Миний СЭТГЭЛ ТАТАМ 16 НАС


Т.Ариунбаяр | YOLO.MN
2017-12-13

- Метронд төрсөн гэнэтийн бодрол-

Өнөөдөр Шангрила-д хүн хүлээж байх зуураа нэг дэлгүүр лүү орж сонирхов. Оригинал брендийн хувцаснууд, даралт ихсэм өндөр үнэ мөн энэ бүгдийг хармагцаа зогтусан гацсан би...

Энэ л орчин надад  тэр нэгэн  цаг хугацааг эргэн сануулж, 16 насны минь сэтгэл татам зуны өдрүүдийг дахин мэдрүүлсэн юм. Үнэнийг хэлэхэд эргэн дурсахыг  хүссэн тэрхүү цаг хугацааг өөрийгөө хүчлэн байж санана гэдэг ёстой утгагүй юм билээ, би тэгж ер чадаагүй. Ядаж байхад Монголд ирснээс хойш тэнд байсан хоёр сар гаруй хугацаанаас дэндүү өөр мөчлөгт амьдрал минь өрнөж эхэлсэн юм. Үгүй ээ, ер нь угаасаа хэзээ ч байгаагүй өөр амьдралын хэв маяг байлаа. Яг товчхон тайлбарлаж чадахгүй байна, учир нь одоо ч би тэр нэг сонирхолтой хэв маягаар амьдраад л байгаа болохоор. Тиймээс үүнийг алгасаад мартчихаагүй байгаа дээрээ нэг сонирхолтой түүх сийрүүлж өгье.

Наймдугаар сарын эхний Ням гараг байсан юм. Би ер нь Солонгост байхдаа цаг агаарын мэдээг тийм ч их хардаггүй байв. Угаасаа Даваа-Бямбад таван алхмын цаана байх ажилдаа өдрийг өнгөрүүлж, харин Бямба гаригийн орой гэхэд Ким Жанним (манай үйлдвэрийн дарга ба миний Солонгост уулзсан топ гурван хүний нэг л дээ) надад цаг агаар хэлж өгдөг байсан юм. Гэтэл тэр Бямба гарагт Ким өвдөөд ирсэнгүй.

Харин би цаг агаар үнэхээр сонирхдоггүйгээ бороонд шалба норох хүртлээ анзаараагүй л байсан юм. За тэгэхээр ямартай ч үс, хувцас минь шалба норчихсон, огт уншдаггүй хэр нь байнга авч явдаг хэдэн ном байсан учраас цүнхээ тэвэрчихсэн нэг хүү Гёнги аймгийн Гванжу хотоос Сөүлийн төв рүү метроний "жолоо заллаа". Учир нь удахгүй хичээл эхэлж, сургууль гэдэг загварын тайзан дээр алхах хэрэгтэй болно шүү дээ.

Гэхдээ л миний сэтгэл санаа гэж Хойд Солонгосын пуужингаас ч оргилуун. Урьд жилүүдэд ээжийгээ шаналган байж мөнгө авчхаад тэрийгээ голж, мөнгөндөө тааруулан авсан хувцсаа муу байна, муухай байна энэ тэр гэж гоочилсоор өмсдөг байсан надад энэ удаа цэвэр өөрийнхөө гараар олсон мөнгөөр дэлгүүр хэсэн гэдэг бадрангуй хэрэг болой. Тэглээ ч "хоёр размер томдуулж ав, дараа жил өснө" "хар өнгөтэйг ав, хир нь харагдахгүй амар" гэх мэт ээжийн "мэдрэмжгүй" зөвлөгөөнөөс болж сэтгэл өвдөхгүй зөвхөн өөрийнхөө сонголтоор тэгээд бүр Солонгосын хамгийн “fashionlogy” (загварлаг) газар болох Мёндунаас өөртөө хувцас авна шүү дээ! Бурхан минь гэж, догдолж үхэх нь ээ.

BTS хамтлагийн "Moving" (сонсохыг санал болгоё, үнэхээр гоё үгтэй) гэдэг дууг  гурван цагийн турш хэдэн арав дахин сонссоор сая нэг юм хүрэх газраа ирлээ. Метроны буудлаас гараад л шууд Uniqlo, Zara, H&M гэх мэт алдартай брендийн дэлгүүрүүд намайг угтаж авсан юм. Аан тийм, нэг зүйл нэмэхэд би долдугаар сарын 29-ий өдөр өдрийн тэмдэглэлдээ мөнгөнд хямгач, ариг гамтай байх тухай тангараг өргөж, тэрийгээ нилээн дажгүй  биелүүлж байсан ч энэ өдөр гэрээс гарахдаа л "Сайн сонголт хийхийн тулд мөнгөнд санаа зовж болохгүй, есдүгээр сар болоход аятайхан амьдармаар байгаа бол сайн "цацах хэрэгтэй" гэж бодчихсон байсан юм. 

Тэр бодлоо нэг сэргээж аваад хамгийн түрүүнд Zara дэлгүүрийг зорилоо. Гэтэл ороод л бүтэлгүйтэж эхлэв. Ердөө эрэгтэй тасгийг нь олохгүй байсаар 10 минут болов. Яах аргагүй Man гэчихсэн  байсан ч надад ердөө эрэгтэй хүний хувцас шиг санагдсангүй. Тэгээд ямартай ч гайгүй харагдсан нэг цамц руу гүйж шахам очоод үнийг нь хартал Монгол мөнгөөр 650,000 төгрөг гэж байв. Ингээд л миний Zara-д өнгөрүүлсэн 11 минут өндөрлөсөн юм даа.

Тэгээд бренд ерөөсөө л худлаа юм байна гэж ойлгосон уу, эсвэл миний "сайн цацах" худлаа юм байна гэж бодсон уу яасан арай л өөр дэлгүүр хайж эхэллээ. Тэгж яваад харваас хямд хэрнээ нэлээн бараа сайтай нэг дэлгүүр олов (яг өнөөдрийн Шангрила-д байсан шиг). Үнийн хувьд өндөр ч бренд дэлгүүрийн хажууд учиртай, бас эр эм нь мэдэгдэж байсанд маш их баярлалаа. Тэгээд нэлээн хэдэн хувцас өмсөж үзтэл бүгд сүрхий сэтгэлд хүрч байна аа. Даанч хамгийн хямд нь 99,000 вон буюу 200,000 гаруй мянган төгрөгийн үнэтэй. Баахан хувцас өмсөж үзээд худалдагчид төвөг удсандаа гэмшиж,  дээрээс нь угаасаа таалагдаад байсан болохоор нүдээ аньж байгаад л нэг цамц авчихлаа. Яг тэр үед би яагаад ч юм ээжийгээ ихэд санагалзсан шүү.  

Цаг хартал аль хэдийнэ 22:00 цаг өнгөрчээ. Хөдөө амьдардаг юм болохоор "ямартай ч өнөөдөртөө харья, хувцас авах төлөвлөгөөгөө дахиж боловсруулъя" гэж сэтгэл шулуудаад метроны буудал руу зүглэлээ. Тэгээд метронд ороод утас цэнэггүй байсан учраас ном гаргаж гартаа атгаад таг гөлийгээд хэсэг суув. Толгойд минь олон зуун бодол эргэлдэж байлаа.  Яагаад ч юм гэнэт миний сэтгэл өвдөж эхлэв.  Юу гээч, ээж минь миний сайхан залуу байх, дэгжин байх, тансаг байх хүсэл эрмэлзлийн төлөө ямар их зүйлийг туулдаг юм бэ? Одоо өөрөө туулаад үзсэн чинь энэ үнэхээр хэцүү юм. Илүү үнэтэй утас барьж, брендийн хувцас өмсөж, амттай шимттэйг нь идэхийг тулд би нэхсээр л, авсаар л байдаг.

Мэдээж ээжийн минь хувьд намайг сайн сайхан явааг харах аз жаргалтай хэрэг боловч тэр бүхний хариуд би хичээж зүтгэж, хайрлаж хүндэлж, эргээд жааханг ч болов өгөх ёстой гэдгийн яагаад ойлгоогүй мэдрээгүй юм бэ? гэж. Үнэндээ би яг энэ сэдвээр кино, дуу, ном гээд олон зүйлээс шийдэл харж, аль хэдийн ойлгож ухаарсан л гэж бодож байлаа. Гэтэл бодит байдал дээр ямар нэгэн зүйлийг ухаарч ойлгоно гэдэг тэс өөр мэдрэмж юм билээ. Багагүй харамсал төрж өөрийгөө үзэн ядах шиг, тэгсэн хэрнээ цаашдаа илүү сайн байж чадна аа гэсэн урам зориг ч орох шиг... үүнийгээ би тэр үедээ "том болчихлоо" л гэж томьёолсон юм.

Харин одоо тэр томьёог задлаад харах юм бол миний хувьд том болно гэдэг "ээжээсээ аваад л байхаа больж өгч эхлэх бус, ямартай ч аваад л байгаа юм байна шүү гэдгээ мэдэж, тэр харилцааг илүү нандигнахад л оршсон юм байна." Мөн тэр үед метронд төрсөн гэнэтийн бодрол минь намайг том болгож өгсөн бололтой.  

Эцэст нь ердөө л чиний орой бүр иддэг ганц тавагтай хоолонд хэчнээн их хүч хөдөлмөр бас хайр итгэл шингэсэн байдгийг бодож үзээрэй гэж хэлэхийг хүссэн юм. Үнэндээ бид аав ээжийнхээ ямар их хичээж, юуг үзэж туулж явааг огтхон ч сонирхдоггүй шүү дээ. Тийм ч болохоор цаг хугацаа бидэнд харамслаар сургамж өгдөг юм шиг. Гэхдээ цаг хугацаанаас урьтах гээд оролдоод үзээрэй. Тэр цагт бүх зүйл маш өөрөөр мэдрэгдэх болно гэж бодож байна, яг л миний метронд мэдэрсэн тэр мэдрэмж шиг...

Т. Ариунбаяр 2017. 11. 29

#МинийСэтгэлТатам16Нас