ЗАХИДАЛ: Наймдугаар сарын захидлын хариу №1


ССҮТөв | YOLO.MN
2020-08-06

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Охин юм байж гэдэг үгнээс залхаж байна

Сайн байна уу? Би 8-р ангид орно, эмэгтэй. Ойрын хэдэн жил эмэгтэй байхаас үнэндээ л айж, бухимдаж байна. Хааяа эрэгтэй байсан ч болоосой гэж боддог. Ганц удаа хувцсаа эвхээгүй тавьсныг хараад л “охин юм байж замбараагүй юм”, жаахан их идвэл “охин юм байж яасан их иддэг юм”, хааяа нэг зүгээр суухаар “охин юм байж гэр орноо цэвэрлээч” гээд л.

Одоо бол "ОХИН ЮМ БАЙЖ" гэх үгийг бүр үзэн ядаж байна. Бүгдийг нь ингэдэг бол дургүйцэхгүй л байсан. Зөвхөн намайг л тэгдэг. Ахыг хэзээ ч тэгж байгаагүй. Яг үнэнийг хэлэхэд 5-р ангиасаа эхлээд нэг ч удаа богино банзал өмсөөгүй, өмсөхийг ч хүсдэггүй. Хааяа нэг богино банзал өмсвөл хөвгүүд шувт татна, чангаана. Үнэхээр лайтай. Жаахан таргалчихвал бүдүүн, гахайгаар нь дуудна. Яах ёстойгоо ч мэдэхгүй нь. Би одоо яах вэ? Яаж энэ асуудлаасаа гарах вэ? Гардаггүй юмаа гэхэд яаж мартах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн үзэл бодлыг хэлэхээс битгий айгаарай

Нийгмийн тогтсон хандлага буюу “stereotype”-тай хэрхэн тэмцэх вэ? Энэ тийм ч амар зүйл биш. Хэдэн зуун жилийн турш нийгэмд бүрэлдэн бий болсон, тогтсон хандлагыг нэг хүн гарч ирээд "үүнийгээ боль" гэж хэлээд алга болохгүй. Тэглээ гээд чимээгүй бай гэсэн үг биш. Үүнд хүн бүрийн оролцоо чухал. Хүн бүр өөрийн дуу хоолойг бага багаар хүргэж эхэлснээр нийгэмд байгаа хүмүүсийн харах өнцөг өөрчлөгдөж эхэлнэ. Дуу хоолойгоо нийгэмд шууд хүргэж чадахгүй юм аа гэхэд өөрийг чинь хүрээлж байгаа хүмүүст нөлөөлөх боломжтой. Чи энэ талаар захидал бичиж байгаа нь өөрийн дуу хоолойг хүргэж буй нэгэн хэлбэр юм.

Гэрийнхэнтэйгээ ярилцаарай. Гэрийн ажил бол хүйс харгалзах зүйл биш. Амьдарч байгаа орчноо хамтдаа л тухтай байлгахыг хичээх хэрэгтэй. Энэ талаараа ээждээ эвтэйхнээр ойлгуулж хэлэхийг хичээгээрэй. Мөн ахтайгаа ярилцаад гэрийн ажлаа хувааж авах боломжтой юу? Мөн зөвхөн би л хийдэг гээд уурлаад байх юм бол эсрэг талын харилцагч зөвөөр хүлээж авахгүй тул яаж хэлбэл энэ хүн хүлээж авах вэ гэж бодож байгаад ярьж байгаарай.

Нийгмийн тогтсон хандлага заримдаа хүний эрхтэй холбогдож байдаг. Хувцаснаасаа болж аюулгүй байх эрхээ хэн нэгнээр боолгох нь зөв биш. Энэ асуудалд ч мөн адил чимээгүй өнгөрөх биш өөрийн эрхийг хамгаалж үг хэлэх хэрэгтэй болдог. Дуугүй өнгөрөх тусам энэ байдал хэвийн юм шиг л байсаар л байх болно. Дуугарч байж нийгэм урагшилдаг. Өөрийн үзэл бодлыг хэлэхээс битгий айгаарай. Хэрвээ шаардлага тавиад ч өөрчлөгдөхгүй бол дараагийн шатны хүмүүст хэлж болно шүү дээ (багш, эцэг эх гэх мэт). Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Гурван удаа үр хөндөлт хийлгэсэн

Сайн байна уу? Би 21 настай, эмэгтэй. Оюутан. Би үхэхэд ч багадсан гэм хийсэн. Би гурван удаа үр хөндөлт хийлгэсэн. Үүнийг нөхөр бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй. Хэзээ ч өөр хүнд ярьж байгаагүй. Одоо ч гэсэн хэлэхэд хэцүү байна. Хэлж ярихгүй, дотроо буглаад байхаар маш хэцүү байна. Сүүлийн үед бусад охид, хөвгүүд шиг аз жаргалтай байхаа больсон. Байнга л энэ асуудлаа бодож, сэтгэлээр унаж, орой бүр уйлж, хаашаа ч юм алга болмоор санагдах болсон. Үрийн заяа гомдсон байх. Хэзээ нэгэн цагт үйлийн үрээ заавал эдэлнэ дээ гэж бодохоос аймшигтай санагдаж байна. Болдогсон бол тэр үед гаргасан буруу шийдвэр, алдаагаа засмаар байна. Гэвч нэгэнт өнгөрсөн цаг хугацааг яаж ч чадахгүй болохоор өөрийгөө зүхэж хараахаас цаашгүй, юу ч хийж чадахгүйдээ үнэхээр дургүй хүрч байна. Тэр тэнэг шийдвэрийг гаргахад айдас маш их нөлөөлсөн.

Өнгөрсөн намайг одоод авчирсан болохоор өнгөрснийг үгүйсгэхгүйгээр одооноос зөв алхам хиймээр байна. Одоо бол бусад шиг тоглож наадах, зугаалж цэнгэх, цагийг хий өнгөрөөхийг хүсэхгүй байна. Цагийг хий дэмий үрнэ гэж бодохоор дотор бачуураад аймшигтай уур хүрэх юм. Зүгээр л өөрийгөө хөгжүүлмээр байна. Амьдралд утга учир хэрэгтэй байна. Яг одоогоор ямар ч амжилт, эд хөрөнгө миний сэтгэлийг дүүргэж чадахгүй гэдгийг ойлгосон.

Юунд дуртай, юу хүсэж байгаагаа ч ойлгохгүй байх юм. Би тамирчин л даа...Урьд нь том амжилт гаргана гэж зорьдог байлаа. Одоо бол тэр амжилт миний сэтгэлийг дүүргэж, намайг амар тайван болгож чадахгүй болохоор зүгээр л зорилгогүй урсаж явна. Би спортод дуртай. Энэ зүйл намайг дотор байгаа зүйлээ түр мартахад тусалж чаддаг. Миний нэрийн хуудас. Би яавал амар амгалан болох вэ? Одоо өөрийнхөө хийсэн буруу шийдвэрийг бусдад тусламж, тус дэм болж чадахуйцаар ашиглаж болох болов уу? Улам л дотогшоо болж хүнтэй юм ярихаас ч цааргалж байна. Бас өөрийн гэсэн толгойгүй юм шиг л буруу гэдгийг нь мэдээд байгаа мөртлөө бусдын үгээр яваад байх юм. Бусдаас хамааралгүй, айдасгүй болмоор байна. Өөрийн алдаагаараа дамжуулж бусдад туслах боломж байгаа болов уу? Надад туслаач...

ЗӨВЛӨГӨӨ: Сөрөг зүйлийг хүлээн зөвшөөрөх нь эерэг зан үйлийг бий болгоход тусалдаг

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Тухайн шийдвэрийг гаргахад олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Чи өөрийгөө их адалж, сэтгэлийн зовиур ихтэй байгаа юм байна. Сэтгэл санаа тухгүй, сэтгэлийн шаналал их үед бид өөрсдийгөө сатааруулах гэж оролддог. Завгүй байх гэж хичээдэг. Хичээгээд байгаа хэрнээ сэтгэлийн зовнилоос салж чаддаггүй. Учир нь энэ бол түр зуурын шийдэл. Ухамсартайгаар одоо эерэг бай, өөрийгөө хөгжүүл гэж хэлсэн ч бидний сэтгэлийн зовиур нь ухамсаргүй түвшингөөс ил гарч ирсээр байдаг. Ийм учраас өөрт төрж байгаа мэдрэмжээс зугтаах биш нүүр тулж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ухамсаргүй дэх мэдрэмжтэй бид нүүр тулж байж даван туулдаг. Үүнд хугацаа хэрэгтэй. Сөрөг зүйлийг хүлээн зөвшөөрөх нь эргүүлээд эерэг зан үйлийг бий болгоход тусалж өгч байдаг.

“Хэлж ярихгүй, дотроо буглаад байхаар маш хэцүү байна” гэж өөрөө захиан дээр дурдсан байна шүү дээ. Энэ өөрт чинь тусламж хэрэгтэй болсны дохио юм. Удаан хугацаанд өөрийн мэдрэмжээ гадагшлуулахгүй байх нь эрүүлээр сэтгэх болоод нийгмийн хүрээллээс зугтахад хүргэж байдаг. Тиймээс өөрийн мэдрэмжийг хэн нэгэнтэй хуваалцах мөн мэргэжлийн сэтгэл зүйч дээр очиж уулзахыг зөвлөж байна. Сөрөг сэтгэл хөдлөл ихтэй үед бид өөрсдийгөө удирдан чиглүүлэхэд хэцүү болдог. Энэ үед хөндлөнгөөс биднийг удирдан чиглүүлэх хүн хэрэгтэй байдаг юм. Өөрийн асуудлаас болж ичиж санаа зовоод мэргэжлийн тусламж авахгүй зугтааж магадгүй. Гэхдээ энд санаа зовох зүйл байхгүй юм шүү.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Бие биендээ сайн гэж бодсон хүнээсээ ийм үг сонсоход...

Сайн байна уу? Би 15 настай. Өмнө нь нэг бандитай үерхэж байгаад салаад буцаад нийлсэн юм л даа. Үнэхээр бие биедээ сайн гэж бодолцоод нийлсэн юм. Эхлээд гоё байсан. Өнжөөд уулзаад л дурсамж бүтээлцсэн. Сүүлрүүгээ би завгүй болж ер нь л уулзахаасаа илүү чаталдаг болсон. Тийм ч нандин биш юм шиг санагддаг. Бусад хөвгүүд найз охиноо халамжлаад л хайртайгаа хэлээд байдаг. Харин бид хоёр хосууд шиг биш юм шиг. Тэгээд өдөр ирэх тусам хөндийрөөд байгаа юм шиг санагддаг боллоо. Тэгээд би “завсарлага авъя” гэж хэлээд хэд хоног харьцаагүй. Миний хувьд тархи амраад, нэг л тийм шаналах ч юм уу тэр хүнийг мартчихсан юм шиг болчихсон байсан.

Өөрийгөө олох гэж хичээж, эрт унтаж, эрт босоод ном уншиж, подкаст сонсоод амьдралын зөв хэв маягтай болж байлаа. Би шилжиж байгаа юм л даа. Мэргэжлээ сонгосон, шинэ сургуульд шинэ амьдрал үүсгэж өөрийнхөө сайн талуудыг илүү хөгжүүлнэ хэмээн төлөвлөсөн байлаа. Мэдээж ганцаараа. Завсарлага авсан хүний сторид миний орсон сургуулийн элсэлтэд бүртгүүлсэн баримтаа скрийншотоор оруулчихсан байлаа. Тэр үед надад маш хэцүү, дотор пал гээд л явчихсан. Тэр хүнээс холдмоор санагдсан болохоор намайг нэг тийм шантаачлах гээд, боогдуулах гээд байгаа ч юм шиг. Дахиж харахыг үнэхээр хүсэхгүй байна. Тэр үедээ би яг яагаад дургүй хүлээж авав даа гэж бодох шиг. Шууд л өөрөөс нь “яагаад намайг дагаад байгаа юм” гэсэн чинь л хэрүүлийн чанартай дайраад байсан. Сүүлрүүгээ “би чамайг дагаагүй энэ сургууль руу шилжиж байгааг чинь мартчихаж чамайг дагаж би доошоо орж яах юм бэ” гээд л. Яг үнэндээ би тэрэнд шилжих тухайгаа зөндөө хэлдэг байсан. Нээх хүлээж авахгүй сэдвээ солиод л ярьдаг. Үнэхээр халамжлуулдаггүй болохоор л тэгдэг байсан байх даа. Нэг мөсөн намайг мартчихгүй дээ гээд л миний хоолой зангираад шууд л нулимс урсаад явчихсан. Миний сэтгэл хөрсөн ч гэлээ түүнд байсан юмсан. Харин намайг гэх шохоорхол түүнд байгаагүй бололтой. Тэгээд миний уур маш их хүрсэн. Хангалттай доромжлууллаа гэсэн үүднээс өөрийнх нь ч сул талыг хэлж орхитол “чадваргүй, боогдмол, юундаа уйлдаг юм харин ч би чиний өрсөлдөгч болж байгаад баярла” гээд л.

Голдоо ортол гомдсон. Амьсгалж ч чадахгүй. Тэр намайг шууд л буруутан болгосон. Гэхдээ яг юуны буруутан болсноо ойлгосонгүй. Өөрөө яагаад орсон юм гэхээр “би ч бас мөрөөдлийнхөө дагуу явж байна. Сонгосон мэргэжлүүдээрээ ирээдүйд хэн нь илүү оргилд хүрч, хэн нь аз жаргалтай баян болохоо үзье” гэсэн. Өрсөлдье гээд л. Хэл ам нь дийлдэхгүй хэрэлдэх гээд байж ядаад байсан. Би уйлсаар л. Ер нь би мэргэжлээ энэ хүүхэдтэй өрсөлдөх гэж биш, зиндаа хамаарахгүй мөрөөдөж зорьж яваа хүүхэд. Гэтэл намайг ингээд доромжлоод, өрөвдөөд л... Бүр бие биедээ сайн гэж бодсон хүнээсээ ийм их урам хугалахаар үг сонсох үнэхээр таатай зүйл биш.

Тэр сургуульд ороод шинэ хүрээлэл, шинэ амьдрал, шинэ характер, шинэ түүх бүтээмээр байхад энэ хүүхэд өөр хүмүүст очоод миний сул талыг, намайг өмнө нь тийм ааштай байсан гээд надаас өшөө ч юм уу тиймэрхүү юм авах гээд шалаад байвал яана аа... Маш их айж байна. Би тухтай сэтгэл зүйгээр тайван амгалан сурч боловсормоор байна. Нэг л таатай биш, хүчирхийлэлд автсан ч юм шиг хачин байна. Туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Харилцааны асуудлыг харилцаагаар л шийдэх боломжтой

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Сэтгэл санаа чинь тэр л хүнээс болж өөрчлөгдөх гээд байгаа юм шиг санагдаад байна уу? Энэ нь бодлын алдаа байж болох юм. Чи шинэ сургууль руу шилжих сонголттой байгаа шиг мөн тэр хүн ч ялгаагүй. Чи л өөрийгөө бусдад зөвөөр илэрхийлж ойлгуулж байвал өөрийгөө хөгжүүлж, шинэ танил нөхөдтэй болж чадна. Тэр хүн байсан ч өөрийн бодож байсан зүйлсээ хэрэгжүүлж чадна. Өөрөө өөртөө хэтрүүлэн бодолт битгий үүсгээрэй.

Өсвөр насанд өөрсдийн мэдрэмжийг зөвөөр илэрхийлж сураагүй байдаг. Өөрийн мэдэлгүй хурц, аймшигтай үгүүдээр сэтгэл хөдлөлөө гаргадаг. Өөрийн сэтгэл хөдлөлийг зөвөөр илэрхийлж чадаагүйгээс болж харилцааг илүү дордуулдаг. Чи болоод нөгөө харилцагч чинь сэтгэл хөдлөлөө зөвөөр гаргаж чадаагүйгээс болж бие биендээ буруугаар ойлгогдсон болов уу? Хэрэв үнэхээр нэг сургуульд сурахаар болоод бие биентэйгээ ойлголцохгүй, дайсагнасан хэвээр байгаад байх юм бол яах вэ? Харилцааны асуудлыг харилцаагаар л шийдэх боломжтой. Нүүр нүүрээ харж уулзаж чадах уу? Нэг сургуульд хамт байхаас хойш хоёр талдаа бие биендээ зөв хандмаар байна гэдгээ ойлгуулахыг хичээгээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Шинэ аккаунт ч нээж чаддаггүй гэж доромжилсон

Сайн байна уу? Би 12 настай. Би англи хэлэндээ сайн болохыг хүсдэг. Гэхдээ нэг найз маань намайг шинэ аккаунт ч нээж чаддаггүй гэж доромжилсон. Бүр өөрийнхөө үеэлд намайг англиар буруу дуудлагатайгаар уншдаг гэж хүртэл хэлсэн байсан. Би сайжирч чадна. Найзтайгаа, үеэлүүдтэй нь хамт англи хэлэнд явмааргүй байна. Тэд нар бүгдээрээ надад дургүй. Мөн би бараг хувцасгүй. Ээж маань надад хувцас авч өгдөггүй. Намайг олон хувцастай гэж боддог. Бусад хүүхдүүд шиг янз янзын сургалтад сурч гоё гоё хувцас өмсмөөр байвч намайг огт тоодоггүй. Найзуудын маань ээж аав тэдэнтэй үргэлж нээлттэй ярилцдаг. Манай аав ээж хэзээ ч тэгэж байгаагүй. Надад туслаач. Би ээж аавтайгаа ярилцмаар байна. Би найзууддаа гадуурхуулмааргүй байна. Яах хэрэгтэй вэ?

Найзтайгаа ярилцахыг хүсдэг ч их юм ярьдаг гээд намайг mute хийчихдэг. Манай найз өөрийгөө хөөрхөн, ухаантай гэж боддог. Хүн бүр л өөрийгөө хөөрхөн, ухаантай гэж бодно биз дээ. Гэхдээ сүүлийн үед найз маань намайг гоочилж байнга наалдаад байна гэдэг боллоо. Би ч гэсэн өөрийгөө хөөрхөн, ухаантай гэж боддог байсан ч хүн бүр зөвхөн найзыг маань тэгж хэлэх тоолонд би өөрийгөө хэн ч биш, юу ч бодож чадахгүй, царай муутай гэж бодох боллоо. Хүн болгон тэрэнд сайн ханддаг. Бүх хөвгүүд сайн гээд гүйдэг. Тэр гурван ч удаа үерхсэн. Найз маань олимпиадын бэлтгэлд сууж бид нараас илүү хичээл үздэг. Олимпиадад явж, олон медаль авдаг. Англи хэлэндээ хүртэл илүү. Учир нь ээж, эгч нар нь англи хэлний багш нар. Бүх хичээл дээрээ илүү байдаг. Би ч найзтайгаа адилхан бусдад хүндлүүлмээр байна? Тэр намайг ойлгож байгаагүй гэж боддог. Ойлгосон гэж хэлчхээд дахиад бичсэн бол уучлаарай. Надад байнга хүнд асуудлууд тулгараад байна.

ЗӨВЛӨГӨӨ: Нэг дор хэт их юм хүсэх нь хүнийг зовоохоос цаашгүй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Бусад руу биш өөр лүүгээ чиглээрэй. Өөрийн үнэлэмж нь бодит чи болоод төсөөллийн чи хоёрын харьцаанаас хамаардаг. Хэрвээ чиний төсөөллийн дүр чиний бодит байдлаас хол байвал тэр хэрээр өөрийн үнэлэмж буурна гэсэн үг. Чи төсөөлөлдөө бол бүх хичээлдээ сайн, англи хэлдээ сайн, хөвгүүд чиний араас гүйдэг, олон найз нөхдөөр хүрээлүүлдэг байхыг хүсдэг бололтой. Тэгвэл яах вэ? Төсөөлөхөө боль гэж үү? Үгүй. Бага багаар л хүсэж төсөөлөөрэй. Эхлээд зөвхөн англи хэлэндээ төвлөрч болно. Дараа нь бусад хичээл, дараа нь найз нөхөд гэх мэт. Нэг дор хэт их юм хүсэх хүнийг зовоохоос цаашгүй. Хоёрдугаарт, найз нь англи хэлдээ сайн байх, хөвгүүд түүнд сайн байх нь түүний буруу биш, бас чиний асуудал биш. Одоогоор чи хэт их түүнд төвлөрөөд, бас түүнээс хамааралтай болжээ. Найзынхаа амжилтад чин сэтгэлээсээ баярлаад өөрийнхөө амьдралд л төвлөрөөрэй. Чи өөрийгөө үнэлж хайрлахгүй бол хэн ч чамайг хайрлахгүй байж мэднэ. Өөртөө сайн сайхан үгс хэлж, байгаадаа талархаж байвал эерэг хандлагатай байна гэсэн үг. Эерэг хандлагатай хүнд хүн бүр дуртай байдаг. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Би солонгос дуучин болох хүсэлтэй

Сайн байна уу? Би өмнө нь танай сайтад захидал бичиж байсан. Би 12 настай, Эмэгтэй. Миний мөрөөдөл, хүсдэг мэргэжил бол Солонгос дуучин (kpop idol) болох. Тиймдээ ч би шалгаруулалтад оролцож үзэх гэж байгаа. Тэгэхээр мэдээж эцэг эхийн зөвшөөрөл, дэмжлэг хэрэг болно.

Би эцэггүй өссөн бөгөөд айлын бага охин. Би дээрээ нэг эгчтэй. Тэр эгч маань 9-р ангиасаа "Шинэ эхлэл" гэдэг төлбөргүй хэрнээ сайн сургуульд тэнцээд 4 жилийн турш Америкт сурсан. Тэгээд ээж маань эгчээр их бахархаж, байнга магтдаг. Тэгээд ээж маань намайг мөн л адил эгчийн адилаар гадаадад сургамаар байгаа юм байна лээ. Ууг нь ч надад гадаадад сурах сонирхол байхгүй л дээ. Тэгээд мөрөөдлийнхөө талаар ээжтэйгээ гурван ч удаа ярилцах гэж оролдсон. Эхний хоёр нь бол ямар ч үр дүнгүй болсон. Тэгээд сүүлийн ярилцлага дээрээ арай илүү ярилцсан ч намайг дэмжээгүй.

Намайг тоо эсвэл англи хэлээр явуулах гээд байдаг. Би тэр төрлийн хичээлдээ дажгүй сайн ч гэсэн миний сонирхол биш. Ер нь бол би ээжтэйгээ нээх илэн далангүй ярилцдаг хүн бол биш. Дотно байхыг хичээдэг ч намайг хайхардаггүй. Би яг яах ёстой вэ? Найзуудтайгаа ярилцъя гэхээр намайг огтхон ч тоохгүй, шал өөр утгатай юм яриад эсвэл "Чи солгой биз дээ тийм байж дуучин болно гэдэг утгагүй хэрэг" , "Чи наад мөрөөдлөө хаясан нь дээр байхаа", "Чи наадахаа хэдэн удаа давтаж ярих гээд байгаа юм бэ?", "Дуучин болох чамд зохихгүй ээ оронд нь багш ч юм уу болсон нь дээр" гэх мэтээр зүрх шархлам үгс хэлдэг. Хэдий тэд нар миний сайн найзууд гэж ярьдаг ч яг цагаа тулахаар бүгд л урвагч нар байдаг. Би үнэхээр мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж байна. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Чи өөрөө хичээхэд л болно

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд мөрөөдлийн эзэн нь санаачлах, мөрөөдөлдөө хүрэх төлөвлөгөө боловсруулах, ямар нэг үйлдэл хийх зэргээр өөрөө л бодож, оролдох хэрэгтэй. Чиний хувьд мөрөөдөлдөө хүрэх анхны алхмаа хийх гэж байгаа гэж ойлголоо.

Шалгаруултад оролцох гэж байгаа чинь тун сайн хэрэг. Тууштай, үнэнч байж, мөрөөдлөө биелэх боломжийг олгох хүн бол зөвхөн чи өөрөө. Тиймээс найз нөхөд, гэр бүлийнхнээсээ сайхан үг сонсох гэж хүлээлгүй, чамайг ойлгохыг хүсэлгүй чи өөрөө хичээхэд л болно. Чиний хувьд өөрийн шүтэн биширдэг солонгос дуучнаасаа суралцаж болно шүү дээ. Түүнийг амжилтад хүргэхэд юу нөлөөлөв гэх мэт түүний намтар зэргийг судлаад үзээрэй. Шалгаруулалтад орсны дараа үнэхээр энэ чиний карьер мөн үү гэдэг нь илүү тодорхой болох байх. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Мядагдэлгэр


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter