Танайх ямар ГЭР БҮЛ вэ?


Сондор | YOLO.MN
2016-06-03

  -Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан бэлтгэв-

Социологичид нийгмийн цөм болох гэр бүлийг гурав ангилан үздэг байна. Эдгээр нь эцэг эхийн эрхт, чөлөөт, эв нэгдэлт гэр бүл юм. Гэр бүлийн хэв маяг бүр өөр өөрсдийн онцлогтой байхын зэрэгцээ давуу болон сул талуудтай байдаг байна. Дараах шинж тэмдгүүдийг уншаад, та ч бас гэр бүлдээ дүгнэлт хийгээрэй.

1. Эцэг эхийн эрхт гэр бүл

Энэ гэр бүлд эрх мэдэл маш чухал. Эцэг эхийн эрхт гэр бүлд шатлан захирах онцгой ёс тогтсон байдаг. Ихэнхдээ аав хамгийн дээд эрхийг эдэлж, дараа нь ээж, тэгээд хүүхдүүүдийн хамгийн том нь гэх гэх мэт шатлалтай. Гэхдээ хүүхдүүдийн эрх мэдэл маш бага эсвэл огт эрх мэдэлгүй байдаг.

Энэ гэр бүлийн гишүүдийн мэдлэг бололцоо олж авах боломж нь ч тэгш бус.

Энэ гэрийн хүүхдүүд үргэлж дуулгавартай байж, эцэг эхийнхээ үгэнд маш сайн орох ёстой бөгөөд зөв буруугийн хооронд маш том зааг тогтоосон байдаг.  Ийм гэр бүлд хүүхдийн хайрлуулж энхрийлүүлэх асуудал нь тэд эрх бүхий хүмүүсийн үгэнд хэр сайн орж байгаагаас шууд шалтгаална.

Энэ гэр бүлд өссөн хүүхдүүдийн онцлог:

-Юм болгонд дуулгавартай байхыг хичээдгээс идэвхгүй хүн болж төлөвшдөг.
-Бусдын үгэнд автамхай, өөрийн гэсэн үзэл баримтлалгүй.
-Шинэ нөхцөл байдалд дасан зохицох чадвар мууутай.
-Хэн нэгний үгэнд орогүйгээс тэд өөрт нь дургүй болох вий гэх айдастай болдог.

Эцэг эх нь хүүхдээ ийнхүү хэт дуулгавартай байхыг шахан, дарамталж өсгөснөөс гарах сөрөг дагавар нь хүүхэд эсэргүүцэн босогч болж хувирдаг. Эхлээд эцэг эхийнхээ эсрэг, дараа нь нийгмийн эсрэг, удалгүй эрх мэдэлтний эсрэг тэмцэгч болдог. Үүгээр зогсохгүй энэ тэмцэл нь хүчирхийлэл, хар тамхинд донтох зэргийг араасаа дагуулах аюултай.


2. Чөлөөт гэр бүл

Эцэг эхийн эрхт гэр бүлийг эсэргүүцэн, хатуу дэг журам бүхий гэр бүлийг үгүйсгэн, чөлөөт гэр бүлүүд бий болжээ. Ингэснээр хүүхдүүдэд өөрийгөө хөгжүүлэх эрх чөлөө олгохыг зорьсон байна. Ийм гэр бүлд эрх чөлөө, зугаа цэнгэл их чухал.

Ээж аавууд хүүхдийнхээ бүх хүслийг хангах гэж хичээнэ. Гэсэн атлаа хүүхдэдээ биеэ зөв авч явах талаар ямар ч шаардлага тавьдаггүй. Зааг хязгаар тавьсан мэт харагдавч хүүхэд янз бүрээр аашлахад л эцэг эхийн шаардлага хэрэгждэггүй. Ийм гэр бүлд өссөн хүүхэд хайр хүсэл хэрэгцээ хангагдсан тохиолдолд л гарч ирдэг мэтээр ойлгодог.

Хүүхдийн хүслийг биелүүлээгүй эсвэл биелүүлсэн ч тэдний сэтгэлд нийцээгүй бол ээж аав нь өөрт нь хайргүй юм байна гэж хүүхэд боддог. Энэ гэрт эцэг эцэг эх хүүхдэдээ багаас нь сахилгатай, дэг журамтай байхыг зааж зөвлөдөггүй. Иймд хүхэд том болоод ааш нь эвдрэх нь бий. Энэ нь ээж аавыг хатуу арга хэмжээ авахад хүргэнэ. Зарим нь хүүхдээ ад үзэх нь ч бий.

Энэ гэр бүлд өссөн хүүхдүүдийн онцлог:

-Хувиа хичээсэн, зугаа цэнгэлд дуртай.
-Багаар ажиллах чадваргүй. 
-Хатуу сахилга, дэг журмыг эсэргүүцнэ.
-Эрх танхил

3. Эв нэгдэлт гэр бүл

Энэ гэр бүл эв нэгдлийг эрхэмлэн, аливаад хүлээцтэй хандана. Гэр бүлийн гишүүн бүр эрхээ дээд зэргээр эдлэх нь чухал. Мөн эцэг эх, хүүхдийн аль алиных нь эрхийг хүндэлнэ. Иймд хүн бүр үүрэг хариуцлагаа ухамсарласан байдаг. Ийм гэр бүл үргэлж хайраар дүүрэн, дулаан уур амьсгалтай байна. Эцэг эх хүүхдүүддээ тодорхой шаардлагууд тавьдаг.

Энэ гэр бүлд өссөн хүүхдүүдийн онцлог:
-Шударга, биеэ даасан,
-Бүтээлч, бусадтай хамтран ажиллах чадвартай.
-Тусч, өөртөө итгэлтэй, бусдад хүндэтгэлтэй хүн болж төлөвшдөг байна.


 

Эх сурвалж: Монголын хөгжлийн төв, Хүүхдээ хүмүүжүүлэн төлөвшүүлэхүй

#family #ЭцэгЭх #teenagers