Г.Отгонцэцэг: Цахим хаягаа байнга шалгах нь бодит амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаагийн илрэл


О.Хандмаа | YOLO.MN
2020-06-19

“Би яг тань шиг л болох гэж амьдарч байна”... Нялуун хэрнээ гашуун сонсогдох эл өгүүлбэрийг олон мянган дагагчтай инстаграммын од бүсгүй сторидоо хийж, БАЯРЛАЛАА хэмээн бичсэн байх нь тэр. Хэн үүнийг бичиж илгээв гэтэл арав гаруй настай гэмээр өсвөр насны охин байлаа. Тэр яагаад хэн нэгний амьдралыг дуурайж, яг адилхан замналаар явахыг хүсэв. Энэ нь хэр утга учиртай зүйл вэ. Эргэцүүлээд үзвэл тэр жаахан охины тахин шүтээд буй инстаграмын од бүсгүйн нийтэлдэг зураг, эдэлж хэрэглэж буй зүйлс, машин, гоёмсог брэнд хувцасны цуглуулга нь түүний харааг булааж хайрыг татсан гэлтэй...

Бид өсвөр насныхны онцлог, түүнд цахим ертөнц хэрхэн нөлөөлж буй талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн Зөвлөгөөний албаны сэтгэл судлаач Г.Отгонцэцэгтэй ярилцлаа.


YOLOӨөрийгөө байнга бусадтай харьцуулах нь сэтгэлзүйн эмгэг мөн үү. Өсвөр насны хүүхдүүд өөрийгөө сэтгэлзүйн өөрчлөлтөд орж буйг хэрхэн анзаарч мэдэх боломжтой бол?

- Үүнийг шууд эмгэг гэж тодорхойлох боломжгүй. Өөрийгөө байнга бусадтай харьцуулах нь өөртөө итгэлгүй, өөрийгөө илэрхийлэх тодорхойлолт нь тогтворгүй байгаатай холбоотой юм. Мөн өсвөр насны хүүхдийн нэг онцлог нь “Би хэн бэ?” гэдгээ олох буюу өөрийгөө таньж мэдэх, өөрийн гэсэн үзэл бодолтой болох, дуртай, дургүй зүйлээ мэдэх, давуу болон сул талаа ойлгох юм. Өөрийгөө олох аялал буюу бие хүн болж төлөвших шатандаа явж буй учраас бусдыг даган дуурайх, бусдад байгаа зүйл надад ч бас байх ёстой мэтээр хандах тал бий.

YOLOӨсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлогийн талаар манай уншигчидтай хуваалцаач. Эцэг эхчүүд, гэр бүлийнхэн нь тэдэнтэй хэрхэн харилцах нь зүйтэй бол?

- Өсвөр насныхан үе тэнгийнхэндээ хүлээн зөвшөөрөгдөх, хүндлэгдэх буюу тэдэнд найз нөхдийн хүрээлэл хамгийн чухал байдаг. Нөгөөтээгүүр сэтгэл зүйн хувьд тогтворгүй, бусдыг даган дуурайх, эрсдэлтэй шийдвэр гаргах зэрэг сул талууд ч бий. Мөн гэр бүлийн орчинд өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн “намайг хүндлээсэй, миний үзэл бодлыг сонсдог, намайг ойлгохгүй юмаа гэхэд ядаж ойлгохыг хичээдэг, намайг бусадтай харьцуулдаггүй, намайг гомдоосон бол надаас уучлалт гуйдаг, миний хувийн орон зайг хүндэлдэг байгаасай” гэж аав, ээж, асран хамгаалагч, гэр бүлийн гишүүдээсээ хүсдэг. Тиймээс та өсвөр насны хүүхэдтэйгээ аливаа зүйлийг хуваалцаж, ярилцахыг хүсэж байгаа үед нь тэвчээртэй сонсож, шүүмжлэн загнахгүйгээр, ойлгохыг хичээгээрэй. Мэдээж дараа нь сэтгэл зүйн хувьд тайван болсон үед нь зөв чиглүүлэг өгөх нь зүйтэй. Мөн ихэнх өсвөр насны хүүхдүүд өөрийг нь бусад хүүхдүүдтэй харьцуулах үед “намайг үнэлэхгүй байна” гэсэн мэдрэмж авдаг бөгөөд энэ нь хүүхдийн өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлдөг.


YOLOЗарим хүмүүс инстаграмдаа үргэлж сайхан зураг нийтэлж, тансаг газраар өдрийг өнгөрөөж буй стори хийдэг байдал нь өсвөр үеийнхний анхаарлыг татдаг байх гэж боддог. Гэтэл байнга сайхан харагддаг одууд ч ардаа амьдралтай, бусадтай л адил хүнд үеийг даван туулдаг шүү дээ. Үүнийг өсвөр үеийнхэнд хэрхэн ойлгуулах хэрэгтэй юм бол?

- Өсвөр насны хүүхдүүдийн хувьд бие хүн болж төлөвших шатандаа явж байгаа учраас бусдыг даган дуурайх хандлагатай байдаг. Олны танил хүмүүс инстаграмдаа ихэвчлэн сайн, сайхан байгаагаа харуулдаг. Үүнийг буруутгахгүй ч нөгөө талаасаа хүүхдүүдэд “би яг ингэж амьдрах юмсан” гэсэн сэдэл өгдөг. Мөн дутуугийн мэдрэмж авч, атаархах, өөртөө итгэлгүй болох эсвэл бусдад байгаатай адил эд зүйлийг олж авахын тулд юу ч хийхээс буцахгүйд хүрэх тохиолдол ч байна. Тиймээс олон дагагчидтай олны танил хүмүүс юуг харуулах, юуг харуулахгүй байх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. 

YOLOӨдөр бүр өдрийн тэмдэглэл бичиж буй юм шиг фэйсбүүк, инстаграмдаа зураг, бичлэг, стори оруулах нь дэлгэцэд донтож буй нэг хэлбэр мөн үү?

- Шууд нийтэлж буй зүйлүүдийнх нь давтамжаас шалтгаалан тухайн хүнийг сэтгэцийн өөрчлөлтөд орж буй эсэхийг тодорхойлох боломжгүй. Фэйсбүүк, инстаграмдаа байнга зураг, стори оруулах нь тухайн хүнд таатай санагддаг хобби ч байж болно. Харин нийтэлж буй зүйлсдээ хэт их ач холбогдол өгч стрессдэж, хэдэн хүн лайк дарсан бол, хүмүүс сэтгэгдэл бичсэн болов уу гэх мэтээр цахим хаягаа байнга шалгах нь бодит амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаагийн илрэл хэмээн үзэж болох юм. Өөрөөр хэлбэл бодит амьдрал дээр авч чадахгүй байгаа дутуу мэдрэмжээ нөхөх оролдлого гэж тайлбарлаж болно.


YOLOОлны танил, хэдэн зуун мянган дагагчтай одуудын фэйсбүүк, инстаграмын сторийг төдий хэмжээний олон хүн үздэг. Олон хүнд хүрч, нөлөөлж чаддаг хүмүүсийг сошиал инфлюнсер гэж нэрлээд байх шиг. Тэд өөрсдийг нь үзэж буй өсвөр насныханд зориулж үг, үйлдэл харуулж буй зүйлсдээ хэрхэн анхаарал хандуулбал зохилтой бол?

- Таны инстаграмм, фэйсбүүкт оруулж буй зураг, стори хүүхдүүдэд яаж нөлөөлөх вэ гэдгийг анхаардаг байя гэж уриалмаар санагддаг. Олон дагагчидтай олны танил хүмүүс ч гэсэн ардаа амьдралтай, бусадтай л адил хүнд үеийг даван туулдаг. Үргэлж тансаг сайхан зүйлс, аз жаргалаа хуваалцах бус хааяа ч гэсэн бодит амьдралд тулгардаг асуудал, үзэл бодлынхоо тухай хуваалцдаг байвал зүгээр юм. Инстаграмм, фэйсбүүкээр хүмүүс яаж амархан мөнгө олох вэ, яаж амжилтад хүрэх вэ? гэх мэт өөрсдийн туршлагаа хуваалцаж залуусыг уриалж байгаа харагддаг. Нэг талаас сэдэл өгч буй хэрэг. Гэтэл нөгөө талдаа энэ зүйлийг хүсээд ч үнэхээр боломж нь байхгүй хүүхдүүд олон байгаа шүү дээ. Заавал бусдыг даган дуурайж хэн нэгэнтэй адилхан амжилтад хүрэх ёстой биш. Хамгийн чухал нь сэтгэл тайван байх явдал юм.


YOLOТа өөрийгөө үргэлж бусадтай харьцуулдаг хүмүүст зөвлөгөө өгөөч. Энэ төрлийн дадал зуршлын сөрөг нөлөө ямар байдлаар илэрч болох вэ?

- Өөрийгөө байнга бусадтай харьцуулах нь өөртөө итгэлгүй болох, өөрийн үнэлэмж буурах, санаа зовомтгой, түгшүүртэй болох зэрэг олон талын сөрөг нөлөөтэй. Мөн өөрийн бие хүний тодорхойлолт тогтворгүй үед өөрийгөө бусадтай харьцуулах хандлагатай байдаг. Тиймээс эхлээд

  • Би хэн бэ?
  • Миний давуу болон сул тал юу вэ?
  • Би хүмүүст ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
  • Би юунд дуртай вэ?
  • Би юунд дургүй вэ? гэх мэт өөрөөсөө болон ойр дотнын хүмүүсээсээ асууж өөрийгөө таньж мэдэхийг хичээгээрэй. Үүний дараа өөрийн бодлоо анзаар. Та дандаа сөрөг зүйл бодож байна уу, үгүй юу гэдгийг анзаарах нь чухал.

YOLOСүүлийн үед ССҮТ-д хүмүүс ямар асуудлаар түлхүү хандаж байна вэ?

- Цар тахалтай холбоотойгоор ойрын үед сэтгэл гутралын шинж тэмдэгтэй хүмүүс ихээр хандаж байна. Сүүлийн үед залуусын сэтгэл зүйн боловсрол өндөр болж байгаа учир өөрийгөө ойлгох, өөрийгөө удирдах, стресс менежмент, уурын менежмент мөн нийгмийн харилцаандаа анхаарах үүднээс сэтгэл судлаачид хандах нь нэмэгдсэн.

YOLOЯрилцсанд баярлалаа.

- Баярлалаа.

#ССҮТ #Өсвөр нас #Цахим хэрэглээ