“Анхны бүтээл - 9” олон улсын наадмын бүтээлийг хүлээн авч байна


Соёл урлагийн их сургуулийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийг үүсгэн байгуулагч, анхны захирал Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл” медиа урлагийн шилдэг бүтээл шалгаруулах оюутны наадам 9 дэх жилдээ зарлагдлаа.

Медиа урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх, шинэ залуу, авьяаслаг уран бүтээлчдийг нээн илрүүлэх, цаашдын бүтээл хийх хүсэл тэмүүллийг нь урамшуулан дэмжих зорилготойгоор зохион байгуулагддаг уг наадамд олон улсын оюутнууд оролцдог учир оюутнууд бие биенээсээ суралцах, хамтын бүтээл туурвих боломжтойгоороо онцлог.

“Анхны бүтээл” наадмыг анх 2008 онд МУУГЗ, кино найруулагч Д.Хишигтийн санаачилгаар зохион байгуулснаас хойш дотоодын их дээд сургуулиудын дунд жил бүр телевиз, радио, богино хэмжээний кино бүтээл төрөлд шилдгүүдийг шалгаруулсаар иржээ. Харин 2012 оноос цар хүрээгээ тэлж, "олон улсын" хэмээх тодотголтой болсноор Япон, Солонгос, Польш, Хятад зэрэг улсын уран бүтээлч нар бүтээлээ илгээдэг болжээ.

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 

Бүтээлийг 2021 оны дөрөвдүгээр сарын 17-нийг хүртэл msuac.sbma@gmail.com цахим хаягаар хүлээн авна. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг msuac.sbma@gmail.com цахим хаяг болон 11-369223 утсаар тодруулах боломжтой. 

Эх сурвалж: СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль

#Боловсрол #Уралдаан