Захидал: Хамгийн сайн найз минь миний краштай үерхэж, намайг хуурсанд маш их гомдож байна


ССҮТөв | YOLO.MN
2022-06-10

YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Хамгийн сайн найз минь миний краштай үерхэж, намайг хуурсанд маш их гомдож байна

Сайн байна уу? Өөрт тулгамдсан асуудлаа бичиж болно гэхээр нь бичихээр шийдлээ. Миний хамгийн сайн намайг хуурч мэхэлсэн. Би өөрөөс гарч болох хамаг сэтгэлээ найздаа зориулж үргэлж тусалж дэмжихийг хүсдэг, зүү орох зайгүй сайн найзууд байлаа.

2 жилийн өмнөөс би тэр найздаа үеийнхээ хөвгүүнд сайн болсноо хэлж үргэлж түүний тухай ярьдаг байсан. Тэр ч намайг их дэмждэг байсан юм. Бүхэл бүтэн 2 жил гаруй хугацаанд би краштайгаа харилцаж, дажгүй найзын харилцаатай боллоо. 

Гэтэл энэ жилээс эхэлж сайн найз минь намайг крашдаа сайн хэвээр гэдгийг мэдсээр байж илт яриа өдөж, хажууд нь наалддаг болсон. Эхэндээ би сайн найздаа итгээд “Арай ч үгүй байлгүйдээ, миний найз ийм муухай зүйл хийхээр хүн биш ээ...” гэж өөртөө хэлээд зүгээр л өнгөрөөдөг байсан. Үүний дараа зургаан жил найзлаж нөхөрлөсөн сайн найз минь миний үргэлж дотроо бодож явдаг тэр хүнтэй асар богинохон хугацаанд үерхчихсэн. Өдөр бүр тэр хоёрын хоорондоо нялуурахыг харахаар сэтгэл өвддөг. Одоо би тэр найзтайгаа бүр мөсөн харилцаагаа таслаад удаж байна. Гэсэн ч сайн найздаа хууртагдсан тэр мэдрэмж, гомдол сэтгэл санаанд минь маш муугаар нөлөөлж байна. Түүнийг үзэн ядах гэхээсээ илүү маш ихээр гомддог. Хэр удаан найзласан нь сайн найз гэдэг үгэнд ямар ч хамаагүй байдаг юм байна лээ. 

Яаж энэ асуудлаа нэг тийш нь шийдэж өмнөх аз жаргалтай би хэвээр болох вэ?

ЗӨВЛӨГӨӨ:  Хэн нэгэнд гомдох нь ямар нэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой. Ирээдүйд чамайг гэх өөр найз нөхөд, чамд сэтгэлтэй болох хүмүүс гарч ирнэ гэдэгт итгээрэй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Удаан хугацаанд найзалсан найзаасаа хүлээж байгаагүй хариу үйлдэл харах тун хэцүү байсан байх. Өөрт чинь хэцүү байгаа гэдгийг төсөөлж байна. Хэн нэгэнд гомдох нь ямар нэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой. Энэ байдал нь бусад хүмүүсийг гэхээс илүүтэй өөрийг чинь л зовоож байгаа. Бодит нөхцөлийг авч үзвэл сайн байсан залуутайгаа 2 жилийн хугацаанд харилцаатай байсан байна. Энэ үед та хоёрын дунд үерхлийн харилцаа бий болохоор дотно яриа, харилцаа хандлага бий болоогүй юу? Сайн хөвгүүн чинь ч гэсэн өөрийн үерхлийн харилцааг сонгох сонголт түүнд бий. Магадгүй энэ их хатуу сонсогдож байгаа болов уу. Гэвч бодит байдал дээл тэр хоёр бие биеэ сонгосон байна шүү дээ. Үерхлийн харилцаа хоёр талаас бий болдог тул тэднийг буруутгах аргагүй ээ. Найзыгаа уучлаарай. Уучилна гэдэг нь тэр хүнтэй харилцаа холбоотой байна гэсэн үг биш. Уучлалт гэдэг нь өөрт өгч байгаа бэлэг юм. Зөвхөн энэ найзаар чинь чамайг гэх найзууд дуусахгүй. Зөвхөн энэ сайн болсон хүнээр чиний хайр сэтгэлийн харилцаа хязгаарлагдахгүй. Ирээдүйд чамайг гэх өөр найз нөхөд, чамд сэтгэлтэй болох хүмүүс гарч ирнэ гэдэгт итгээрэй. Амжилт хүсье. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач М.Ани
р 

АСУУДАЛ: Хэрхэн хэн нэгэнтэй тухтай ярилцаж сурах вэ? 

Сайн байна уу? Би одоо 16 настай. Би өнгөрсөн 9 сард шинэ сургуульд орсон юм. Эхэндээ угаасаа шинэ сургууль, шинэ хүүхдүүд, шинэ орчин гээд дасахад нэлээн хугацаа орно гэдгийг мэдэж л байсан л даа. Гэхдээ ийм удаан байна, ийм хэцүү байна гэж бодоогүй. Эхний 3 сар үнэхээр хэцүү байсан. Ярилцах ч хүн байхгүй хүүхдүүд надаас дөлөөд ч байгаа юм шиг. Гэнэт л баахан асуудлууд толгой дээрээс нэг нэгээрээ буугаад ирсэн. Тэгээд 5 сар болж байж арай гэж л дассан. Гэхдээ би хэн нэгэнтэй яриа өрнүүлэхдээ маш муу болсон. Тэнэг юм яриад ч байх шиг, тэр хүнд зүгээр л би таалагдахгүй байгаа юм шиг санагддаг. Өмнө нь би иймэрхүү асуудалд санаагаа чилээж байсан удаа байхгүй. Дасахад цаг ордог ч хэзээ ч ийм хэцүү байдаггүй байсан. Эсвэл би том болоод өөрийгөө introvert гэдгээ мэдэж эхэлсэн, засах гэж хүчилсэн болохоор хэн нэгэнтэй ярих хэрэгтэй гэж өөрийгөө шахаад, хэн нэгэнтэй яриа өрнүүлэхээс зайлсхийдэг болсон байх. Хамгийн гол нь би шинэ найзуудынхаа хажууд хэтэрхий биеэ бариад, эвгүй байгаад байх шиг. Хоёулхнаа юм ярьж байвал жоохон байж байгаад л юу ярих вэ гэж бодоод, хурдан салах юмсан гэж санагддаг. Тэнэг юм хэлчих вий гээд санаа зовоод ерөөсөө нэг л тухтай байж чаддаггүй. Бүхэл бүтэн танилцаад 7 сар болох гэж байхад шүү дээ. Гурвуулаа ярихад зүгээр мөртлөө хоёулхнаа байхаар нэг л өөр, тухгүй байдаг. Яагаад юм бол? Би хүнтэй тухтайхан суугаад юунд ч санаа зоволгүй инээгээд яриад суумаар байх юм. Уг нь тийм том зүйл биш гээд хүндээр тусгаж авахгүй байхыг хичээж байгаа ч болохгүй л юм. Би яагаад ийм болчихов оо? Яаж хэн нэгэнтэй тухтай ярилцаж сурах вэ? .

ЗӨВЛӨГӨӨ: Юун түрүүнд өөрийнхөө бодолтойгоо ажиллахыг хичээгээрэй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Шинэ орчин нөхцөлд дасах нь тухайн хүнээс гадна хүрээлж буй орчин нөхцөлөөс ихээхэн шалтгаалдаг. Судалгаагаар шинэ орчин нөхцөлд дасах нь 6 сараас 1 жилийн хугацаа  шаардагддаг гэсэн бий. 5 сар болоод харилцах найзтай болсон нь сайн байна шүү дээ. Бусад хүмүүс ч чамайг хүлээж авахад хугацаа орох болно гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Өөртөө хэт хатуу хандах хэрэггүй ээ. Хүн бүр гадагшаа нээлттэй, толгойнд байгаа бүхий л бодлоо хүмүүст яриад байдаггүй. Дотогшоо чиглэсэн, чимээгүй нэгэн байлаа гээд муу гэсэн үг биш шүү дээ. Өөрийн мэдрэмжийг өөрийнхөөрөө илэрхийлж сурахад л хангалттай. “Би чимээгүй”, “яриа өрнүүлж чаддаггүй” гэсэн сөрөг бодлуудыг дотроо тээж яваад байгаа бололтой. Сөрөг бодол удаан тээх нь харилцаанд асуудал бий болгодог. Сөрөг бодол бодсон л бол гинжин холбоо шиг шинээр бий болоод байдаг . Тиймээс “би хүмүүстэй харилцаж чаддаггүй” гэсэн бодлоо “хүмүүстэй харилцах тусам миний харилцааны чадвар бага багаар сайжирч байна” гэсэн эерэг бодлоор солихыг хичээгээрэй. Хүнтэй харилцах үедээ хэт өөрийгөө сөргөөр дүгнэхгүй байгаарай. Энэ хүнд миний яриа таалагдахгүй байгаа байх, би уйтгартай байгаа байх гэж өөрийгөө сөргөөр дүгнэх тусам бусадтай харилцахад хүндрэлтэй болно. Тиймээс юун түрүүнд өөрийнхөө бодолтойгоо ажиллахыг хичээгээрэй. Амжилт хүсье. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач М.Анир 

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#Сэтгэл зүй