TOPIK: Унших хэсгийг амжилттай гүйцэтгэхийн тулд...


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-04-07

"TOPIK-д бэлдэцгээе" цуврал зөвлөгөөний гурав дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Ингээд уг шалгалтын унших хэсгийг хэрхэн амжилттай гүйцэтгэх аргуудыг танилцуулъя.

Унших ур чадварыг шалгах хэсгийн бүтэц:

  • Хугацаа: 70 минут
  • Асуултын тоо: 50
  • Нийт оноо: 100 байна. 

Ингээд өгөгдсөн бичвэрийг дараах 3 аргаар уншина. Үүнд: 

1. Хүснэгт болон график мэдээллээс гол мэдээллээ олж авах
2. Гүйлгэн уншиж ерөнхий ойлголт авах
3. Өгүүлбэр нэг бүрчлэн уншиж ойлгох

Унших хэсэгт дараах төрлийн асуултууд ирнэ. Үүнд: 

1. Цогцолбор эсвэл өгүүлбэрийг уншаад гол санааг нь (эсвэл сэдэв) олох

2. Үг нөхөх (үйл үг, нэр үг, тэмдэг нэр, жинхэнэ нэр зэрэг ямар ч үсгийн аймгийн үгийг нөхөж болно)

3. Өгөгдсөн график болон хүснэгтэн мэдээллийг уншиж ЗӨВ/БУРУУ хариулт сонгох

4. Цогцолборыг уншаад тохирох үгийг нөхөж бичих

5. Өгүүлбэрийг зөв дараалалд оруулах

6. Цогцолборт шинэ өгүүлбэр нэмж бичихэд хамгийн тохиромжтой байрлалыг олох

7. Мэдээний гарчгийг уншаад тус мэдээний агуулгад тохирох хэсгийг олох.

Ингээд шалгалт өгөхөөр эргэлт буцалтгүй шийдсэн бол бэлдэхдээ дараах зүйлсийг анхаараарай. Үүнд: 

1. Өдөр бүр унш. Зөвхөн TOPIK-ийн шалгалтын материал бус ном, сонин, богино өгүүллэг зэргийг уншаарай. Мөн цахим орчинд БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс мэдээлэл авах, тус орны соёл, онцлогийн талаар судлах хэрэгтэй. Жишээ нь: Yonghap news, Naver, Nate зэрэг сайтууд хамгийн тохиромжтой.

2. Тэмдэглэл хий. Уншиж байгаа текстийнхээ хамгийн гол санааг тухайн бүрд нь тэмдэглээд явчихвал асуултын хариуг хайж цаг алдах шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл тэмдэглэлээ хараад л хялбархан санах боломжтой гэсэн үг.

3. Цогцолбор бүрийн зорилгыг тодорхойл. Тухайн цогцолбор нь тайлбарласан байна уу, асуудлыг шийдвэрлэсэн үү, аль эсвэл ятган үнэмшүүлсэн байна уу гэдгийг тодорхойлоорой.

4. Мэдэхгүй үгийнхээ утгыг тайлж сурах. Хэрвээ бичвэрийг унших явцад мэдэхгүй үг хэллэг гарч ирвэл өгүүлбэр болон цогцолборын утгаас хамааруулан таамаглаж сураарай. Зарим хүмүүс шалгалтын үеэр мэдэхгүй үг, хэллэгтэй таарахаараа илүү их сандрах, тийм үг санах гэж оролдоод цаг алддаг сул тал бий.

5. Хэрэв ямар нэг хүснэгт, график байвал эхлээд асуултыг нь уншиж сайтар ойлгосны дараа зурган мэдээлэлтэй танилцаарай.

Асуултууд нь амархнаас хэцүү рүү шилждэг бөгөөд хэцүү асуултад зөв хариулсан тохиолдолд илүү өндөр оноо авдаг гэдгийг анхаараарай.  

Дараах бичлэг дээр TOPIK-ийн унших шалгалтын жишиг даалгавар өгөгдсөн байна. Та бүхэн ажиллаад үзээрэй.

Эх сурвалж: Key to Korea

#TOPIK-д бэлдэцгээе #Боловсрол