ГЭР БҮЛИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУДЛУУД ба түүнийг хэрхэн ШИЙДВЭРЛЭХ вэ?


ССҮТөв | YOLO.MN
2016-06-21

Айл гэр бүл болгонд олон янзын асуудал, зөрчлүүд байдаг. Гэхдээ үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаагаас шалтгаалж тухайн гэр бүл аз жаргалтай амьдрах, эсвэл зовлон бэрхшээлтэй амьдрах нь шалтгаалдаг. Эдгээр асуудлыг унтраах уу? эсвэл гал дээр тос нэмэхтэй адил болгох уу? зэрэг нь гэр бүлийн гишүүн бүрээс ихээхэн шалтгаална. Гэр бүл дэх асуудал, бэрхшээлүүд бүгд хоорондоо ямар нэгэн гинжин хэлхээгээр холбоотой.

Тэгвэл гэр бүлд чухам ямар асуудлууд тулгардаг вэ, та бүхэн эдгээр асуудалд хэрхэн хандах вэ? Гэр бүлүүдэд дараах ерөнхий асуудлуудаас үүдэлтэй зөрчил маргаан үүсдэг байна.

Нэг. ХАРИЛЦААНЫ ЗӨРЧИЛ

Харилцааны бэрхшээлтэй байгаа гэр бүлд хэрүүл маргаан, зодоон болох тохиолдол багагүй. Гэр бүлийн гишүүд нэгэнтэйгээ ойлголцохгүй, сонсохгүйгээс үүдэлтэй муудалцаж, энэ байдлаа намжааж чадахгүйгээс болоод бие махбодын дарамт буюу зодоон ч болох тохиолдол бий.

Тэгвэл яагаад энэ хэрүүл, зодоон гардаг вэ гэхээр ихэвчлэн гэр бүлийн гишүүдийн үл ойлголцол, эсвэл тэдний зан араншингийн доголдолтой байдлаас шалтгаалдаг. Гэр бүл дэх гишүүдийн гаргаж байгаа зан араншин бүгд бие биедээ нөлөөлж байдаг. Тухайлбал, хүүхдүүдийн хүмүүжил эцэг эхээсээ болон ах эгч нараасаа үргэлж шалтгаалж байдаг. Тэр дундаа бага насны хүүхэд томчуудынхаа гаргасан үйлдэл бүрийг дуурайхад бэлэн байдаг.

Харин өсвөр насныхны хувьд энэ тал дээр арай бодолтой хандах чадвартай нас юм.
Жишээлбэл, чиний үеийн зарим хүүхдүүд бусдын гаргаж байгаа сөрөг үйлдлийг хараад, би хэзээ ч ийм зан гаргахгүй, ёстой муухай байдаг юм байна гэж боддог. Энэ бол маш ухаалаг чанар юм. Гэтэл зарим нь аав, ээжийг зодож байгаа юм чинь би ч бас том болоод эхнэрээ зодож болох юм байна гэж боддог. Энэ бол ухаан муутай л хүний бодол юм.

Бидний мэдэхээр ихэвчлэн архи уудаг аавууд зодоон цохионы эхлэлийг тавьдаг. Заримдаа хэрүүл хийдэг ээжүүд ч эхлэлийг нь тавьдаг. Харин чиний буруу энд байхгүй. Гэхдээ л хэдийгээр аав ээжийн хоорондын харилцааны асуудал мэт боловч чамд болон гэр бүлийн бүх гишүүдэд сөргөөр нөлөөлж байдаг.

Аав ээж нь хүүхдүүдээ том болсон, бага байгаа ялгаагүй хайрласаар байдаг. Зарим хүмүүс хүүхдээ том болохоор нь үнсэж, эрхлүүлэх нь багасаж, дотроо л хайрлаж бодож явдаг. Харин үүнийгээ ил гаргаад хүүхдээ энхрийлж хайрлаад, ярилцаад ойлгохыг хичээдэг аав ээжүүд ч байдаг. Харин үүнийг зарим хүүхдүүд аав ээж маань намайг хайрлах нь багассан гэж ойлгох нь бий. Хүүхдүүд нь аав ээжийнхээ хэрүүл маргааны шалтгаан болно гэж байдаггүй. Харин ч тэд муудалцсан аав ээжийгээ эвлэрүүлж чадах хүмүүс гэдэгтээ итгэх хэрэгтэй.

Хоёр. ХАРДАЛТ

Хардалтаас үүдсэн гэр бүлийн зөрчил маш их байдаг. Хэдийгээр өсвөр насны хүүхдүүд та нар энэ тухай ярих нас нь арай болоогүй ч гэсэн та нарын заримынх нь амьдралд сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл эцэг эх нь хоорондоо энэ асуудлаас болж зөрчилддөг. Та нар ч бас том болж гэр бүлтэй болоход дээрх асуудал тулгарч болно. Хардалт бол мэдээж та нараас шалтгаалсан зүйл огт биш, энэ бол зөвхөн аав ээж хоёрын л хоорондын асуудал.
Жишээлбэл, аав нь ээжээс нь өөр хэн нэгэн эмэгтэйтэй уулзаж байхыг ээж нь хараад буруугаар ойлгоод ч юмуу гомдож, тэгээд л муудалцаж эхэлдэг. Харин муудалцахдаа аавд чинь уурласан уураа чамд ч юм уу, дүүд чинь ч юм уу гаргадаг. Энэ нь чиний амьдралд хардалт нөлөөлж байна гэсэн үг.

Хэрэв энэ нь чамд ямар нэг байдлаар нөлөөлж байгаа бол юуны өмнө чи өөрийгөө аав ээжийн асуудалд буруугүй гэдгийг ухаарч, мөн тэдний зөрчлөөс болж өөрт ирж байгаа нөлөөллийг хүндрүүлэлгүйгээр хүлээж авч сурах нь чухал. Бас тэднийг уурлаж, бухимдаж байгаа үед нь тайвшруулах боломж ч байгаа. Учир нь чи тэдний хүүхэд шүү дээ.

Гурав. СОГТУУРУУЛАХ УНДАА УУХ, МӨРИЙТЭЙ ТОГЛОХ, ХУДАЛ ХЭЛЭХ

Архи уух, мөрийтэй тоглох, худал хэлэх асуудлууд нь ихэвчлэн донтох шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл хүн эдгээр үйлдлүүдэд нэг татагдахаараа биеэ барих чадвар нь буурдаг. Үүнээс болж гэр бүлд олон зөрчилт асуудал гардаг.

Тэгвэл хүн яагаад эдгээрт татагддаг вэ? гэхээр зарим нь анх саваагүйтэж, эсвэл хэн нэгэнд уруу татагдаж архинд орох, мөрийтэй тоглох тохиолдол бий. Харин зарим хүмүүсийн хувьд сэтгэлийн хат, тэвчээргүйгээс болж амьдралын хэцүү хүнд үед архинд татагдан ордог. Нөгөө нэг хэсэг нь хэн нэгний хайр халамж, харилцаа дутагдсанаас болоод ямар нэг зүйлээр түүнийгээ нөхөхийг оролддог.

Энд чиний хийх зүйл бол юуны өмнө өөрийгөө болон гэрийн бусад гишүүдийг хамгаалах, мөн харилцаа дутагдаад байгаа эцэг эхтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах. Мөн гэр бүлдээ архи ууж, мөрийтэй тоглоом тоглож, худал хэлж байгаа үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүй, тэр тусмаа даган дуурайж хэрхэвч болохгүй. Гэхдээ эсэргүүцэж, муудалц гэсэн үг биш шүү. Ингэснээр чи өөрийн байр сууриа илэрхийлэх төдийгүй, гэр бүлийн чинь асуудал бага ч болов нимгэрнэ. Учир нь чиний өөрийгөө илэрхийлж байгааг эцэг эх чинь хараад нэгийг бодох болно.

Дөрөв. БИЕ БИЕДЭЭ АНХААРАЛ ТАВИХГҮЙ БАЙХ

Гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа болон тэдний бие биедээ тавих анхаарал халамж бол гэр бүлийг нэгтгэж, аз жаргалтай байлгаж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлдэг чухал зүйл юм.

Энд санаачлага л хамгийн чухал нь. Гэр бүлийн гишүүдийн хэн нь түрүүлж анхаарал халамж тавих нь хамаагүй. Харин чиний гэр бүлийн хэн нэгэн анхаарал халамжаар дутахгүй байснаар бусад бүх гишүүдэд эерэгээр нөлөөлөх болно.

Жишээлбэл, чи ээждээ санаа тавьж халамжилбал, аав чинь, ах эгч, дүү нар чинь ч чамаас санаа авах болно. Тэдэнд бас бие биедээ анхаарал тавих сэтгэл байвч санаачлага нь дутагдаад байгаа ч юм билүү? Харин энэхүү номыг уншиж байгаагийн хувьд эхлэлийг нь чи тавиарай.

Халамжийг хэрхэн тавих вэ?
- Чин сэтгэлийн урам, магтаалын үг хэлэх. Миний дүү хамгийн хөөрхөн, сайн дүү шүү. Миний ээж дандаа амттай хоол хийдэг шүү. Баярлалаа
- Хайраа илэрхийлсэн үг хэлэх. Ааваа, ээжээ би та хоёртоо маш их хайртай. Миний хайртай ээж/аав, дүү, ах эгч/ цайгаа халуун дээр нь уугаарай. Сайхан амраарай.
- Бие болон сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлэх. Хүү/охин/ нь оройн хоолоо бэлдчий. Та минь ядарч байна уу хүү нь юу хийх үү?
- Амжилттай сурах. Хүү нь өнөөдөр хичээлүүд дээрээ А үнэлгээ авсан. Тандаа өөрийн зохиосон шүлгийг уншиж өгье. Зэргээр халамж хайраа үзүүлж болдог.

Тав. ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН БЭРХШЭЭЛ

Эдийн засаг, санхүүгийн бэрхшээл бол хүүхэд та бүхнээс хамааралгүй асуудал бөгөөд эцэг эхийн үүрэг, хариуцлага гэж ойлгож болно. Гэвч зарим айлын хувьд эдийн засаг санхүүгийн боломж муу байгаа нь хүүхдүүдэд шууд нөлөөлж байдаг. Улмаар ээж аав нь мөнгө, санхүүгийн боломж муу байгаадаа бухимдаж хүүхдэд түүнийгээ гаргадаг, бас хүүхдийн зайлшгүй хэрэгцээтэй зүйлийг ч авч өгч чадахгүй байгаагаасаа болж бухимдах, эцэг эх хоорондоо муудах нь бий.

Хүний хэрэгцээ нь хязгааргүй. Тиймдээ ч хүүхдүүд та нар гэлтгүй насанд хүрсэн хүн бүр ямар нэг зүйлээр дутагдаж байдаг юм. Жишээ нь, хайраар, мөнгөөр, урам, магтаалаар гэх мэтчилэн ямар нэг зүйлээр. Иймд чи юм болгоныг өөрийн болгох хүсэл чинь хэзээ ч дуусахгүй учир байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхад суралцах ёстой. Өөрөөр хэлбэл, өөрт байгаа зүйлээ хайрлаж, гамнаж хэрэглэх нь зүйтэй.

Та нар мөнгөний үнэ цэнийн талаар юу гэж боддог вэ? Энэ хорвоо дээрх хамгийн үнэтэй зүйлийг ч гэсэн мөнгөөр худалдаж авч чаддаг болов уу? ҮГҮЙ гэдэг хариултыг өгсөн бол маш сайн байна. Тийм ээ мөнгө бол зөвхөн хэрэглүүр. Энэ хорвоо дээр мөнгөөр авч болдоггүй маш олон зүйл байдгийн нэг бол чиний эцэг эхээ хайрлах хайр, чамайг эцэг эх чинь хайрлаж байгаа хайрыг бид худалдаж авч чадахгүй. Тиймээс хайртай аав, ээжээ хайрлаж явахад бүх зүйл аяандаа сайхан болно. одоо авч хэрэглэж чадахгүй байгаа зүйлээ чи ирээдүйд өөрөө ажил хийдэг болхоороо авч, хэрэглэж болно шүү дээ. Аав, ээжийн хайрыг ирээдүйд хэнээс ч, юунаас ч худалдаж авч чадахгүй.

Аав, ээж хоёр нь чамд хүссэн гутал, хувцасыг авч, хүссэн сургуульд нь сургаж чадахгүй байгаадаа харамсаж байгаа нь мэдээж. Учир нь мөнгийг хүсэж, гуйж биш хөдөлмөрлөж олдог учир хэцүү байдаг. Чи том болж байгаа учир үүнийг ойлгож боломжоос хэтэрсэн их зүйлийг аль болох аав, ээжээсээ шаардахгүй байхыг хичээгээрэй.

Аав, ээж хоёр нь чамд энэ хорвоогийн хамгийн үнэтэй зүйл болох хайрыг өгдөг гэдгийг санаарай. Гэр бүлд мөнгөгүй байх үе зөндөө тохиолддог. Энэ бол түр зуурынх учир чи санаагаа зовоолгүй, тайван хүлээж авах хэрэгтэй. Харин чиний хийх ёстой зүйл бол эцэг эхийнхээ авч өгсөн эд зүйлийг ариг гамтай зарцуулж сурах, зөв, шаардлагатай зүйлдээ зарцуулж сурах нь хамгийн чухал.

#family #ЭцэгЭх #teenagers