барил, хөтөлбөртэй сургуулиудыг сонгосон. Томүжин Алтернатив сургуулийн маань төсөл дээр суурилж хичээллэдэг арга барил нь надад маш тохирдог байсан учраас ерөнхийдөө бас Томүжинтэй төстэй их сургуулиудыг олохыг зорьсон гэх юм уу.

Хоёрдугаарт буюу миний хамгийн чухал нь гэж бодож байгаа нь гэвэл би хүрээлэлдээ, нийгэмдээ өгч чаддаг хүүхэд гэдгээ харуулах дээрээ илүү төвлөрсөн. Өмнө нь бол би тэгдэг, би ингэдэг, ийм зүйл чадна гэдгээ харуулж байсан бол энэ жил би чаддаг зүйлээ заасан, бусдад тусласан, хүрээлэлдээ өгдөг шүү гэдгээ л эсээ, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, тодорхойлох захидал гээд өргөдлийнхөө хэсэг бүрт харуулж чадсан.

 


Томүжин Алтернатив сургуулийн маань төсөл дээр суурилж хичээллэдэг арга барил нь надад маш тохирдог байсан учраас ерөнхийдөө бас Томүжинтэй төстэй их сургуулиудыг олохыг зорьсон “

Өгөх гэдэг нь таны болон их сургуулиудын хувьд яагаад тийм чухал зүйл вэ?:

Хүн ерөнхийдөө мэддэг зүйлээ бусдад зааж байгаа үедээ өөрөө хамгийн сайнаар суралцаж чаддаг гэж би анзаарсан. Өөрөөр хэлбэл бусдад өгч байгаа хүн хамгийн их үнэ цэнийг авч байдаг. Тийм ч болохоор их сургуулиуд хамгийн сайн хөгжиж чадах хүн буюу хамгийн их өгч чаддаг хүнийг хайдаг байх.  Гэхдээ би өмнө нь бол маш харамч хүүхэд байсан л даа. Ангийнхнаа дандаа өрсөлдөөн гэж хардаг. Нэг шинэ зүйл мэдчихвэл өөртөө л хадгалж, өөрөө л илүү нь байхыг хүсдэг ч юм уу.

Гэхдээ 11-р ангиасаа шал өөр болж эхэлсэн. Би өөрийгөө өөрчилхөөс илүү хүрээлэл маань өөрчилсөн гэж хэлж болно. Намайг 11-р ангид ордог зун Томүжин Алтернатив сургууль нээгдэж байсан. Угаасаа би өөрийгөө компьютер дээр ч шивж чаддаггүй, яг бодит чадварууд дээр бол суга гэдгээ мэдэж байсан болохоор зөвхөн академик нүдээд байлгүй өөрийгөө хөгжүүлье гээд шууд л өргөдлөө илгээсэн хэхэ. Гурван шаттай өргөдөл бөглөөд, азаар ч юм уу хэдэн мянган хүүхдээс шалгарсан 200-хан хүүхдийн нэг нь болж чадсан.

Томүжинд анх өргөдлөө бөгөлсөн өдрөөс эхлээд л өнөөдрийг хүртэл хамгийн их сонссон үг маань “ХҮРЭЭЛЭЛДЭЭ ҮНЭ ЦЭН ӨГӨХ”. Эргэн тойронд байгаа багш нар, хүүхдүүд гээд бүгд л тэгээд байхаар нөгөө харамч Хүслэн чинь бүр хүрээллээ дагаад, бусдад өгөх ёстой юм байна гэж ойлгоод, өөрийнөө мэддэг Япон хэлээ заая гээд Япон хэлний клуб нээгээд, багшлаад эхэлсэн. Нэг л мэдэхэд юу ч хийж байсан “Би хүмүүст үүгээрээ яаж үнэ цэн өгч чадах билээ” гэж асуудаг, хүрээллээсээ үнэ цэн авч, бас өгж,  түүнээсээ гоё мэдрэмж авдаг болчихсон байсан. Хүссэн сургуулиудад маань тэнцүүлсэн эсээ маань ч гэсэн миний Япон хэлээ сайн дураараа зааж байсан талаар л байсан.

 

“Нэг л мэдэхэд юу ч хийж байсан “Би хүмүүст үүгээрээ яаж үнэ цэн өгч чадах билээ” гэж асуудаг болчихсон байсан”


АНУ-руу өргөдлөө илгээмээр байгаа олон хүүхдүүд байгаа ч хамгийн эхний асуудал нь мэдээж англи хэл байдаг. Таны хувьд хэрхэн англи хэл сурч байсан бэ?

Миний хувьд дунд ангиасаа л Netflix-ээс кино үзэж эхэлсэн. Тэгж англи хэлтэй дотноссон гэж ойлгож болно. Маш олон хүмүүс англи хэл дээр хадмалтай кино үз гэж зөвлөдөг ч би харин ч хадмалгүйгээр үзвэл илүү үр дүнтэй байдаг шүү гэж хэлмээр байна. Дээрээс нь хэлний оноотой л бол гадагшаа явчихдаг гэж битгий бодоорой. Би 2 удаа өргөдлөө илгээхдээ яг адилхан л хэлний оноо явуулж байсан. Тэгэхээр хамгийн чухал нь оноо биш, чиний бусдад өгч чадах үнэ цэн шүү.


Манай уншигчдад зориулаад өөр хэлмээр байгаа зүйл бий юу?

- Манай аав ээж нар хүүхдүүдээ битгий сургуулиа соль, ахлах ангид шилжихээр сурлага муудна гээд л тэгдэг шүү дээ. Гэхдээ өөрийнхөө хүсч байгаа, чамайг хөгжүүлж чадах хүрээлэл рүү зоригтой орохоос битгий айгаарай. Тухтай санагдаад л, ямар ч зовлонгүй онц сураад л яваад байвал ер нь буруу газраа байна аа гэсэн үг шүү гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье! Баярлалаа. Та бүхэнд ч бас амжилт хүсье.

- Хүслэн шиг мөрөөдлийнхөө сургуульд тэтгэлэгтэй суралцах тухай илүү их үнэ цэнтэй мэдээлэл авмаар байвал Томүжин алтернатив сургуулийн Newsletter-т бүртгүүлээрэй.

Мөн Томүжин Алтернатив Сургуулийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх tomujin.edu.mn вэбсайтаас авч болох юм байна шүү.

#Ярилцлага