ЗАХИДАЛ: Тэд надаас хэрэгтэй үедээ авчихаад эргээд тусалдаггүй


ССҮТөв | YOLO.MN
2017-06-07

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Миний аливаа зүйлд үгүй гэж хэлж чаддаггүйг хүмүүс ашиглаад байна.

Хэрэг гарсан үедээ миний боломжийг үл харгалзаж надад байгаа бүх зүйлийг гуйлгачин шиг гуйж авдаг. Дараа нь өгөх болохоор арчаагүй араншин гаргаад алга болчихдог...

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би одоо16 настай 11-р ангийн сурагч. Надад сул тал нэлээд олон бий. Тэр дундаас миний аливаа зүйлд үгүй гэж хэлж чаддаггүйг хүмүүс ашиглаад байна. Хэрэг гарсан үедээ миний боломжийг үл харгалзаж надад байгаа бүх зүйлийг гуйлгачин шиг гуйж авдаг. Дараа нь өгөх болохоор арчаагүй араншин гаргаад алга болчихдог... Би энэ үйл явдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Яах ёстой вэ хэлж өгч тус болооч?

Одоо миний эргэн тойронд нэг ч хүн байхгүй, мөн найз нөхөд ч алга намайг ойлгох хүн ч байхгүй. Би байнга л нэг төрлийн юм боддог. Насандаа ахадсан нийгэм дунд хууль нь үйлчилдэггүй, бусдын төлөө өөрийнхөө амьдралыг үгүй хийж байгаа хүүхдүүд энэ нийгэмд зөндөө байдаг. Тэр хүүхдүүдэд зөвлөгөө өгөөч, Баярлалаа wink

ЗӨВЛӨГӨӨ: Яагаад бусдад үгүй гэж хэлж чаддаггүй вэ гэдгээ бодоод үзээрэй

Тиймээс чи өөрийнхөө дутагдалтай талыг олж харан өөрчлөхийг хүсч буй нь хамгийн чухал юм. Үүн дээр нэмээд тодорхой үйлдлүүдийг тодорхой хугацааны турш давтан хийвэл ямар ч зан төлөв өөрчлөгдөж болно.

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Нэгэн алдартай сэтгэл судлаачийн хэлснээр “өөрчлөлт явагдах хамгийн гол үндэс нь хүн өөрөө тухайн өөрчлөхийг хүсч буй зан чанараа олж харан, өөрчлөх хэрэгтэйг хүлээн зөвшөөрөх явдал юм” гэсэн байдаг. Тиймээс чи өөрийнхөө дутагдалтай талыг олж харан өөрчлөхийг хүсч буй нь хамгийн чухал юм. Үүн дээр нэмээд тодорхой үйлдлүүдийг тодорхой хугацааны турш давтан хийвэл ямар ч зан төлөв өөрчлөгдөж болно. Нэг талаас хүний зан төлөв бол тухайн хүний байнга хийдэг үйлдлүүд, боддог бодлын үр дүн байдаг.

Нэгдүгээрт, яагаад бусдад үгүй гэж хэлж чаддаггүй вэ гэдгээ бодоод үзээрэй. Дараа нь энэ бодлоо эсвэл чамайг үгүй гэж хэлж чадахгүйд хүргэж байгаа нөхцлийг яаж өөрчилж болох вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хоёрт, шууд үйлдэл хийж эхлэх буюу үгүй гэж хэлж хэвших хэрэгтэй. Жишээ нь, хүний гурван гуйлт тутмын нэгэнд үгүй гэж хэлнэ, эсвэл би өөрөө туслахыг хүсэхгүй байвал үгүй гэж хэлнэ гэх мэтээр өөрөө дүрмээ зохиогоод түүнийгээ дор хаяж нэг сарын турш мөрдөөд үзээрэй.

Хүн хүндээ туслах нь ихэвчлэн сайхан сэтгэл, хүнлэг чанараас үүддэг. Хариу нэхэлгүй туслах нь хүнийг илүү аз жаргалтай болгодог ч гэж үздэг. Магадгүй чи тэдэнд тусласнаараа бусдад яаж өгч сурах вэ гэдгийг зааж өгч байж болно. Огт үгүй гэж хэлж чадахгүй байх нь буруу ч бусдад туслах нь хүнд байх хамгийн сайхан чанаруудын нэг гэдгийг битгий мартаарай.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл судлалын үндэсний төв,
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#help #gives