Хүний эрхийн тухай 10 БАРИМТАТ КИНО


Ч. Бат-Уянга | YOLO.MN
2021-03-17

“Хүний эрх” гэх ойлголтод хамаарах бүгдийг тоочвол чамгүй урт жагсаалт үүсэж таарна. Юмс хөгжих хэрээр эрхийн агуулга өргөсөх нь бий.

“Интернетээр хангуулах эрх” хүртэл бий гэхээр танд төсөөлөгдөж буй байх. Одоо үед үзэл бодлоо илэрхийлэх, түгээх, мэдээлэл хүлээж авах, дамжуулах, сурч боловсрох зэрэг олон эрхийг “интернет” ашиглаж эдэлж буй учир тэр. 

“Хүний эрх” гэж яг, юу болохыг тайлбарлах угаас ярвигтай. Оронд нь дараах 10 баримтат киног танилцуулж байна. Тодорхой хэмжээгээр бодит түүх, бодит баримтыг судалж үзэгчдэд чадах хэмжээгээрээ “үнэн”-г дамжуулах гэж оролддогтоо баримтат кино амттай.

Хууль зүйн хувьд “хүний эрх” гэдэг ойлголт төрд түүнийг хангах, хамгаалах үүрэг ногдуулдаг онцлогтой тул дор дурдан буй киноны агуулгыг Монгол Улсын төрийн үүрэгтэй холбон бодоход бас илүүдэхгүй.

 1. Waiting for “Superman” (2010)

Ерөнхий боловсролын сургуулиудын (албаны үгээр хэлбэл боловсролын салбарын) бодит байдал ба ямар боловсролтой болмоор байгаа хүсэл хоорондын зааг хэчнээн өргөн болохыг энэ киноноос олж харна. Кино багийнхан "Америкийн боловсролын салбарт супермэн буюу аврагч хэрэгтэй" гэх дүгнэлтээ олон талаас нь нотолж буй. Бүүр нарийндаа манайхаар бол улсын сургуульд аврагч хэрэгтэй гэдгийг тод томруун харуулна.

Сургалтын төлбөрөө төлөөгүйгээс хонхны баяртаа орж чадалгүй, гэрийнхээ цонхоор харж зогсох охины хэсэг шимшрэм. Киног үзсэний хойтон жил Улаанбаатар хотын нэгэн хувийн сургууль болон төгсөх ангийн сурагч хоорондын маргаанд хуулийн зөвлөхөөр ажилласан юм. Сургалтын төлбөрөө төлөөгүй үндэслэлээр сурагчаа сургуулиас хасаж, чингэхдээ хувийн хэрэг, бусад бичиг баримтыг нь барьцаалан үлдсэн учир мөнөөх сурагч улсын сургуульд шилжиж чадалгүй бүтэн хоёр улирал гэртээ суусан юм. Ийм маргааны үед Боловсролын яамны зүгээс “Хүүхдийг хохироохыг хориглоно” гэх агуулгын шийдвэр гаргасан нь шүүхдэх үед эрх зүйн үндэслэл болдог хэдий ч бодит байдалдаа хүч болж чадахгүй байх үед энэ киног нэхэн санаж байв.

Технологийн эрин, “Z үеийнхэн”, код бичиж сурах л ирээдүйтэй зэрэг олон яриа бий. Гэвч төрсөн он нь ийм үеийнх атлаа олон шалтгаанаар сургуулиас завсардаж буй хүүхдүүд харин яг ямар үе гэх ангилалд багтах бол?

Хүний сурч боловсрох эрхийг хангах нь бусад олон эрхээ эдлэх боломж олгоно гэдэг. Манай улсын боловсролын салбарт ч мөн аврагч хэрэгтэй юм биш биз?

#СурчБоловсрохЭрх

Найруулагч: Davis Guggenheim

Үнэлгээ: IMDB 7.5/ Rottentomatoes 90%

2. Mommy Dead and Dearest (2017)

2014 онд АНУ-д Жипси Бланчард гэх эмэгтэй интернетээр танилцсан найз залуугаараа ээжийгээ хороолгоод, өөрөө 10 жил, өнөөх нь бүх насаараа хоригдох ял авав. "Төрсөн эхээ хөнөөлгөдөг арилсан дотортой шулам байжээ" гэж бодох гэтэл энэндээ тулах учир шалтгаан бас байж.

Охины ээж ДиДи Бланчард түүнийг төрсөн цагаас нь эхлэн булчингийн сулрал, дөрвөн мөчний саажилт, цус багадалт гээд зүсэн зүйлийн өвчтэй гэж итгүүлж, насаар нь эм уулгажээ. Тэгээд зогсохгүй янз бүрээр л дарамталж хүчирхийлдэг байж. Охиныхоо насыг өөрт нь ч хэлдэггүйн сацуу бусдад "Манай охины оюун санаа 7 настайгаараа гацчихсан" хэмээн итгүүлнэ. Орон нутгийн буяны байгууллагаас ч тусламж, дэмжлэг чамгүй авдаг байж.

Эцэст нь “7 настай” гэх ч үнэндээ 24 настай бүсгүй ээжийгээ хороолгосон ажээ. Бүсгүй хараа муугаас өөр ямар ч суурь өвчингүй нь олон тооны шинжилгээгээр илэрсэн юм.

Манайд ч хүүхэд нь өвчтэй, настайчуудыг, өнчин хүүхдүүдийг асардаг зэргээр олон нийтээс мөнгө гуйх тохиолдол элбэг. Үнэн нь бий. Гэвч худал нь ч бий л байх. Ийм мэт тохиолдол бүрийг хүүхэд хамгааллын болон бусад хуулийн байгууллагууд “хүүхдийн эрхийн зөрчил” байх вий гэж шалгаж хянадаг тогтолцоо үгүйлэгдэнэ.

(Энэхүү баримтат киноноос гадна уран сайхны хэлбэрээр үзүүлсэн “The Act” кино бий.)

#ХүүхдийнЭрх

Найруулагч: Erin Lee Carr

Үнэлгээ: IMDB 7.4/Rottentomatoes 100%

3. Collective (2019)

Социалист дэглэмээс ангижраад удаагүй улсуудад тулгарч буй бэрхшээл зарим талаар ижил төстэй. Хамгийн түгээмэл төсөөтэй нь улс төрчид нь “Том ах” болохыг хүсэж, урьдын “сайхан цаг”-аа сэргээх гэдэг бололтой. 2015 онд Румын улсын нийслэлд байрлах “Коллектик” гэх клубд гал гарна. Гэвч эрх баригчид галын шалтгаан, нас барсан, шархадсан хүмүүсийн талаарх олон мэдээллийг нууцалж байв. Аминаас холуур хэмжээнд шархдагсад ч ар, араасаа амиа алдсаар байв. Үүний мөрөөр “Спорт Газет” сониныхон ажиллаж, улсынхаа эрүүл мэндийн салбарт бугшсан авилга, хээл хахууль, гажуудлыг илчлэв. Энэ түүхийг буюу хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хамтран олон нийтийн дэмжлэгийн хүчээр эрүүл мэндийн салбарын булхайг дэлгэсэн тухайг кинонд өгүүлнэ.

Мөн хэдий эрэн сурвалжилга сайн үр дүнд хүрсэн ч нэгэнт гажуудсан бүтэн салбарыг засан тохинуулах амаргүйг, “аз жаргалтай төгсгөл”-ийн араас өөр шинэ түүх эхэлдгийг харж болно.

Хэвлэлийн эрх чөлөө, эмч, эмнэлэг тойрсон хэл ам, бүх шатны авилга, эрх баригч нам гээд л олон зүйлс нь манайхыг санагдуулахыг яана гээч!

#ҮзэлБодлооЧөлөөтэйИлэрхийлэхЭрх #ЭрүүлМэндээХамгаалуулахЭрх

Найруулагч: Alexander Nanau

Үнэлгээ: IMDB 8.4/ Rottentomatoes 99%

4. Шилжин суурьшигчид (2021)

Нэг улс, нэг нийслэл, гуравхан саяулаа хэрнээ өөр зуураа хөдөөнийхөн, хотынхон, орк, орк бус хэмээн талцан, тавласаар удаж. Хүн амын дотоодын шилжилт хөдөлгөөн орон нутгаас Улаанбаатар, орон нутгаас болон Улаанбаатараас Өмнөговь чиглэлтэй болоод ч төдий удаж.

Уг кинонд Завхан аймгийн харьяат Х.Амгаланбаатарын ам бүл улсын нийслэлд шилжин ирж буй явцыг харуулахын хамт орон нутгийн цөлжилт, байгаль орчны доройтол, ажилгүйдэл, иргэд нь ийш тийшээ амьдрал хайн явсаар хэрхэн эзгүйрч буй тухайг цухас өгүүлнэ. Нийслэлд ирсэн тэдэнд хүүхдээ сургуульд оруулахаас өгсүүлээд олон бэрхшээл тулгарах аж. Түр оршин суугчийн хүүхэд учраас улсын сургууль авахгүй гэв ээ. Шалтгаан нь үндсэн харьяаллын хүүхдээ ч багтааж чадахгүй, даац хэтэрсэнд аж.

Х.Амгаланбаатарыг камер дагаж буй учраас хөөцөлдөж буй ажил нь харьцангуй түргэн бүтэж буй нь анзаарагдана. Камер үгүйсэн бол “бодит” бодит байдал нь юу болохыг мэдэх хүн олон биз ээ. Кино багийн илэрхийлсэн өнцөг нь “Хотод нүүж ирэхээсээ өмнө судалж, төлөвлөөч ээ!” хэмээж буй ч нарийн учир, шалтгаан хамаагүй өргөн. Монгол Улсын иргэн хэн болов ч хаана, хэзээ оршин суухаа сонгох, чингэхдээ төвөг, чирэгдэл багатай байлгахад төр анхаарах ёстой билээ.

#ОршинСуухГазрааЧөлөөтэйСонгох
#ХөдөлмөрлөхЭрх
#CурчБоловсрохЭрх

 Найруулагч: О.Анхбаяр (Цэгц фильм)

 5. Шат (2019)

Хөлөө гэмтээж Гэмтлийн эмнэлэгт очсоноор цаг орчим тэргэнцэрт сууж үзэв. Нэг л байшин дотроо эмчийн, рентген зургийн өрөө, эмийн сан хооронд эргэлдсэн хэдий ч тэргэнцэртэй хүмүүсийн амьдралыг нэг цаг мэдрэв. Дугаарлаад зогсоход хүртэл “үл үзэгдэгч” болдог ажээ. Шатны өмнө очоод биеэ даах, өөрийгөө хариуцах зэрэг суурь мэдрэмж, бардамнал бутран унав. Налуу замгүй учраас, тэр шатыг хүнээр туслуулж л давах учраас… Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө төрөл бүрийн “шат” бий. Тэр шатыг хөгжлийн бэрхшээлгүй гэх олонх нь босгосон юм. Гэр хороололд амьдардаг, үсчин болох хүсэлтэй, тэргэнцэртэй залуугийн түүхээр дамжуулж олны өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бэрхшээлийг дэлгэснээрээ энэ кино онцлог.

Дашрамд сонирхуулахад тус киноны нээлт өнгөрөгч намар "Улаанбаатар" олон улсын кино наадмын хүрээнд Тэнгис кино театрт болсон юм. Үзвэрийн танхим хоёрдугаарт давхарт байрлах ба нэгэн тэргэнцэртэй залуу тэндхийн урт шатаар гарах гэж оролдож байв. Мэдээж хамт яваа хүмүүс нь тусалсан. Киноны дараа кино театрын гадна киноны баг цуглаж зургаа авахуулж байхтай таарав. Тэргэнцэртэй хэд хэдэн хүмүүс шатаар буух гэж мөн л хэцүүхэн. Мөнөөх өмнө таарсан залуу харин киноны гол дүр байсан юм билээ. Киног хамт үзсэн хүүхэд минь энэ бүгдийг хараад “Тэргэнцэртэй хүмүүс хэзээ ч энд кино үзэж чадахгүй юм байна” гэж хэлж билээ. Нээрэн нэг ч налуу зам байгаагүй ээ.

#ҮлЯлгаварлуулахЭрх
#АюулгүйОрчиндАмьдрахЭрх #ХөгжлийнБэрхшээлтэйХүнийЭрх

Найруулагч: П.Золжаргал

6. Period. End of Sentence (2018)

Энэтхэгийн нийслэлээс 60 км зайд байрлах Хапур хотын хэсэг эмэгтэйчүүд хямд, байгальд шингэдэг ариун цэврийн хэрэглэл хийж сурах явцыг харуулангаа “сарын тэмдэг”-тэй холбогдох мухар сүсэгжсэн ойлголт, соёлыг арилгахаар хичээж буй талаар энэхүү кинонд өгүүлнэ. Нүдэн баримжаагаар 30+ насны эмэгтэйчүүд “ариун цэврийн хэрэглэл огт хэрэглэж үзээгүй. Гаднын киноноос л харж байсан” гэх бол эрчүүд “сарын тэмдэг зарим талаар өвчин байх аа” хэмээх зураглал...

Төрсөн бол үхэх нь үнэн гэдэг шиг л эмэгтэй хүний хувьд сарын тэмдэг бол жам. Хүсэх, эс хүсэхээс үл хамаарч эм хүйстэйн нэг шинж. Чухам эмэгтэй гэдгийн баталгаа учраас зарим улсад “сарын тэмдэг” хориотой сэдэв, ихэнх улсад сүртэй асуудал биш. Гэвч жам ёсны зүйл учраас эмэгтэйчүүдийн хувьд ариун цэврийн хэрэглэлтэй байх нь эрхийнх нь нэг хэсэг болдог. Хэдэн жилийн өмнө Гайтид болсон гамшгийн дараа очсон тусламжийн бараанд, сүүлийн нэг жилд Ковидын үеэр орлого бага өрхөд үзүүлсэн тусламжийн багцад ариун цэврийн хэрэглэл огт байгаагүй хэмээн эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагууд мэдэгдэж байв. Ариун цэврийн хэрэглэл гэж онцлоод буйн учир нь тийм ч хямдхан байдаггүйтэй холбоотой. Саяхан хувийн сошиал хуудастаа “Ариун цэврийн хэрэглэл авахад сард хэдэн төгрөг зарцуулдаг вэ?” хэмээн судалгаа явуулахад дунджаар 10-30 мянган төгрөг хэмээв. Үүнээс орлого бага өрхийн охид, эмэгтэйчүүлийн хувьд сарын тэмдэг хэр хүнд тусдаг вэ гэдгийг таамаглаж болно.

Найруулагч: Rayka Zehtabchi

Үнэлгээ: IMDB 7.4/ Rottentomatoes 86%

#ЭмэгтэйчүүдийнЭрх
#БэлгийнБолонНөхөнҮржихүйнЭрх

7. RBG (2018)

АНУ-ын Дээд шүүхийн хоёр дахь эмэгтэй шүүгч (хоёр дахь эмэгтэй), Харвардын их сургуулийн анхны есөн эмэгтэйн нэг, хуульч Ruth Bader Ginsburg-ийн замналыг харуулсан кино.

Тэрээр хүний эрх, ялангуяа эмэгтэй хүний эрх, жендэрийн тэгш байдал, шударга ёсыг хамгаалсан үндэслэл бүхий олон тооны шийдвэр, туурвисан ном бүтээл, санаачилсан, оролцсон хүний эрхийн төсөл, хувийн зан чанар, хувцаслалтаараа хүртэл үлгэр дуурайл болсон эмэгтэй юм.

Түүний талаар On the Basis of Sex, RUTH - Justice Ginsburg in her own Words (2019) зэрэг кино, Sisters in Law: How Sandra Day O'Connor and Ruth Bader Ginsburg Went to the Supreme Court and Changed the World ном гээд олон тооны бүтээл байдгаас RBG (2018) киног нь санал болгож байна.

Найруулагч: Julie Cohen, Betsy West

Үнэлгээ: IMDB 7.6/ Rottentomatoes 93%

#ТэгшЭрх
#ЭмэгтэйчүүдийнЭрх
#ЭмэгтэйчүүдийнМанлайлал
#ШударгаЁс

8. Poor Us: An Animated History of Poverty (2012)

Сүүлийн 20 жилийн бүх сонгуулийн амлалт "ядуурлыг бууруулна/арилгана/устгана" байв. Гэвч арилсангүй, улам ч ихэссээр. Ядуурлын шалтгаан юу юм бэ? Орчин цагт ядуу байх гээч нь зөвхөн хувь хүний хичээл зүтгэлээс хамаарахаа больж. Том зургаар нь харвал явж явж тэгш боломж олгоогүй тогтолцоо ядуурал руу хөтөлдөг бололтой. Ядуу байх хэрээр хүний эрх улам алсарна. Сонгох эрхтэй, гэхдээ хоногийн хоол чухал байна, юун маргааш?, мөнгө өгсөнд нь саналаа өгнө. Сурч боловсрох эрхтэй, гэхдээ өмсөх дүрэмт хувцас алга, багш загнана, идэх холд алга, ажил хийе, эцэст нь сургуулиа хаяна.

Ядуурлыг арилгая гэвэл ядуурлын түүхийг эхлээд судал. Сонирхолтой, ёжтой, судалгаатай бас үзэмжтэй кино.

Найруулагч: Ben Lewis

Үнэлгээ: IMDB 7.2

#ТэгшБоломж
#ТэгшБайдал

9. Цуст аллага (2020)

Ганц нам, нэг хүний хэмжээгүй эрхт засаглал тогтох, улс тусгаар тогтнолоо алдахын гор юу болох, тийм цагийн

буулганд эрх мэдэлтэн бус жирийн иргэд л түлхүү сүйддэг жишээг холоос хайх хэрэггүй. Ердөө саяхан, 100 жил ч хүрээгүй тийм ойрхон 40 мянга орчим тайж ноёд, лам, төр, цэргийн зүтгэлтэн, жирийн иргэнээ хөнөөсөн улс гэдгээ бид бараг мартжээ. Шашин шүтлэг, яс үндэс, үзэл бодол ... зэргээр нь ялгаварлан гадуурхаж, хоморголон устгасан тухай хүн төрөлхтний түүх элбэг агаад бид ч түүнээс дутсангүй. Алдаа, оноотой ч гэлээ “ардчилал, үндсэн хуульт засаглал” бол ахин ийм түүхээ давтахгүйн баталгаа. Түүхээ мэддэг, өнөөдрийн ололтоо үнэлж чаддаг, хамгаалдаг байх, иймээс л Монгол Улсад болсон улс төрийн хэлмэгдүүлэлтийг судлах чиглэлийн, олон нийтэд зориулсан кино, ном, судалгааны бүтээлүүдийг үзэж, харах л байх учиртай. Түүний нэг нь энэхүү кино юм.

Найруулагч: Т.Баярхүү

#АмьдЯвахЭрх
#ШашинШүтэхЭрх

10. Allen v. Farrow (2021)

АНУ-ын жүжигчин, найруулагч Вүүди Аллен, жүжигчин Миа Фарроу нарын болоод Вүүди Аллен 7 настай охиндоо хүчирхийлсэн эсэх, мөн л өөр нэг өргөмөл охинтойгоо (одоогийн эхнэр) насанд хүрээгүй байхад нь бэлгийн харьцаанд орсон эсэх талаарх маргааны талаар өгүүлнэ.

Баримтат кино нь хэргийн нэг тал болох Миа Фарроу, охин Дилан Фарроу нарын өнцгөөс хийгдсэн ба найруулагч энэ талаар тайлбарлахдаа “Вүүди Аллений зөвтгөл хангалттай цацагдсан, ил тод болсон" гэсэн юм.  (Мөн тэрээр найруулагчдын хүсэлтэд хариу өгөөгүй)

Магадгүй Вүүди Аллений "гүтгүүлсэн" гэдэг нь үнэн ч байж болно. Эсрэгээ худал ч байж болно. Уг киноноос хүүхдийн эрх, хүчин, хохирогч буруутгах хандлага, хараат бус хуулийн процесс зэрэг олон агуулгыг харах боломжтой.

Найруулагч: Kirby Dick, Аmy Ziering

Үнэлгээ: IMDB 4.1/ Rottentomatoes 86%

#ХүүхдийнЭрх
#ЭмэгтэйчүүдийнЭрх

#Кино урлаг #Хүний эрх