YouTuber Түшиг: Бүгд ХАМТДАА суралцаж байж Монголын YouTube сувгууд хөгжинө


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-07-23

“Хамгийн эвгүй нь юу гээч” гэх үгийг Түшигийн YouTube сувгийг үздэг хүмүүс андахгүй биз. “Эвгүй баримтууд” цувралаараа алдартай “Түшиг” суваг 423 мянган дагагчтай бол “Mongolian Gamer Tushig” суваг нь 116 мянган дагагчтай билээ. Youtube үзэгчдийг сонирхолтой бичлэгээрээ татдаг, Youtuber Б.Түшигтэй энэ удаа ярилцлаа.


YOLOYouTube сувгийг тань олон хүмүүс үздэг. Түшиг гэх хүн сувагтаа олон зүйл хийдэг ч “Эвгүй баримтууд”-аараа алдартай. Анх дасгал хөдөлгөөний талаар ярьдаг байсан юм билээ. Яагаад эвгүй баримтыг хийхээр болсон бэ?

- Би спортоор хичээллээд нэлээн удаж байна. Иймээс сурч, мэдсэн зүйлээ залуучууддаа хуваалцъя хэмээн эхэн үед спортын чиглэлээр бичлэг хийдэг байсан. Мөн би эвгүй, сонирхолтой баримтуудад дуртай, энэ талаар их судалдаг. Ганцаараа судлахын оронд бусдад түгээвэл хэрэгтэй байх хэмээн эхлүүлэхэд хүмүүст их таалагдсан. Ингээд үргэлжлүүлж хийхээр шийдсэн дээ.

YOLOАнх уг цуврал ингэж олон хүнд хүрнэ гэж бодож байв уу, төсөөлөөгүй амжилт болсон уу?

Цувралыг ингэж олон хүнд хүрнэ гэж бодоогүй. Намайг ямар солиотой юм хийдэг хүн бэ хэмээн сөргөөр хүлээж авах болов уу гэж бодсон ч хүмүүс дараагийн дугааруудыг нэхэж эхэлсэн. Ингэж эерэгээр хүлээж авсанд их баярладаг.

"Гэрээсээ гарахгүйгээр YouTube-ээс орлого олох 100 хувь боломжтой"

YOLOХөл хорионд байх үед гэрээсээ гарахгүй мөнгө олох арга бол YouTube гэж олон хүн ярьж байна. Та энэ талаар юу гэж боддог вэ? Хүн их үзэх ч хэрэггүй зүйл хийх эсвэл хүн бага үзэх ч зорилтот бүлэгтээ хүрсэн хэрэгтэй зүйл хийх хоёрын алийг нь сонгох вэ?

- Гэрээсээ гарахгүйгээр мөнгө олно гэдэг ойлголтыг сүүлийн жилүүдэд хүмүүс их ярьж байна. Хөл хорионы үед монголчууд YouTube суваг нээж, нэлээн эрэлттэй болж эхэлжээ. Энэ бол 100 хувь боломжтой. Хүн их үзэх ч хэрэггүй зүйл, үзэгчгүй ч хэрэгтэй зүйл хийх тал дээр бол тухайн уран бүтээлчийн сонирхлоос шалтгаална байх. Хүнд хэрэгтэй юм хийхдээ үйл явцаас нь таашаал авдаггүй бол хэцүү. Нөгөө талаар хүнд нээх хэрэгтэй биш бүтээл хийдэг ч өөрөө хүссэнээ хийж, хөгжилтэй байдаг бол буруу зүйл байхгүй. Гэхдээ ирээдүйгээ харвал зорилтот бүлэг рүү чиглэсэн бүтээл хийснээр сувгийн хандалт ихэснэ. Ингэхдээ Монгол улс цөөхөн хүн амтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Би гитарын тухай суваг ажиллуулдаг байлаа гэхэд Монголд гитар сонирхдог хүн хэр их байдгийг мэдэх ёстой. Өөрөөр хэлбэл, зах зээлээ мэдрэх нь зүйтэй юм.

YOLOНууц биш бол Youtube-ээс жилд хэдий хэмжээний орлого олдог вэ?

- Орлогын талаар дэлгэрэнгүй бичлэг хийх гэж байгаа учраас одоогоор ярих боломжгүй байна.

YOLOYouTube суваг хөтлөх талаар сургалт ордог. Сургалтад хэр их хүн хамрагдаж байна вэ?

- Залуучууд надаас YouTube суваг хөтлөх талаар их асуудаг. Иймээс ямар ч хүн миний сургалтад суугаад амжилттай байх онолын суурь мэдлэг өгье гэж бодсон. Сургалтад маань хамрагдсан хүмүүсээс Монголд суваг нээх хүсэлтэй хүмүүс ямар их байдгийг ойлгосон. Хүмүүсийн сэтгэгдлээс үзэхэд маш чанартай сургалт болсон гэж боддог. Би хүмүүст өөрийнхөө арга барилыг зааж өгөх их дуртай. Бусдыг өрсөлдөгч гэж харах биш бүгд хамтдаа хөгжиж байж Монголын YouTube сувгууд хөгжинө. Нэг нь нэг юм сурчхаад бусдадаа зааж өгөхгүй нуугаад байвал бусад нь хөгжихгүй. Бусад нь хөгжихгүй бол Монгол дэлхийд танигдаж чадахгүй.

YOLOYouTube сувагтай болох гэж буй хүмүүст хандаж зөвлөгөө өгөхгүй юу.

- Ямар чиглэлээр суваг нээхээ сонгох гэж байгаа бол хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, өөрийнхөө сонирхлыг дагах. Хоёрдугаарт, та түүндээ хэр сайн бэ гэдгээ өөрөөсөө асуу. Жишээ нь би хөгжим тоглодоггүй хэрнээ хөгжмийн талаар ярьж, заана гэдэг боломжгүй. Гуравдугаарт, зах зээлээ мэдрэх хэрэгтэй. Монголын хүн ам цөөхөн гэдгийг ойлгож, гадаадын улс оронд чиглэсэн бүтээл хийвэл өрсөлдөөн ихтэй ч урт хугацаандаа үр дүнтэй.

YOLOБичлэг хийгээд л шууд хэдэн мянган хүн үзнэ гэж байхгүй. Шантрах үе байсан уу?

- Зөндөө асуудал тулгарна шүү дээ. Ер нь YouTuber байхын тулд маш олон зүйлийг мэддэг, чаддаг байх хэрэгтэй. Жишээ нь гэрэлтүүлгийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй, камер, микрофоноо зөв ашигладаг, бичлэг эвлүүлж, зохиол бичиж чаддаг байх хэрэгтэй. Тэр утгаараа шантарч ядраад, больдог ч юм уу гэж бодох үе байсан. Ямар ч асуудалгүйгээр олон бичлэг хийгээд амжилттай явна гэж байхгүй. Тиймдээ ч өнөөдөр амжилттай яваа YouTuber борооны дараах мөөг шиг их биш байх. Би аливаа зүйлийн эцсийг үзэх дуртай учраас бүр болихоор шийдэж байгаагүй. Залхуу хүрээд, хиймээргүй санагдсан үедээ зүгээр л түр больчихдог. Цахим орчноос холдож, хэд хоног тархиа амраасны дараа ажилдаа эргэж ордог. Залуучууд маань ч учиргүй их зүтгэх биш амрах үедээ амарч байх хэрэгтэй.

YOLOЭвгүй баримтын интро үнэхээр таалагддаг. Дүрс нь ч, ая нь ч тэр. Интроныхоо санааг яаж олсон бэ?

- Эвгүй баримтын интрог би өөрөө хийсэн. Сонирхолтой бичлэгүүдийн түүвэр олох гээд YouTube-ээс хайж байтал “American Horror Story” киноны интротой таарсан юм. Үүнээс хэдэн дүрс авч, эвлүүлсэн. Аяын хувьд зохиогчийн эрхгүй, хүн бүр хэрэглэж болохуйц ая юм. “Scary music no copyright” гэж хайвал хөгжим нь бараг гарч ирэх байх.

YOLOБаримт болон сэдвээ хаанаас хайж эх сурвалж авдаг вэ? Сонирхолтой баримтууд оруулдаг вэб сайт ч юм уу хуваалцаач.

- Эх сурвалжийн 99 хувь нь интернет байдаг. Элдэв сайт “ухаж”, бусад сувгуудын бичлэгийг үзэж, блог уншдаг.

YOLOОдоо Түшиг гэх хүний талаар илүү ярья. Бичлэгээс нь Францад амьдардаг гэдгийг нь бүгд мэдэх байх. Францад амьдраад хэдэн жил болж байна вэ?

- Францад амьдраад зургаан жил болж байна. Парисын “Sorbonne” их сургуулийн хэлний ангийг дүүргэсэн. Одоо YouTuber-ээр ажиллаж байна /инээв/.

YOLOЯагаад Францыг сонгосон бэ? Ер нь монголчууд гадагшаа явж сурч ажиллахдаа ихэвчлэн Америк, Англи, Австрали болон Азийн орнуудыг сонгодог шүү дээ.

- Ээж маань Францад элэгний эмчилгээ хийлгэдэг байсан учраас хань болохоор Францад анх ирж байлаа. Францын багет талхнаас нь эхлээд соёл, хэл гээд бүх зүйлд нь дуртай. Ээждээ туслахаар ирэхэд энэ улс их таалагдсан учраас суралцаж эхэлсэн. Европ хүмүүсээс хамгийн нээлттэй, дажгүй нь Францчууд юм шиг санагддаг.

YOLOМанай сайт өсвөр насныханд зориулагдсан, мөн таны сувгийг ч өсвөрийнхөн, залуучууд үздэг. Та тэдэнд хандаж бие бялдар болон эрүүл мэндийн зөвлөгөө өгөөч.

- Гоё биетэй болно гэдэг нэлээн удаан хугацааны бэлтгэл, амьдралын зөв хэв маяг, тэвчээр шаарддаг. Хооллолтдоо сайн анхаарах хэрэгтэй. Хүний ам руу орж буй бүх зүйл бие махбод, сэтгэл зүйтэй шууд холбоотой. Цадахын тулд идэх биш шим тэжээлээ авахын тулд иддэг байх хэрэгтэй. Долоо хоног зөв хэв маягтай амьдарлаа гээд таны биед тийм ч хурдан өөрчлөлт орохгүй. Олон сар, жилийн тууштай байдал чухал. Мөн нойроо сайн авах хэрэгтэй. Хангалттай хугацаанд унтаж чаддаггүй бол хэчнээн бэлтгэл хийгээд нэмэргүй. Түүнчлэн би хүйтэн шүршүүрт ордог. Хүйтэн шүршүүр намайг сэргэг байлгадаг бөгөөд бие бялдар, сэтгэл зүй, ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлсөн. Би “Update” хэмээх сургалтдаа мацаг барих, зөв хооллох, эрүүл амьдрах талаар заадаг. Хэрэв илүү олон зүйл мэдмээр байвал сургалтыг маань сонирхоод үзээрэй.

"Мөнгөөр худалдаж авч болдоггүй зүйл гэж байдаг юм аа"

YOLOСонгуулиар хийсэн видеондоо “Мөнгөөр худалдаж авч болдоггүй зүйл гэж байдаг юм аа. Хүний сонголт үнэ цэнийг худалдаж авч болохгүй” гэж байсан. Тэгвэл таны баримталдаг гол чанар, үнэт зүйл юу вэ?

- Миний хамгийн том үнэт зүйл бол эерэг нөлөөлөл. Бусдад эерэгээр нөлөөлж, амьдралд нь тусална гэдэг миний гол зорилго. Тиймдээ ч суваг маань “Хамтдаа хөгжицгөөе” гэсэн уриатай.

Дээр дурдсан бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

YOLOСувгийнхаа ирээдүйг хэрхэн харж байна вэ? Яаж илүү өргөжүүлэх вэ?

- Сүртэй төлөвлөсөн юм байхгүй. Өндөр хүлээлтгүй байна. Өндөр хүлээлт надад эерэгээсээ илүүтэй сөргөөр нөлөөлдөг юм шиг санагддаг. Маргааш надад юу тохиолдож болохыг хэн ч мэдэхгүй. YouTube устчих ч юм билүү /инээв/.

YOLOЯрилцлагынхаа зочдоос асуудаг асуултаар ярилцлагаа төгсгөе. Бирд гарч ирээд гурван хүслээ хэл гэвэл юу хүсэх вэ?

- Намайг ид шидтэй болгож өгөөч гэж хүсэх байсан. Тэгэх юм бол би гурав биш хэдэн зуу, мянган хүсэл биелүүлж чаддаг болно.

YOLOЦаг зав гаргаж, ярилцсанд баярлалаа.

- Ярилцлагадаа урьсанд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье. Уншигчдадаа хандаж хэлэхэд YouTube сувгаараа уулзацгаая. Түр баяртай.

#Ярилцлага #Youtuber #Түшиг