Мөсөн өргөө дэх Камила Валиева-н сэтгэл хөдөлгөм агшнууд


Б.Дариа | YOLO.MN
2023-05-08

Уран гулгалтын од Камила Валиева Степп Арена мөсөн ордонд болсон ОХУ-ын уран гулгалтын супер оддын шоу тоглолтын эхний өдөр Netflix-ийн шуугиан тариад буй “Wednesday” цувралын алдарт бүжгийг дахин үзүүллээ. 

Камила уг үзүүлбэрээ анх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд "Оросын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн"-д үзүүлэн шуугиулж байсан ба үзүүлбэртээ Wednesday цувралын дөрөвдүгээр ангид жүжигчин Jenna Ortega-н өмссөн хар даашинзтай ижил нэгийг өмсөн үзүүлбэрээ үзүүлсэн юм. Уг цувралын бүжиг TikTok дээр ихээхэн трэнд болоод буй ба олон сая хэрэгчлэгчдийн харааг булаасан билээ.  

Үзүүлбэрийн эхэнд Addams Family киноны дуугаар тоглолтыг нээх бөгөөд Валиеватай Wednesday Addams түүний туслах Thing ч гарч ирэв. Бүжиг, уран гулгалтын үзүүлбэрийн үеэр Валиева хөдөлгөөн бүрийг төгс гүйцэтгэлтэй хийж, Wednesday-н гунигтай, эрч хүчтэй дүр төрхийг өөртөө цогцлоон сонирхолтой, гайхалтай харагдаж байсан юм. Уран гулгалтыг орчин үеийн хэмнэл, бүжигтэй гайхалтай хослуулсныг үзлээ.

Тэр уг үзүүлбэрээрээ "Оросын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн"-д мөнгөн медаль хүртжээ.

Мөн хоёр дахь өдрийн тоглолтын үеэр Бээжингийн олимпын алтан медалиа авч чадаагүй ч олимпын аварга хэмээн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн алдарт Камилла Валиева тоглолтын эхний хэсгийн сүүлчийн үзүүлбэрийг хийх үед техникийн саатал гарч хөгжим тасарсчээ. Гэсэн ч тэрбээр нэг минут гаруйн турш ямар ч алдаагүйгээр үзүүлбэрээ бүрэн төгс гүйцэтгэсан байна.

Хөгжимгүй хэдий ч үзэгчдийн халуун алга ташилтын дор Бээжингийн олимпын мөсөн талбайд гайхуулж, нэрийн хуудас болсон Kirill Richter-ийн “In memoriam”-аа ягаан даашинзтай охин өө сэвгүй гүйцэтгэв.

Хэдийгээр тооцоолоогүй гэнэтийн саатал байсан ч үзэгчид болон уран гулгагчийн хооронд амьд харилцаа үүссэн мэт халуун дулаан орчин бүрдэж байлаа. Хөгжим тасарлаа гээд үзэгчийн сэтгэл гонсойгоогүй нь танхим дүүрэн үзэгчдийн алга ташилтын түрлэгээс мэдрэгдэх аж.

20 минут завсарласны дараа шоуны хоёрдугаар хэсэг эхлэв. Тоглолтын эхэнд Камила Валиева үзэгчдээ хүндэтгэж, өөрийн хүсэлтээр хөгжим тасарсан хэсгээс эхлэн үзүүлбэрээ дахин үзүүлж, үзэгчдэд бэлэг барьсан юм. 

#Мэдээ