Бидний учирсан цаг үе


Б.Намуун | YOLO.MN
2018-08-22

Өглөө сэрээд орой унтахын хооронд цаг хугацаа хэрхэн хурдацтай өнгөрч байгааг та анзаардаг уу? Уйлж байсан үеэ инээж дурсан, инээж байсан үеэ уйлж дурсаж, дурсамжаа бодон инээх хэрнээ дурсамж үлдээсэн эзнийг нь бодон уйлдаг энэ амьдрал хэрхэн нүдний чинь урдуур эрээлжлэн өнгөрч буйг тогтож нэг ажиглаж байсан уу? Заримдаа цаг хугацаа дэндүү харьцангуй байдаг. Хэдэн арван жил хэдхэн хоног шиг, хэдхэн хоног хэдэн зуун жил шиг санагддаг. Тэр тусмаа хайртай хүнтэйгээ байсан тэр хором мөч бүхэн...

Төрийн дуулал эгшиглэнэ. Интернетээс шинээр сурсан үс ороох аргаа туршиж үзэхээр үсээрээ дүүрэн оймс ороож, шөнөжин хичээлээ уншиж хоносон бололтой өөрийгөө бараг л номоор хуччихсан нэгэн охин нойрон дундаа “Зурагтаар төрийн дуулал шөнө дундын үед нэг, өглөө нэг эгшиглэдэг. Тэгэхээр энэ хэзээнийх нь байж таарах уу?” гэсэншүү юм бодон зүүд, бодит амьдрал хоёрын хооронд сэрэх гэж зовон хэвтэнэ. Гэнэт өнөөх охин “номон хөнжил”-өөсөө суга үсрэн босож, оймсоор ороосон үсээ нэг нэгээр нь задлангаа нүдээ онийлгон нүдний шилээ эрнэ. Нүдний шилээ арай гэж олоод цаг харсан тэрээр хоолойныхоо чадлаар “ЭЭЖЭЭ, би хоцорчихсон байна” гэж ориллоо. Тэр дахиад л хоцорчихож. “Би өчигдөр даанч үс гэзгээ ороогоод маяглаад байсан юм аа. Хоцрох гээд тэгээд байж л дээ” гэж өөрийгөө зүхсээр гартаа тааралдсан даашинзаа өмсөөд хүрмээ гартаа барьсаар нүүрээ ч будалгүй гэрээсээ гараад гүйчихлээ. Хөөрхий ээж нь нөгөө л зангаараа “Цайгаа уугаад яваач” гэсээр баруун гартаа аягатай цай зүүн гартаа өндөгтэй талх барин үлдэв. Охин шатаар хэн нэгнээс зугтаж байгаа юм шиг л хар хурдаараа гүйж явахдаа эхнэрээ үнсээд ажилдаа явхаар хаалгаа онгойлгон зогсож буй нэг давхрын залууг харалгүй хаалгыг нь мөргөн унав. Хэдий мөргөсөн дух нь өвдөвч юу ч болоогүй юм шиг босоод гараас нь мултран унасан утсаа хайж олбол дэлгэц нь хагараад хөөрхий утас нь “Арай ч дээ, эзэн минь” гэх шиг тун чиг өрөвдөлтэй харагдана. Орцныхоо хаалгаар утсаа асаах гэж оролдсон чигтээ гараад гүйхэд хойно өнөөх залуу хос инээсээр үлдлээ. Барианд орох гэж байгаа тамирчин шиг автобусны буудал руу гүйж гүйж ирэхэд ашгүй автобус яг ирж таарлаа. Энэ охин тийм ч яадгаа алдсан азгүй нэгэн бас биш бололтой.

Автобусанд ороод тухтай суудал олоод, амьсгаагаа даран хэсэг суулаа. Тэгтэл дараагийн буудал дээрээс өөртэй нь адилхан яарч сандарсан охин автобусны шатан дээр унаж тусан бүдэчсээр орж ирэв. Охин түүнийг хараад “Хөөе, Зулаа нааш ир” гэж гараа даллалаа. Өнөөх Зулаа гэх охин дэргэд нь ирж суугаад юм хэлэх гэсэн боловч хэтэрхий хурдан гүйснээс амьсгаагаа авч чадахгүй хахаж цацан байж, “Би чамайг явчихлаа л гэж бодлоо. Намайг гэрээсээ гарч ирэхэд 8 цаг 20 минутын автобус хөдөлж байсан. Чамайг тэр автобусанд суусан байх гэж бодсон юм. Тэгээд автобусны буудал руу явах гэж байгаад гэртээ дэвтрээ үлдээснээ санаад гэр лүүгээ буцаж ороод гарч ирэх гэсээр байтал хоцорчихсон” гэх нь тэр. Охин цагаа харвал 8 цаг 50 минут болж байлаа. Сургалт эхлэхэд аравхан минут үлдсэн байна. Харин Зулаагийн цагийн зүү аль хэдийн есийг заажээ. Автобусны урсдаг дэлгэцэн дээрх цагийг харвал 8 цаг 25 минут болж байв. Яг аль цаг нь зөв яваад байгааг гайхаж цөхсөн хоёр охин хүнээс цаг асуух гэсэн боловч хоёулаа ичиж санаа зовсоор нэг нь утсаа аван ээж рүүгээ залгалаа. “Байна уу? Ээж цаг хэд болж байна?” хар хурдаараа цайгаа ч уухгүй орилсоор гарч явсан охин нь цаг асуухад гайхсан ээж нь “8 цаг 25 минут” гэлээ. Охин итгэж ядан “Яг уу? Бүх өрөөний цагийг хар даа” гэтэл ээж нь залхсан бололтой “Яг гэм дээ яг гэм” гээд утсаа тасаллаа. Хоёр охин автобусны арын суудалд суугаа, шөнөжин найралж хоноод магадгүй гэр лүүгээ харьж эхнэрийнхээ салах өргөдөл барин зогсохыг, эсвэл ажил руугаа очиж захирлынхаа халагдах тушаалыг нь барин зогсохыг харах хоёр хүндхэн шийтгэлийн аль нэгийг сонгохоор нойрмоглон яваа шинжтэй архи үнэртүүлж үс нь өрвийсөн, зангиа зүүж хослол өмссөн залууг нойрноосоо гэнэт сэрэн босож зогсоод дарга, эхнэр хоёроосоо уучлалт гуйтал нь тас тас хөхөрч өөрсдийгөө шоолно. Автобусан дахь хүмүүс охидын дуунд нойрноосоо сэрж, бүгд тэднийг ажиглан гайхах нь гайхаж, үглэх нь үглэнэ. Охид цагаа андуурчээ. Хэн нь ч хоцроогүй байж. Нэгнийгээ шоолон инээлдэх эдгээр охидын нэг нь би.

Намайг Намуунаа гэдэг. Уг нь ч би тийм ч яадгаа алдсан азгүй хүн биш л дээ. Шатаар өгсөж юм уу, уруудаж яваад хальт гишгэн эсвэл бүдрэн унахад хажууд шоолоод зогсох хүн лав байдаггүй. Хэн ч хараагүй болохоор юу ч болоогүй юм шиг л босоод явчихна. Тэгэхээр аз нь бүр харьчихаагүй байгаа биз. Харин манай энэ Зулаа үнэхээр азгүй нэгэн шүү. Яагаад гэвэл унаж тусах үед нь дандаа би дэргэд нь байж таардаг юм. Нэг иймэрхүү юм бодож мушилзан инээвхийлсээр цүнхээ ухвал “Юу вэ? Би дэвтрээ мартчихаж”. “Одоо дэвтэргүй яаж хичээлээ тэмдэглэх болж байна аа?” гэж бодсон ч Зулаад хэлсэнгүй. Яаж ч хэлэх билээ? Саяхан л “Чи надаас азгүй. Цахилгаан шатанд сууж яваад би гарахад ард нь чи хавчуулагдана шүү” гээд шоолчихсон хүн чинь “Би дэвтрээ мартчихсан байна” гэвэл нэг насны доог болох байлгүй.

Ямар ч гэсэн бид хоёр сургалтнаасаа хоцролгүй хүрээд ирлээ. Ямар сургалтанд ингэж унаж тусан бүдчиж утасныхаа дэлгэцийг хагалан байж яарсаар ирж байна вэ гэвэл Зулаа бид хоёр тэтгэлэгт хөтөлбөрт тэнцчихсэн юм. Бид хоёр хэдий азгүйтдэг ч гэсэн хичээл сурлага, уралдаан тэмцээн, хөтөлбөр чуулганд тэнцээд амжилттай оролцчихоод байдаг сийрэг толгойнууд. Бид хоёр багаасаа л хамтдаа явна даа. Уран жиргээ, Хүрэл тулга, олимпиад уралдаан, Үнсгэлжин, Фото модель гээд бүх л тэмцээн уралдаанд хамтдаа оролцсоор ирсэн бидний бага нас. Зулаа спортдоо сайн. Харин миний хувьд спортын талаар юу ч мэдэхгүй нэгэн. Тэгсэн ч гэсэн Зулааг гар бөмбөгийн тэмцээнд орж байхад нь би сэлгээнд сууж л байдаг. Сургууль гэр хоёрын хооронд л явдаг болохоор энэ бяцхан хорооллоос жоохон л холдож тэмцээн юм уу, өөр ямар нэгэн чуулга уулзалт, арга хэмжээнд оролцохоор болвол заавал ч үгүй төөрч, хайж будилж байж хоцорч очдог тогтсон заншилтай улс. Харин энэ удаа овоо хоцорсонгүй шүү.

Эх орныхоо төлөө хийж бүтээх хүсэл эрмэлзэл, нэгэн зорилготой сурагчид нэг дээвэр доор цугларах мөч. Зулаа бид хоёр энд ирэхээрээ л хамгийн жаргалтай нь бас хамгийн ухаалаг нь болчихдог. Хэдий бид хоёр өөр багт хуваагдсан ч гэсэн баг багтаа өөрсдийн үүргийг амжилттай биелүүлж яваа.

Өглөө яарч гарсан учраас өөрийгөө ч толинд харж амжаагүй би уруулаа ч болов будахаар ариун цэврийн өрөө орлоо. Хүн айж нохой гасалмаар биш ч гэсэн ер нь өөдтэй царай намайг угтсангүй. Гэвч эмэгтэйчүүд хэдхэн минутанд яаж ч өөрчлөгдөж чаддаг хүмүүс учир үс гэзгээ самнаад, уруулаа будахад л огт өөр нэгэн над руу харж байлаа. Итгэл төгс инээмсэглэл тодруулан ариун цэврийн өрөөнөөс гаран сурагчдын овоорон зогсох зүг рүү чиглэн очвол Зулаа аль хэдийнэ багийнхантайгаа нэгдээд хөгжилтэй яриа өрнүүлэн зогсоно. Ер нь Зулаа бид хоёрын онцлог бол хаана ч инээд хөөр түгээж явдаг хүмүүс. Би ч багийнхан дээрээ очихоор явж байтал хэн нэгэн “Хүүе” хэмээн гарнаас татав. Түр зогсоод эргэж харвал клубийн маань охин өнөөх л гэнэн цайлган, ямар ч ууртай хүний уурыг гаргаж дөнгөхөөр гэрэлтсэн инээдээрээ инээмсэглэсээр “Сайн уу?” гээд намайг тэврэн авлаа. Тэврэлдэх нь манай клубийн заншил болсон мэндчилгээ юм л даа. Танил царайгаа олж харсандаа баярлан өглөө тохиолдсон азгүй ч гэмээр нэг бодлын азтай ч гэмээр хөгтэй явдлаа ярьж дуусахад Үжин хөөрхөн инээсээр дэргэдээ зогсох өндөр цагаан хөвгүүн рүү зааж “Манай багийн Гарьд. Намуунаа танилцаарай” гэлээ. Би ч дотроо “Аан нөгөө...” гэж бодолхийлэн давхар ичингүйрэн “Намуунаа” гэж нэрээ хэлээд яваад өгөв.

Гарьд бид хоёр их хөгтэй гэмээр байдлаар нэгнээ мэддэг болсон юм. Техник технологи хөгжсөн энэ үед хүмүүс гар барин танилцахаасаа өмнө цахим сүлжээгээр дамжуулж нэгнээ мэддэг болох юм даа.  Дөнгөж өчигдөрхөн бид хоёр нэгнээ хэзээний танидаг хүмүүс шиг нэгэн зурагны сэтгэгдэл дээр биесээ танимхайран харьцаж байлаа. Манай сургалтын завсарлагааны цагаар багш нар маань нэгэн хайрцгийг нээдэг юм. Тэр хайрцгийг хоёр тасалгаанд хуваасан байх агаад нэгэнд нь хүслээ, нөгөөд нь өөртөө таалагдаж байгаа хүнийхээ нэрийг бичиж хийдэг. Өчигдөр үүнтэй холбоотой Гарьдын цахим хаягтаа оруулсан хөгжилтэй зурагны доор  нэгнийхээ нэрийг бичиж хийхээр тохиролцон нэгнээрээ тоглоом шоглоом хийснээ гэнэт саналаа. Тухайн үедээ би зүгээр л тоглож байсан хэдий ч багш нар маань хайрцгийг нээх үед амласан амлалтандаа хүрэх ёстой юм шиг, магадгүй өөр нэгэн далдын хүч ч нөлөөлсөн байж болох юм. Уралдан очиж “Гарьд хөөрхөн шүү” гэсэн цаас шургуулчихлаа. Багш нар ч хүслүүдийг уншин хүүхдүүд нэгнийхээ хүслийг биелүүлэхээр дуулах нь дуулж, бүжиглэх нь бүжиглэж дуусахад таалагдсан хүнийхээ нэрийг хийх хэсэг дэх нэрсийг уншиж эхэллээ.

Миний бичиж хийсэн “Гарьд хөөрхөн шүү” гэсэн зурвас гарч ирэхэд дотроо “Яана аа, шалгалтын материал дээр нэрээ бичсээр байгаад буланд нь нэрээ биччихээгүй байгаа даа” гэж санаа зовон ичиж суутал “Намуунаа хөөрхөн юм аа” гэсэн зурвас гараад  ирэв. Ичиж улайгаад нүүр хийх газаргүй болон дэмий л дэлхийн миссийн титэм авсан мисс аятай инээмсэглэн сууна. Хүүхдүүд бүгд над руу хараад ч байх шиг. Гэхдээ би л тэгж бодсон хэрэг л дээ. Сургалт тарсны дараа гэртээ харьж хичээлээ хийчихээд нүд нь хариугүй анилдсан амьтан ор руугаа тэмүүлж байсан ч уламжлал ёсоор цахим хаягаа шалгалаа. Ер нь орчин үед хамгийн идэвхтэй хүн гэж өдөржин завгүй байсан хэрнээ орой унтахынхаа өмнө цахим хаягтаа зураг хийдэг хүнийг хэлдэг болсон. Би ч тэдний нэг юм болохоороо нүүр номоо шалгахаар ороод өөрийн мэдэлгүй Гарьд руу зурвас илгээчихлээ. Гарьд ч хариуг минь удаалгүй явуулав. Хэсэг зурвасаар харьцсаны дараа Гарьд: “Би чиний нэрийг бичиж хийсэн” гэхэд нь нүүр халуун дүүгэж “Би ч гэсэн” гэж үнэнээ хүлээв. Яагаад ч юм түүнийг дахиж нэг удаа, ганцхан удаа урдаас нь арай удаан хармаар санагдлаа.  Даанч өнөөдөр бидний хамгийн сүүлийн хичээл байсан шүү дээ. Энэ боломжоо ашиглаад удаан хараад авахын оронд ичингүйрэн зугтаж, өөр тийшээ харан суусандаа өөртөө гомдоно. Гэхдээ бид батламж гардуулах ёслол дээр дахин уулзана гэж бодоход л тэр үеэ дотроо төсөөлөн гэгэлзэн догдолсоор. Энэ өдрөөс хойш Гарьд гэх нэгэн хүн найзаар минь дамжуулан алгуурхнаар амьдралд минь орж ирэхээр хаалга тогшиж эхэлсэн юм. Магадгүй учрах ёсгүй хүмүүсийг найз нөхөд танилцуулдаг байх...

Өдөр ирэх тусам түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсэж, уулзахгүй ч гэсэн зүгээр л зурвасаар харьцаад л баймаар санагдаж, түүнтэй л холбоотой байхын тулд цахим хаягтаа ордог боллоо. Бусдад итгэхээс дэндүү их айдаг учраас түүн рүү тэмүүлэх сэтгэлээ шоолон, түүнийг бодох тоолондоо удахгүй болох шалгалтаа төсөөлөн өөрийгөө сатааруулна. Ер нь л би гэдэг хүн хэн нэгэнд тийм ч амархан сэтгэлээ нээгээд байдаг хүн биш. Эхлээд тэр хүнд итгэж, итгэл хүлээлгэсний дараа итгэлээр дамжиж сэтгэлийнхээ үүд хаалгыг нээж өгдөг хүн. Өмнө нь нэг хүн итгэлийг минь газарт унагааж цаас шиг базаж үрчийлгэн, шороо тоостой хутгаж орхисон учраас дахин хэн нэгэнд итгэхээс айдаг болсон өсвөр насны сурагч.

Хүсэн хүлээсэн өдөр ирж батламж гардуулах ёслол руугаа догдолсон, бас эмээсэн байдалтайгаар түүнийг харахын тулд мөн удаан хугацаанд хамт байсан тэдгээр хүүхдүүдтэй магадгүй сүүлчийн удаа уулзах гэж хотын гудмаар алхаж явна.

Биднийг танилцуулсан найзтайгаа мэндлэхээр багийнхан дээр нь очихдоо анх удаа Гарьдын хоолойг удаанаар маш ойроос сонсов. Үжинтэй ярилцаж байгаа хэдий ч түүний яриа чихний хажуугаар өнгөрч, зүгээр л ам нь ангалзаад байх шиг санагдана. Харин Гарьдын баргил боловч тослог, хөтлөгч хиймээр, сонсоод л баймаар энэ хоолой чихээр минь дамжин зүрхэнд очиж намайг дурлуулж байлаа. Үжингийн ярианаас юу ч ойлгоогүй хэрнээ “Харин тийм ээ” гэчихээд цааш эргэхэд Үжин гайхсаар хоцров. Бодвол би өөр юм ярьж байхад нь тэгж хэлсэн бололтой. Юу ярьж байхад нь “Харин тийм ээ” гэж хэлж хөгөө чирсэн бол доо.

Арга хэмжээ ч болдгоороо болж, өндөрлөх тийшээ хандах үед Гарьдын багийн нэгэн хөвгүүнтэй яриа өрнүүлэн зогсохдоо түүнийг саяхан уншсан номын маань гол дүрийн гоц ухаантан хүүтэй ямар адилханг /Жон Грийний “Хэтэрхий олон Катиринууд” номын Колины дүр/ онцлон хэлж, ухаантайг нь магтан түүнтэй ярилцаж үзэхийг хүсдэг байснаа хэлбэл тэрээр инээмсэглэн “Баярлалаа. Гэхдээ чамтай бас нэг хүн ярилцаж үзэхийг их хүсдэг” гээд Гарьдын зүг заав. Хэлэх үгээ олж ядан инээмсэглэн зогстол гэнэт Гарьд намайг чиглээд алхах нь тэр. Би ч дотроо “Над руу л битгий ирээсэй. Ширээн дээрээс юм авах гэж, эсвэл намайг өнгөрөөд өөр хүн дээр очих гэж байгаасай” гэж  бодовч зүрх минь “Над дээр хурдан хүрээд ир” гэх шиг түг түг цохилно. Нэг мэдэхэд Гарьд аль хэдийнэ урд ирээд зогсчихсон, тэр байтугай намайг тэвэрчихсэн байлаа. Миний насны эрүүл хүний зүрхний дундаж цохилт минутанд 70 байдаг бол минийх лав тэр үед хоёр дахин их байсан биз.

Баярлаж догдлох, басхүү ичиж эмээхийн завсар “Зулаа харчихвий дээ. Зулаа харах юм бол ангиар нэг яриа үүснэ дээ” гэж нүдээрээ Зулааг хайсан ч зүрхээрээ, бүх бие сэтгэлээрээ түүний халуун тэврэлтийг мэдэрч зогслоо.  Яагаад намайг гэнэт тэвэрснийг мэдэхгүй ч хэтэрхий их тулгамдаж бантсандаа би шууд л хоёулаа зургаа авахуулах уу, гээд асуучихсан. Би тэр өдрийн турш зөвхөн Гарьдыг бодож тайван ч унтаж чадахгүй орон дээрээ үсрэн цовхчиж нүүрээ дэрэндээ наан орилж хөлөөрөө ороо нүдэн асар их догдлол, аз жаргал, хайрыг мэдрэн улаан бутран байв. Би түүнийг яг л энэ гэнэтийн тэврэлт шигээ амьдралд минь гэнэт ороод ирээсэй хэмээн залбирлаа...

“Өнөөдрөөс эхлэн бүх зүйл аз жаргалтай сайхан байх болно. Би бол шинэ хүн. Юунаас ч болж уйлахгүй, юунд ч шантрахгүй” гэж сэргэлэн цовоо байдлаар хөнжлөө өшиглөн босохдоо дэрний хажууд байсан нүдний шилээ унагаасныг мэдэлгүй шилэн дээрээ гишгээд хагалаад хаячихлаа. Нэг тал нь цуурсан ч гэсэн бас ч гэж харж болж байна аа. Би тийм ч яахаа алдсан азгүй нэгэн биш шүү дээ, гэж бодон шилнийхээ хагараагүй хэсгээр харах гэж явсаар ариун цэврийн өрөөний хаалгыг золтой мөргөчихсөнгүй. Юу ч болсон сэтгэлээр унахгүй гэж сэрснээ санан дотроо хайран шил гэж гол харлаж байсан ч гаднаа инээсээр цахим хаягаа шалгатал багаасаа хайрлаж хүндэлж явсан өвөөгөөс минь өөрцгүй санагддаг алдарт зураач таалал төгссөн гэх мэдээг уншаад хагарсан шилээ чулуудчихаад хэнгэнэтэл уйлж эхлэв. Уг нь бол надтай цусан байтугай ясан төрлийн ч холбоо хамааралгүй хүн шүү дээ. Тийм атал “Ямар мундаг хүн байлаа даа арай ч дээ” гэсээр багадаа ганцхан удаа уран зургийн галлерейд дэргэдээс нь харахад өнөөх ахмад зураач өөр рүү нь харан инээвхийлж байсныг дурсан нулимсаа арчиж нусаа татсаар гэртээ арц хүж уугиулж зул асаалаа. Цахим хаяг дээрээ эмгэнэл илэрхийлчихээд нулимсанд халтартсан нүүрээ хүйтэн усаар булхаад хагарсан шилээ зүүн сургалтандаа явав. Орой нь гэртээ ирээд утсаа хартал Гарьд өнөөх эмгэнэл илэрхийлсэн нийтлэлийг минь над руу явуулж баярласнаа илэрхийлсэн байв. Яг юунд баярлаад байгааг ойлгоогүй ч өнөөх нийтлэлээ уншаад дахиад л нулимс урсгаж эхлэв. Хэрвээ энэ үед хөндлөнгийн хэн нэгэн миний дэргэд байсан бол “Чамайг энэ хорвоод байдаг гэдгийг ч мэдэхгүй насны нар нь гүйцсэн хөгшний төлөө юундаа нулимсаа бараад байгаа юм бэ?” гэж зэмлэх байсан биз. Гэвч ухаан орсон цагаасаа өвөө гэдэг хүнгүй өссөн миний хувьд ганц удаа над руу хараад мишээсэн тэр хөгшин балчирхан байхад минь өвөр дээрээ суулгаад инээж байсан өвөөтэй минь дэндүү адилхан санагдаж, өвөөг минь бурхан эрт авч явсан ч энэ буурайг урт наслуулаасай гэж залбиран байсан тэр үеийн арван настай бяцхан охины сэтгэлийг хэн мэдэх билээ. Мэдсэн ч хэн ойлгох билээ.

 

Ухаан орон нулимсаа арчаад Гарьдад яг л шинэ хүн танилцуулж буй мэтээр “Энэ хүн их мундаг. Би багаасаа л хайрлаж хүндэлж ирсэн. Найруулсан, зураачаар нь ажилласан кино болгоныг нь үзэх хэчнээн дуртай байсан гээч” хэмээн зурвас илгээтэл Гарьд “Би чамд өвөөгийн номноос өгнө өө” гэх нь тэр. Бурхан минь ийм юм байдаг аа? гэж бодон золтой л “Хэн чиний өвөө юм, миний өвөө” гээд жоохон хүүхэд тоглоомоо харамладаг шиг юм болчихсонгүй. Гайхсан байртай “Чиний өвөө юм уу?” гэж асуувал “Тийм ээ” гэж хариулав. Гэнэт Гарьд надад бүр ч дотно санагдаж эхэллээ. Яг л хамаатан садан минь юм шиг, эртнээс түүнийг танидаг байсан ч юм шиг. Үүнтэй зэрэгцэн “Хөндлөнгийн надад ийм байгаа юм чинь Гарьдад бүр ч хэцүү байгаа даа” гэсэн гэмшил төрж, юу асуухаа мэдэхгүй хэсэг тээнэгэлзээд урмын олигтой үг ч хэлж чадалгүйгээр цахим хаягаасаа гарлаа.

Би Гарьдаас өөрийнхөө тусгалыг  харах шиг л болдог. Тэр яг л миний эрэгтэй хувилбар юм уу даа гэмээр. Би хэтэрхий цэвэрч болохоор энэ зангаасаа болоод хүнд адлагдчих гээд байдаг талтай. Тэгтэл Гарьд эрэгтэй хүн хэрнээ надаас ч цэвэрч нэгэн байж таарлаа. Үүнээс гадна миний дургүй зүйлд тэр дургүй, миний дуртай зүйлд тэр дуртай. Бид хоёр хоёул ижилхэн дуу сонсдог, ижил сонирхолтой, ижил үзэл бодолтой хүмүүс. Би анх удаа өөртэйгөө ийм адилхан нэгэнтээ таарч байна. Түүнтэй ярилцахад, зурвасаар харьцахад цаг хэд болж байгааг ч анзаардаггүй. Гэхдээ тэр дэндүү идэвхтэй нэгэн. Бүх зүйлд цагаа зарцуулахыг хичээдэг. Гэр бүл, найз нөхөд, анги хамт олондоо цаг гаргахын хажуугаар тоглож наадах цаг ч өөртөө гаргадаг. Харин орой нь шөнөжингөө сууж хичээлээ хийнэ. Түүнээс юу хийж байгааг нь асуух тоолонд үүр цайж байсан ч хамаагүй “хичээлээ хийж байна” л гэж хариулдаг нэгэн. Ийм болохоор би өөрийгөө түүнтэй харьцуулж их ичдэг байлаа. Учир нь би унтаж амрах цаг өөртөө аль болох их гаргадаг. Дээрээс нь ажил хичээл л гэхээс биш найз нөхөддөө цаг зарцуулах нь битгий хэл өөртөө тоглож наадах зав ч гаргадаггүй нэгэн. Гэтэл Гарьд бүхнийг амжуулж чадаад байгаа нь миний анхаарлыг татдаг байлаа. Түүнээс сурсан хамгийн чухал зүйл бол хүн ганц л амьдрах учраас хайртай хүмүүстээ цаг гаргах хэрэгтэй гэсэн үзэл байсан юм...

Сэрүүлэг дуугарлаа. Хог гэж би дахиад л хоцорчихож. Гартаа тааралдсан хувцсаа өмсөөд нүүрээ ч будалгүй надаас хүнд жинтэй цүнхээ үүрээд сургалтандаа явав. Монгол хэл, Нийгмийн ухааныхаа хичээлд суугаад, дунд нь хоёр цагийн завсарлагатай байдаг учраас кафед суун хичээлээ хийж байтал гар утсанд зурвас ирлээ. Гарьдаас ирсэн зурвас. Зүрх түг түг цохилон уншвал “Сургалт нь хэдээс тарах вэ? Би очоод авах уу?” гэсэн байлаа. Баярлаж догдолж хайр хүрэн нялхарч утасныхаа цагийг харвал Англи хэлийнхээ хичээлд суух цаг хэдийнэ болчихсон байв. Цүнхэндээ дэвтэр номоо чихэж аваад дахиад л сургалт руугаа гүйлээ. Ер нь миний өдөр тутмын амьдралыг гүйлтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хичээл дээрээ сууж байхдаа гэнэт Гарьдаас зурвас ирснийг санан багшийн нүдийг хариулан байж “Ирэх боломжтой юм бол хүрээд ир ээ” гэж хэлээд сургалтынхаа байршлыг зааж өгснийхөө дараа амаа барив. Өглөө яарч гарахдаа хайш яйш хувцаслаж, нүүрээ ч будаагүйгээ гэнэт санасан минь тэр. “Автобусанд хүмүүс айхтар хараад байсан. Арай хоёр өөр оймс өмсчихсөн юм биш биздээ” гэж бодон доошоо харвал оймс ч адилхан байна аа. Тэнэг юм бодсондоо инээд ч хүрэх шиг. Утас дуугаран дахин зурвас ирлээ. “Хаалганы урд хэн байгааг таа даа” гэсэн зурвас...

Гарьд миний цүнхийг нэг мөрөн дээрээ мөрлөн баруун гарыг минь атгаж халаасандаа хийгээд чанх урагшаа харан алхана. Одоо би зүрх минь хаана байгааг ч мэдэхээ болилоо. Хамаг бие сандарсандаа салгалж чичрээд толгой дотор зүрх цохилоод ч байх шиг, ухаан санаа хаа хамаагүй тэнэж байв. Хичээл таран ангиас гарахад Гарьд гараа алдлан намайг тэврэхээр инээмсэглээд зогсож байсныг л тодоос тод санаж байна. Тийм ээ, тэгэлгүй яахав яг энэ үеэс, яг л энэ мөчөөс би үлдсэн амьдралынхаа турш ганцхан түүнд л итгэж түүнийг л хайрлахаар шийдэн итгэлээ өгч сэтгэлээ нээсэн шүү дээ.

Гадаа салхи шуургатай хүйтэн гэж чигтэйхэн. Хөлдөж үхэх дөхөж байсан ч даарч байна уу гэсэн асуултанд нь “Даарахгүй байна аа. Бараг халууцаж байна” гэх нь холгүй явсаар нэгэн кафед орж суулаа. Хэрвээ өөр хүн байсан бол би лав тэгж хоёулханаа кафед сууж чадахгүй. Ичиж сандраад гараад зугтаачих байснаа сайн мэдэж байна. Гэвч Гарьдтай байхад дэндүү тайван, айх аюулгүй байх нь хачирхалтай. Урдаас минь харан суусан Гарьд гараас минь атгасаар. Догдолсондоо болоод нүүр улайж байсан ч юу ч болоогүй юм шиг яриа өрнүүлэн суусаар л.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа Гарьд миний дэргэд ирж суулаа. Намайг ямар юм нь хатгасныг би үнэхээр хэлж мэдэхгүй нь. Гэнэт л Гарьдыг тэврээд суучихсан. Надаас тэр их зориг яаж гарсан юм бол оо? Гарьдаас үнэртэх тэр зөөлхөн үнэр, дулаан тэврэлтэнд мансуурч унтах шахав. Гарьд ч анзаарсан бололтой ядарч байна уу хүргээд өгье гэсээр бид тэр кафегаас гарлаа. Халуун газар сууж байгаад гарч ирсэн учраас улам даарав. Даарахгүй байна аа гэж явсаар таксинд ороод тэсгэл алдан “Хөлдөж үхлээ” гэхэд минь Гарьд нэг том гайхаж харснаа түсхийтэл инээв. Тэгээд өхөөрдсөн янзаар над руу хараад “Даарахгүй байна гэсэн яасан” хэмээн духаа духанд минь наалаа. Үнэхээр л тэр үед хайранд дулаацан би даарахаа больчихсон юм даа. Хайр дулаацуулж чадахаар хүчтэй байдаг нь энэ ажээ...

Урьд нь бол би “Хайр дурлал хэнд хэрэгтэй юм. Хичээл хамгийн чухал нь. Хайр үерхэл бол зүгээр л цагийн гарз” гэж ярин үерхэж буй найзуудаа шүүмжлэх байлаа. Гэтэл харин ч эсрэгээрээ найзууд маань “Намуунааг хүнтэй үерхэж байгаа гэхээр бүр итгэхгүй нь ээ. Тэр чинь яг бодит хүн мөн юм уу? Төгсөх гэж байж гэнэт юун үерхэл вэ? За Намуунаа ч удахгүй больчихоод хичээл хамгийн чухал нь гээд явж байна даа. Намуунаа тэр чинь үнэхээр бодит хүн мөн юм бол хүүхэд гомдоов доо. Чи ямар ч мэдрэмжгүй шүү. Ном уншихаас өөр юм мэдэхгүй” хэмээн ам уралдан шүүмжлэх нь шүүмжилж, ам өчиг авах нь авч, зөвлөх нь зөвлөнө. Ядаргаатай их яриаг нь сонсож ядсан би “Би болихгүй ээ. Юу яриад байгаа юм?” гээд инээхэд бүгд над руу эвэртэй туулай үзсэн аятай гайхан харж “Хүүе ээ яасан хөөрхөн юм бэ? Намуунаа жинхнээсээ сайн болчихсон юм байна шүү дээ” гэлцлээ. Би ч дотроо найзуудыгаа өхөөрдөн мөнхүү Гарьдыг ч төсөөлөн хайранд умбан суулаа.

Бид хоёул төгсөх ангийн сурагчид учраас хичээл ном их байхын хажуугаар Гарьд хувийн сургуульд сурдаг, илүү цагаар хичээллэдэг нь бидний уулзах цагийг улам багасгаж байв. Гэсэн ч Гарьд хичнээн чухал ажилтай байсан ч надтай уулзахын тулд ирдэг байлаа. Нэг өдөр бүр хичээлээ таслаад гэрт маань ирсэн гээд боддоо. Бусад үед ийш тийшээ явахдаа хань татан ээж хамт явъя гэд шалаад зогсож байдаг би ээжийг ганц удаа хамт гаръя гэхэд нь дотроо “өөөө” гэж бодон үүдэндээ урвайж зогслоо. Энэ зуураа Гарьд руу ээж цуг гарна гэнээ гэж зурвас илгээж амжвал Гарьдаас “Яана аа. Би нуугдах уу?” гэсэн хариу ирснийг хараад ямар их эгдүү хүрсэн гээч. Намайг гарахад Гарьд аль хэдийн нуугдчихсан байв. Ээжээс сэмхэн зугтаж ойролцоох дэлгүүр рүү орвол Гарьд зогсож байлаа. Хайр эгдүү хоёр зэрэг зэрэг хүрч Гарьдыг тэврээд авмаар санагдсан ч ичимхий зан маань намайг дийлэв. Надаас хаашаа явах талаар асуухад нь би огт бодолгүйгээр “Номын сан” гэж хариулсан юм. Сүүлд нь найздаа хэлээд “Болзоонд явж байж номын сан ордог нь ямар учиртай юм бэ? Чи хичээлээ хийж суухыг хүсээ юу?” гэж толгойгоо эргэтэл загинуулж билээ.

Байнга очдог Нацагдоржийн нэрэмжит номын сангийнхаа салбарт очвол Гарьд итгэж ядан “Чи энд байнга суудаг юм уу? Би багаасаа л суудаг байсан. Манай гэр ч энд байдаг” гэхэд нь би гайхаагүй юм шиг царайлсан ч дотроо ямар сонин юм бэ гэж бодлогошрон явлаа. Гэхдээ номын санд сууна гэдэг яалт ч үгүй шинэ хосын хувьд тэнэг санаа байж таарсан. Би хичээлээ хийхээрээ орчноо анзаархаа больчихдогийг ч хэлэх үү, бас дээрээс нь ганцаараа сууж хичээлээ хийхгүй бол анхаарал төвлөрдөггүйг ч хэлэх үү нэг л тухтай биш байсанд Гарьдыг харвал Гарьдад ч тухгүй байгаа бололтой. Номоо уншин нааш цааш хөдлөх Гарьд жаахан хүүхэд шиг эгдүүтэй хөөрхөн харагдсан гэж яана аа.

Номын санд хичээлээ хийнэ гэдэг худлаа болохыг ойлгосон бид хоёр кафе орохоор болов. Ийнхүү бид түүний сургуулийн ойролцоох кафед суун ярилцахдаа би Гарьдыг жинхэнэ утгаараа биширч гүйцээд байлаа. Тэр бүх талын мэдлэгтэй учраас түүнтэй ямар ч сэдэв хөндөж ярьсан тэр үнэхээр сайн ярилцагч байж чадаж байв. Охид болгон багадаа мөрөөдлийн ханхүүгээ дүрслэн боддоггийн адилаар би ч багаасаа нэгэн цагаан морьтой ханхүүг дотроо төсөөлөн мөрөөдөж явдаг байлаа. “Хэрвээ хүнтэй үерхвэл хамтдаа хичээлээ хийж, олон төрлийн сэдвийн хүрээнд хэн хэндээ үлдэцтэй яриа өрнүүлдэг. Ирээдүйнхээ төлөө хамт хөдөлмөрлөж чадахаар нэгэн биеийн минь тал болсон тийм л хүнтэй үерхэнэ дээ” гэж боддог байсан минь ийнхүү биелсэнд дотроо олзуурхан Гарьдыг харж нүүрэндээ инээмсэглэл тодруулан сууна.

“Хэрвээ тэр залуу чамайг гүнж шиг хүндэлж байвал түүнийг хатан хаан өсгөжээ” гэсэн үг байдаг. Үнэхээр л Гарьд надтай яг л гүнж юм уу ертөнцийн гоо бүсгүйтэй харьцаж буй мэтээр хүндэтгэлтэй харьцаж, хувийн орон зай руу минь халддаггүй байлаа. Хайр халамжаас эхэлдэг гэдэгчлэн зүгээр л боловсон ёсны үүднээс хаалга онгойлгож өгөхөд нь, даарсан үед минь ороолтоо ороож өгөхөд нь гээд л жижигхэн зүйлсээс ч түүний намайг гэсэн асар их хайрыг мэдэрч ийм хүнтэй учруулсан тэр нэгэн хөгжилтэй ч гэмээр, азгүй ч гэмээр өвлийн цас хаялсан өдрийг бодох тоолондоо бурхандаа, хувь тавиландаа баярлана.

Өдөржин хамт байсан хэрнээ гэрийн үүднээс салах болоход хагацаж ядан нэгэндээ хорогддог нь хачин. Би найзуудынхаа ярианаас л сонсож байсан болохоос биш хэзээ ч өөрөө тэгж тэврэлдэн зогсож үзээгүй билээ. Номноос уншиж киноноос үзсэн шигээ би шатны дээр зогсон Гарьд шатны доор зогсоход бидний өндөр тэнцлээ. Удаан гэгч нь ханатлаа тэвэрч зогссоны эцэст гэртээ орох гэхэд минь Гарьд нүд рүү эгцэлж харснаа гэнэт уруул дээр үнсчихэв. Ичиж сандран нүүр халуун оргиж, байж суух газраа олж ядсандаа баяртай гээд шууд л гэр лүүгээ орчихлоо. Гэртээ орсон ч мартагдахгүй нүүр улаа бутарна. Тэр өдрөөс хойш Гарьд намайг зүгээр л духан дээр минь үнсээд оруулдаг болсон. Зүгээр л духан дээрх үнсэлтэнд нь уярсандаа би уйлах шахдаг байлаа. Учир нь яг аав шиг минь санагддаг байсных... Аав минь л намайг ийм цэвэр ариун, хиртээж боломгүй нандин хайраар хайрлаж духан дээр минь үнсдэг шүү дээ. Гарьдын энэ жижигхэн үйлдэл нь хүртэл намайг ухаанаа алдтал дурлуулж байсан юм.

Гэтэл нэгэн өдөр. Ямар тахилыг нь буруу өрчихсөнийг мэдэхгүй ч бид хоёрын хооронд үл ойлголцол үүсэв. Гэвч багын л хүнтэй муудалцаж үзээгүй, муудлаа гэж бодоход өөрөө түрүүлж уучлалт гуйсаар хэдийнэ сурсан болохоор би түрүүлж буулт хийснээр бүх зүйл хэвийн байдалдаа орсон ч Гарьд тэгж бодоогүй бололтой. Уулзсан цагаасаа хойш дуугарч ядан ямар нэгэн юм хэлэх гээд болиод, хэлэх гээд болиод л байсны эцэст гэрийн маань үүдэнд ирээд гарнаас минь атгаж байгаад нүд рүү минь эгцлэн харав.

“Уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай” гэж хэлэхэд нь зүгээр гэж хэчнээн хэлсэн ч нүдэндээ нулимстайгаар дахин дахин уучлаарай гэж шивнэх түүнийг хараад би сандарч, бас гэмшиж дэндүү их хайрлаж зогслоо. “Чи миний хувьд дэндүү үнэ цэнтэй. Би ийм үнэ цэнтэй хүнээ гомдоосон гэхээр тайван байж чадахгүй нь ээ. Уучлаарай” гэж хэлээд урд минь сөгдөхөд би сандарсандаа шууд л түүнийг татаад босгочихов. Урдаа хүн сөгдүүлэхээр тийм мундаг хүн биш байж эр хүн урдаа сөгдүүлж байгаадаа санаа зовсон доо тэр. Өөр охин байсан бол урдаа сөгдүүлсэн чигээрээ бардам зан гарган уучлахгүй хэмээн зогсох байсан биз. Харин би даанч чадашгүй нь. Намайг тэврээд хоолой зангируулан “Би чамд дэндүү их хайртай” гэж шивнэхдээ тэр ямар үнэмшилтэй хэлсэн гээч. Түүний нулимс, хоолой, харц гуравт би итгэсэн юм.  

Намайг дахиж хэзээ ч гомдоохгүй гэж амлан хамтдаа ирээдүйгээ төсөөлж хайр хүрэм хөөрхөн зүйлс ярьдаг байсан түүнийг нэг л өдөр амьдралд минь гэнэт ирсэн шигээ гэнэт явна гэж би даанч төсөөлөөгүй. Дөрөвдүгээр сарын 28-ны нойтон цас хаялсан тэр нэгэн өдөр бидний хамгийн сүүлчийн уулзалт болсон юм. Тэр өдөр би түүнийг хамгийн сүүлийн удаа харж, хамгийн сүүлийн удаа тэвэрч, хамгийн сүүлийн удаа гарнаас нь атгасан. Бидний өнгөрүүлсэн гучхан хоног ингээд л дууссан. Хайраар дүүрэн гуч хоног...

Итгэл гэх зүйл нүдэнд харагддаггүй ч үл үзэгдэх гинжин холбоогоор хүн төрөлхтөнийг холбон хэлхсэн байдаг. Гэвч бидний тэр гинж нэг л өдөр тасарчихсан юм. Урьдны хэн нэгний гишгэлж базаж хаясан итгэлийг тэрээр юу ч үгүй ураад хаячихав. Гарьдыг хэтэрхий завгүй байдгийг мэддэг учраас түүний ажлыг хүндэлж холбоо барихгүй байсан минь буруудсан. Зүгээр л түүнтэй зууралдаад байвал түүнийг залхаах юм шиг санагдсан учраас түүнд орон зай өгөх гэсэн минь сүүлдээ бардам зан хэмээгдэж миний буруу болж хувирсан. Өмнө нь яагаад ч юм бэ би гэр бүл, хань ижил төсөөлдөггүй байлаа. Хэрвээ гэр бүл төсөөлвөл өөртэйгөө адилхан бяцхан хүүхэд л төсөөлдөг байв. Хүүхдийн минь аав гэх хүн бодол дотор минь байхын хувьд байдаг байсан ч царай төрх нь тодордоггүй байлаа. Харин Гарьдтай учирсан тэр мөчөөс надтай адил тэр жаахан охины хажууд Гарьдтай усны дусал мэт адилхан хөвгүүн түүний өвөр дээр цогин наадаж буйгаар төсөөлөгдөх тоолонд бодлоо үргээн улайсан нүүрээ алгаараа дардаг байж билээ. Гэвч одоо тэр дэргэд минь алга. Ирээдүйн минь эзэн болсон тэр нэгэн хүн алга. “Би чамд дэндүү их хайртай” хэмээн хоолой зангируулан шивнэж байсан тэр хөвгүүн дэргэд минь алга. Түүнийг ганцхан удаа алсаас ч болов харах хүсэл, ганцхан удаа түүний нүүрийг харцаараа тэмтрэх хүсэл намайг ээрнэ. Түүнд гомдож, түүнийг харааж зүхэхийг хүсэвч үл чадна. Хэнээс ч мэдрээгүй тэр их хайр халамжийг, тэр их догдлолыг, тэр их амар амгаланг би зөвхөн түүнээс л мэдэрч, хайр гэж юу байдгийг түүнээс л ойлгож, хайрлаж, бас хайрлуулж үзсэн болохоор энэ бүх дурсамжийн эзэнд гомдож үл зүрхлэнэ. Харин ч санан дурсах бүртээ улам илүү хайрлан дурлаж, ердөө өчигдөрхөн л хагацаж салсан мэт, энэ хаалга онгойход тэр минь инээмсэглээд гараа алдлан зогсож байх юм шиг төсөөлөн түүнийг гэх хайр минь улам бүр асан дүрэлзэж байв. Найз нөхөд минь мартахыг зөвлөсөн ч мартсан юм шиг дүр эсгэн өдөр өнгөрч, шөнө болоход зөвхөн түүнийг л санана. Хэзээ ч, хаана ч хамаагүй түүнтэй таарах мэт санаж олон хөлийн газраар явахдаа нүдээрээ түүнийг хайна. Өрөөл бусдыг хүлээж авахыг хүсэхгүй байгаа хэрнээ өөрөө явсан түүнийг л бэтгэртлээ хүлээнэ. Жилийн өмнөх намайг одоогийн надтай харьцуулвал дэндүү өөр болжээ. Үргэлж азгүйтэн шилээ хагалж, утасныхаа дэлгэцийг яйруулж, дэвтэр номоо мартсан ч хөгжилтэй нь аргагүй инээж, бусдыг инээлгэн явдаг байсан тэр охин одоо ухаан сууж, түүнийг амьдрал ухаан суулгасан байна. “Хэрвээ бид учрах ёстой хүмүүс мөн бол зөв цаг үедээ дахин учрах байх” гэсэн түүний үг одоо ч чихэнд сонсогдсоор...

...Зулаатай салах ёс хийн баяртай гэж тэврээд уран зургийн галлерейн хоёр давхарт гарч шинэхэн зургуудыг үзэн басхүү хамгийн хүндтэй эгнээнд өөрийн орон зайг эзэлсэн багаасаа л хүндэлж явсан тэр нэгэн ахмад зураачийнхаа зурсан зургийг яг л арван настай байсан тэр үе шигээ анхааралтай гэгч нь ажиглан бодолд автан удаан зогссон би бодлын ертөнцөөс бодит ертөнцөд эргэн ирж цааш эргэн алхахдаа хажуугийн зургийг анхааралтай харан зогсох залууг санаандгүй мөргөчхөв. Уучлалт гуйн түүний зүг харвал чихэнд минь шивнэсэн тэр үгсийг хаврын салхи надад дахин шивнэх шиг боллоо. Магадгүй энэ зөв цаг үе байх тийм үү?

2018.06.25

#Love