Цагаан сараар эвгүй байдалд орохоос хамгаалах мэдээлэл


У.Мөнхтунгалаг | YOLO.MN
2019-02-04

Цагаан сараар үйлддэг зан үйл бүрийг яагаад хийдэг болсон, мөн цагаан сарын баяр хэзээнээс үүсэж бий болсон талаар хүргэж байна. Хүндтэй айлд ороод мэдэхгүйгээс болж эвгүй үйлдэл гаргахаас сэрэмжлэх үүднээс эдгээр товч мэдээллүүдийг уншина уу.

ХЭЗЭЭНЭЭС ЭХЭЛСЭН УЛАМЖЛАЛ ВЭ?

Цагаан сар бол элбэг дэлбэг, өнгөтэй өөдрөг сайн сайхан бүхнийг билэгшээн муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж, намар мал тарган цагаан идээ элбэг дэлбэг үед “Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байжээ.

1206 онд Чингис Хаан Их Монгол улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Үүнээс хойш хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэн тэмдэглэдэг болсон уламжлалтай.  

ЦАГААН САР ХЭМЭЭСНИЙ УЧИР

Монголчууд сүүг эх хүний  эрхэм нандин сэтгэлээр дээдлэн билэгшээн тэнгэр байгаль эхдээ сүүн цацлаа өргөн ирсэн. Сүү цагаа гэж хэлэгддэгээс үүдэн  сүү шиг ариун нандин цагаан амьдралыг билэгшээн “Цагаан сар” хэмээн нэрлэжээ. Монголчууд эртний тэнгэр байгалийн өнгө, салхины аяс, газраа чагнах, нар, сар, од гаригаар зүг чиг болон цагийг тогтоож нүүдэллэн амьдарч ирсэн улс.

Монголчууд жил цагийг амьтнаар төлөөлөн, сар өдрийг өнгөөр тодорхойлон цаглабараа хөтлөх ажээ. Энэхүү баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, бие биенээ хүндэтгэх зан үйлд оршдог учир заавал зочлон золгодог заншилтай.

БИТҮҮНИЙ ӨДӨР БА БИТҮҮЛЭГ ЁС


Шинийн нэгний өмнөх өдөр буюу өвлийн сүүл сарын гучныг “битүүн” гэнэ. Энэ өдөр тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэлтэй бөгөөд Монголчууд өвлийн адаг сарыг “Лавай сар” гэдэг. Ийнхүү саргүй харанхуй битүү байхыг нэгэн бүтэн жил битүүрэн төгсөж байна гэж үздэг. Энэ өдөр айл болгон гэр гэртээ тухайн жилийн эцсийн хоол зоог барьж “битүүлэг” үйлдэх бөгөөд өнгөрөн одож буй оноо битүүлэн төгсгөж буй ёс юм. Битүүний өдөр монголчууд аль болох элбэг дэлбэг байхыг хичээдэг нь тэр жилийнхээ амьдралын сайн сайхныг бэлгэдэж буй явдал юм.

Битүүний өдрөөс өмнө өр шир, өглөг авлагаа дуусгаж, бусдаас зээлсэн мөнгө, эд мал байвал эргүүлэн өгч, урьд хэрэлдэж эв түнжин хагарсан хүнтэйгээ зориуд уулзан учирч эв эеэ засдаг. Айл хотлоороо бурхан шүтээнээ тахиж, гэр орныхоо шороо тоосыг гөвж, утаа хийг цэвэрлэн малынхаа хот хороог засаж цэмцийлгэдэг. Хоточ нохойнхоо уяа хүзүүвчийг хүртэл сольж шинэтгэдэг. Эрчүүд нь хүлэг сайн морьдоо барьж хур дэлийг нь засдаг. Эмэгтэйчүүд нь идээ будаагаа засаж өмсөж зүүх хувцас хунараа цэгцэлж шинийн нэгний өглөөг угтахад хэрэгтэй зүйлсээ бэлдэж тавина.

Битүүний өдөр олон айл хэсэж тэнүүчлэх, хүүхдээ зодох, нохой гаслуулах, гэрийн дотор гаднаас хашгичин ярилцах, юм зажилж гадаа гарах, амаа арчихгүй гарах, онц яаралтай бус өвчинд эм тан уухыг цээрлэдэг.

ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ

Мөр гаргах: Цагаан сарын шинийн нэгний өглөө үйлддэг зан үйл бөгөөд өрхийн тэргүүн өглөө эртлэн наран ургах юм уу эсвэл суусан суудлын сайн зүгт мөрөө эхлэн гаргаж тухайн жилийн цээрээ гаргаж байгаа ёс юм. Эхнэр болон эмэгтэй хүүхэд эл зан үйлийг заавал үйлдэх албагүй бөгөөд эртнээс энэ ёсыг мөрдөж иржээ. Ингэхдээ тухайн жил сар өдрийн хар нохойн ам мөн жилийн аль зүгт байгааг мэдэж зүг төөрүүлдэг байна.

Мэндлэх: “Амар байна уу?” хэмээн золгохоос гадна ирэх ондоо аз жаргалтай амар төвшин байх, адуу мал нь арвижин олшрохын ерөөл тавин мэндчилдэг. “Бие лагшин тунгалаг уу. Мал сүрэг мэнд оров уу”, “Даага далантай, бяруу булчинтай, хөвгүүд хөрслөг, охид өнгөтэй юү” гэх мэтээр мэндлэн цагаалдаг

Тамхилах: Хөөргөөр тамхилахдаа толгойг нь суллахгүйгээр тамхилдаггүй. Хөөрөг зөрүүлэхдээ харшуулахыг цээрлэнэ. Энэхүү ёс нь Өндөр гэгээн Занабазарын үеэс ихэд дэлгэрч “мэндийн шар” хэмээн нэрлэгддэг болжээ. Эвдрэлцсэн хүмүүс байвал хөөрөг зөрүүлж сэтгэлээ цайлгадаг. Хөөрөгний толгойг дарж болдоггүй.

Ууц хөндөх: Бүхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж урд доор нь хүзүү, сээр, хоёр хааг нь, хойт доор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан мөрнүүдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан, дээрээс нь ууцаараа бүтээж, хамгийн дээр нь толгойгоо тавьдаг. Зарим нутагт толгойг зөвхөн тахилд тавьдаг. Махны эх талыг зочин тийш харуулж засна. Зочин толгой талаас нь барьж хажуулдан огтолж идэх ёстой. Битүүний орой гэрийн эзэн есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд гэрт байгаа хүмүүстээ тарааж өгнө. Хишгийг хоёр гараараа өгч авдаг.

Бэлэг барих: Бэлэг дотроо олон янз бөгөөд урьд цагт хамгийн хүндтэй хүндээ ар сайтай торго дурдан, алт мөнгөн эдлэл, сор сайтай ангийн үс, соёл хэтэрхий судар ном сэлтийг есөн цагааны бэлгийн хамт барьдаг байжээ. Ашдын гурван бэлэг гэдэгт цагаан хив хадаг,  шинэ саасан сүү, халуун хошуут мал буюу хонь, морь багтдаг. Хэдийгээр цаг ирэх тусам бэлэг барих ёсон өөрчлөгдөж байгаа ч эртнээс нааш уламжилж ирсэн хадаг, аяга, цай нь нэн хүндэтгэлтэй бэлэг болно.

Уншигч та бүхэн минь “Сайхан шинэлээрэй”

Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхтгэл ном

#ЦагаанСар