ЗАХИДАЛ: Есдүгээр сарын захидлын хариу №2


ССҮТөв | YOLO.MN
2020-09-21

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би муухай ааш зангаа зассан гэж бодсон ч

Сайн байна уу? Би 15настай, эмэгтэй. Би хуучин сургуульдаа сурч байхдаа хүүхдүүдтэй таардаггүй, бараг үргэлж хэрэлддэг ааш муутай хүүхэд байсан. Түүнээс болоод хүүхдүүд надаас зайгаа барьж, ааш муутай гэж хүмүүст хүртэл хэлж, сүүлдээ би нэг ч найзгүй болсон. Тэрнээс хойш ганцаараа байх нь надад амар санагдаж эхэлсэн. Хэдэн жил бараг хэнтэй ч харилцахгүй, тэд нар ч надтай дуугараад байдаггүй болсон. Хэдэн жил тэгж амьдарсны дараа нэг л тийм ганцаардах мэдрэмж төрж эхэлсэн. Тэгээд би илүү ааш зангаа засаж, найзуудтай болохыг оролдож үзэв. Тэгээд хэдэн харьцдаг хүүхдүүдтэй болсон ч надад нэг тийм хөндий байгаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд, нэг л тийм утгагүй санагдаад. Магадгүй миний өнгөрсөн зодолддог, хэрүүлч, ааш муутайг минь мартаагүй болоод тэгсэн байх гэж би дотроо бодсон л доо. Тэгээд бүр шинээр эхэлье  гээд шинэ сургуульд шилжиж ирэхээр боллоо. Анх шилжиж ирээд надад таалагдаж, хүүхдүүд болгон над дээр ирээд хэдэн өдөр үнэхээр жаргалтай байсан, нэг хоёр найзтай болоод амжсан. Тэр үед надтай нийлж найзалсанд үнэхээр их баярлаж байлаа. Гэтэл нэг өдөр хэдэн охид хүрч ирээд найзтай маань муудалцаад, дээрэлхээд байгаа юм шиг болохоор нь би өмөөрч хэрүүл хийгээд, сүүлдээ том хэрэг болоод тэрнээс хойш миний нэр хүнд огцом нурав. Миний найзыгаа гээд өмөөрөөд байсан хүүхэд намайг орхиод нөгөө хэдтэй нийлээд явчихсан. Тэгээд л би дахиж найзтай болмооргүй санагдсан. Тэр муудалцдаг өдрөөс хойш хүүхдүүд ахиад л надаас зай барьж, хэрүүлч зодоончоор нь дуудах болсон. Уул нь энэ муу зан араншингаа зассан гэж бодсон ч өөрчлөгдөөгүй байсан юм шиг байна. Өөрийнхөөрөө, ааш муутай байсан ч хамаагүй гэж хэдэн жил амьдарсан ч үнэхээр хэцүү юм байна лээ. Би яг яачхаад байгаа юм бол гээд өдөр шөнөгүй бодсоор байгаад сүүлдээ толгой өвддөг боллоо. Яавал дээр юм бол доо.

 

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө өөрчлөхөд тодорхой цаг хугацаа мөн хичээл зүтгэл хэрэгтэй

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Хуучин сургуулийн хүүхдүүдтэйгээ яагаад таардаггүй байсан гэж бодож байна вэ? Энэ талаар өмнө нь бодож байсан уу? Тэдний ямар үг үйлдэл чамд таалагддаггүй байсан бэ? Юу чиний уурыг хүргэдэг байсан бэ? Тэдний чамаас зайгаа барьж, муухай ааштай гэж байсан нь чиний сэтгэлийг шархлуулсан бололтой. Мөн өөрөө өөрийгөө өөрчлөхийг хичээж, өөрөөсөө асуудлын шалтгааныг хайж байгаа нь сайн хэрэг. Найзыг нь дээрэлхэж байгаа юм шиг санагдсан гэж байна. Ямар учраас дээрэлхэж байна гэж бодсон бэ? Найздаа санаа тавьж, хамгаалж байгаа нь зөв боловч үүнийгээ өөрөөр илэрхийлж байх хэрэгтэй. Тухайн нөхцөл байдалд түргэн зан гаргалгүй аль аль талуудын учир байдлыг тайван бас анхааралтайгаар сонсох хэрэгтэй. Уур чинь хүрч байвал гүнзгий амьсгаа авч дотроо 100 хүртэл тоолоорой. Ийнхүү тайвширч байгаад ярилцаж учир зүйг нь олох нь байдлыг хүндрүүлж байснаас дээр шүү дээ. Өөрийгөө өөрчлөхөд тодорхой хугацаа мөн хичээл зүтгэл хэрэгтэй. Эхлээд өөрийгөө таньж мэдэхийг хичээгээрэй. Би юунд дуртай болон дургүй вэ? миний давуу болон сул тал юу вэ? юу намайг аз жаргалтай болгодог вэ? хүмүүс чамтай яаж харилцахад дургүй вэ? ямар үед миний уур хүрдэг вэ? гэх мэт өөрөөсөө асууж цаасан дээр бичээрэй. Мөн бид өөрийгөө таньж мэдэхэд бусдын тусламж хэрэгтэй байдаг. Бидний өөрсдөө харж чаддаггүй зан чанарыг бусад хүмүүс хардаг. Тиймээс найз нөхдөөсөө юу болохгүй байгааг асууж лавлаарай. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун


АСУУДАЛ: Би аль мэргэжлээр сурахаа шийдэж чадахгүй байна

Сайн байна уу? Намайг С гэдэг. Би одоо 14настай. Би уран нугаралтын дугуйланд яваад 5 жил болж байна. Надад шантрах үе зөндөө гардаг тэгээд тэрийгээ найзууддаа, ээж аавдаа хэлсэн ч намайг ойлгохгүй байгаа мэт санагдаад байна. Уул нь ирээдүйнхээ төлөө хичээж байгаа ч гэсэн надад дэмжлэг урмын үг хэрэгтэй байдаг. Тэгээд би энэ жил 9-р анги төгсөнө, мэргэжлээ сонгож чадахгүй байна. Манай багш намайг гагнуурчин болохыг зөвлөсөн. Гэхдээ би make-up артист болох сонирхолтой. Багшдаа гагнуурчин болно, сурна гэж хэлчхээд одоо болохоор make-up-аар сурна гэхээр багшийн минь урам хугарах юм болов уу? гээд л үнэхээр сонин байдалд орчихсон байна. Би яг яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Багшдаа өөрийгөө ойлгуулж, чи юунд дуртай, сонирхолтой гэдгээ танин мэд

Сайн байна уу? Бидэнд хандан захидал ирүүлсэнд баярлалаа. Мэдээж уран нугаралтаар хичээллэх нь тийм ч амар зүйл биш байх. Хэдий тийм боловч өөрийгөө дайчлан хичээж байгаа нь сайн байна. Үүнийг нь ойр дотнын хүмүүс нь ойлгохгүй, үнэлэхгүй байгаа юм шиг санагдаж байгаа бололтой. Тэд чамд урмын үг хэлэхгүй байгаа учраас л чамайг ойлгохгүй, үнэлэхгүй байна гэж бодож байгаа хэрэг үү? Чи өөрийнхөө тухай ойр дотнынхонтойгоо  хэр их ярьдаг вэ? Өдөр бүрийнхээ үйл явдлыг гэрийнхэнтэйгээ сайн ярилцаж чаддаг уу? Үгүй бол ойр дотнынхонтойгоо сайн ярилцаж байгаарай. Хэрэв тийм бол өөрийнхөө хэрхэн хичээж байгааг бас тэднээс юу хүлээж байгаагаа ч нуулгүй хэлээрэй. Хүүхдүүд өсвөр наснаас эхлэн нийгэм, түүн дотор мөрдөгдөж буй дүрэм журмуудтай танилцаж, хариуцлагын мэдрэмжийг бага багаар мэдэрч эхэлдэг. Гэрийнхэн нь ч магадгүй чамайг том болсон гэж үзээд тоохгүй царайлж, өөрт нь тодорхой хариуцлага үүрүүлэх гэж оролдож байж магадгүй юм. Гэвч мөн л энэ насанд бусдын бодол мэдрэмжид их анхаардаг. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдүүдээ сайн зүйл хийх үед нь сайшааж урамшуулж байх нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмж авахад нь тусалдаг. Ингэснээр том болоод нийгэмд хариуцлагатай өөртөө итгэлтэй хүн болж төлөвшдөг билээ. Хамгийн гол нь чи өөрөө өөртөө юу хэрэгтэй байгаа, ойр дотнынхноосоо юу хүлээж байгаагаа мэдэж байна шүү дээ. Тиймээс өөрийнхөө төлөө юу хүсэж байгаагаа илэрхийлээрэй.Чи гагнуурчин болохыг хүсэж байгаа юу? Үнэхээр хүсэхгүй байвал багшдаа үнэнээ хэлж тайлбарлаарай. Багшдаа гагнуурчин болно гэж хэлсэн болохоор заавал гагнуурчин болох ёстой гэсэн үг биш юм шүү. Мэргэжлээ сонгохдоо дараах гурван хүчин зүйлийг харгалзан үзээрэй. Үүнд: Чи юунд сонирхолтой вэ? буюу юу хийхдээ аз жаргалтай болдог вэ? Чи юу чаддаг вэ? мөн Нийгмийн эрэлт хэрэгцээ буюу нийгэмд ямар мэргэжилтэн эрэлт хэрэгцээтэй байна вэ? гэсэн гурван асуулт байна. Мөн чи үлдсэн амьдралдаа юу хийж, бүтээхийг хүсэж байна вэ? буюу холын зорилгоо тодорхойлохыг хичээгээрэй. Холын зорилго тодорхой үед бидэнд яг одоо ямар шийдвэр гаргах хэрэгтэй вэ? гэдгийг шийдэхэд дөхөм болдог байна. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун


АСУУДАЛ: Толгойд олон зүйл бодогдоод, ямар ч амьдралын идэвхгүй болчихсон

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. 11-р анги. Би яг хаанаас эхлээд, яаж бичихээ сайн мэдэхгүй байна. Зүгээр л байнга, ялангуяа шөнө унтах гэхээр толгойд маш их зүйл бодогдоод, өглөө заавал явах ажилгүй бол орноосоо ховхрох ч хэцүү санагдаад, үнэндээ ямар ч амьдралын идэвх, хүсэлгүй болоод хөөрхөн удаж байгаа бөгөөд хугацаа өнгөрөх тусам хүндрээд байх шиг. Тэгээд үе, үе ойрхон уйлна. Бүх юм бүтэхгүй, би л ямар ч хэрэггүй, юу ч хийж чаддаггүй, хэтэрхий сул дорой хүн, өөртөө огт хайргүй юм гэж бодогдоод... Уг нь эерэг, хөгжилтэй зантай, инээд муутай хүүхэд л дээ. Ер нь найзууд, гэрийнхэндээ зүв зүгээр байгаа гэж л харагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгж харагдах нь сайхан ч доторхоо хэтэрхий дараад, тэрэндээ өөрөө дарагдаад байх шиг. Гадагшаагаа юм шиг хирнээ нэлээн дотогшоо хүн л дээ.  Яг яах ёстойгоо мэдэхгүй, өөрийгөө хайгаад л, мэргэжил, ирээдүйгээ олохгүй, дотроо нэг л том нүхтэй...Угтаа эрүүл саруул, элэг бүтэн, зовоод байх зүйлгүй байж л...сэтгэл гутралын шинж тэмдгүүд хартал ихэнх нь яг таараад, хаана хандах, хэнээс зөвлөгөө авахаа мэдэхгүй байна. Үнэхээр, үнэхээр хэцүү байна.

ЗӨВЛӨГӨӨ: Сөрөг мэдрэмжээ бусадтай хуваалцаж, өөрөөсөө гаргаж байх хэрэгтэй

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Нойрны хэмнэл алдагдсан уу? Хоолны дуршил хэр байгаа вэ? Амьдралын идэвхгүй болоод удаж байгаа гэсэн байна. Хэр удаж байгаа вэ? Сэтгэл гутралыг оношлуулаагүй тохиолдолд шууд сэтгэл гутралтай гэх боломжгүй. Гэхдээ чиний хэлдгээр сэтгэл гутралын шинж тэмдэг захидлаас харагдаж байна. Гэхдээ бүгд биш. Тиймээс түр зуурын хямрал эсвэл хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал байх магадлалтай гэсэн үг. Тиймээс чамд өөртөө туслах хэд хэдэн зөвлөмжийг хүргэе. Ойр дотнын хүмүүстэйгээ хэр их ярилцдаг вэ? Ярилцахдаа өөртөө төрсөн мэдрэмжээ илэрхийлдэг үү? Ямар мэдрэмж төрж буй, юуг даван туулж буйгаа итгэдэг хэн нэгэндээ ярих, нээлттэй байхыг хичээх хэрэгтэй. Сөрөг мэдрэмжээ бусадтай хуваалцаж, өөрөөсөө гаргаж байх хэрэгтэй. Найзууд чинь уулзъя гэвэл хүсэхгүй байсан ч зөвшөөрөх хэрэгтэй. Бусадтай харилцаатай хэвээрээ байх. Хүсэхгүй байсан ч дасгал хийх, алхах ингэснээр аз жаргалын даавар ялгарч, стрессийн дааврыг бууруулж байдаг. Харин одоо байгаа байдлыг хүндрүүлэх үйлдлүүдээс зайлсхийх хэрэгтэй. Орноосоо босохгүй удаан хэвтэх, удаан хугацаагаар хий дэмий утсаа ухах, бусдаас тусламж авахаас татгалзах, шим тэжээлтэй хоол хийж идэхийн оронд бэлэн хоол идэх гэх мэт идэвхгүй үйлдлүүдээс татгалзах хэрэгтэй. Мөн сөрөг бодлуудаа хянах, эерэг болгох. Бүх юм бүтэхгүй, би л ямар ч хэрэггүй, юу ч хийж чаддаггүй, хэтэрхий сул дорой хүн гэх мэт сөрөг бодлууд байдлыг улам л дордуулна. Тиймээс эдгээр сөрөг бодлуудыг хүчээр зогсоож, эерэг нь юу байж болох талаар эргэцүүлээрэй. Бусдаас тусламж авахаас битгий татгалзаарай. Хэрвээ үнэхээр хэн нэгэнд ярьж хуваалцмааргүй байвал өөрт төрж буй бодол мэдрэмжээ дэвтэр дээр бичээрэй. Сөрөг үг хэллэгүүд ашигласан ч болно. Шөнө нойрыг нь хулжааж байгаа бүх бодлуудаа ч бас бичээрэй. Тайвширсныхаа дараа бичсэн сөрөг бодлуудаа дахин уншаад эерэг нь юу байж болох талаар нэмж бичээрэй.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун


АСУУДАЛ: Би сэтгэл зүйч болохын тулд юунаас эхлэх хэрэгтэй вэ?

Сайн байна уу? Би одоо 16 настай удахгүй ахлах сургуулиа төгсөх гэж байгаа юм аа. Би сэтгэл зүйч болохыг хүсдэг юм. Анх яагаад сэтгэл зүйч болохыг хүссэн бэ гэвэл найзуудтайгаа ярилцаад зөвлөгөө өгөөд хүнийг баярлаж байгааг харах гоё санагдаад сэтгэл зүйч болохыг хүссэн. Тэгээд би яг юунаас эхэлж сурах, яг яах ёстойгоо мэдэхгүй байгаа юм аа. Танай хамт олноос өөр асууж зөвлөгөө авах хүн байхгүй болохоор асууж байна. Зөвлөгөө өгч тус болооч гэж хүсэж байна.

ЗӨВЛӨГӨӨ: Мэргэжлийнхээ талаар сайтар судалж, чиний сонирхлыг татаж байгаа эсэхийг эрэгцүүлээрэй

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хүн болон амьтны зан үйл, оюун ухааны үйл явц, тэдний хүрээлэн буй орчинтой хэрхэн харилцан үйлчилж буйг судалдаг нийгмийн шинжлэх ухааны салбар. Харин сэтгэл судлаачид нь хүний мэдрэхүй, хүртэхүй буюу юмсыг хэрхэн хүртэн хүлээж авч байгааг, сэтгэхүй ба танин мэдэхүйн үйл ажиллагаа, сэтгэл хөдлөл, бие хүн, зан үйл ба хүмүүс хоорондын харилцаа ба хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн харилцан үйлчлэлцэж байгааг судалдаг. Сэтгэл судлаачид дан ганц зөвлөгөө өгдөггүй ба маш олон төрлийн салбарт ажиллаж болдог. Сэтгэл зүйн зөвлөгөө, судалгаа, сургалт, коачинг гэх мэт. Юуны түрүүнд сэтгэл судлалын шинжлэх ухаантай танилцсан нь зүйтэй болов уу. DK хэвлэлийн улаан өнгөтэй сэтгэл судлалын номыг уншихыг санал болгож байна. Эсвэл ерөнхий сэтгэл судлалын ном маш тодорхой ойлгомжтойгоор бичигдсэн байдаг ба Нацагдоржийн номын санд байдаг шүү. Мөн их сургуулиудын веб сайтууд руу орж сэтгэл судлалын танхимын хичээлийн хөтөлбөр ба түүнд багтах агуулгыг уншаад чамд тохирч, чиний дур сонирхлыг татаж байгаа эсэхийг эргэцүүлээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун


АСУУДАЛ: Байнга хангалттай сайн байсангүй гэх боллоо

Сайн байна уу? Цаг гарган зөвлөгөө өгч байгаад баярлалаа. Миний асуудлын тухайд гэвэл гэрийнхэн маань надаас хэт их юм хүлээж, шахаж шаарддаг юм шиг санагддаг. Би багадаа маш сайн сурдаг байсан. Хэрвээ шалгалт, олимпиадад урдаа ганц л хүн оруулах юм бол надад гар хүрч орилж, хашхичдаг байлаа. Тэгээд хэдэн жилийн дараа одоо сурч байгаа сургууль руугаа шилжиж ирэхэд миний сурлага бага зэрэг буурсан бөгөөд надаас сайн 2, 3 сурагч гарч ирсэн. Тэрнээс хойш гэрийнхэн намайг ''Чи хичээлдээ дуртай, овоо сайн байсан биз дээ, яагаад муудчихсан юм?", "Ингэж муу сурвал сургуулиасаа гарвал таарна", "Эхтэйгээ адилхан ажил ч гүй амьдрал ч гүй, юу ч хийж чадахгүй амьтан болох нь (би ээжээрээ үнэхээр их бахархдаг болохоор ээжтэйгээ холбоотой иймэрхүү зүйлсийг сонсохыг хүсдэггүй)" гэх мэтээр хэлж эхэлсэн. Би хичээлээ сайжруулах гэж чадах чинээгээрээ хичээдэг боловч тэдний энэ үгнүүдээс болж үнэхээр юу ч хийж чадахгүй нь. Надад үнэхээр дарамттай байна. Би яах хэрэгтэй вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Гэрийнхэндээ өөрийнхөө бодол мэдрэмжийг илэрхийлэхийг хичээж, өө

Сайн байна уу? Бидэнд хандан захидал бичсэнд баярлалаа. Хичээлийн тал дээр гэрийнхнээс чинь маш их дарамт ирдэг юм байна гэж ойлголоо. Хэдийгээр хичээлээ сайн хийж мэдлэг чадвартай болох нь чухал ч гэсэн үргэлж сайн байж огт алдаа гаргахгүй байх боломжгүй юм. Хүн бие махбод сэтгэл зүйн дарамт шахалт дор аливаа зүйлийг хийхэд төдий чинээгээрээ стресст ордог ба энэ нь суралцах чадвар, бүтээлч сэтгэлгээ, ажил хичээлийн үр дүнд ч сөргөөр нөлөөлж байдаг. Тиймээс өөрөө өөрийнхөө стрессийг тайлах арга замаа олоорой. Тухайлбал, ойр дотнын найзуудтайгаа ярилцах, дасгал хөдөлгөөн хийх, бодлын тэмдэглэл хөтлөх гэх мэт. Мөн гэрийнхэндээ өөрийнхөө бодол мэдрэмжийг илэрхийлэхийг хичээгээрэй. Тухайлбал, гэрийнхэн нь чиний ирээдүйн тухай санаа зовж байгааг мэдэж байгаа ч энэ нь чамайг суралцахад хүндрэлтэй болгож байгааг, ээжээрээ бахархдаг учраас битгий ингэж хэлээч гэх мэтээр өөртөө төрж байгаа бодол мэдрэмжээ илэрхийлээрэй. Хэт их сэтгэл хөдлөлдөө авталгүй тайван, тогтуун өнгөөр гол санаагаа илэрхийлбэл чамайг илүү сайн ойлгох магадлал өндөрсөнө. Харин ярилцах гэтэл маш их уур хүрч, гомдол төрж байвал хэсэг амсхийж гадагшаа гарч гүйх эсвэл дасгал хийгээрэй. Дасгал хийх үед эндорфин гэх даавар ялгардаг учраас тайвшрахад чинь тусална. Хэрвээ чи хэлж чадахгүй байвал энэ захидлаа гэрийнхэндээ зориулж бичээд өгч болно шүү.

Хэрвээ үнэхээр чиний хэлсэн зүйлийг хүлээж авахгүй муухай зүйлс хэлж гар хүрсээр байвал 108 – руу залгаж зөвлөгөө аваарай. Шаардлагагүй гэж үзвэл чамтай ойр байдаг хамаатан эсвэл багш нартайгаа түлхүү ярилцаж байгаарай. Чи өөрөө өөрийнхөө хамгийн сайн хувилбар нь шүү.

 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун


АСУУДАЛ: Манай найзууд бүгд хүнтэй үерхээд үзчихсэн

Сайн байна уу? Би 18 настай, эмэгтэй. Өмнө нь хүнтэй үерхэж байгаагүй. Яагаад гэвэл аав ээж маань зөвшөөрдөггүй байсан юм. Тэгээд сүүлдээ аав ээжтэйгээ энэ сэдвээр ярихаас эмээгээд ер нь нээх тоодоггүй болчихсон. Гэвч сүүлийн үед найзууд маань бүгд хүнтэй үнэсэлдээд үзчихсэн зарим нь бүр тэрнээс ч илүүг хийснийг  нь сонсоод жоохон сэтгэлээр унаад байна. Ийм нөхцөл байдалд яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөртөө тохирно гэж бодсон хэн нэгнийг олох л болно, бүү яараарай

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Өсвөр насанд эрэгтэй эмэгтэй хүүхдүүд эсрэг хүйстнээ сонирхох сонирхол нэмэгддэг ба бие биетэйгээ үерхэж дотносдог. Хэдий тийм боловч 18 настай хүн үерхэж үзээгүй нь бусдаасаа хоцорч байгаа эсвэл хэн ч чамайг тоохгүй байгаа гэсэн үг биш шүү. Хэрвээ чи үзсэн бол "Sex Education" цуврал дээрх гол дүрийн залуу ийм нөхцөлд орсон найздаа “Энэ чинь уралдаан биш шүү дээ” гэж хэлдэг. Үүнтэй адил үерхэнэ гэдэг чинь уралдаан биш харин ч нухацтай бодож шийдэх зүйл. Тийм учраас сэтгэлээр унаад хэн нэгэнтэй үерхэж, үнсэлцэж үзэхийн тулд хөнгөн алхам хийхээс болгоомжлоорой. Хүмүүстэй харилцаж байх үед өөртөө тохирно гэж бодсон хэн нэгнийг олох л болно. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter