ЗАХИДАЛ: Тэр минь ойлгож ухаараад намайг гуйх болов уу?


ССҮТөв | YOLO.MN
2018-12-10

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэр минь ойлгож ухаараад намайг гуйх болов уу?

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ж гэдэг, 33 настай. төлөв даруу, зөв бодолтой энгийн нэгэн эмэгтэй. Найз залуутайгаа танилцсанаасаа хойш л хамтран амьдраад 5 жил болсны эцэст сарын өмнө ямар ч тодорхойгүй шалтгаанаар салахаар болж бид өөр газар амьдарч байна. Тодорхойгүй шалтгаанаар гэж хэлж байгаагийн учир нь манай найз залуу салах болсон шалтгаанаа "сэтгэл хөрсөн" гэж тайлбарлаж байгаа юм.

Сүүлийн хэдэн сар ажил төрлөө өөрчилж, аялал зугаалга, албан томилолтоор их явсан юм л даа. Гуравдагч этгээд гарч ирсэнтэй холбоотой ийм шийдвэр гаргасан байх гэж бодож байсан ч одоо тэр бодол маань өөрчлөгдсөн. Учир нь түүнд ямар ч өөр хүн байхгүйгээр зогсохгүй, энэ салалтаас болоод өөрийгөө нэг л буруутгаад байгаа юм шиг ярианых нь өнгөнөөс ажиглагдаад байх юм. Өөрийнхөө муу талуудыг дурдаад, чамд илүү сайн хүн учирна гээд байх юм. Өмнөх найз охинтойгоо бас маш удаан үерхсэн ч амьдрал болоогүй болохоор өөрийгөө тууштай биш хүнд тооцдог, эсвэл хариуцлагаас жаахан эмээдэг ч гэх юм уу. Бид хоёр багагүй муудалцдаг байлаа. Тэгээд дараа нь зөнгөөрөө шахуу, бие биенээсээ уучлалт ч гуйлгүй эвлэрчихдэг байсан. Энэ удаагийнх үнэхээр эргэж буцалтгүй шийд юм шиг санагдаад, ядаж 2 өөр газар байгаа болохоор ч тэр үү, бүр шаналаад байх юм.

Мэдээж эмэгтэй хүний хувьд цэл залуу биш ч гэсэн амьдрал зохиоход тохиромжтой насанд би түүнтэйгээ учирсан болохоор заяаны минь хань гэж боддог байлаа, тэр минь ч гэсэн намайг гуйж сүйт бүсгүйгээ болгоно л гэдэг байсан юм (2 жилийн өмнө). Яг үнэндээ сүйн ёслол үйлдээгүй, хүүхэд төрүүлээгүй байгаа дээрээ ийм хувирамтгай хүнээс салах хэрэгтэй гэж найзууд минь зөвлөж байгаа ч би сэтгэлээ бодохоор яагаад ч ингээд дуусгаж чадашгүй нь ээ. 

АСУУЛТ: Хосуудын харилцаанд иймэрхүү асуудал голдуу ямар шалтгаанаас болдог вэ?

Сэтгэл хөрөх гэдэг энэ асуудлыг цаг хугацаа эмчилж чадах болов уу, тэр минь ойлгож ухаараад намайг гуйх болов уу?

Хэрэв энэ чигээрээ хоёр тийш болбол миний, бас түүний ирээдүй үнэхээр бүрхэг мэт санагдах юм. Тэр надад хайртай гэдэгт би одоо болтол итгэсээр байгаад л гол асуудал байгаад байна. Яг яавал дээр вэ? 

Үнэн сэтгэлээсээ мэргэжлийн зөвлөгөө өгч, биднийг залуурдана гэдэгт итгэж байна. Та бүхэнд баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Түр хугацааны завсарлага авах нь дахин бодож үзэх ашигтай цаг байж болно

Сайн байна уу, бидэнд хандсанд баярлалаа. Гэрлэх шийдвэр бол хүний амьдралдаа магадгүй нэг л удаа хийх том шийдвэр. Найз залуу нь үүнийг илүү хүндрүүлж ойлгож бүх эрсдэлийг тооцоод, өөрийнхөө муу, сул талуудыг л олж хараад “айгаад” байж болох юм. Гэхдээ энэ зөвхөн таамаглал төдий. Ихэнх хосын харилцаанд тодорхой хямралын үеүд байдаг. Тэдгээр нь хосуудын харилцаа эхэлснээс хойш гол төлөв 3, 7, 15 жилүүдэд тохиолддог гэж үздэг. Өөрөөр хэлбэл харилцаанд ямар нэг томоохон өөрчлөлт орох үед, эсвэл өөрчлөлт орох хэрэгтэй болох үед хямарч болно. Хамт амьдарч эхлэх, хүүхэдтэй болох, хэн нэгэн нь ажилгүй болох гээд юу ч байж болно. Эсвэл эсрэгээрээ болох ёстой өөрчлөлт хувирал явагдахгүй нэгэн хэвийн харилцаатай хэт удаан хугацааг өнгөрөөх нь харилцааг царцсан, ирээдүйгүй мэт мэдрэмж төрүүлдэг. Шийдвэр гаргахаас айдаг, хэт эрсдэлийг тооцдог хүмүүс шийдвэр гаргалгүй удаан явах хандлагатай. Бүр эсвэл хэн нэгнийх нь тодорхой зан чанар, үйлдэл нөгөөдөө таалагдахгүй байгаа үед буюу бие биенийхээ эхнэр, нөхөр гэдэг ойлголттой нь ижил байж чадахгүй байгаа, оролдоод ч өөрчлөгдөхгүй байгаа үед бууж өгч, түүнийгээ “сэтгэл хөрөх” гэдгээр илэрхийлж болно.

Хэрвээ та хоёрын хувьд харилцаа нэгэн хэвийн байдлаар хэт удаан үргэлжилснээс ийм байдалд хүрсэн гэж ойлговол түр хугацааны завсарлага авч, хэн хэн нь өөрсдийгөө ойлгох, дахин бодож үзэх ашигтай цаг байж болно. Найз залуу нь шийдвэрээ танд илэрхийлсэн шиг та ч илэрхийлбэл ямар вэ? Та түүний шийдвэрийг хүндэлж орон зай өгөх ёстой ч өөрөө өөр шийдвэр гаргаж болно шүү дээ. Ирэх зун хүртэл хүлээнэ, боломж олгоно гэдэг ч юм уу. Бас ганцаараа байгаа энэ цагаа зөвхөн өөртөө зориулж өмнө харилцаанаасаа болоод гаргаж чаддаггүй байсан цаг, дуртай зүйлсээ хийвэл ямар вэ?

Яагаад та хоёр салбал хэн хэнийх нь ирээдүй бүрхэг болно гэж? Наснаас болоод уу? Эсвэл хамт өнгөрүүлсэн хугацаанаас болоод уу? Дахиж харилцаа эхлүүлэхээс айдастай болно гэж үү? Хосууд хамтдаа байж чаддаг байх ёстой бас тус тусдаа байж чаддаг байх ёстой. Хэрвээ тэр байхгүй болоход таны ирээдүй бүрхэг болж байвал та түүнээс хэт хамааралтай байна гэсэн үг. Энэ нь хосын тийм ч эрүүл харилцаа биш гэсэн үг. Ялангуяа эрэгтэй хүн эмэгтэй хүнээс тодорхой хэмжээнд биеэ даасан байхыг хүсдэг.

Таны бодож, төсөөлж хүлээж байсан нөхөр болох хүн мөн байсан уу? Танд ирээдүйн нөхрөөсөө хүсэх цензурууд байдаг уу? Эдгээртэй хэр нийцдэг байсан бэ? Таны гэрлэхийг хүссэн насанд учирснаас өөр онцгой зүйл тэр хүнд юу юу байна вэ? Мөн та түүний эхнэр гэдэг ойлголт, дүртэй хэр нийцдэг байсан бол? Танаас хүсдэг, байнга хэлдэг зүйлс байдаг байсан уу? Магадгүй та арай илүү хичээх хэрэгтэй болбол юуг өөрчлөх, ямар талаа хөгжүүлэх хэрэгтэй болох вэ? Түүнд өссөн гэр бүлийнхэн ч юм уу, өмнө нь шийдвэрлээгүй өөр асуудлууд байдаг уу? Хэрвээ тийм бол та эдгээрийг нь хүлээн зөвшөөрч чадах уу? Чадна гэвэл өөрт нь хэлсэн үү?

Хосын харилцаа гэдэг зөвхөн “сэтгэл” биш. Баярлах, догдлох, санаж үгүйлэх сэтгэл бүгд цаг хугацаатай байдаг. Гэхдээ эдгээр мэдрэмжээ зориуд дахин дахин сэдрээж болно, түр унтардаг болохоос ор тас алга болдоггүй гэж үздэг. Догдлохоо больчихлоо гээд хөрсөн гэж ойлговол дэлхий дээрх ихэнх хосууд хөрчихсөн байх байсан болов уу. Хосын харилцаа гэдэг нь үүрэг хариуцлагаа хуваах, хамт байна гэсэн амлалт, тэгээд мэдрэмж, ойр дотно байдал юм. Эдгээрийн яг аль аль хэсэг нь алга болчихоод байгааг та бодоорой.

Яг одоо болж буй зүйлсийг ойлгох, хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгааг ойлгож байна. Хэрвээ биеэр уулзаж ярилцахыг хүсвэл Family College төвийн 90190542 дугаарт холбогдоорой. Таны бүх зүйлд сайн сайхныг хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Сэтгэл судлаач

Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Love, #Letter