Валентины захидал /өгүүллэг/


Өвлийн хахирган хүйтэн салхи хавирга нэвт үлээх шиг болохуйд бээрэн чичирч, зогсч ядан дороо дэвхцэж байхдаа би хөшөө шиг малийх Түмээг гайхаш  тасран ширтэж байлаа. Голдоо ортол даарч, эрүү шүд минь тас нясхийн хавирах нь холгүй байхад тэр энэ зэргийн хүйтнийг огт ажралгүй зогсох шиг харагдана. Хааяа нэг гүнзгий шүүрс алдан, дороо эргэлдэж нааш цааш алхангаа сургуулийн үүд рүү хяламхийхээ мартахгүй. Хичээл нь аль хэдийнээ тарчихсан байх учиртай, хачин үнэ цэнтэй нэгэн хүнийг бид хүлээн хоёр цагийн турш гадаа зогсч буй нь энэ.

Түмээ хоёр бээлийгээ тайлж сугавчлаад, малгайгаа доош даран янзлангаа ийн хэлэв:

-Гарч ирэх болоогүй юм байх даа тээ?

Би түүний асуултыг чихнийхээ хажуугаар өнгөрөөхийг тэсгэлгүй хүсэвч, даарсандаа хариу хэлэхгүй байж чадсангүй.

-Би чамд хэлсэн биз дээ. Өнөөдөр нэг бол янз бүрийн давтлага хичээл энэ тэртэй, эсвэл бүр өвдөөд гэртээ байгаа байх аа гэж. Тардаг цаг нь аль хэзээ болчихлоо  шүү дээ!

Найзынхаа сэтгэлийг зовоохгүй гэсэндээ уур унтуугаа аль чадахаараа даран байж хэлсэн боловч, Түмээ миний бухимдуу байгааг дууны өнгөнөөс амархан мэдчихдэг хойно, би юуг ч нууж чадсангүй бололтой. Тэрбээр санаа алдаад сургуулийн гадна хашааны хайсан дотор ургасан өндөр модны дэргэд очиж зогсоод дээшээ харан амнаасаа уур гаргаж хөөргөв. Хүйтэн, бас цастай байсан учир Түмээгийн амнаас гарсан уур утаа шиг савсан цайрч тэнгэр лүү тэмүүлээд замхарлаа.

-Би Сарааг харалгүй харьж чадахгүй ээ. Чи мэдэж байгаа шүү дээ.

Түүний зөв. Бид хоёр долоо хоногт гурван удаа Сарааг харах гэж сургуулийнх нь гадаа ийн ирдэг. Тэгээд хайсны цаана нуугдан суугаад гарч ирэхийг нь хүлээнэ. Ихэнх тохиолдолд бид нэг их удаан хүлээж цөхөлгүй сургуулийн шатаар бууж ирэх түүний дүрийг амжилттай олж үзэх боловч үүн шиг бүтэлгүйтэх удаа ч бас хэд гурав тохиох билээ. Харин тэгэх бүрийд Түмээгийн зөрүүд зан хөдөлж, маргааш өглөө хүртэл буй газраа нүд анивчилгүй хүлээж зогсох нь холгүй их тэвчээр заана гээч. Түүнийг ганцааранг нь танихгүй сургуулийн гадаа орхиод явах мөсгүй үйлдэл хийж чадахгүй учир би үргэлж дэргэд нь хань болно. Гэвч өнөөдөр ер урьд өмнө даарч үзээгүй ихээр бээрч орхилоо.

-Би мэднэ ээ. Мэдэхийн дээдээр мэднэ. Гэхдээ хоёулаа маргааш дахиад ирье л дээ. Хавар байсан бол ч гайгүй. Өвлийн энэ дүн хүйтэнд осголоо шүү дээ хэмээн би учирлахчаа аядлаа. Тэр өнөөх модоо хойш налан зогсч, удаа дараа амаа нээн, савссан их уур гарган хөөргөсөөр.

-Сараа өнөөдөр яг 1:10-аас тарах учиртай. Сүүлчийнх нь цаг монгол хэл. Тэгээд л гараад ирэх ёстой доо. Яагаад одоо хүртэл харагдсангүй вэ? Чи бид хоёр анзааралгүй өнгөрөөчихсөн юм болов уу?

Түмээ дээш харсан чигээр уйтгар гунигт автсан дууны өнгөөр үгээ зөөн удаанаар ярина.

Үнэхээр Сараа гарч ирэхгүй дэндүү удаж байлаа. Түүний хар өнгөтэй өвлийн хүрэм, саарал ороолт малгай, нэг мөрөндөө үүрдэг даавуун цүнх тун содон үзэгддэгийг бид хоёул андахгүй. Яагаад гарч ирэхгүй ингэж их удсан нь хэн хэний маань хувьд хариултгүй асуулт болчихоод байв. Түмээ энгийн үед тун бээрэг нэгэн. Харин Сарааг харахын тулд тэвчээр гарган зогсож байхдаа хэнээс ч илүү чийрэг байж чадах юм даа.

-Хоёулаа өнөөдөр хичээлдээ ирсэн эсэхийг нь ороод асуучихъя, тэгэх үү? Аль нэг тааралдсан хүүхдэд хэлээд асуулгачихаж болно шүү дээ. Чи ангийг нь мэднэ биз дээ гэж би хоёр гарын алгаа хооронд нь үрж дулаацуулангаа ам нээв.

Түмээ дахин нэг санаа алдаад над руу ширтэхэд харц нь тун ноцтой цовоо сэргэлэн болсон байх нь тэр.

-Тэгье ээ. Юутай ч өнөөдөр хичээлдээ ирсэн эсэхийг нь мэдье.

Ингэж дуу алдаад тэрбээр шалавхан хайсан дээгүүр үсэрч урд минь гараад алхаж гарлаа. Би гартаа хийх бээлийгүй, хүзүүндээ ч ороолтгүй явсан учир бүр чиг бээрсэн биз. Хайсан дээгүүр үсрэхтэй манатай амьтан түүнийг даган алхах аядав.

ХХХ

Сараа ирээгүй гэнэ.

Урьд өмнө Сараа хичээлдээ ирээгүй тохиолдол тун цөөхөн. Түмээгийн хэлснээр бидний гэгээн дүрийг нь үзэх гэж хүлээлтийн ард хяран суудаг тэр охин тун бие муутай. Элдвийн ханиад томуу амархан тусдаг учраас өвчний шалтгаанаар хичээлдээ ирээгүй тухай мэдээг бид хоёр сургуулийн үүдний жижүүр сурагчдаар дамжуулан олж авдаг байв. Гэвч энэ удаа Сарааг хичээлээ тасалсныг палхийтэл сонсох нь тэр.

Жижүүр сурагчдаас өөр элдвийн зүйл сонсч авч чадсангүй. Ямартай ч огт ирээгүй хүнийг хүлээж тэгтлээ их даарснаа л би ойлгоод байв. Харин найзад маань тийм бодол орж ирсэн шинж үгүй. Гагцхүү Сараа яасан юм бол, яагаад хэл сураггүй хичээлээ тасалсан байж болох вэ гэх мэт асуултууддаа ээрүүлж байгаа биз.

Дурлал шохоорхол гэдэг харь холын мэт, гараар барьж болдоггүй эл зүйл өсвөр насанд ямар хүчтэй хуйлран салхилж болдгийг би найзынхаа царайнаас тувт ажиглана. Болдогсон бол өдөр бүр сургуулийнх нь гадаа ирж суухаас ч буцахгүй их тэмүүлэл түүний дотроос ундрах билээ. Гэвч тэр болгонд надтай хамт явж байхыг хүсдэг байсан учраас бид хоёрын дундын тохиролцооны үндсэн дээр тоон хязгаарыг долоо хоногт гурав болгосон юм. Түмээ надтай хамт байх цаг хугацааны дийлэнхэд Сараагийн тухай, чухамдаа дурлачхаад буй охиныхоо тухай л яриа дэлгэнэ. Түүний юу нь яагаад онцгой бөгөөд ямархан сэтгэл хөдөлмөөр байдгийг хуруу даран тоочихдоо залхана гэж үгүй. Мөн ярьж суухдаа царайд нь хөнгөн мишээл тодорч, хааяа хацар нь улаа бутарсан байхыг ч ажиж болно. Харин харц нь тэнгис далайд хөвж, чанадын холд одсон цэгийн дайтай үзэгдэх хөлөг онгоцны араас ширтэх шиг тэртээд алсална.

Навчис шарлаж, модод нүцгэрч байсан намрын уйтгарт өдрүүдийн нэгэнд Түмээ сургуулийн зүг алхаж явахдаа түүнийг анх олж харсан тухайгаа надад ярьсан. Гудамж замын хоёр талаар овоорон бөөгнөрсөн шар навчсын дундуур нэг мөрөндөө даавуун цүнх үүрсэн нүдний шилтэй охин түүний өөдөөс удаан гэгч алхлан ирж явсан гэнэ лээ. Дараачийн мөчид тэр хоёр магадгүй харц тулгарч, нэг нэгнийхээ нүдээр дамжин бие биенийхээ дотоод ертөнцөөр хоромхон зуур аялаад ирсэн биз. Ийнхүү урьд өмнө биесээ оршин байдгийг ч мэддэггүй байсан хоёр өөр ертөнц нүднийхээ харцаар уулзан огтлолцоод зөрөхөд, нэг нь сэтгэлдээ өвөрмөц хачин мэдрэмж шинээр тээгээд хоцорсон байж таарна... Дурлал гэдэг ингээд бодохоор нүд хэмээх амин чухал эрхтнээр анхлан бий болдог зүйл ч юм уу? Огтоос харалгүйгээр тас харанхуй орчинд гагц үнэрлэж, эсвэл хүрэлцсэн нэгэндээ татагдах, дурлах тохиол байдаг болов уу?

Учрал тохиосон тэр өдрийн яг орой нь найз минь надад болсон явдлаа дуулгахаар яарч, гар утсаараа цахим зурвас бичсэн юм. Би түүнийг хар багаас нь таних, тоо томшгүй удаа муудалцаж, тэр чинээндээ сайдалцан андын хайраар биесээ хайрлаж ирсэн ганц найз нь юм шүү дээ. Түмээг урьд өмнө хэн нэгэн охинд сэтгэл татагдаж, эсвэл дурлаж бүр цаашлан хайртай болж байсныг үзээгүй болохоор эл явдал зөвхөн түүний хувьд биш, мөн миний ч хувьд хачирхалтай бас сонин, цоо шинэ явдал боллоо. Дараачийн өдрүүдэд тэр гудамжинд ганцхан удаа харц тулгарсан охиныхоо тухай туж бодож, өөр зүйлийг сөхөөрөх янзгүй болсон нь надад илхэн байв. Тийнхүү бид хамтдаа мөнөөх охиныг дахин нэг удаа харах гэж анх удаа учирсан тэр гудамжны нь харалдаа өдөржин, оройжин харуулдаж зогссон билээ.

Нар жаргахын алдад Түмээ, “Тэр мөн байна. Яг мөн байна” хэмээн хашхирах нь тэр. Түүний заасан зүгт харвал, урт хар үстэй, мөн нүдний шилтэй, ихэд холыг ширтэн бодлогоширсон төрхтэй охин зам даган алхаж явахыг олж үзэв. Нэг мөрөндөө өнөөх даавуун цүнхээ үүрч, аажуу тайван хэр нь хөнгөн шингэн алхлах тэр охин өдийг хүртэл ингэтлээ хэнд ч хүчтэйгээр сэтгэл татагдаж байгаагүй найзын минь харцыг булаажээ гэдгийг ухаарахад тийм ч хэцүү биш байлаа. Тэр яг л Түмээгийн сэтгэл алдрах нь баараггүй тийм л дахин давтагдашгүй оршихуй болохыг би ойлгосон юм.

Дурлал болгон оновчтой байдаггүй байх. Дурлал бүр бие биедээ заяагдсан мэт тохиодоггүй байх. Гэхдээ миний нүдэнд тэр хоёр хэрэв дурлалын бурхан гэгч байдаг бол түүний тааллаар л эл зөрлөг дээр учирсан хүмүүс шиг санагдаж билээ.

Гэвч Түмээ өнөөх охиныг хоёр дахь удаагаа хармагцаа ургаа мод шиг буй газраа хөшиж, ам хэл нь татчих шиг л болов. Шүлсээ ч залгих ухаангүй болсон найзынхаа хөшсөн царайг, бас түүнийг шоолон инээж байсан өөрийгөө магад би хэзээ ч мартахгүй биз. Миний толгойд, цаг алдалгүй гүйж очоод ядаж түүний нэр, ямар сургуульд сурдгийг мэдэж авах нь чухал санагдаж байхад Түмээгийн хувьд нүд алгасахгүй ханатлаа харж авах нь л илүүтэй жин дарж байх шиг. Тийнхүү би тэр мөчид нэг их бодож цөхөлгүй өнөөх охин дээр харайлган очиж мэндлээд, хэдий өөрөө эвгүй байдалд орох байсан ч танилцаж, Сараа гэдгийг нь мэдэж чадсан юм. Цас шиг цайчихсан муу найзынхаа царайг хараад эвгүй байдалд оруулах минь ч яамай гэж бодсон хэрэг.

Төдийгөөс өдийг хүртэл олон сарын хугацаанд бид түүнийг зөвхөн алсаас л ажиглав. Миний хувьд аль хэдийнээ биечлэн уулзаж танилцах, аль эсвэл фэйсбүүкээр зурвас бичилцэж эхлэх нь хэрэгтэй алхам мэт бодогдох боловч Түмээгийн хувьд зөвхөн холоос барааг нь харах л дэндүү хангалттай байдаг байв. хоёрдугаар сарын жихүүн хүйтэн өдөр ч гэлээ удаан хугацаанд сурч дассан янзаараа түүнийг хүлээж бүтэлгүйтэн, даарч бээрсэн хоёр амьтан тийнхүү гэрийн зүг алхалж явлаа.

Сараагийн хичээлээ тасалсан тухайг анх удаа сонссон Түмээ гэгэлзэж, бодол санаа нь хаа хол одчихоод байхыг би анзаарав. Намрын тэр өдөр хөдөлж ч чадахгүй таг зогсож байсан түүний царай, өнөөдрийн бодол болон түгшсэн дүр төрхтэй нь сүлэлдэж нийлээд миний сэтгэлийг хүнд оргиулна. Хэрэв мань хоёр холбоо тогтоож, ядахдаа зүс таних хэмжээнд очиж чадсансан бол утсаар ч болов ярьж, санаагаа амраах боломжтойсон. Ямар нэгэн дорвитой алхам хийхгүй л бол цаг хугацаа Түмээгийн хувьд зогсчихсон хэдий ч, бодит ертөнц дээр харвасан сум шиг өнгөрсөөр, урагшилсаар байгааг би л ойлгож байв. Хэрэв олон жил нөхөрлөж ирсэн жинхэнэ найз нь мөн л юм бол би түүний төлөө золиос гаргаж чадахуйц бэлтгэлтэй байх учиртай. Би юу хийж чадах бол?

-Түмээ? Чи Сараатай нэг уулзаж, ярилцаж үзэх хэрэгтэй биш үү?

Аль чадах эвтэйхэн, аргадсан аясаар ингэж асуухад минь Түмээ юу гэж хариулахаа мэдэхгүй хэсэг тээнэгэлзэв. Түүний царайнаас ажиглахад, миний үнэн хэлснийг, үнэхээр уулзаж, ямарваа нэгэн яриа өрнүүлэх хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байх шиг харагдлаа.

-Арай болоогүй байх аа. Гэхдээ... би мэдэхгүй байна аа. Би чадахгүй байх.

Ингэж хэлээд тэр таг болов. Хэдий сэтгэл дотроо ямар нэгэн алхам хийх учиртайгаа ухамсарлаж байвч хөдлөхийн даваан дээр ямар нэгэн зүйл саад болоод байх шиг түүнд санагдаж байгаа мэт.

-Хэрвээ чи зориглоод түүнд хоёрхон мөр зурвас ч болов уншуулж дөнгөвөл чамд ямар санагдах вэ? Олон сар хуримтлагдсан их хүлээлт, санаанаас гардаггүй их бодролууд чинь бага ч гэсэн суларч өгөх үү хэмээн би асуув. Түмээ огт бодож, шийрэгнэлгүй тэр даруй:

-Мэдээж! Ганцхан түүний өмнө ил гарах зүрх зориг л хүрэхгүй байна гэж хариулах нь тэр.

Зүрх зориг хүрэхгүй байна гэнэ. Хэрэв Түмээг зориг гаргахад нь тус болсон, итгэл нэмсэн, бас санааг нь амраах дайны тус хүргэж чаддагсан бол би бэлхэн байв. Багагүй урт хугацаанд бугширч бөөгнөрсөн түүний сэтгэл дэх их хүлээлт, найдварыг зөөллөж өгөх цаг нь ирээд байгааг би мэдэрч байлаа.

Бид удалгүй зам салан тус тусын гэр лүү явав.

ХХХ

-Дахиад л биш болчихлоо, гэж амандаа сулхан хэлээд би урдаа байсан цаасыг базаж хумиад шал руу шидэв. Тийш харвал лавтай долоо, найман базсан цаас шалан дээр хөглөрч үзэгдэнэ. Болохгүй бол дахиад л базаад шиднэ дээ.

Хэзээ гэдгийг нь яг таг мэдэхгүй намрын тэр нэг өдөр... Би чамайг анх харсан...

Ингээд бичтэл нэг л боломгүй санагдаад явчихав. Буруу эхлэл байна. Арай өөрөөр эхлэх хэрэгтэй. Шинээр эхэлье.

Найзынхаа сэтгэл дотор хуримтлагдаж, ил гарахаа хүлээн тэсгэл алдаж байгаа бүхнээс ядаж эмтлээд ч болтугай цаасан дээр буулгаж Сараад уншуулахыг би хүсч байв. Түмээд асар их хүлээлт бий. Харин өөрөө юуг ч хүлээхгүй байгаа хэмээн санаж байж магадгүй. Гэхдээ ямар нэгэн тохиромжтой мөч, эсвэл тохиромжтой дохио ирэхийг сэтгэл нь хүлээсээр байгаа гэдэгт би бат итгэлтэй байлаа. Тийм ч учраас магад энэ захидлын давс хужрыг тааруулан, үнэн бүхнээр дэвсгэр хийн бичиж, Сараад уншуулж чадвал түүний хүлээж байгаа тэр нэгэн хувь тохиолын эхлэлийг би тавьж чадах юм шиг бодогдоно.

Хоёр цаг орчим ноцолдож байж нэг нүүр дүүрэн захидал бичиж дөнгөв. Шал руу харвал арав, хориод базсан цаас хөглөрчээ. Гэхдээ энэ удаад базаж шидэх хэрэггүй гэх шийдвэрийг хэдэнтээ уншиж гаргаад өнөөх хувь тохиолын эхлэлийг урин дуудах учиртай захидлаа цагаан дугтуйнд хийгээд амыг нь наав. Гадна нь, найзынхаа нэрийг дурайтал бичиж хаяглалаа.

Бичсэн захидлаа цүнхлээд гэрээс гарахад өчигдөрхөн хүйтэн салхи үлээж байсан хахирган өвлөөс сураг алдарч, харин оронд нь элгэмсүү хаврын урь угтах шиг санагдлаа. Хавар ирэхээр хүн гэдэг амьтан сэтгэл дотроо цаанаа л нэг энхрий зөөлөн уясал тээдэг дээ. Уясал дагуулж ирдэг болохоор хаварт би дургүй, гэхдээ магад бас хамгийн дуртай байж мэднэ.

Сарааг хаанаас олж болохыг би сайн мэднэ. Намрын навч хөглөрч асан, өдгөө цасны сүүлч хайлан хэнзэрч байгаа өнөөх гудамжаар Сараа яг өдийд явж өнгөрөх учиртай. Энэ бол Түмээ бид хоёрын сүүлийн саруудад сурсан мөрдөн тагнах үйл ажиллагааны бяцхан үр өгөөж юм. Тэр л гудамжийг Сараа гэрээсээ гарахдаа ч, гэр лүүгээ ирэхдээ ч заавал дайрч гардаг юм. Тэнд очоод хүлээхэд их удалгүй нэг мөрөндөө даавуун цүнх үүрсэн охины бараа үзэгдэнэ гэдэгт би итгэж, алхаж гарлаа.

Бүтэлгүйтэхгүй хэмээн өөртөө хэлж, итгүүлэнгээ бяцхан ч гэлээ жинтэй дурсамж тээн байдаг тэр гудамжны дэргэд хашлага налан зогсохдоо би найзынхаа тухай бодолхийлж байлаа. Мөн дурлалын тухай. Дурлал гэдэг яг үнэн хэрэгтээ юу юм бэ? гэдэг асуулт намайг ээрсээр ирсэн. Хэн нэгэнд сэтгэл татагдах нь л өөрөө дурлал юм бол магад би олон удаа дурласан байх учиртай. Гэхдээ Түмээгийн олон сар уйгагүй ганцхан хүнийг холоос харан ширтэж, гагц түүндээ сэтгэл ханаж чадаж байгааг ажиглахуйд миний тэр олон удаагийн дурлал тун чиг өчүүхэн сэтгэл хөдлөл болон хувирч, бодлыг минь холын холд шидэгдэж орхино. Бас найзын минь энэ дурлалын дэргэд үе тэнгийн бусдын үерхэл, дурлалууд хэврэгхэн хуурамч болж таарна. Энэ мэтээр дурлалын тухай элдэв гэнэн бодолд ээрэгдэвч, найзыгаа хэцүү байгааг ч би мартаагүй зогсоо...

Тун удалгүй гудамжны нөгөө талаас алхан ирж буй Сарааг танилаа. Олон сар холоос харсан учраас энэ нь тун хялбар санагдах хачирхалтай мэдрэмж төрүүлж байна. Цүнхэндээ хийсэн захидлаа хэзээ нь хэрхэн ил гаргаж түүнд өгөх тухайгаа би төлөвлөхөөр оролдов.

Даавуун цүнхээ аанай л нэг мөрөндөө үүрсэн танил Сараа аажим алхлан над руу дөхсөөр байхыг би нүд салгалгүй харна. Тэр дотроо ямар нэгэн зүйлийн тухай гүнзгий бодон санааширч байх шиг санагдав. Урт хар үс нь зөөлөн сэвшээ салхинд хойш сулхан хийсэх агаад, нэг гараараа нүдний шилээ хамар луугаа түлхэж засна. Чингэснээ гэнэт намайг олж харуутаа зогтусах нь тэр.

Охин намайг хэзээ хэзээнээс илүү сайн мэддэг хүн шиг цочмог олж харснаа, тун танимхайрсан дүр тодруулах шиг харагдсан юм. Гэтэл аажим алхаагаа сааруулаад, сүүлдээ бүр над руу цоо ширтэн дороо зогсчихдог байгаа. Түүнтэй хамт цаг хугацаа ч бас гацаж орхих шиг санагдав. Эргэн тойрон чив чимээгүй, харин над руу харан зогсох түүний үс хийссээр байх нь удаашруулсан киноны нэг хэсэг ч юм шиг сэтгэгдэл төрүүлээд амжив. Тэр намайг үнэхээр хараад байна гэж үү? Ухаан минь там тум орж ирэхэд би арагш эргэн харж үзлээ. Тийм ээ, тэр намайг харж, тэр ч байтугай таньсан байна.

Аливаа үйлдэл түрүүлж хийж зүрхлэхгүй гайхан тээнэгэлзэж байх хооронд тэр дороо зогсохоо болиод нааш чиглэн алхаж эхэллээ. Харцанд нь эелдэг зөөлөн, бас шийдэмгий байдал тодорно. Хөмсөг нь үл ялиг нумарсан нь түүний царайг ноцтой болгож харагдуулна. Нэгэнт л намайг чиглэн алхаж байгаа нь тодорхой байсан тул би эвгүй байдалд орсон чигээрээ дороо зогссоор түүнийг хүрч ирэхийг хүлээв.

Бид хоёр таван алхмын зайд ойртож ирэхэд үед Сараа түрүүлж ам нээлээ:

-Сайн уу?

Би хариуллаа.

-Сайн. Юу...Чи сайн уу?

-Сайн сайн. Ингэж тун эелдэг хариулаад Сараа надад улам ойртлоо.

-Чи Түмээгийн найз мөн байна ш дээ.

-...Юу л даа. Тийм ээ, мөн шүү дээ. Түмээ миний найз. Чи... нөгөө... юу...

-Би мэднэ ээ. Түмээ та хоёрыг сайн танина.

Надад үнэндээ л хариу болгож хэлэх үг орж ирсэнгүй. Нууцаар ажиглаж ирсэн энэ бүх хугацаанд тэр бид хоёрыг мэдэж байсан юм гэж үү?

-Та хоёр намайг ажиглаагүй гэж бодсон байх л даа. Гэхдээ би тийм ч тэнэг охин биш шүү хэмээн тэрбээр хэлээд цангинатал дуу хадаан инээлээ. Холоос барааг нь ажигладаг байснаас биш, ийм хүчтэй чанга хоолойтойг нь мэддэггүй байсан билээ.

-Би ч бас та хоёрыг...за нарийндаа Түмээг харсаар ирсэн юм.

Ингэж хэлүүтээ тэр өнөөх танил тэмдэг болсон даавуун цүнхнийхээ цахилгааныг нээв. Чингээд дотогш гараа оруулаад ямар нэгэн зүйл тэмтэрч, барьж авах шиг болов.

-Хэзээ нэгэн цагт бид хоёр уулзана гэдгийг би мэднэ. Гэхдээ өнөөдөр энийг хийх тохиромжтой цаг нь гэж би бодож байна. Чамтай энд таарсан минь үүнийг надад батлаад өгчихлөө хэмээгээд Сараа цүнхнээсээ дугтуйтай захидал гаргаж ирээд над руу сунгав. Тэр мөчид миний ч бас түүнд өгөх гэж бэлдсэн захидалтай яг адилхан дугтуйнд хийсэн байх шиг санагдах нь тэр.

-Түмээд дамжуулаад өгч чадах уу?

Би хэсэг тээнэгэлзсэнээ гараа сунгаж түүний гараас захидлыг алгуурхан авлаа.

-Тийм ээ. Мэдээж чадна...

-Баярлалаа. Хэдий биеэрээ уулзаагүй ч энэ захидал Түмээ бид хоёрыг бодол санаанд маань үг өгүүлбэрээр дамжуулан холбож өгнө гэж бодохоор ямар таатай байна гээч.

Ингэж хэлээд түүний сэтгэлээс нэг их том бул чулуу нисээд гарчих шиг болж, цагаан царай нь бүр чиг гийх шиг харагдав.

Би түүний хэлснийг хэдхэн мөч бодолхийлэн сонсоод ийн асуулаа:

-Чи өчигдөр яагаад хичээлээ тасалсан юм бэ? Тэр хариулав.

-Түмээд захидал бичих эсэхээ шийдэж ядан гэртээ үлдсэн юм. Ер нь бичнэ гээд шийдчихсэн байсан гэх үү дээ. Харин ганцхан нүүр захидал бичих гэж суусаар хичээлээ ч мартчихсан байна билээ.

-Яагаад заавал өнөөдөр амжиж бичих гэж хичээлээ хүртэл тасалж байгаа юм бэ? Түмээ чиний ирээгүйг мэдээд ямар их хямарсан гэж санана?

Олон сар найзын минь сэтгэлийг алсын зайнаас гартаа атган жижгэрүүлж ирсэн шидтэй охинд ингэж үг хаяхад тун таатай байв.

-Өнөөдөр Валентин ш дээ. 2 сарын 14.  Энэ чинь Валентины захидал байхгүй юу.

Ингээд огтхон ч төсөөлөөгүй байсан гэв гэнэтийн үйл явдлыг эхлүүлээд дуусгаж буй охин над руу дулаан харцаар ширтэн дотно инээмсэглэл тодруулаад ирсэн зүг рүүгээ буцан алхаж гарлаа. Түүнтэй хоёр дахь удаагаа уулзаад салж буй энэ гудамжинд өгөлгүй үлдээсэн хуурамч захидал, өгөх учиртай жинхэнэ захидал хоёртой би зогсч байгаа нь энэ. Миний бичсэн захидал Түмээгийн хүсэн хүлээж буй хувь тавилангийн эхлэл болно хэмээн би бодсонсон. Гэтэл дурлал гэдэг хэн нэгэн хөндлөнгийн хүнээс огтхон ч үл шалтгаалж, өөрийн голдирлоор урсаж байдаг эд байж шүү.

Сараагийн бараа удалгүй алдрав. Харин би ямар ч үүрэггүй, үүрэгтэй байх ч ёсгүй өөрийн бичсэн захидлаа гаргаж хогийн сав руу чулуудав. Чингээд жинхэнэ хувь тавилангийн тохиолыг гартаа атгаад очих ёстой газар луугаа, Түмээгийнх рүү алхлаа.

#Love #ValentinesDay