Эрэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх магадлал эмэгтэйчүүдээс 7 дахин бага


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2019-09-23

Туркийн Истанбул хотын нэгэн барилгын ханан дээр өнгөрсөн онд найз залуу болон нөхрийнхөө гарт амиа алдсан 440 эмэгтэйд зориулан 440 хос эмэгтэй хүний өндөр өсгийтийг байрлуулсан тухай мэдээ бичин суухдаа их гунигт автлаа. Дан ганц Турк ч гэлтгүй гэр бүлийн хүчирхийлэл гэх зүйл манай Монголд ч томоохон асуудал хэдийнэ болжээ.

XX зууны 90-ээд оноос Монголчуудын дунд гэр бүлийн хүчирхийлэл гэх нэр томъёо хэрэглэгдэх болсон. Энэ нь уг асуудал цоо шинэ бус харин гэр бүлийн хүчирхийллийг хувь хүмүүсийн хоорондын асуудал гэж ханддаг байсан нийгмийн сэтгэлгээ өөрчлөгдсөний шинж юм. Уг хүчирхийллийн улмаас хүүхэд багачууд ч мөн хохирч байгаа билээ.

Гэр бүл дэх хүчирхийлэл нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөдөө дарамт үзүүлэн эрх мэдлээ тогтоож, бие махбодийн болон сэтгэл санаа, бэлгийн, эдийн засгийн хувьд хохирол учруулж доромжлон, хүч хэрэглэж байгаа үйлдэл юм. (Гэр бүл дэх хүчирхийллийн тухай эмхтгэл, 2001)

Ямар ч хүн хэн нэгний өмнө санаандгүй алдаа гаргаснаасаа, зан үйлийн доголдлоосоо болж мөн үнэхээр тэр хүний буруу байсан ч энэ нь хүчирхийлэлд өртөх шалтгаан болох ёсгүй гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байдаг. Гэвч энэ нь гэр бүлийн хүрээнд үйлчилдэггүй. Гэр бүлийн хүчирхийллийн бусад хүчирхийллээс ялгаатай зүйл нь байнга давтагддаг, сэтгэл зүйн болон эдийн засгийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд далд удаан хугацаанд үргэлж үйлдэгддэг, хохирогч нь хүчирхийлэгчтэйгээ нэг орчинд хамт амьдрахад хүргэдэг онцлогтой юм. 

Гэр бүл дэх хүчирхийллийг сэтгэл санааны, бие махбодийн, эдийн засгийн болон бэлгийн харилцааны хүчирхийлэл хэмээн ангилдаг. Манай оронд сэтгэл санааны хүчирхийлэл хамгийн түгээмэл байгаа бөгөөд бусад хэлбэрүүдээсээ илүү хор хөнөөлтэйд тооцогддог. ("Гэр бүлийн харилцаан дахь уламжлал, шинэчлэл" судалгааны тайлан, 2000)

  Хүчирхийллийн хэлбэр Хүчирхийллийн хэлбэр
1 Сэтгэл санааны Нэр хоч өгөх, үгийн муугаар дайрах, айлгах доромжлох, бусдын өмнө гутаах, муу хүн хэмээн итгүүлэх, амьдралын баяр баясгалангүй болгох, гоочлон тавлах, мөрдөн мөшгих
2 Бие махбодийн Зодох, цохих, алгадах, өшиглөх, бэртээж гэмтээх, эрүүл мэндээр хохироох, амь насыг бүрэлгэх
3 Бэлгийн харилцааны Бэлгийн хангах объект мэт хандах, хүслийг нь үл харгалзан хүч хэрэглэх, хардаж буруутгах
4 Эдийн засгийн  Ажлаас нь гаргах, орлогогүй болгох, хэрэглээг боогдуулах, хянан хавчих, хяналт тавих

Хүүхэд гэр бүл дэхь хүчирхийлэлд өртөх шалтгаан нь хойд эцэг эх, дагавар хүүхдийн хоорондын зүй бус харилцаатай холбоотой үүдэн гардаг байна. Үүнээс гадна буруу хэрэг хийснийхээ төлөө хүчирхийлэлд өртдөг. Энэ нь эцэг эх, насанд хүрэгчид хүүхдийг өөрийнхөө хүсэл зорилготой нийцүүлэх гэсэн нэгэн төрлийн дарамт юм. 

Хүчирхийлэл дунд өссөн хүүхэд хүчирхийлэгч болох хандлага өндөртэй байдаг. Гэр бүлийг хүчирхийлэлд хүүхэд өөрөө өртөөд зогсохгүй хүчирхийллийн гэрч болж байдаг. Иймээс хүүхдийн зан суртахуун, сурлага хүмүүжил, сэтгэл зүйд сөрөг өөрчлөлт гарч харгис хэрцгий эсвэл аймхай дорой нэгэн болж хүмүүжих магадлал өндөр. Түүнчлэн үеийнхэндээ дээрэлхүү хандах, аливаа асуудлыг хүчээр шийдэх зэргээр хүүхдийн ертөнцийг үзэх үзэлд сөргөөр нөлөөлдөг. 
Эмэгтэйчүүд ч хүүхэд, нөхөртөө хүчирхийлэл үзүүлэх явдал байдаг хэдий ч манай улсын хувьд эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх явдлаас 7 дахин бага байдаг байна. 

Гэр бүлийн хүчирхийлэлд олон хүмүүс өртөж байдаг ч үүнийгээ ил гаргадаггүй. Энэхүү сөрөг үзэгдэл ил гардаггүйн шалтгааныг

  • гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалах 52,7%,
  • хэнд ч хэлээд үр дүнд хүрдэггүй 24,5%,
  • нөхөртөө зодуулснаа нуудаг 24,5%,
  • гэр бүлийн дотоод асуудал гэж боддог 23,3% зэрэгтэй холбон тайлбарладаг байна. 


Гэр бүл дэхь хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүд ирж түр хугацаанд дэмжлэг авах анхны хамгаалах байр нь 1971 онд “Shelter House” хэмээх нэрээр Англи улсад байгуулагдан ажиллахдаа зөвлөгөө өгөх төвийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаад улмаар эмэгтэйчүүд, хүүхдүүдийг түр байрлуулах байр болон өргөжжээ. Манай оронд анх 1995 оны зургаадугаар сарын 15-наас Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэргэд үйл ажиллагаагаа эхлэн явуулсан. 

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас гарч буй гэмт хэргүүдийн тухай мэдээ дуулаад айж цочдог байсан бол одоо энэ зүгээр л энгийн үзэгдэл мэт хандаж “Алт мөнгө амлахгүй ч авч суугаад хоолны мах том хэрчлээ гэж зодохгүй” хэмээн залуучууд маазардаг болжээ. Хэрвээ таны эргэн тойронд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг бол эр эмийн хооронд илжиг бүү жороол хэмээн эсвэл эцэг эх нь хүүхдээ алчихгүй байлгүй гэж өөрөөсөө холдуулж хүчирхийлэл үйлдэгдэх боломжийг бүү нэмэгдүүлээрэй. 

Эх сурвалж: (Гэр бүл дэх хүчирхийллийн тухай эмхтгэл, 2001)
("Гэр бүлийн харилцаан дахь уламжлал, шинэчлэл" судалгааны тайлан, 2000)
Т. Бүрэнжаргал. Гэр бүлийн социологи. УБ., 2005
 

#хүчирхийлэл