А.Өсөхбаяр: Бид ээлжээр галаа түлэн бэлтгэлээ хийдэг байсан


Б.Намуун | YOLO.MN
2019-08-30

Монголын олон залуус авьяас чадвар, эрдэм мэдлэг, хүсэл эрмэлзлээрээ эх орноо манлайлж дэлхийн тавцанд өрсөлдөж байна. Тэд өөрсдийгөө нас бага цус шингэн гэж гололгүй шинийг санаачилж, хийж бүтээж яваа. Эдгээр шинэ үеийн төлөөлөл болсон ширээний теннисний “Арга билэг”, “Өсөх” клубийн тэргүүн, “Ширээний теннисний хөгжлийн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын хамгийн залуу теннисний багш А.Өсөхбаярыг та бүхэндээ танилцуулж байна

YOLOСайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? Намайг А.Өсөхбаяр гэдэг. Би ШУТИС-ийн уул уурхай ашиглалтын технологийн ангийн оюутан. Ширээний теннис тоглох дуртай. Ширээний теннисийг хөгжүүлж, олон нийтийн спорт болгох гэж өөрийн чадлаар зүтгэж явна. Ширээний теннисний “Арга билэг”, “Өсөх” гэсэн клубүүдийг ажиллуулдаг.  Мөн “Ширээний теннисний хөгжлийн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

YOLOТеннистэй нөхөрлөөд хэр удаж байна вэ?

-12 настайгаасаа хойш хичээллэж эхэлсэн гэхээр бараг долоон жилийн нүүрийг үзсэн байна.

YOLO“Оч” теннисний клубд багшилж байгаад “өрх тусгаарлан” өөрийн клубийг байгуулсан. Дөнгөж 19 настай оюутан өөрийн клубийг байгуулахад айдас байв уу?

-Айдас байгаагүй. Би аливаа зүйлийг хийж үзэх дуртай.  Залуу хүнийг алдаа чимдэг гэдэг. Тиймээс аль болох хийж үзээд туршлагажих хэрэгтэй гэж боддог учраас айлгүйгээр ажлаа эхэлсэн. Одоо салбар клуб болох “Өсөх” клубээ мөн байгуулаад ажиллаж байна.

YOLOКлубийнхээ талаар сонирхуулаач. Бусад клубээс ялгарах онцлог юу вэ?

-Ширээний теннисний “Арга билэг”, “Өсөх” клубт маань 50 гаруй суралцагчид бий.  Манай клуб тамирчидтайгаа их тулж харьцдаг. Шинэ залуу тамирчдыг гаргах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

YOLOШирээний теннисээр хичээллэхийн юу нь өөрийг чинь тэгж их татдаг юм бол?

-Ширээний теннис олон төрлийн ач холбогдолтой спорт. Хувь хүнийг зан байдлын хувьд төлөвшүүлж, зоримог дайчин, тэвчээртэй болгодог. Мөн олон танилын хүрээтэй болно. Хэдэн ч насны хүн тоглох боломжтой. Хөгширтлөө бүх насаараа теннистэй хамт байж болно гэсэн үг. Эрүүл мэндийн хувьд чухал ач холбогдол ихтэй байдаг нь заавал тоглох нэг шалтгаан минь болсон.

YOLOШирээний теннисний бусад спортоос ялгарах онцлог давуу тал юу вэ?

-Энэ спорт эрүүл мэнд болон сэтгэл санаа зан төлөвийн хувьд хүнд олон талын ач холбогдолтой. Мэдээж хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, калори маш их шатаадаг. Ялангуяа нүдний харааг хамгаалахад чухал нөлөөтэй. Нүд маш олон нарийн судаснаас тогтдог. Ширээний теннис тоглох явцад нүдний булчин маш сайн ажилладаг учир цусан хангамж сайжирдаг байна. Мөн энэ спорт нь хөгшрөлийг удаашруулдаг. Хүн үргэлж урагшаа алхдаг бөгөөд хэсэгхэн хугацаанд ч гэсэн хойшоо ухрах хөдөлгөөнийг хийх ёстой билээ. Харин теннис тоглох үед хойшоо ухрах хөдөлгөөнийг маш сайн хийдэг учир хөгшрөлийг удаашруулдаг. Манай теннисчид үеийнхэнтэйгээ харьцуулахад хамаагүй залуухан харагддаг.

YOLOА.Өсөхбаяр маань Хэнтий аймгийн Биндэр сумын хүүхэд. Өмнө нь сумандаа ширээний теннисээр хичээллэдэг байсан. Сумаасаа гараад хотод ирээд ширээний теннисээр хичээллэхэд ялгаа байв уу?

-Анх Хэнтий аймгийн Биндэр суманд байхдаа ширээний теннисний спортыг сонирхон дурлаж хичээллэж эхэлсэн. Клуб дээр маань цахилгаан байхгүй учраас орой 18 цагаас хойш хичээллэх боломжгүй. Бид мөнгө цуглуулаад түлээчин дуудаж түлээгээ хөрөөдүүлээд өөрсдөө хагалж зөөн ээлж ээлжээрээ галаа түлэн бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. Ээлжинд гарсан хүн бусдаасаа эрт ирээд заалаа цэвэрлэн, галаа түлж бэлтгэл хийхэд бэлэн болгоно. Зун орой 21 цаг хүртэл гадаа гэгээтэй байдаг учраас зун их хичээллэдэг байлаа. Мөн бид өөрөө өөрсдөдөө багшлаад бэлддэг байсан. Өөрсдийнхөө сонирхлоор, сэтгэл зүрхээр л тоглодог байсан даа. Би нэг зүйлийг анзаараад байхад хүн ер нь хүнд хэцүү үед илүү их хүсэж тэмүүлдэг юм шиг.  Улаанбаатар хотод бүх зүйл нь бэлэн байж байдаг. Сурах орчин нөхцөл, мундаг мастер багш нар байна. Бидэнд олигтой сайн бөмбөг ч байдаггүй, цохиурын оронд бараг модон банзаар тоглодог байсан. Хөдөөний бид хэдий тийм хүнд нөхцөлд байсан ч үүнийг сурчих юмсан гэсэн сэтгэлээр хичээж байсан. Харин юм элбэг болоод хажууд бэлэн байх тусам хүсэл эрмэлзэл үгүй болдог юм шиг санагдсан. Хотод суралцаж байгаа хүүхдүүдийн оронд энэ орчинд нь хичээллэсэн бол би илүү их амжилт гаргах байсан юм шиг санагддаг. Гэхдээ би хөдөө энэ спортдоо дурлаад хичээллэж эхэлсэндээ харамсдаггүй.

YOLOМонгол улсын ширээний теннисний хөгжлийг олон улстай харьцуулбал ямар байна вэ?

-Олон улстай харьцуулбал Монгол улсын ширээний теннисний клубийн хөгжил тааруу. Аливаа спорт тухайн улсад хөгжихийн тулд олон сонирхогчидтой байх хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсад олон хүн ширээний теннис тоглоод байдаггүй. Сонирхогчид цөөн байгаа учраас хөгжих нь бага байна. Тив дэлхийд үнэлэгдэх чадвартай тамирчин гаргахын тулд олон хүн сонирхож тоглох хэрэгтэй. Тийм ч учраас миний бие олон хүнд ширээний теннисийг сурталчлахаар хичээж байна. Би өөрөө тийм элит тамирчин бол биш, гэхдээ өөрийгөө голохгүй бор зүрхээрээ ширээний теннисний спортод хөл тавьсандаа баяртай байдаг.

YOLOХүмүүс их сонирхож байж энэ спорт хөгжинө гэлээ. Гэвч хүмүүс ширээний теннисийг ширээний наана цаанаас тоглодог оронд нь сагсан бөмбөг хөл бөмбөг тогловол илүү хөдөлгөөнтэй сонирхолтой гэж үзэх нь бий. Энэ талаар өөрийн чинь үзэл бодол юу байна вэ?

-Ширээний теннисийг Монголд томоор ярихад зөв бодлого шаардлагатай. Зөв бодлогыг бий болгохын тулд “Ширээний теннисийг хөгжүүлэх холбоо” гэж байдаг. Энэ спортын ач холбогдол давуу талыг таниулж чадвал хөгжих боломжтой. Монголоос бусад газар энэ спорт маш сайн хөгжсөн. Тэгэхээр бидэнд зөв менежмент хэрэгтэй байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж Монголчууд хэлдэг. Яг одоогийн нөхцөлд манай “Арга билэг”, “Өсөх” клуб томоор ярихад жижигдэнэ. Тиймээс эхлээд бид Олон улсын стандартад нийцэх теннисний заал барих хэрэгтэй. Бид заалныхаа төслийг бичээд, зураг төсөл тооцоогоо гаргаад олон улсын сан, буцалтгүй тусламжийг эрэлхийлж байна.  Саяхан “Оюун-Эрдэнэ сан”-д төслөө өглөө. Ямар ч гэсэн санхүүжилтээ хүсээд ажлаа үргэлжлүүлсээр байна.

YOLOБагшлах эрхээ хэзээ авсан бэ?

-2018 оны аравдугаар сард багшлах эрхээ авсан. Багшлаад жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Анх “Оч” клубд харилцагч багшаар ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. Үндсэн багш болсныхоо дараа өөрийн клубээ байгуулах шийдвэрт хүрсэн.

YOLOШирээний теннисийг заалгадаг сонирхогчоос ширээний теннисийг заадаг багш болсон сэтгэгдлээсээ хуваалцаач.

-Шинэ юм сурахад үнэхээр сайхан мэдрэмж төрдөг. Яг түүн шиг. Хүүхдүүд маань шинэ юм сурахад дагаж баярладаг. Ер нь бусдыг л их боддог болдог юм байна. Өмнө нь би өөрийгөө яаж сайжруулах уу гэж боддог байсан бол багшлаад ирэхээр тэр хүнийг яаж сайжруулах уу гэж тэр хүнээ байнга боддог.

YOLOШирээний тенниснээс өөр спортоор хичээллэж байв уу?

-Цаначин байсан. Цана маш их тэсвэр шаарддаг спорт. Өвлийн хүйтэнд нимгэн хувцастай шуургатай ч шуургагүй ч бэлтгэлээ хийнэ. Надад шазруун махруу зан чанар их байдаг. Тэр зан чанарынхаа тусламжтай аливаа зүйлийн ард нь гардаг. Аливаа зүйлийн бэлтгэлийг сайн хийвэл үр дүн сайн гарна гэдэгт би итгэдэг. Бусад хүүхдүүд гэртээ харьсан ч нар уулын цаагуур ортол бэлтгэлээ хийдэг байсан. Үүний үр дүн ч гарч би “Зүүн бүсийн аварга шалгаруулах цанын тэмцээн”-д 7,5 км газрыг 30 минутад туулан дэд байрын эзэн болж байлаа. Тэр үед Эрдэнэтийн шигшээ багийн багш нар надад Эрдэнэтэд очин цанаар хичээллэх санал тавьсан ч тэр саналаас татгалзан теннисээ сонгосон.

YOLO“Глобал удирдагч тэмцээнд оролцон 110 гаруй залуусаас шилдгээр шалгарч Вашингтонд байрлах IGlobal University-н тэтгэлгийн эзэн болсон гэсэн. Тэтгэлэг авсан сургууль руугаа явахаар бэлдэж байна уу?

-Тэтгэлэг маань энэ жил явах хүчинтэй. Хүмүүс ч нэлээн шахамдуулж байна. Уулзсан хүн болгон явах хэрэгтэй гэж зөвлөн “Явах бодолгүй байна” гэж хэлэхээр сүүлдээ бүр уурлах шинжтэй ч байна 
/инээв/. Эцсийн эцэст сонголтыг би өөрөө хийнэ. Эндээ багахан ч гэсэн бүтээж байгаа зүйлсээ орхиод дахин бүгдийг шинээр эхлэх үү эсвэл энийгээ цаашид үргэлжлүүлэх үү гэсэн хоёр сонголт надад ирсэн. Мэдээж боловсрол маш чухал. АНУ-д боловсрол эзэмших алтан боломж надад олдсон. Гэхдээ Монголын боловсрол маань ч тэгж дутахаар гэж надад санагддаггүй. Би ямар ч гэсэн эндээ бакалавраа төгсөөд магистраа гадаадад хамгаалах бодолтой байна.

YOLO“Глобал удирдагч 2019” телевизийн уралдаант шоу нэвтрүүлгийнхээ талаар сонирхуулаач. Ямар ямар үе шаттай явагдсан бэ?

-Таван үе шаттай явагдсан. Нэлээн хэцүү байсан шүү. Аль нэг сургууль дээр очоод арга хэмжээ зохион байгуулах, хүмүүнлэгийн ажил хийх, видео контент бэлтгэх, гадаад хэл дээр илтгэл хэлэлцүүлэх гэх мэт хүнээс тал бүрийн чадварыг шаардсан тэмцээн болсон. Би “We Can Do” сайн дурын байгууллагад үндсэн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд түүнийхээ хүрээнд олон арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулж байсан бага ч гэсэн туршлага байсан учраас “Глобал удирдагч” тэмцээний зарим даалгаврууд тийм ч хүнд санагдаагүй.

YOLOБусад гурван тэтгэлгийн хувьд ямар тэтгэлгүүд байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн нэрэмжит, сумаас маань олгосон “Шилдэг хүүхэд” тэтгэлэг, Японы One Asia сангаас мөн тэтгэлэг хүртсэн.

YOLOТеннис сурахаар шийдсэн хүн болгонд танай үүд хаалга нээлттэй юу? Ямар нэгэн насны хязгаар бий юу?

-Манай клуб дээр таван настай хүүхэд ч ширээний теннис тоглож байна. Тавин настай хүн ч тоглож байна. Ямар ч насны хязгаар байхгүй. Өөрийгөө голохгүй шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэлтэй зорилготой хүмүүст манай үүд хаалга үргэлж нээлттэй. Ширээний теннисний “Арга билэг” клуб Монголын залуучуудын холбоо дотор байрладаг. “Өсөх” клуб маань Time Tower хотхоны 218-р байрны 152 тоотод байрлаж байгаа.

YOLOЯрилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу?

-Энэ жил Монголын ширээний теннисний холбооны түүхт 60 жилийн ой болж байна. Энэ ойн босгон дээр ширээний теннисний анхан шатны сонирхогчдод зориулсан гарын авлага маань бэлэн болох гэж байна. Энэ номоо бичих ажилдаа өөрийн чөлөөт цаг заваа зориулж байна. Нэг нэгдсэн сургалтын хөтөлбөртэй болчихвол багш нарт болон сонирхогчдод илүү амар байна байх гэж бодож байна. Мөн Yolo.mn сайтыг өсвөр үеийнхэн, залуучууд их идэвхтэй уншдаг. Тэгэхээр уншигч залуучууд маань өөрийгөө гололгүй ямар ч ажлыг хийж үзэх хэрэгтэй. Хүн хийж байх явцдаа сурдаг. Бага ярьж их хийх хэрэгтэй. Хийсэн ажил тань таны өмнөөс хангалттай ярих учраас их хөдөлмөрлө. Залуучууд бид асуудалд дарагдаад гомдоллоод суух биш тэр асуудлыг шийддэг бүтээлч байвал Монгол улс маань хөгжих юм шиг санагдаж байна.

YOLOЯрилцсанд баярлалаа. Амжилт хүсье

#Sport #Tennis