

Америкийн алдарт реппер Тупак Шакурын насыг хөнөөсөн хэрэг бараг 30 жилийн турш илрээгүй. Харин одоо Лас-Вегаст дахин шүүхээр хэлэлцэгдэж байна.
1996 онд түүнийг буудуулсны дараа түргэн тусламжийн машинд түүнтэй хамт эмнэлэг хүртэл хамт явсан цагдаа тухайн үеийн үйл явдлыг шүүх хурлын үеэр дэлгэрэнгүй ярьжээ.
Лас-Вегасын цагдаагийн газраас тэтгэвэрт гарсан ажилтан Гарри Дэйл энэ долоо хоногт Тупакийн амь нас хохирсон хэргийн шүүх хурлын үеэр гэрчээр оролцсон байна. Тэрбээр 1996 оны есдүгээр сарын 7-нд болсон буудалцааны дараа Тупакийг эмнэлэг рүү хүргэх түргэн тусламжийн машинд хамт явжээ.
Дэйлын ярьснаар тэр Тупакаас хэн түүн рүү буудсан талаар асуусан байна. Гэвч хүнд шархадсан реппер халдлага үйлдсэн хүмүүсийн нэрийг хэлэхээс татгалзаж, “Үгүй, үгүй. Бид өөрсдөө зохицуулна” гэсэн утгатай хариулт өгчээ.
Тухайн үед Дэйл болон өөр нэг цагдаа Тупак болон түүний хамт явсан Марион Найтыг автомашины улсын дугаарын асуудлаар түр зогсоож шалгасан байна. Цагдаа нар тэднийг явуулснаас ердөө 10 орчим минутын дараа буудалцаан болсон дуудлага хүлээн авч, хэргийн газарт очжээ. Тупак автомашинаас шархадсан байдалтай гарсан бөгөөд Сүж Найт мөн суманд шүргүүлсэн байсан ч Тупакт тусламж үзүүлэхийг цагдаа нараас хүссэн байна.
Тупак Шакур тухайн үед цээж, гар, гуя зэрэг хэсэгтээ дөрвөн удаа буудуулсан байв. Түүнийг эмнэлэгт хүргэсний дараа зургаан хоногийн турш эмчилгээ хийсэн боловч 1996 оны есдүгээр сарын 13-нд 25 насандаа нас барсан юм.

Хэрэгт 63 настай Дуэйн “Кифф Д” Дэвисийг Тупакийн амийг хөнөөсөн халдлагыг зохион байгуулсан гэж буруутгаж байгаа юм. Прокуроруудын үзэж буйгаар Дэвис нь Тупакийн ойр хүрээллийнхэн өөрийн зээ дүү Орландо Андерсоныг зодсоны хариуд өшөө авах зорилгоор халдлагыг зохион байгуулжээ.
Дэвис нь Тупакийг буудсан хүн биш ч түүнийг халдлагыг зохион байгуулсан гол хүн байсан гэж прокурорууд үзэж байна. Харин Дэвисийн өмгөөлөгчид түүнийг буруутгаж буй нотлох баримт хангалтгүй бөгөөд прокуроруудын тайлбар бодит баримтаас илүү таамаглалд тулгуурласан гэж маргаж байна. Харин Дэвис буруугүй гэдгээ мэдэгдсэн хэвээр байна.
Шүүх хурлын үеэр Тупакийн үхэлтэй холбоотой шинэ болон өмнө нь олон нийтэд ил болоогүй мэдээллүүдийг гэрчүүдээр дамжуулан танилцуулж байгаа бөгөөд энэ нь 1990-ээд оны хамгийн алдартай, удаан хугацаанд тайлагдаагүй хэргүүдийн нэгийг дахин олны анхаарлын төвд орууллаа.
Эх сурвалж: Today
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!