СУРВАЛЖИЛГА: Скейтборд сонирхогчдын цугласан "UUKHAI GAMES 2020"


Монголын скейтбордын “Уухай” холбооны залуус өнгөрсөн бямба гарагт холбооныхоо 7 жилийн ойг тохиолдуулан Uukhai Games 2020 тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд анхлан суралцагчдаас эхлээд олон жилийн турш хичээллэсэн тамирчид оролцож, нэгэн өдрийг өрсөлдөөнтэй бөгөөд зугаатайгаар өнгөрүүлсэн юм. 

“Уухай” холбоо нь 2013 онд байгуулагдсанаасаа хойш скейтборд сонирхдог хүүхэд, залуусын төлөө олон сургалт, үйл ажиллагаануудыг явуулсаар байгаа билээ. Харин энэ жилээс эхлэн жил бүрийн намар "Uukhai Games" тэмцээнийг албан ёсоор зохион байгуулахаар болсон байна. Уг тэмцээн нь: 

  • Скейтбордын анхан шатны сургалт
  • Сонирхолтой тэмцээн, уралдаан
  • Кофе, стикер, футболк худалдаа
  • Скейтбордтой холбоотой бүх төрлийн зөвлөгөө, мэдээлэл
  • DJ нарын онцлох ая гэсэн үндсэн хөтөлбөрүүдээс бүрдэх аж.

Тус холбооны тамирчид скейтбордоор гулгах сонирхолтой залууст зориулан анхан шатны сургалтыг үнэ төлбөргүй явуулсан нь тун бахархууштай. Мөн бие биенээ сайн танихгүй ч бусдад өөрсдийн чаддаг арга техникүүдээ зааж, туршлага солилцсон залуус ч олон харагдлаа. 


Монголын скейтбордын “Уухай” холбооны үүсгэн байгуулагч Б.Одмандах: 

- "Монгол залуус анх 1990-ээд оны үед скейтбордоор гулгаж эхэлсэн ч хэдхэн жилийн дараа тарсан гэдэг. Тухайн үед 13-р хороололд Монголын анхны скейтбордын талбайг байгуулсан ч барилгын ажил явагдсаны улмаас нураагдсан юм. 

Харин бидний үеийнхэн 2008 онд скейтбордыг сонирхож, гулгаж эхэлснээр “Уухай” холбоо үүсгэн байгуулагдах эхлэл тавигдсан гэж хэлж болно. Манай холбоо жил ирэх тусам хөгжиж, гулгаж байгаа хүүхдүүдийн тоо ч нэмэгдэж байна. Нэгэн баярт мэдээг дуулгахад 2020 оны олимпод скейтбордын төрөл нэмэгдсэн. Тиймээс бидний цаашдын зорилго бол олимпийн тамирчин бэлтгэх, скейтборд сонирхогчдын гулгах орчин талбайг илүү сайжруулж, нэмэгдүүлэх юм. Учир нь Монголд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр зориулалтын талбай байдаггүй.

Мөн өвөл их хүйтэн, урт болдог учраас зааланд бэлтгэл хийх боломжтой скейтпаркыг байгуулах зорилготой ажиллаж байна. Скейтборд бол хүмүүс хоорондоо хамтран ажиллаж, нэгнээ дэмжиж урам өгдөг спорт юм шүү"


Тэмцээн олон жил хичээллэсэн тамирчдаас анхлан суралцагч хүртэл хэн бүхэнд нээлттэй байсан нь залууст илүү чөлөөтэй өрсөлдөх боломжийг олгосон. Хамгийн эхний тэмцээн нь скейтбордын суурь “High Ollie” буюу скейтбордоор үсрэх техникийг шалгах тэмцээн байлаа. Дараа нь залуусыг таван гишүүнтэйгээр багуудад хувааж хурд сорих, хамгийн өндөр үсрэлт болон мэхнүүдийг шалгах уралдаануудыг явуулж шилдгүүдийг тодрууллаа.

Эвентэд зөвхөн скейтборд гэлтгүй пенниборд, лонгборд, фингерборд, хэндборд, скүүтэр сонирхогчид цугласан нь тус эвент маш өргөн хүрээг хамарсныг илтгэж байгаа юм.


Скейтборд сонирхогч Г. Уранбилэг:

- "Cкейтбордоор гулгаад нэг сар болж байна. Анх гулгаж байгаа хүүхдүүдийг харахад маш сонирхолтой санагдаж байсан. Харин өөрөө гулгаад, хичээллээд эхэлсэн чинь бүр ч илүү гоё санагдаж, цаашдаа олон техникүүдийг сурахаар хичээх болсон.

Чөлөөт цагаараа сонирхол нэгт найзуудтайгаа скейтбордоор гулгаж, цагийг зөв боловсон өнгөрөөдөг. Анх сурч эхлэхэд тийм ч хэцүү санагдаагүй. Тэнцвэрээ олоод сурчихвал их хялбар шүү"


Скейтбордоор хичээллэх нь өөртөө итгэлтэй, тэвчээртэй, эрүүл, чийрэг бие бялдартай, сонирхол нэгт найз нөхөдтэй болох гэх мэт олон давуу талуудтай. Хэрвээ та скейтбордоор гулгаж сурахыг хүссэн ч яг яахаа, хэнд хандахаа мэдэхгүй байвал “Уухай” холбооны залуусаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой шүү. Сонирхуулан хэлэхэд тус холбооны залуус маань Фэйсбүүк хуудсаараа дамжуулан скейтборд анхлан суралцагчдад зориулан анхан шатны хэллэг, мэхүүдийг тайлбарласан "Мэхний мэлмийг минь нээгээч" хэмээх сургалтыг явуулж байгаа юм. /Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай./

Ингээд нийтлэлийн төгсгөлд тус эвентэд оролцсон залуусын зургуудаас хүргэж байна. 







#Уухай #Skateboard