ЗАХИДАЛ: Хоёрдугаар сарын захидлын хариу


ССҮТөв | YOLO.MN
2020-02-17

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Сайн болж болохгүй хүн гэж байдаг уу? 

Сайн байна уу? Юун түрүүнд нэг зүйлийг асуумаар санагдлаа. Сайн болж болохгүй хүн гэж байдаг уу? 
Манай ангид нэг охин шилжиж ирсэн юм. Анх түүнийг хараад хальт шохоорхоод л өнгөрсөн. Удалгүй ангиараа зугаалганд яваад түүнтэй харц тулгарснаас хойш түүнийг харах өнцөг маань өөрчлөгдсөн. Бид хоёр адилхан зүйлд сонирхолтой байсан учраас л түүнийг шинэ ангийнхаа хүүхэдтэй /надтай/ яриа эхлүүлэхэд хүргэсэн байх.

Харин би шал өөр зорилготой байсан. Би түүнд татагдчихсан байсан юм. Ингээд хэдэн долоо хоногийн турш "ижил сонирхол"-оо ашиглан түүнтэй харьцсан. Тэгээд нэг өдөр хүнтэй уулзах нэрийдлээр гэрийнх нь тийшээ цуг алхах шалтаг гаргаад гэрт нь хүргэж өгчихөөд сэтгэлээ илчилдэг утгатай дуу сонсгосон юм. Тэр өдрөөс хойш надтай харьцах харьцаа, харах харц нь шал өөр болчихсон. Шинэ жилээр тэр охинд бэлэг өгсөн чинь саяхан найзаар маань "Бэлгээ буцааж авах уу, хаячих уу?" гэж асуулгуулсан байсан. Би мартах гэж зөндөө л оролдлоо. Гэвч бодлоос минь гарахгүй байна. Туслаач?

ЗӨВЛӨГӨӨ: Сайн болох уу, үгүй юу гэдэг нь тухайн хүний мэдрэмжийн асуудал.

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд бэлэг өгч, дуу сонсгож сэтгэлээ илчлэх оролдлого хийсэн чинь сайн хэрэг. Эдгээр үйлдлүүд нь огт буруу зүйл биш бөгөөд хэн нэгэнд сайн болсноо нуулгүй илэрхийлж байгаа алхмууд юм. Чи түүнд үнэхээр сайн болсныг захианаас нь ойлголоо. 

Мэдээж мартахад тодорхой хугацаа хэрэгтэй. Мартах гэхээсээ илүү цаг хугацаа өнгөрөх тусам бидэнд тохиолдсон эерэг болон сөрөг зүйлүүд бидний ухамсаргүй буюу энгийнээр дурсамж, туршлагын хэсэг рүү орж байдаг. Тиймээс ч хүмүүс хоорондоо, найз нөхөд хоорондоо цаг хугацаа хэрэгтэй гэж зөвлөдөг байх.

Аливаа асуултын хариулт тодорхойгүй үед бид дараагийн алхамаа хийх үү, яах вэ гээд эргэлзэх хандлагатай байдаг. Хэрвээ чамд хэцүү байвал, эсвэл тэр охинтой дахин харилцахыг хүсэж байгаа бол албан ёсоор сэтгэлээ илчилж болох юм. Гэхдээ “тийм гэх байхдаа” гэх мэт өөртөө тодорхойгүй хүлээлт бүү үүсгээрэй. Харин тэр охин үгүй гэвэл түүний сонголтыг хүндлээрэй. Бид хэн нэгний өмнөөс шийдвэр гаргах боломжгүй шүү дээ. Мөн сайн болж болохгүй хүн гэж байдаг уу гэж асуусан байсан. Сайн болох уу, үгүй юу гэдэг тухайн хүний мэдрэмжийн асуудал болов уу?  

-Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А.Одонтуяа 

 

АСУУДАЛ: Сэтгэлээ яаж илчлэх вэ? 

Сайн байна уу? Намайг А гэдэг. Би 18 настай. Гадаадад сурдаг юм. Энд ирснээс хойш надад нэг залуу маш их таалагдаад байгаа юм. Тэр залуу Кавказ гаралтай, лалын шашинг хатуу баримталдаг нэгэн. Би түүнд сэтгэлээ илчилмээр байна. Гэвч яаж гэдгээ мэдэхгүй юм. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Түүний ёс заншлынх нь талаар сайтар судлаарай.

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе! Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Юуны түрүүнд харилцаа хоёр талын ойлголцол, зөвшилцөл дээр тулгуурлан амжилттай явагддаг гэдгийг санах нь зүйтэй. Үүний тулд хоёулаа бие биенээ хэрхэн зөв ойлголцож, үзэл бодол нийлж байгаа эсэхийг харах хэрэгтэй байдаг. Мөн чиний захианд “Тэр залуу лалын шашинг хатуу баримталдаг” гэж дурдсан байсан. Чи тухайн шашны талаар хэр зэрэг мэдээлэлтэй вэ, энэ талаар судалж үзэж байсан уу, тэр үзэл баримтлалтай нийлж зохицож чадах уу гэдгээ маш сайн тунгаан бодсоны дараагаар шийдвэрээ гаргах хэрэгтэй шүү.

Тэгэхийн тулд яагаад түүний талаар, шашин ёс заншлынх нь талаар судалж, бүр бичиж тэмдэглэж байгаад сэтгэлээ илчилж болохгүй гэж? Тийм ээ? Магадгүй чиний хүлээн зөвшөөрч чадахгүй зарим зүйлийг баримталдаг ч юм билүү, эсвэл бүр үерхэх үедээ тухайн шашиндаа итгэл үнэмшилтэй хүнд гаргаж болохгүй зан авир, үл ойлголцол гаргахаас сэргийлж байгаа хэрэг шүү дээ. Хамгийн сүүлд энэ бүгдийг мэдсэний дараагаар чиний сэтгэлээ илчлэх үү, үгүй юу гэдэг нь баттай болно гэдэгт итгэлтэй байна. Тиймд дээрх зүйлсийг судалж байгаад шийдвэрээ гаргаад сэтгэлээ илчилж болох юм. Гэхдээ “тийм гэх байхдаа” гэх мэт өөртөө тодорхойгүй хүлээлт бүү үүсгээрэй. Харин үгүй гэвэл түүний сонголтыг хүндлээрэй. Амжилт хүсье! 

-Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Т.Батзаяа 


АСУУДАЛ: Би ямар мэргэжилтэй болсон нь дээр вэ? 

Сайн байна уу? Намайг М гэдэг. Би төгсөх ангийн сурагч. Гэвч сүүлийн үед надаас "Цаашид ямар мэргэжлээр сурах вэ? Ямар мэргэжлээр ажиллах вэ? Яавал би амьдралаа илүү аз жаргалтайгаар өнгөрөөх бол?" гэсэн бодлууд салахаа болилоо. Яг үнэндээ би ирээдүйн мэргэжлээ хараахан сонгоогүй байгаа. Тийм болоод ч тэр үү, өөртөө итгэх итгэл алга. Үеийн найзууд маань бүгд л мэргэжлээ сонгоод түүнийхээ төлөө тууштай тэмцэж байгааг хараад өөртөө гутардаг. Хэн нэгэн надад "Ийм мэргэжил гоё" гэвэл " Нээрээ тийм ч юм уу?" гэж бодоод самгарддаг. Би яг яах ёстой вэ? Юу хийвэл дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Нийгэмд ямар хүн хэрэгтэй вэ гэдгийг сайтар эргэцүүлээрэй. 

Сайн байна уу? Захидал очих өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Мэргэжил сонголт бол амьдралдаа гаргах чухал шийдвэрүүдийн нэг билээ. Тиймээс ч айж сандран түгших нь мэдээжийн хэрэг. Харин бид аливаа асуудалд цаг гаргаснаар тэдгээр асуудлаа шийдэж эсвэл асуудлаа шийдэх тодорхой чиглэлтэй болдог. Мэргэжлээ сонгохдоо дараах чухал гурван асуултад хариулт хэрэгтэй. Үүнд: Чи юунд  дуртай вэ? буюу захианд дурдсанаар “Юу хийвэл аз жаргалтай байх вэ?” Чи юу чаддаг вэ? Нийгмийн эрэлт хэрэгцээ буюу нийгэмд ямар мэргэжилтэн хэрэгтэй байна вэ? 

Өөртөө тухтай орчноо бэлдээд уух дуртай халуун цайгаа аягалаад дээрх гурван асуултад хариулах цаг гаргаарай. Дэвтэртээ гурван асуултын дагуу хүснэгт зураад сонирхож буй мэргэжлүүдээ жагсаан бичээрэй. Үүний дараагаар гурван асуултынхаа дагуу мэргэжил бүр дээр хариулан бичээрэй. Эсвэл 1-10 хооронд оноогоор үнэлж болно. Бичсэн хүснэгтээсээ өндөр оноотой эсвэл эерэг сэтгэгдэл ихтэй байгаа мэргэжлээ гаргаж ирээрэй. Мэдээж энэ хүснэгтийг хийгээд л шууд мэргэжлээ сонгоно гэдэг хэцүү. Энэ хүснэгтийн зорилго нь чиний сонголтыг багасгах, мэргэжлээ сонгоход туслах юм.

Харин чиний хийх зүйл бол судалгаа. Сонгох гэж буй мэргэжлийнхээ давуу болон сул тал, ирээдүйд өсөх, хөгжих боломжтой эсэх, цалин, ажлын байр, ажлын ихэнх цагт юу хийдэг гэх мэт энэ мэргэжлээр ажиллавал ямар байх вэ гэдгийг судлах юм. Хамгийн хурдан арга нь тухайн мэргэжлээр ажиллаж байгаа мэргэжилтнээс мэдээлэл авах юм. Мөн интернетээс олон мэдээлэл олох боломжтой. Бид мэргэжлээ өөрийн ирээдүйн төлөө сонгодог боловч угтаа нийгэмдээ бид юу хийж өгөх вэ гэдэг иргэн хүний үүрэг байдаг. Тиймээс нийгэмдээ юу хийж бүтээмээр байна вэ гэдгээс мөн төлөвлөж болно. Эцэст нь аливаа асуудлыг бодох, тунгаах, эргэцүүлэх чанартай цаг гаргаж байгаарай. Амжилт хүсье! 

-Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг


АСУУДАЛ: Би хэтрүүлж бодоод байгаа юм болов уу? 

Сайн байна уу? Би 16 настай энгийн л хүүхэд. Аав минь архи уудаг. Харин ээж минь аавд уурласан уураа дүү бид нарт гаргадаг. Ээж тогтсон ажилтай учраас би л дүү нараа хол хол газраас очиж авдаг. Аав долоо хоногт заавал 1 уудаг. Уусан оройдоо ирээд агсам тавьдаг. Заримдаа уучлалт гуйж дахиж архи уухгүй гэсэн амлалт өгдөг ч амлалтдаа хүрдэггүй. Энэ бол миний амьдрал. "Бусад хүмүүс надаас илүү зовж байгаа болохоор би зүгээр л тэвчих хэрэгтэй. Одоо байгаа амьдралдаа таларх" гэж өөртөө өдөр бүр хэлдэг. Гэртээ тийм ч аз жаргалтай байдаггүй болохоор анги дээрээ илүү их инээж, аз жаргалтай байхыг хичээдэг. Яг үнэндээ хэцүү шөнийн давчихаад маргааш нь анги дээрээ инээж маягаар өдөр хоногийг өнгөрөөхөөс залхаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард маш их сэтгэл санаагаар унасан. Би зүгээр л хэтрүүлж бодоод байгаа юм болов уу? Та бүхний хэлсэн үг бүр надад үнэтэй тул хариу өгөөрэй. Баярлалаа. 

ЗӨВЛӨГӨӨ: Ээжтэйгээ ярилцахаас өмнө дүрэм тогтоогоорой.

Сайн байна уу? Захидал очих өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Чамд ямар хэцүү байгааг төсөөлж байна. Харин хэцүү байгаа талаараа ээжтэйгээ ярилцахыг оролдож байсан болов уу? Эсвэл хэн нэгэн насанд хүрсэн хүнд хэцүү байгаа тухайгаа хэлж байсан уу? Заримдаа бидэнд хэн нэгний тусламж хэрэгтэй байдаг шүү дээ. Түүнтэй адил зарим тохиолдолд бидэнд зүгээр л бүх зүйлээ ярих хүн хэрэгтэй байдаг. Чамайг сонсох хүн. Тиймээс ээжтэйгээ ярилцах гээд үзээрэй. Ярилцана гэдэг нь мэдээж шүүмжлэх эсвэл загнана гэсэн үг биш. Ямар ч харилцаа тодорхой дүрэм тохирсон үед амжилттай болдог. Тиймээс ээжтэйгээ ярилцахаас өмнө та хоёр дүрэм тохирч болно. Нэгнийхээ үгийг таслахгүй сонсоно, шүүмжлэхгүй, загнахгүй, харилцан хүндэлнэ гэх мэт өөрсдийн дүрмийг зохиогоорой. Эхний оролдлогоор амжилттай болдог зүйл маш ховор шүү дээ. Үүнийг бодолцож ээждээ боломж олгоорой. Амжилт хүсье! 

-Сэтгэл судлалын үндэсний төв 
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг


АСУУДАЛ: Хайртай бол эргэж ирнэ гээд хүлээх үү? 

Сайн байна уу? Би 22 настай, эрэгтэй. 4-р курсийн оюутан. 2 сарын өмнө сургуулийнхаа 2-р курсийн охиныг (надаас 3 дүү) надад сайн гэдгийг мэдээд дотно болж эхэлсэн. Өмнө нь дээд доод курсийн ах дүүгийн хувиар найз шиг дотно байсан ч сайн гэдгийг нь мэдээд улам дотно болсон. Бид хоёрт ижил төстэй талууд их байдаг. Дотно болж эхлээд бараг 2 долоо хоногийн дараа тэр охинд сайн болж эхэлсэн. Одоо бол үнэхээр их сайн. Бас тэр охины надад их сайн гэдэг нь түүний үйлдлээс л мэдэгддэг. Тэгээд арванхоёрдугаар сарын 15-наас үерхэж эхэлсэн. Саяны оюутны амралтаар буюу арванхоёрдугаар сарын 28-нд тэр охин хөдөө гэр лүүгээ яваад бид хоёр 1 сар уулзаагүй зөвхөн facebook messenger-ээр л харьцаж байгаа.

Гэвч сүүлийн 2 долоо хоног сэтгэл санаа нь муу байгаа. Тэрнээсээ болоод чатаар ч олигтой юм бичихээ больсон. 5, 6 хоногийн өмнө "Би таны хайранд биш өөрийнхөө хайрандаа эргэлзээд байна. Илүү дотно болж үерхлээ үргэлжлүүлэх үү, эсвэл үерхлээ дуусгах нь дээр үү? гэдгийг бодох хэрэгтэй байна. Бас өөр зүйлсийн талаар бодож бодлоо цэгцлэх хэрэгтэй байна" гэж хэлсэн. Тэр "өөр" зүйлсийнх нь талаар асуугаад хэрэггүй байх гээд асуугаагүй өнгөрсөн. 

Тэгээд хэдэн өдрийн өмнө "Би хэн нэгэнтэй сайхан харилцаатай байх сэтгэлийн тэнхээгүй юм байна. Уучлаарай, ингээд таныг түрүүлээд орхилоо" гэж чатаар бичсэн. Энэ үед миний зүрх зүсэгдэх шиг л болсон. Намайг зовоож, гомдоож байгаа болохоор ийм шийдвэрт хүрсэн гэсэн. "Би чамаас болж зовж байна, гомдож байна гэж бодож байгаагүй" гэж хэлсэн ч болохгүй байна.

Сэтгэл санаагаар унасан нь харин гэр бүлээсээ болсон гэсэн. Тэгээд "Би хэнтэй ч харьцмааргүй байна. Ганцаараа байх нь намайг илүү тайван болгож, юу ч мэдрүүлэхгүй, хоосон мэдрэмж төрүүлж байна. Би өөрөөсөө залхаж байна. Хэнээс ч юуг ч мэдрэхгүй байна. Надад шаналал, зовлон, уйтгар гуниг л мэдрэгдсээр байгаад дөжирчихсөн юм шиг байна" гээд миний хэлсэн үгийг ерөөсөө тоохгүй юм. 

Би сүүлийн 3 хоног "Чамаас болж зовж байгаагүй. Чи ингээд бусдын өмнө хана босгоод байвал ямар ч асуудал шийдэгдэхгүй" гэх мэт үгс хэлсэн ч ерөөсөө тоохгүй байна. Би өөр юу гэж хэлбэл энэ охин бодлоо өөрчилж над дээр буцаж ирэх юм бол?

Би энэ явдлыг тэвчиж чадахгүй хэд хэдэн удаа уйлсан. Уйлснаа энэ охинд хэлчихвэл байдлыг бүр дордуулчих байх гэж бодоод хэлээгүй. Одоо сэтгэл нэг л хоосон оргиод их хэцүү байна. Би энэ охинд үнэхээр их сайн. Ингээд алдахыг хүсэхгүй байна. Гэхдээ бас ингээд орхих ёстой ч юм шиг санагдаад байна. 
Би энэ охиныг алдахгүйн тулд яах ёстой вэ? Эсвэл зүгээр ингээд орхих ёстой юм болов уу? Хайртай бол эргээд ирнэ гэдэг үгэнд итгэх хэрэгтэй юм болов уу?

Миний өмнөх 9 дурлал маань зүгээр найзын харилцаанд байсаар байгаад дууссан. Ялангуяа 9 дэх дурлалаас хойш их шархалж хэнд ч сайн болохгүй гэж шийдэн хана босгочихсон байсан ч энэ охин надад дэндүү их сайн байсан болохоор итгэе гэж бодоод сэтгэлээ сул тавьж энэ охинд сайн болсон. Энэ үерхлээ алдмааргүй байна. Энэ охиныг алдах л юм бол би ахиж хэнийг ч хайрлахгүй өмнөхөөсөө ч том, бат бөх хана босгох юм шиг байна. Яавал хамгийн зөв сонголт болох вэ? Зүгээр ингэж орхиод өмнөх шигээ найзууд болох уу? Эсвэл хайртай бол эргээд ирнэ гээд хүлээх үү? Надад туслаач. Надад үнэхээр хэцүү байна. Одоо бүр зүрх өвдөөд байна. Шөнө болгон уйлж байна.

Энэ охин үнэхээр намайг мартахаар шийдчихсэн юм шиг байна. Яаж энийг нь болиулах вэ? Хэрвээ хайртай бол эргээд ирнэ гээд хүлээх болбол "Бүхнийг эхэлмээр байвал хэзээ ч хамаагүй хэлээрэй" гэж  хэлсэн нь зөв үү? буруу юу?
Бас найзтайгаа бичиг хэрэг орж байхдаа ил захидлын дугтуй хараад захиа бичдэг юм билүү гэж бодсон. Бичсэн нь дээр үү эсвэл хэрэггүй юу? Хэрвээ бичвэл юу гэж бичих вэ?

ХАРИУЛТ: Нэгнээ хайрласан сайхан хайр дурлал байдаг юм шүү.

Сайн байна уу? Захидал очих өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. "Захидалд хайртай бол эргэж ирнэ гээд хүлээх үү?" гэсэн өгүүлбэр олон давтагдсан байна. Үүнээс харахад итгээд хүлээгээд ирэхгүй бол яах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Тэр охинд  үнэхээр сайн гэдгийг захидлаас нь мөн мэдрэмжээ илэрхийлж буй байдлаас нь тодорхой харлаа. Гэхдээ ярилцахыг хичээгээд, тэр охинтой харилцаагаа авч үлдэхийг хангалттай хичээсэн боловч тэр охин хүсэхгүй байгаа тохиолдолд хүчлэх боломжгүй юм. Хайртай бол эргээд ирдэг гэдэг итгэл нь тодорхойгүй хүлээлт үүсгэх бөгөөд ирэхгүй бол та одоо гуниглаж байгаагаас илүү гуниглах магадлалтай. Тиймээс та тодорхой оролдлого хийгээд тэр охин үгүй гэсэн хэвээр байвал түүний сонголтыг хүндлээрэй. Учир нь бид хэн нэгний өмнөөс шийдвэр гаргах боломжгүй шүү дээ. Захидлаас харахад  та өмнөх туршлагууддаа яаж шаналсандаа илүү төвлөрөөд байх шиг санагдлаа. Үүний оронд тэр хүнтэй ямар гоё дурсамжтай байсан бэ? Танд ямар гоё мэдрэмж төрүүлсэн, танд юуг ойлгуулсан бэ? Танд юуг заасан бэ? гэдгийг эргэцүүлэн бодоод үзээрэй. Мэдээж бүгд таныг орхиж явахгүй. Бүтэлгүй дурлал байдаг ч нэгнээ хайрласан сайхан хайр дурлал байдаг юм шүү. Амжилт хүсье! 

-Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter