Кпопын эргэн тойронд: BTS хамтлаг тоглолтоо ОНЛАЙНААР хийнэ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-05-18

Кпоп хөгжим сонсогчдодоо зориулан өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон шинэ, сонирхолтой мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

BTS ХАМТЛАГ ОНЛАЙН ТОГЛОЛТ ХИЙНЭ

Тавдугаар сарын 14-ний өдөр Big Hit энтертайнментаас BTS хамтлаг шүтэн бишрэгчдэдээ зориулан “Bang Bang Con The Live” нэртэй онлайн тоглолт хийхээр болсныг мэдэгдлээ.

Тус тоглолт нь зургаадугаар сарын 14-нд Солонгос улсын цагаар 18:00 цагт эхлэх юм байна. Харин тоглолтын тасалбар ирэх сарын 1-ний өдрөөс цахимаар худалдаалагдах аж.

IU 10 САЯ ВОН ХАНДИВЛАЖЭЭ

Дуучин IU тавдугаар сарын 6-ны өдөр Солонгос улсын Куачонь хотын ард иргэдэд 10 сая вон хандивлажээ.

Тавдугаар сарын 14-ний өдөр Куачонь хотын захиргаанаас дуучин IU "COVID-19" цар тахлын улмаас тодорхой хэмжээний хохирол амссан, ар гэр нь асуудалтай байгаа айлуудад хандив өгсөн талаар мэдэгдсэн юм. 

Энэ нь түүний бусдад тусламжийн гараа сунган хандив өгч буй анхны тохиолдол биш билээ. Тэрээр энэ сарын эхээр “Ногоон шүхэр” хүүхдийн санд тодорхой хэмжээний мөнгө хандивласан бөгөөд үүний дараа Солонгос улсын Янпён мужид 10 сая вон хандивлажээ.

MINZY ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

2NE1 хамтлагийн гишүүн асан, дуучин Minzy “Lovely” нэртэй шинэ уран бүтээл гаргахаар болжээ. Энэхүү дуу нь тавдугаар сарын 24-ний өдөр өөрийнх нь албан ёсны Youtube сувагт байрших юм байна.

Тэрээр өнгөрсөн сард “Music Works” энтертайнменттай байгуулсан гэрээгээ цуцалсан билээ.

SS501 ХАМТЛАГ ДАХИН УРАН БҮТЭЭЛ ТУУРВИХ УУ?

Кпоп ертөнцийн хоёрдугаар үеийн шилдэг хамтлагуудын нэг болох SS501 хамтлаг дахин уран бүтээл гаргах өндөр магадлалтай байна.

Энэ оны эхээр БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус хамтлагийн гишүүд дахин нэгдэж шинэ уран бүтээл хийх талаарх мэдээллүүд цацагдсан. Тухайлбал:

- “Хамтлагийн гишүүд шинэ цомог болон клипнийхээ ажлын талаар ярилцсан. Гэсэн ч гишүүдийн ажлын цагийн хуваариас болоод хамтлаг дахин нэгдэж уран бүтээл туурвих асуудал түр хойшлогдсон байгаа” гэж мэдээлж байжээ.

Харин тавдугаар сарын 13-ны өдөр тус хамтлагийн гишүүн Heo Young Saeng-ийн харьяалагддаг энтертайнментаас дараах мэдэгдлийг хийсэн байна:

- “Бид энэ талаар ярилцаж байгаа учраас яг одоогоор ямар нэг тодорхой хариулт өгөх боломжгүй байна. Та бүхэнд сайхан мэдээ дуулгахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно”

TREASURE ХАМТЛАГ ДОЛДУГААР САРД ШИНЭ ЦОМОГ ГАРГАНА

YG энтертайнментийн хөвгүүдийн шинэхэн хамтлаг болох TREASURE хамтлаг долдугаар сард кпоп ертөнцөд хөл тавихаар болсон байна. Хамтлагийн хувьд YG энтертайнментийн “Treasure Box” хэмээх нэвтрүүлгээс төрөн гарсан бөгөөд албан ёсны уран бүтээл нь олны дунд багагүй хүлээлт үүсгээд байсан юм.

Харин YG энтертайнментийн зүгээс албан ёсны Youtube сувагтаа дараах бичлэгийг байршуулснаар тус хамтлагийн шинэ уран бүтээл долдугаар сард гарах нь батлагдлаа.

Мөн тус энтертайнментийн зүгээс:

- “BLACKPINK хамтлаг зургаадугаар сард шинэ цомгоо гаргасны дараа TREASURE хамтлаг долдугаар сард анхны албан ёсны уран бүтээлээ гаргана. Албан ёсны өдөр товлогдмогц шүтэн бишрэгчдэд нь дуулгах болно. Урт удаан хугацааны турш тэднийг хүлээсэн шүтэн бишрэгчдэд нь баярлалаа” хэмээн мэдэгджээ.

NCT 127 ХАМТЛАГ ХОЙД АМЕРИК ДАХЬ АЯЛАН ТОГЛОЛТОО ЦУЦАЛЖЭЭ

NCT 127 хамтлаг зургадугаар сарын 05-наас 21-ний өдрүүдэд Хойд Америкийн хотуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөөд байсан юм. Гэвч “COVID-19” цар тахлын улмаас тоглолтоо цуцлахаар болсон байна.

Тус хамтлагийн гишүүн Johnny хамтлагийнхаа Твиттер хуудсаар дамжуулан:

- “NCTzens! Бид одоогийн нөхцөл байдлаас болж Хойд Америк дахь аялан тоглолтоо цуцлахаар болсонд үнэхээр харамсаж байна. Биднийг харахыг хүссэн олон хүмүүс байгаа гэдгийг мэднэ ээ. Дараагийн удаад аялан тоглолтоо илүү гайхалтайгаар хийх болно. Та бүхэндээ үргэлж талархаж явдаг шүү! Эрүүл энх байгаарай. Хайртай шүү!” хэмээн жиргэсэн байна.

DAY6 ХАМТЛАГ ТҮР ХУГАЦААНД ЗАВСАРЛАГА АВНА

JYP энтертайнментийн зүгээс DAY6 хамтлаг завсарлага авч сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал хандуулахаар шийдсэн талаар мэдэгдэл хийжээ.

- “Сайн байцгаана уу? JYP энтертайнмент мэндчилж байна.

Юун түрүүнд DAY6 хамтлагийн эргэн ирэлтийн тухай таагүй мэдээ дуулгаж байгаадаа уучлалт хүсье. Саяхан тус хамтлагийн гишүүд нарийвчилсан үзлэгт хамрагдсан бөгөөд тэдний зарим нь түгшүүрийн эмгэгтэй гэдэг нь тогтоогдсон. Эмчийн зөвлөсний дагуу сайн амарч аль болох тайван байх ёстой. Тиймээс бидний зүгээс DAY6 хамтлагийн гишүүдтэй ярилцсаны үндсэн дээр шинэ цомгийнх нь сурталчилгааны ажлыг түр зогсоохоор шийдлээ.

Бид та бүхнээс шинэ цомгийн сурталчилгааны ажлыг зогсоосон явдлыг ойлгоосой хэмээн хүсэж байна. Агентлагийн зүгээс уран бүтээлчдийнхээ эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, орчин нөхцөлийг нь сайжруулахад анхаарч байна. Тэдний шинэ цомгийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Харин та бүхнээс DAY6 хамтлагийг бүрэн бүрэлдэхүүнээрээ эрч хүчтэйгээр эргэн ирэх хүртэл илүү их хайрлаж, дэмжиж өгөхийг хүсье!”

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд