Түүхэн дэх хүчирхэг эмэгтэйчүүд


Тэд эр зориг, тууштай байдлын төгс биелэл. Тэд бүгд энх тайван, боловсрол, эрх чөлөөний төлөө тэмцэгсэд. Тэдний намтар, түүх, хийж бүтээсэн зүйлсийг нь уншихад бахархал, эр зориг харагдана. Эдгээр бүсгүйчүүд юуны төлөө өөрийгөө ч үл хайрлан тэмцсэнийг эндээс уншаарай.

Нелли Блай: Би зүрх сэтгэлээсээ гараагүй нэг ч үг бичдэггүй, цаашид ч бичихгүй

Пенсилванийн нэг тосгонд Нелли хэмээх нэг охин байжээ. Эцэг нь нас барснаар тэдний амьдрал дордож эхэллээ. Нелли ээждээ туслахын тулд гадуур ажил хийв. Нэг өдөр Нелли сонин дээрээс “Охид юу хийх ёстой вэ?” гэсэн нийтлэл уншлаа. Нийтлэлд эмэгтэйчүүдийг гэртээ л байх ёстой гээд ажил хийдэг эмэгтэйчүүдийг “мангасууд” гэж тодорхойлсон байхыг уншив. Нелли ихэд уурлаж, сэтгүүлийн редакц руу ширүүхэн үгтэй захиа бичжээ. Түүний бичгийн чадварт сэтгэл хөдөлсөн редактор Неллид сэтгүүлчийн ажил санал болгож Нелли тун удалгүй маш зоригтой эрэн сурвалжлах сэтгүүлч болж чадахаа харуулав. Тэр Нью-Йорк руу нүүж алдартай сэтгүүлч Жосеф Пулитцерийн удирдлага дор “Нью-Йорк-Уорлд” сонинд ажиллаа. Нэг удаа тэр оюуны хомсдолтой хүний дүр эсгэн холбогдох байгууллагуудаар үйлчлүүлж, өвчтөнүүд ямар их дарамтад байдгийг олон нийтэд таниулжээ.  

Роза Паркс: Би бусдыг эрх чөлөөтэй байлгахын тулд өөрөө эрх чөлөөг хүссэн хүн хэмээн дурсагдахыг хүсэж байна

Алабама мужийн Монтгомери хот арьс өнгөөр ялгаварладаг хот байжээ. Хар цагаан арьст хүмүүс өөр өөр сургуульд сурч, өөр сүмд залбирч, өөр дэлгүүрээр үйлчлүүлж, өөр цоргоноос ус ууна. Бүгд нэг автобусанд суусан ч цагаан хүмүүс урд эгнээнд, хар арьстнууд арын эгнээнд суух ёстой байв. Роза Паркс энэ хар-цагааны ертөнцөд өссөн юм.

Нэг өдөр дөчин хоёр настай Роза автобусны арын эгнээнд суун ажил руугаа явж байлаа. Автобус битүү хүнтэй. Урд эгнээ буюу цагаан арьстнуудын эгнээнд суудал хүрэлцэхгүй байсан тул жолооч Розаг босож, цагаан хүнд суудал тавьж өг гэв. Роза “үгүй” гэж хариулжээ. Тэр үүнийхээ төлөө нэг шөнийг баривчилгаанд өнгөрүүлсэн ч түүний энэ зоригт үйлдэл нь хүмүүст шударга бус явдлын эсрэг “үгүй” гэж хэлж болохыг ухааруулсан юм. Тус явдлын дараа Розагийн найзууд эсэргүүцэл зарлав. Тэд хууль өөрчлөгдөх хүртэл бүх хар арьснууд автобусанд суухгүй гэж мэдэгдлээ. Тэдний үг маш хурдан тархаж эсэргүүцэл нь 381 хоног үргэлжилсэн юм. Эцэст нь Нэгдсэн Улсын дээд шүүхээс автобусанд арьс өнгөөр ялгаварлан суулгах нь үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн мэдэгджээ. Энэхүү ялгаварлан гадуурхах үзэгдэл Америкийн бүх мужид устталаа арван жил болсон хэдий ч Розагийн “үгүй” гэж хэлсэн эсэргүүцлийн ачаар л ийм үр дүнд хүрсэн юм.  

Хелен Келлер: Энэ дэлхий дээрх хамгийн сайхан зүйл гарт баригдаж, нүдэнд үзэгддэггүй, үүнийг зөвхөн зүрх сэтгэлээрээ мэдрэх хэрэгтэй

Хелен нэртэй нэг охин халуун хумхаа өвчний уршгаар сохорч дүлийрчээ. Өөрт тохиолдсон зовлон шаналалдаа их л бачимддаг байлаа. Нэг өдөр ээж нь түүнийг хараагүйчүүдийн тусгай сургуульд дагуулж очив. Тэдэнтэй уулзсан багш бүсгүй Энни Салливан тэдэнд туслахаа амлаад Хеленийг ярьж сургахаар болов. Харин амьдралдаа хэзээ ч хүүхэлдэй хараагүй хүүхдэд “хүүхэлдэй” гэдэг үгийг хэрхэн заах билээ хэмээн Энни гайхширч байлаа. Энни хүрэлцэх мэдрэмжийг ашиглан заах ёстой гэдгээ ухаарсан юм. Тэрээр Хелений гарыг усанд дүрээд “ус” гэдэг үгийг алган дээр нь үсэглэн бичжээ. Энэ янзаар Хелен бүх зүйлийг өөрөөр бичигддэг болохыг ойлгожээ. Тэрээр хараагүйчүүдэд зориулсан брайль үсэгт суралцаж, түүгээр ч зогсохгүй франц, герман, латин, грек хэл сурлаа. Тэрээр олон газар илтгэл тавьж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө тэмцэх болсон юм.

Малала Фсуфзай: Дэлхий даяараа чимээгүй болсон үед цор ганц хүний дуу хоолой маш хүчтэй нөлөө үзүүлж болно

Малалагийн гэр бүл Пакистаны аюулгүй бүс нутагт амьдардаг байжээ. Гэтэл нэг өдөр Талибан нэртэй зэвсэгт бүлэглэлийнхэн түүний амьдардаг газрыг хяналтдаа авч, охидыг сургуульд явахыг бүх мөсөн хоригложээ. Энэ нь Малалад шударга бус санагдсан учраад цахим орчинд энэ тухай бичив. Мөн тэр сургуульд явах дуртай учир Талибууд хүчирхэг эмэгтэйчүүдээс айдаг учраас охидын сургуулийг хаалаа гэж ярилцлага өгчээ. Үүнээс хэд хоногийн дараа Малалаг сургуулийнхаа автобусанд сууж явтал хоёр Талиб эр автобусыг нь зогсоож “Та нарын хэн чинь Малала вэ?” гэж хашхирлаа. Найзууд нь түүн рүү харав уу, үгүй юу Малалагийн толгой руу буудчихав. Малалаг эмнэлэгт яаралтай хүргэж, азаар тэр амьд үлджээ. Тэр ч санаанд оромгүй хурдан эдгэрч “Тэд буун дуу бүхнийг чимээгүй болгоно гэж бодсон байх. Гэхдээ эндүүрч. Ном, үзгээ гартаа барьцгаа. Тэд бол хамгийн хүчтэй зэвсэг. Нэг хүүхэд, нэг багш, нэг ном, нэг үзэг байхад дэлхийг өөрчилж чадна” хэмээн уриалсан байна. Мөн тэрээр Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн хамгийн залуу хүн юм. 

Пак Ёнми: Одод бидэнтэй хамт байсан

Хойд Солонгост дуулах, хүссэнээ өмсөх, сонин унших, гадаад улс руу утсаар ярих хориотой байлаа /1993 онд/. Тэнд Пак Ёнми төржээ. Түүнийг 14 настай байхад тэдний гэр бүл дүрвэхээр шийдэв. Энэ бол амь өрссөн хэрэг.

Хятадын хил дээр очихын тулд тэр ээжийнхээ хамт мөстсөн голыг гатлан, гурван уулыг давжээ. Тэд дүрвэгсдийг хүн гэж ер үздэггүй. Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн л бол тэдэнд ямар ч сонголт үгүй. Тэднийг хамгаалах хууль огтхон ч үйлчлэхгүй бөгөөд бүх л төрлийн гэмт хэргийн хохирогч болж болохуйц хүндхэн нөхцөл тэднийг угтсан гэдэг. Одоо Нью-Йорк хотод амар жимэр амьдарч буй Пак Ёнми дээрх явдлаас хэдэн жилийн дараа Ирландад болсон “Нэг залуу” дэлхийн чуулга уулзалтад оролцож, өөрийн түүхийг өгүүлсэн хүчирхэг илтгэлээ тавьсан юм. Түүний хэлсэн үг дэлхийг донсолгож, тэрээр хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч болсон билээ. Ийнхүү тэр өөрийн төрсөн орноо харгис дарангуйллаас чөлөөлж, хойд Солонгосын дүрвэгсдийг хамгаалах ажилд цаг, мөч бүрээ зориулж байна.   

#History