Суралцах арга барил — Өөрийгөө хөгжүүлэх арга


Т.Номин | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Өнөөдөр дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өчигдөр шинэ байсан зүйл өнөөдөр хуучирч, өнөөдрийн мэдлэг маргааш хангалтгүй болох үе иржээ. Ийм үед “суралцахуйд суралцах ” буюу Learn to Learn гэх чадамж хүн бүрийн хамгийн чухал ур чадвар болж байна.

СУРАЛЦАХ ГЭДЭГ НЬ ЮУ ВЭ?

Суралцах гэдэг нь зөвхөн анги танхимд хичээл сонсох, ном унших төдий зүйл биш. Энэ бол туршлага, алдаа, амжилтаас суралцах тасралтгүй үйл явц юм. Бид шинэ зүйлийг оролцох, ажил хийх, бусдын заавар зөвлөгөөг дагах, эсвэл бүр өөрөө туршиж үзэх замаар мэдлэг, ур чадвар эзэмшдэг.

Жишээлбэл, хүүхэд унах үедээ буцаж босож сурдаг, ажилтан өдөр бүрийн туршлагаасаа мэргэжлийн ур чадвар эзэмшиж авдаг, оюутан багшийн зөвлөгөөгөөр төслөө сайжруулдаг. Энэ бүхэн бол суралцах үйл явцын нэг хэсэг юм.

“СУРАЛЦАХУЙД СУРАЛЦАХ” ЧАДАМЖ ГЭЖ ЮУ ВЭ?

“Суралцахуйд суралцах” буюу “Learn to Learn “нь өөрийгөө хэрхэн илүү сайн суралцагч болгохыг ойлгох чадвар юм. Энэ нь дараах үндсэн чадваруудаас бүрдэнэ:

1.Өөрийгөө мэдэх – Би юунд сайн бэ? Юунд илүү анхаарах хэрэгтэй вэ?

2.Зорилгоо тодорхойлох – Би юуг сурмаар байна вэ, яагаад?

3.Суралцах төлөвлөгөө гаргах – Яаж сурах вэ? Хэзээ, хаана, ямар аргаар?

4.Бодол эргэцүүлэх – Би юу сурсан бэ? Энэ миний амьдралд хэрхэн тус болж байна вэ?

5.Өөрийгөө урамшуулах – Суралцах хүсэл, эрмэлзэл, тэвчээрийг хадгалах.

“LEARN TO LEARN” АСУУЛГА — ӨӨРИЙГӨӨ ТАНИХ ЭХЛЭЛ ЮМ.

Энэхүү  http://www.learntolearn.eu/test/the-learn-to-learn-competency-self-assessment-questionnaire/ буюу өөрийн суралцах чадвараа үнэлэх асуулга нь таныг өөрийгөө илүү сайн ойлгоход тусална.  Та үүнийг бөглөх замаар дараах зүйлсийг олж мэднэ:

  • Таны хүсэл эрмэлзэл , өөрийгөө үнэлэх үнэлэмж хэр их бэ?
  • Та өмнөх сурсан зүйлээ эргэцүүлж боддог уу? Алдаагаа дахин давтдаг уу? Алдаанаасаа суралцдаг уу?
  • Та цагаа зөв ашиглаж чаддаг уу?
  • Та мэдээллийг сайн боловсруулж чаддаг уу?
  • Та бусадтай хамтарч ажиллаж чаддаг уу?

Үнэлгээний дараа таны хувийн онцлогт тохирсон зөвлөгөө, чиглэл өгөгдөх нь таныг илүү ухаалаг, үр дүнтэй суралцагч болоход тусална.

ЯАГААД СУРАЛЦАХ АРГА БАРИЛ ЧУХАЛ ВЭ?

Суралцах арга барил зөв төлөвшсөн хүн:

  • Өөрийн алдаанаас айдаггүй, харин түүгээр суралцдаг
  • Мэдээллийг шүүж, шалтгааныг ойлгож чаддаг
  • Шинэ нөхцөлд хурдан дасан зохицдог
  • Өөрийгөө тасралтгүй хөгжүүлж чаддаг

Эцэст нь хэлэхэд, суралцах арга барил бол амьдралын хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө юм. Хүн бүх зүйлд мэргэжилтэн байх албагүй, харин ямар ч зүйлд суралцаж чаддаг хүн байх хэрэгтэй.

Өнөөдрийн амжилт, маргаашийн боломжийг тодорхойлох түлхүүр нь таны “суралцаж сурах” чадамж юм. Хэрвээ та өөрийн суралцах арга барилаа ойлгож, зөв төлөвшүүлж чадвал — та хаана ч байсан, юу ч хийж байсан өөрийгөө хөгжүүлэх хүчийг эзэмшсэн гэсэн үг юм.

#Суралцах арга барил