Г.Бодь-Эрдэнэ: Англи хэл сурахаасаа өмнө солонгос юм уу, турк хэл сурсан бол надад илүү дөхөм байх байлаа


Б.Намуун | YOLO.MN
2018-12-10

Сурагчийн ширээгээ орхин оюутан болоод удаагүй ч хэдийнээ 5 гадаад хэл сурсан нэгэн хөвгүүний туршлагаас та бүхэндээ хүргэх гэж буйдаа таатай байна. Тэрээр ярьж байхдаа баримт нотолгоо, цөөнгүй судалгаа шинжилгээ дурдаж буйгаас нь үзэхэд хэл сонирхон судалдаг шигээ тархиа үргэлж цэнэглэдэг нь илэрхий ажээ. Ингээд түүний 5 хэл сурсан туршлагатай танилцацгаая.

YOLOСайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу.

-Сайн байцгаана уу? Намайг Гансүхийн Бодь-Эрдэнэ гэдэг. Дэлхийн ТОП 100 сургуулийн нэг БНХАУ-н Цинхуа их сургуульд суралцдаг. Одоо 19 настай. Ахлах сургуулиа Монгол Туркийн хамтарсан сургуульд төгссөн.

YOLOХятад, Турк, Солонгос, Англи, Азербайжан гэсэн таван хэлийг шамдан сурч байгаа шүү дээ. Энэ олон хэлийг хэрхэн сурч байна вэ? Туршлагаасаа хуваалцаач.

-Би 6 настайгаасаа Англи хэл сурч эхэлсэн. Хүүхэд 0-6 насандаа хэл сурах өндөр чадвартай байдаг гэж хэл шинжээчид үздэг. Багадаа олон хэл сурвал өсөж том болох тусам илүү хялбар болдог. Эгчийн маань хүүхэд л гэхэд одоо гурван хэл зэрэг сурч байна. Хольж ярих үе байдаг ч том болохын хэрээр ялгаж салган сайн ярьж ойлгодог болдог. Миний хувьд Солонгос, Турк хэлийг зэрэг сурсан. Ахлах сургуулиа төгсөөд Хятад улсад суръя гэсэн бодол анхандаа байгаагүй. Гэхдээ Хятадад очиж үзэхэд сурч боловсроход боломжтой, тохиромжтой газар санагдсан тул засгийн газрын тэтгэлэг хөөцөлдөж эхэлсэн.

YOLOХятад хэл олон хөгтэй, сурахад нэлээн хэцүү гэгддэг. Хүмүүс хэтэрхий олон ханзнаас нь айгаад сурахаас дөлдөг. Чиний хувьд хэрхэн сурсан бэ?

-Би Хятад хэлийг гурван жил сурч байна. Магадгүй нэг хэлээ дагнаад суралцсан хүний хэлний түвшин өндөр байдаг байх. Миний хувьд бол бүх хэл маань жигд. Би өмнө нь IELTS, TOPIC өгч байсан. Хятад хэлний түвшинг тодорхойлох HSK 6 зэрэг шалгалт байдаг. Би одоо тавдугаар зэрэгтэй. HSK 5-ын 300 онооноос 270 оноо авч байсан. Хятад хэлийг хүмүүс их хэцүү гэдэг. Юу хамгийн хэцүү болгодог вэ гэвэл, хятад хэлийг хараад шууд унших боломжгүй. Тухайн ханзыг аль хөгөөр дуудах ёстой вэ гэдгийг мэддэг болсны дараа л уншина уу гэхээс биш шууд унших ямар ч боломжгүй. Жишээ нь англи хэлээр ямар нэг үг сонсоод толь бичгээс шууд хайх боломжтой бол хятад хэлийг сонсоод хайх боломж бага. Утгаар нь хайх боломж байдаг ч хүндрэлтэй. Тухайлбал нэг ханз нь маш олон утгатай. Ханз өөрөө яг уран зураг шиг. Тухайн ханзны утга нь уран зураг шиг нүдэнд харагддаг. Ханзны пин пан гэж байдаг. Жишээ нь, дээд талын хэсэг нь өвс, баруун талын хэсэг нь хүн гэсэн утгатай байна гэж бодъё. Хүн, өвс гээд холбоод бодохоор тариалантай холбоотой ханз байж болно. Ингээд холбоод цээжилбэл илүү хялбар байдаг. Ер нь нуулгүй хэлэхэд Хятад хэл сурахад үнэхээр хэцүү байсан. Одоо бол аргыг нь олчихсон болохоор нэг ханзыг хараад шууд бичдэг, цээжилдэг болчихсон.

YOLOТурк, Солонгос хэлийг Монгол хэлтэй адил Алтай язгуурын хэл учраас сурахад амархан байдаг гэдэг. Энэ талаар үзэл бодлоо хуваалцаач.

-Хэрвээ би Англи хэлийг сурахаасаа өмнө түрүүлээд Солонгос юм уу Турк хэл сурсан бол илүү дөхөм байх байлаа. Монгол, Солонгос, Турк хэлний өгүүлбэрийн бүтэц хоорондоо адилхан. Адилхан бүтэцтэй учраас үгээ бодоод ярихад түгдрэлгүй, шууд ярих боломжтой. Сурагч байхдаа хоёр жилийн турш бэлдэж байгаад Турк хэлний олон улсын олимпиадад оролцон 1-р байранд орж байсан.

YOLOХэл сурахыг “ял” болгохгүйгээр хөгжилтэйгөөр сурч болдог. Өөрийнхөө хэл сурах хөгжилтэй аргаас хуваалцаач.

-Англи хэл сурч байхад үгээ цээжлэхдээ хөгжилтэйгөөр төсөөлөн цээжилж болдог. Ийм жишээнүүд ч олон бий. Хятад хэлний ханзыг ч гэсэн хараад утгыг нь төсөөлөөд цээжилж болно. Ер нь төсөөллийн аргаар цээжлэх хамгийн үр дүнтэй.

YOLOХэл сурахын давуу тал юу юм бол?

-Дэлхийн хэл шинжлэлийн байгууллагаас гаргасан судалгаанд хүн хэл сурахын хэрээр хөгждөг гэдэг нь тогтоогдсон. Хүн Монголоор ярьж байгаа шигээ бүх зүйлийг Монголоор сэтгэдэг. Үүнтэй адилаар Англи, Хятад, Солонгосоор ярьж байгаа үед тухайн улсын хүн шиг сэтгэж эхэлдэг. Ингэхлээр тархины чадвар мэдээж хөгжиж эхэлнэ. Туркт очоод англиар яриад байвал Турк улсын орчинг 100% мэдэрч чадахгүй. Харин тухайн улсын хэлийг сурснаар тэр улсын хүмүүстэй илүү дотно болж болно. Хэл сурснаар харилцааны хүрээгээ ч тэлж байдаг. Жишээ нь би Англи хэл сурснаар дэлхийн өнцөг булан бүр дэх англи хэлтэй хүмүүстэй харилцаж чадна. Хятадад зүгээр энгийн жижигхэн худалдааны газар очоод англиар яриад байвал худалдаачин төдийлөн ойлгохгүй. Харин үүний оронд  хятадаар яривал нөгөө хүндээ илүү ойртоно. Чиний мэдэж байгаа хэл байх ёстой газрыг чинь тодорхойлдог. Хэрвээ чи зөвхөн Монгол хэл мэддэг бол Монголдоо л байна

YOLOНэг хэлийг сурсан байхад бусад хэлнүүдийг сурахад дөхөм байдаг гэдэг. Энэ үнэн юм болов уу?

-Тийм ээ. Эхний хэлээ сурчихсан байхад хоёр дахь хэлээ сурахад 1000 дахин амархан байдаг. Өөр орны хэлийг сурахаасаа өмнө өөрийн орны хэлийг бас сайн мэддэг байх хэрэгтэй. Өгүүлбэрийн бүтэц, дүрэм, өгүүлбэрийн гишүүд гээд л. Англи хэл сурахад монгол хэлний өгүүлбэрийн бүтэц, үгсийн аймагтай холбож ойлгосноор илүү амархан болсон. Дараа нь Турк хэл сурахад хүртэл бусад хэлтэйгээ харьцуулаад сурсан.

YOLOЭдгээр хэлнээс гадна өөр ямар хэл сурах зорилготой байгаа вэ?

-Араб, Хятад, Англи, Франц, Орос, Испани зэрэг НҮБ-ын албан ёсны зургаан хэл байдаг. Эдгээр зургаан хэлнээс Испани, Франц хэлийг сурах зорилготой. Гэхдээ би одоо ч Турк, Хятад, Солонгос хэлүүдийг сурсаар байна. Цаанаасаа л илүү ихийг сурмаар санагддаг. Би энд хятадаар хүнтэй ярьж байхад тэнд хэн нэгэн испаниар ярьж байгааг сонсоход өөрийн эрхгүй тэр хэлийг сурмаар санагддаг. Хэл сурна гэдэг бол миний хобби. Анх Англиар юм уу, эсвэл Турк хэлээр ярихад хүмүүс намайг их магтдаг байсан. Үүнээс нь урамшаад хэл сурах авьяасаа хөгжүүлж эхэлсэн.

YOLOСурсандаа хамгийн их бахархаж баярладаг нь одоогоор ямар хэл вэ?

-Хятад хэл. Хүмүүс Хятад хэлийг сурчих юм бол хоёр хэл сурсантай тэнцдэг гэдэг. Хятад хэлийг төгс сураагүй байгаа ч мэргэжлийн хичээлээ үзэх хэмжээнд, бусадтай ойлголцох, орчуулга хийх хэмжээний болсондоо баярладаг. Хятад хэл сурахад миний чадвар хүрэхгүй байх гэж боддог үе байсан. Англи, турк хэл сурсан ч гэсэн хятад хэлийг дийлэхгүй тархины багтаамж дүүрчих вий дээ гэж ч бодож байсан /инээв/. Гэхдээ тархи бол үнэхээр агуу эрхтэн юм билээ. Сураад л байвал сураад л байна.

Энэ улсын иргэн гэдгээ ухамсарлаад, хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэдгээ цаг  үргэлж санах хэрэгтэй.

YOLOХэл сурахад үг цээжлэх их чухал байдаг. Зарим багш нар “Энэ 100 үгийг цээжил гээд өгөхөд хүүхдүүд цээжлэх ёстой гэсэн байдлаар цээжлээд мартчихдаг. Энэ талаар юу гэж боддог вэ?

-Тухайн орны хүн шиг сэтгэх хэрэгтэй. “Би зам дээр алхаж байна” гэж хэлэх гэж байгаа бол зам гэдгийг туркээр юу гэдэг билээ гээд шууд сэтгэх хэрэгтэй. Орчинд нь биш ч гэсэн өөрөө орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Монголоор хүнтэй ярьж байхдаа ч хэрвээ би үүнийг англиар хэлбэл юу гэж хэлэх билээ гээд дотроо бод. Өнөөдөр 100 үг цээжилсэн бол тэр үгээ бүгдийг нь ашиглаж байх хэрэгтэй.

Харагдаж байгаа зүйлсийг цээжлэхэд амархан байдаг бол хийсвэр утгатай үгийг төдийлөн байнга ашигладаггүй учраас цээжлэхэд хэцүү. Гэхдээ мэргэжлийн яриандаа ашиглаад явбал илүү дөхөм.

YOLOМонголд байгаа хүүхдүүд орон орны хүмүүстэй төдийлөн тогтмол харилцаад байдаггүй. Тэгвэл сурсан хэлнүүдээ яаж марталгүй хадгалах вэ?

-Олон хэл сурсны дараа тархи яг машины араа шиг болчихдог. 1-р араа, 2-р араа гээд л. Жишээ нь би хэн нэгэнтэй англиар 30 минут тасралтгүй ярьж байтал хятад хүн хятадаар юм асуувал яалт ч үгүй хэдэн секунд түгдэрдэг. Учир нь хариулт нь хятадаар биш англиар түрүүлж орж ирээд байдаг.

Гэхдээ нэг сурсан юм мартагдана гэж байдаггүй. Дадал болоод үлдчихдэг. Ойр ойрхон сэргээгээд, сая хэлсэнчлэн нэг хэлсэн өгүүлбэрээ хятадаар туркээр давхар бодож байх хэрэгтэй.

YOLOХэрвээ бурхан өөрийн чинь гурван хүслийг биелүүлье гэвэл юу хүсэх вэ?

-Хамгийн түрүүнд хүсэх зүйл минь намайг болон гэр бүлийг минь аз жаргалтай байлгаасай. Хүн мэдээж хэзээ ч зовлонг хүсэхгүй шүү дээ. Гэхдээ зовлон байхгүй бол жаргалыг мэдрэхгүй. Хоёр дахь хүсэл минь ирээдүйд мэргэжлийнхээ салбарт шилдэг нь болох болтугай. Гуравт нь Монголын минь ирээдүй гэрэлтэй байгаасай. Яагаад гэвэл энэ бол миний амьдрах орчин. Хүний амьдрах орчин ямар байхын 80 хувь өөрөөс нь шалтгаалдаг. Тэгэхээр надаас шалтгаалахгүй 20 хувь бүрэн гүйцэд байгаасай гэж хүсэж байна даа.

YOLOЯрилцлагын төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу.

-Маш олон хүн гадаадад сурсныхаа дараа тэндээ үлдээд ажиллаж амьдармаар байна гэдэг. Гэхдээ ингээд байвал амьдралын таатай нөхцөл угаасаа бүрдэхгүй шүү дээ. Энэ улсын иргэн гэдгээ ухамсарлаад хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэдгээ цаг үргэлж санах хэрэгтэй. Хүн бүрд өөрийн гэсэн зорилго байдаг. Энэ зорилгодоо л тууштай байх хэрэгтэй. Чиний амьдрал зөвхөн чамд хамаарах биш, гэр бүлийнхэнд чинь ч хамаатай. Тиймээс хариуцлагатай байгаарай. Гадаадад сурлаа гээд бүгдээрээ тэндээ үлдчихэж болохгүй шүү дээ. Жишээ нь би Хятадад сурах боломжийг Монголоосоо л олсон. Иймээс бүх зүйлд наанатай цаанатай, олон талаас нь харж бодож үзэж байгаарай.

YOLOЯрилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

#Language, #Hobby