Брэд Питт хүүхдүүдийнхээ нэгийг боомилсон хэмээн Анжелина Жоли гомдол гаргажээ


Сондор | YOLO.MN
2022-10-05

Францын дарсны үйлдвэрийг нь зарсан хэмээн нэхэмжлэл гарган шүүхдэлцэж буй Анжелина Жоли, Брэд Питт нарын маргаан үргэлжилсээр байна. Тодруулбал, 2016 онд Атлантын далай дээгүүр явж байсан нислэгийн үеэр хуучин нөхөр Брэд Питт нэг хүүхдээ боомилсон гэж Анжелина Жоли  буруутган гомдол гаргажээ.

Хуучин эхнэр, нөхөр хоёрын маргаан олны анхаарлыг татаад буй. Тэдний маргаан жүжигчин бүсгүй Францын өмнөд хэсэгт нэгэн цагт хамтдаа эзэмшдэг байсан Château Miraval хэмээх дарсны үйлдвэрийн хагасыг Брэд хууль бусаар зарсан гэж буруутгасан нэхэмжлэлээс үүдэлтэй юм.

Мөн гомдлын хүрээнд Жоли 2016 оны 9-р сард Францаас Лос-Анжелес руу нисэж байхдаа  Питт гэр бүлийнхнээ хэл амаар болон бие махбодийн хүчирхийлэлд автуулсан гэж дурджээ. Энэхүү нислэгийн дараа Жоли гэр бүлийнхээ сайн сайхны төлөө салах өргөдлөө өгөхөөр шийдсэн гэв. Жоли өмнөх шүүхийн баримт бичигт энэ онгоцоор зорчиж явсан тухай өгүүлсэн боловч Питт хүүхдээ боомилсон гэж дурдаагүй байна.

Тэрбээр “Нислэгийн үеэр Питт хүүхдүүдийн нэгийг нь боомилж, нөгөөгийнх нь нүүр рүү цохисон. Зарим хүүхдүүд маань “Аав аа болиоч” хэмээн Питтээс гуйн уйлж байв. Тэд бүгд айсан” гэж гомдолд дурджээ. Мөн Брэд Жоли болон хүүхдүүд рүүгээ шар айраг асгасан ба маргаан олон цаг үргэлжилсний эцэст Питт унтсан гэжээ. Жоли мэдээж аль хүүхэд нь боомилуулж, цохиулсан талаар дурдаагүй байна.

Жоли өмнө нь дарсны үйлдвэрийнхээ хагасыг Питтэд зарахыг хүссэн боловч Питт  түүнд болон гэр бүлийнхэндээ бие махбодийн болоод сэтгэл санааны дарамт учруулсан тухай ярихыг хориглосон гэрээ байгуулахыг шаардсан тул яриа үр дүнд хүрээгүй гэж мэдэгджээ.

Питтийн төлөөлөгчдөөс тайлбар авах гэсэн боловч татгалзжээ. 2016 оны арваннэгдүгээр сард Холбооны мөрдөх товчоо болон Лос-Анжелес дүүргийн Хүүхэд, гэр бүлийн үйлчилгээний хэлтэс хувийн онгоцонд болсон явдлаас үүдэлтэй Питт болон түүний хүүхдүүдэд бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийн мөрдөн байцаалтыг хааж Питтийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй байна.

Эх сурвалж: Today

#Оддын тухай