ХҮҮХЭДТЭЙ холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхдээ ТЭДНИЙ ДУУ ХООЛОЙГ сонсъё


"Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн"-ийг Олон Улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборт 21 аймаг, 9 дүүргээс хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын 600 төлөөллийг хамруулан 2018 оны 6-р сарын 16-19-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар санаачлан зохион байгуулсан бөгөөд хүүхдэд нөлөөлөх аливаа асуудлаар бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад хүүхдийн оролцоог хангах зураглал боловсруулах, Хүүхдийн оролцооны байгууллагуудын сайн туршлага солилцох, мөн хүүхэд өөрөө хэрхэн яаж оролцох, хүүхдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх тухай ойлголтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой байсан юм.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга Н.Тунгалагтамир, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Зөвлөгөөний үеэр Японы Хүүхдийг ивээх сангийн (ЯХИС) Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон болон ЯХИС-ын дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг Өсвөр үеийнхний дуу хоолой бүлгийн гишүүд “Хүүхдийн эрх, оролцоо” сэдвээр утга учиртай оролцооны үнэ цэнэ, “Оролцвол өөрчлөгдөнө, оролцвол хөгжинө” хэмээн өөрсдийн утга учиртай оролцооны сайн туршлагыг зөвлөгөөнд оролцсон нийт 600 хүүхдүүдэд танилцуулав.

Энд олон сонирхолтой үйл ажиллагаа нэг дор болсон бөгөөд тэр дундаа “Ододтой ярилцъя” уулзалтад жүжигчин Б.Амарсайхан, О.Долгор, Б.Чинзориг, Б.Шинэбаяр, Б.Батсайхан нар оролцож чөлөөт ярилцлага өрнүүлсэн нь зөвлөгөөнд оролцогч хүүхдүүдийн дурсамжтай мөчүүдийн нэг байсан юм. Мөн “VOICE OF MONGOLIA” шоуны шилдэг оролцогчид болох Б.Мөнхбаяр, Ж.Ариунжаргал нар хүрэлцэн ирж ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн.

Зөвлөгөөнд оролцогчид:
1. Бидний манлайлал
2. Бидний байгаль дэлхий
3. Бидний эрүүл мэнд
4. Бидний харилцаа
5. Бидний сүлжээ
6. Бидний эдийн засаг
7. Бидний аюулгүй байдал
8. Бидний сайн үйлс
9. Бидний соёл, өв уламжлал
10. Бидний хөгжих орчин гэсэн нийт 10 сэдвээр багт хуваагдаж, чиглэл тус бүрээрээ ойлголт, мэдээлэл авах сургалтад хамрагдан, тулгамдаж байгаа асуудал болон эцэг эх, сургууль, төрийн зүгээс юу хийгээсэй хэмээн хүсч байгаагаа багаараа ярилцан  уриалга дэвшүүллээ. Энэхүү гаргасан уриалгыг зөвлөгөөний хаалтын үйл ажиллагаан дээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхэд гардуулсан юм.



































Хүүхдэд нөлөөлж л байгаа бол санаа, бодлыг нь тэднээс асуух ёстой

Баянгол дүүргийн 73-р сургуулийн 10б ангийн сурагч Г.Мягмарсүрэн: 
- Баянгол дүүргийн хүүхдүүдийг төлөөлөн энэхүү чуулганд оролцож байгаадаа маш сэтгэл хангалуун байна. Зөвлөгөөнд оролцож буй хүүхдүүд 10 сэдвийн хүрээнд баг болж, чиглэл тус бүрээрээ төлөөлж ирсэн хүүхдүүдээ хэрхэн хөгжүүлэх вэ? гэдэг талаараа ярилцахад маш таатай санагдаж байна. Би “Бидний манлайлал” сэдвийг сонгосон. Энэ сэдвийг сонгосон нь их учиртай. Манлайлал бол бусад 9 сэдвийн ажиллах гол сэдэв, үндэс нь юм болов уу гэж боддог. Өнөөдрийн манай багийн гаргасан уриалга дээр “Хүүхдээ сонсох өдөр”-ийн талаар шүүмжлэлтэй хандлаа. Миний харснаар “Хүүхдээ сонсох өдөр”-ийг хүүхдүүдийн санаа бодол, шаардлагыг хэрэгжүүлж ажиллая гэхээсээ илүүтэй бид хүүхдээ сонсож ажилладаг гэж олон нийтэд харуулах, зургаа авахуулах зорилгоор нэр төдий хийж байгаа мэт санагдсан. Миний хувьд оролцоход хамгийн тулгарч байгаа асуудал бол олон хүмүүсийн өмнөөс дуу хоолойгоо хүргээд өөрөө хохирдог явдал гэж боддог. Хүүхэдтэй холбоотой ямар нэгэн зүйл хийх гэж л байгаа бол анх санаачлахдаа, хэрэгжүүлэхдээ, дүгнэхдээ бүх шатанд нь хүүхдийн дуу хоолойг тусгах ёстой. Хүүхдэд нөлөөлж л байгаа бол санаа, бодлыг нь асуух ёстой. 


Бидний санал санаачлагыг удаа хугацаанд шийдвэрлэж байна

Говь-Алтай аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Х.Даваахүү: 
- Энэхүү чуулганд Говь-Алтай аймгийнхаа нийт хорин мянган хүүхдийг төлөөлөн, дуу хоолой нь болж, үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн. Чуулганы үр дүнд хэлэлцсэн асуудлууд шийдэгдэж, үр дүн гараасай гэж маш их хүсч байна. Хүүхэд оролцвол ямар ч түвшний хүнтэй уулзаж, ямар ч түвшний ажил санаачилж хийж болох юм байна гэдгийг хэлмээр байна. Жишээлбэл: Манай Говь-Алтай аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл 2007 онд хүүхдийн 2-р чуулганаа хийж байсан. Тэр үед бидэнд хүүхэд хөгжих хүүхдийн ордон гэж байгаагүй учраас чуулганаараа хэлэлцээд ордонтой болъё гэдэг санал санаачлагыг засаг даргадаа уламжилсан. Үүний үр дүнд 2010 онд ерөнхий сайд У.Хүрэлсүх ирж манай аймагт хүүхдийн ордны шавийг тавьсан. Түүнээс хойш долоо жилийн дараа буюу 2017 онд ашиглалтад орсон. Энэ ордон баригдсанаараа манай аймгийн хүүхдүүд төрөл бүрийн дугуйланд хамрагдаж, бүх талаараа хөгжих боломжтой болсон. Бид утга учиртай оролцоход хүндрэлтэй байгаа асуудал бол бидний санал санаачлагыг сонссон ч удаан хугацаанд шийдвэрлэж байгаа явдал юм. Бидний ордон арван жилийн хугацаанд баригдсан байна шүү дээ.


Нэг хүүхэд манлайлагч байх бус бүгдээрээ манлайлагч байцгаая

Сүхбаатар дүүргийн 35-р сургуулийн 9б ангийн сурагч М.Мөнхгэрэл: 
- Нэг хүүхэд манлайлагч байх бус бүгдээрээ манлайлагч байхын тулд хүүхэд бүрийн чаддаг зүйлийг нь нээн илрүүлж, бүх хүүхдийг оролцуулдаг байх хэрэгтэй. Зүгээр суугаад л “Нийгэм хөгжихгүй байна” гээд байвал бидний хүссэн нийгэм бий болохгүй. Бүгдээрээ идэвхтэй оролцож байж л хүссэн бүхэндээ хүрнэ. Өнөөгийн нийгмийн хөгжилд бидний оролцоо маш чухал гэдгийг үеийхэндээ хэлмээр байна.


Good Neighbors ОУБ-ын Налайх орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүүхдийн зөвлөлийн тэргүүн Д.Золзаяа: 
- Улсын хэмжээнд маш олон хүүхэд аюултай байдлаас болж эндэж, хорвоог орхиж байгаа учраас түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? гэдгийг “Бидний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд мэдсэнээрээ орон нутгийн хүүхдүүддээ мэдээлэл хүргэх боломжтой болсон. Хэдий энэхүү зөвлөгөөн гурван хоног үргэлжилсэн ч гэсэн бүлгийнхэндээ их дассан, дурсамж дүүрэн өнгөрөөлөө. Оролцоход надад тулгардаг асуудал бол аав, ээж. Учир нь аав, ээж ажилтай байдаг учраас амралтын өдрүүдэд л чөлөөтэй байдаг. Өөр өдрүүдэд дүүгээ харж, хоол ундаа хийх ёстой учир нь чи айлын том хүүхэд гэдэг шаардлага тавьдаг. Ийм учраас чөлөөтэй оролцоход их бэрхшээлтэй байдаг.


“Ирээдүй цогцолбор – 2”  ахлах сургуулийн 10-р ангийн сурагч М.Мөнхцэнгэл: 
- Миний сонгосон сэдэв бол “Бидний эдийн засаг” байсан. Эдийн засаг гэхээр хэцүү байх гэж айж байсан. Мөнгөтэй хэрхэн харьцах вэ, зарлага, орлогоо хэрхэн тооцох, мөнгөний үнэ цэнийн талаар илүү их мэдэж, олон зүйл ойлгосон учраас энэ сэдэв маш их таалагдсан.

Гэрэл зургийг: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

#Nairamdal #Summit #Children #Organizations